Ш.Лхагвасүрэн: Хар тамхийг огт хэрэглэхгүй байх нь хамгийн том  хамгаалалт

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 26

Дэлхийн мансууралтай тэмцэх өдрийг  жил бүрийн зургаадугаар сарын 26-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан  Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн, доктор, профессор  Ш.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн илрүүлэлт суларсан уу. Эсвэл  зардаг, хэрэглэдэг хүмүүсийн арга нарийссан уу, мэдээлэл бүрхэг байх болжээ.  Энэ талаар судалгаа байна уу?

-Судалгаа бол жил бүр хийгдэж байгаа. Хамгийн сүүлд 2018 оны судалгаагаар  өсвөр үеийнхэн хүртэл хэрэглэж байгаа нь тодорхой болсон. 14 наснаас эхлэн хэрэглэж байна. Хүүхдүүд татагдах болсон нь маш аюултай. Дээр нь хэрэглээ өсөж байгаа нь ноцтой асуудал юм.

Хар тамхитай тэмцэх үндсэн гурван арга байдаг.

Эхнийх нь: Эрэлт хэрэгцээг багасгах. Үүнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт, яриа таниулга хийх, урьдчилан сэргийлэх ажлууд орно.

Хоёрдугаарт: Гаднаас орж ирж байгаа хар тамхи, мансууруулах бодисыг хязгаарлах, хяналт шалгалтыг чангатгах ажлыг цагдаагийн байгууллагаас явуулдаг. Монголын цагдаа энэ үүргээ сайн гүйцэтгэж байгаа.

Гуравдугаарт: Хор хөнөөлийг бууруулах ёстой. Үүнд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүсийг нийгэмшүүлэх нь чухал. Хязгаарлаж, урьдчилан сэргийлж, хор хөнөөлийг бууруулж байж сая хар тамхитай тэмцэх ажил цогцоор хэрэгжинэ. Манайд нэг талыг нь бариад нөгөөг хаядаг нь буруу аргачлал юм. Сүүлийн хоёр жилийн дотор цар тахалтай холбоотойгоор  ажил бараг зогссон. Түүнийг далимдуулан мэдээллийг нууцлах асуудал гараад байгаа. Ер нь бол хар тамхины мэдээллийг цаг, минут тутам гаргаж, нийгмийг сэрэмжлүүлэх ёстой. Ингэж  хар тамхины хор хөнөөлийг таниулж, хэрэглэж болохгүй шүү гэсэн дохиог олон нийтэд өгөх ёстой. Энэ ажил манайд хоцрогдчихоод байна.

Хар тамхины хор хөнөөлийг бууруулах, хэрэглэгчдийг нийгэмшүүлэх албан ёсны ажил Монголд байхгүй. Манай байгууллага бор зүрхээрээ энэ чиглэлээр  23 жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Сүүлийн үед зогсонги байдалд орсон. Яагаад гэвэл санхүүжилт байхгүй. Зориод ирдэг цөөхөн хүнд аль болох тус дэм болохыг хичээдэг. Манайх тестээр үздэг. Юу хэрэглэж, ямар зовиур илэрч байгааг нь илрүүлээд, хэрэв манай үйлчлүүлэгч байвал  “Санхүүжилт байхгүй” гээд явуулчихаж чаддаггүй. Сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сургалтад хамруулдаг.

Нийтдээ 404 хүн манайхаар үйлчлүүлж байна. Сүүлийн таван жил санхүүжилтгүй болсон учраас хүний тоо цөөрсөн. Өдөрт 1-2 хүн ирдэг. Яаж манайхыг олж ирэв гэхээр цахим орчноос хаяг, холбоо барих утас оллоо. Манай хүүхэд ийм болчихлоо, ингээд байна. Үзээд өгөөч, туслаач  гэдэг.

-Танай нийгэмлэгийн сургалтад хамрагдаад хар тамхинаас гарсан хүн хэр олон бэ?

-Хэрэглэхээ больсон хүн бий. 23 жилийн хугацаанд  бид нийтдээ 35 хүнийг хар тамхинаас бүр мөсөн гаргасан. Тухайн хүмүүс арай ч донтчихоогүй, өдөрт нэг удаа юм уу, хааяа хэрэглэдэг байсан нь сөрөг нөлөөг бууруулах, бүр мөсөн гаргахад дөхөм болсон. 1993 онд  Монголд  хар тамхины сураг ч  байгаагүй. Манай нийгэмлэг анхны судалгааг хийсэн юм. 800-гаад хүний  дунд судалгаа явуулахад 45  нь хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Тэдэнтэй тулж ажилласнаар 25-ыг нь  гаргасан, тэд  татаж хэрэглэдэг байсан. Түүнээс  гадна судсаар тарьж хэрэглэдэг 18, мөс хэрэглэдэг гурван хүнийг гаргасан. Ингээд бид нийтдээ 54 хүний хорт зуршлыг хаяулчихаад байна. Үүний зэрэгцээ бид сэтгэл зүйн сургалт явуулдаг. Үр дүнд нь никотины нөлөөнөөс  300-гаад хүнийг гаргасан.

Мөн архины хамааралтай эмэгтэйчүүдэд сургалт явуулж олон хүнийг гаргаж чадсан. Гэхдээ эмэгтэйчүүд архины хамаарлаас  гарахдаа маш хойрго. Дандаа өөрийгөө өмөөрч, би тийм болохоор уухаас яах вэ, тийм учраас ингэдэг гэсэн шалтгаан тоочдог. Тэгээд гарч чадахгүй байх нь элбэг. Гэсэн ч бид 63 хүнийг архинаас гаргаж чадсан. Энэ  бага ч гэсэн манайдаа бол том  үр дүн. Хэцүү хүмүүстэй ажиллаж хот зуршлыг нь хаяулсан манайхаас өөр байгууллага бараг л байхгүй. Тэр байтугай манай сургалт урт хугацаанд явагддаг учраас хорт зуршлаа хаяж, хоорондоо гэр бүл болсон нь ч цөөнгүй. Харин хүүхэд нь эрүүл төрж, одоо сурлагадаа сайн яваа гээд ирж уулздаг хүмүүс бий. Гэтэл 20 хүрэх гэж байсан залуус гэр бүл болоод хүүхэд төрүүлсэн нь тархины бэрхшээлтэй гарч, хүн болж чадаагүй. Ер нь бол хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх нь үр удамд маш аюултай. Монголчууд  цөөхөн, тэр дотроо өөрийн удам нь устаж болно шүү дээ.

-Хар тамхи хэрэглэхэд  нөлөө­лөхгүй эрхтэн гэж байна уу?

-Байхгүй. Бүх эрхтэн, системийг өвчлүүлнэ. Эхлээд сэтгэцэд нөлөөлнө. Яах гээд байгаагаа мэдэхгүй, юу хийгээд байгаагаа ойлгохгүй, юу ярьж байгаагаа ч хянах чадваргүй  болно. Яагаад гэвэл хар тамхи дөрвөн үйлчилгээ үзүүлдэг. Эхлээд тайвшруулж байгаа юм шиг болно. Өөрөөр хэлбэл, төв мэдрэлийн системийг дарангуйлж, тухайн хүн удаан хугацаагаар унтах юм уу, ийм байдал илэрнэ. Үүний том төлөөлөл нь морфин. Бид анх морфин хэрэглэдэг хүмүүстэй тулж ажилласан.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулахад “Глобал сан”-гийн сүрьеэгийн төсөл манай нийгэмлэгт маш их тусламж үзүүлж байсан. Учир нь хар тамхи судсаар тарьж хэрэглэж байгаа тохиолдолд ДОХ авах магадлал өндөр. Тухайн хүн хар тамхи нэгийг оллоо гэхэд өөр хүнтэй дундаа хэрэглэх гэдэг. Шфрицээ сольж хэрэглэнэ. Эсвэл  хэрэглэсэн шфрицээ дахиж хэрэглэнэ. Энэ мэтээр шфрицээр дамжуулж  ДОХ-ын халдвар авдаг. Мөн бэлгийн замаар ДОХ-ын халдвар авах тохиолдол бий.

Тиймээс хар тамхи хэрэглэх маш эрсдэлтэй. Ерөөс хар тамхи нөлөөлөхгүй эрхтэн гэж байхгүй. Татаж хэрэглэж байгаа тохиолдолд хамрын салст, зөөлөн эдүүд гэмтэнэ. Улаан хоолой, төвөнхийн хорт хавдар үүснэ. Хүүхэн хараа томрох юм уу, нарийсах эмгэг үүсч, нүдний хараанд муугаар нөлөөлнө. Түүнчлэн үе мөчний өвчинд нэрвэгдэнэ, уушгины хорт хавдар бол аль эрт үүсчихсэн байдаг. Манай нийгэмлэгт ирсэн анхны үйлчлүүлэгч 2-3 жилийн өмнө нас барсан. Бид хичээсэн ч тэр хүн өөрөө гарч чадахгүй байсан. Эцэстээ нэг хөл нь үхжиж, суга таяганд орсон. Удалгүй нөгөө хөлдөө нөлөөлж хэвтэрт орсон. Түүнээс сар гаруйн дараа чих нь харласан. Тухайн хүн судсаар тарьж хэрэглэж байгаа тохиолдолд үхжилд орж амь насаа алддаг. Ингэж өөрөө өөрийгөө үхэлд хүргэсэн гашуун тохиолдол байгаа нь маш харамсалтай. Хар тамхинд сайн юм нэг ч байхгүй.

-Сүүлийн үед хар тамхины шинэ төрлүүд орж ирэх болсон  гэх юм?

-Эдгээр зүйлүүд Монголд байхгүй, дандаа урд хөршөөс  орж ирж байна. Мөн өндөр үнэтэй. Тиймээс түүнийг  авахын тулд их  мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд гэмт хэрэг үйлдсэн жишээ баримт цөөнгүй. Эхлээд найз нөхдөөсөө гуйна, зээлнэ. Дараа нь гэрээсээ юм  хулгайлж эхэлдэг. Ээж аав нь “Миний утас алга болчихлоо. Компьютерийг маань манай хүүхэд зараад хар тамхи хэрэглэсэн байна” гээд ирдэг. Ийм тохиолдлууд манайд хандсан хүмүүсийн дотор нэлээд гарч байсан.

Хүүтэйгээ хоёулхнаа амьдардаг аав “Хүү маань гурван өрөө байраа зарж мөнгийг нь өг. Тэгэхгүй бол ална гээд байна” гэж  байсан. Тэр аав нэлээд хугацаанд тэсч тэвчиж байгаад сүүлдээ байраа зараад, хүүгээ аваад хөдөө гарсан. Сүүлийн үед чимээгүй байна. Хар тамхи хэрэглэж эхэлсэн хүнд мөнгөний хэрэгцээ их болно. Эдийн засгаар хямарна. Сүүлдээ ядууралд орно. Хэчнээн баян байсан ч ийм л замаар орж уруудаж доройтож, эрүүл мэндээ устгаж  өөрийгөө  үхэлд хүрнэ. Сая цар тахлын үед мөс нэг тун нь гурван саяд хүрсэн гэсэн судалгаа гарсан.

Тийм өндөр үнэтэй зүйлийг амьдралын түвшин доогуур айлын хүүхэд авч хэрэглэж чадахгүй. Тэгэхээр амьдралын түвшин дээгүүр айлын хүүхдүүд буруу нөлөөнд автах эрсдэлтэй. Ийм тохиолдол ч их байгаа. Мөн гашуун өвс гэх зүйл байгаль дээр үнэ төлбөргүй олдож байгаа тохиолдол бас байна. Иймээс газар авч дэлгэрээд байгаа тал бий. Дээр нь манай хоёр хөршийн энэ төрлийн хэрэглээ  өндөр. Орос бол  дэлхийд бараг л  хоёрт орж байна. Хятад  ч дээгүүр ордог. Энэ хоёр том орны дунд манай улс “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг  болчихоод байгаа юм.

-Дээр нь манай улс хүн ам цөөн. Мөн хүүхэд, залуусын орон гээд онцлогтой. Хар тамхи бол удам таслах, үндэстнийг мөхөөх тахал  мөн биз дээ?

-Таны асуусантай санал нэг байна. Гэнэн залуу хүүхэд, залуусыг хар тамхи хэрэглүүлэх юм уу, эсвэл өөрсдөө дурлаад хэрэглэх ч юм уу, ийм асуудал гараад байна. Түрүүнд хар тамхи төв мэддрэлийн системийг дарангуйлдаг гэж ярьсан. Гэтэл сүүлийн  үед төв мэдрэлийн системийг өдөөдөг шинэ төрлийн бодис орж ирээд байна. Тэр нь төв мэдрэлийн системийг нэг хэсэгтээ өдөөдөг. Эхэндээ хүнийг сэргээж, сайхан мэдрэмж төрүүлнэ. Тэр нь таалагдаж ахин дахин хэрэглэж байгаад сэтгэцийн хамааралд орчихдог. Тэрийг хэрэглээд сайхан боллоо, дахиад хэрэглэх сэн гэж үгүйлэх, санагалзаж байж ядах байдалд орчихдог. Үүний нэг төрөлд өвс, ургамлууд орно. Нэг хэсэг сэргээгээд дараа нь сэтгэл гутралд оруулдаг. Зарим нь солиоролд хүргэнэ.

Мөн холимог шинж чанартай байх нь ч бий. Энэ нь эхлээд сэргээж байгаад унтаа байдалд оруулдаг. Үүний аль нэг нь тухайн хүнд таалдагдаж, түүнд татагдан орсноор сэтгэцийн хамааралтай болж, улмаар биеийн хамааралтай болдог. Олон жил хэрэглэсэн 70 гаруй настай хүн манай үйлчлүүлэгчдийн дунд байсан. Тэр хүн өглөө сэрээд нөгөө зүйлээ хэрэглэхгүй бол хий огиулдаг. Эцэстээ амьсгалын эрхтэн боогдож нас барсан. Энэ бол биеийн хамаарлын жишээ юм. Тэр бодис байхгүйгээр тухайн хүн байх аргагүй болж байна шүү дээ. Тиймээс хар тамхийг огт хэрэглэхгүй байснаар өөрийгөө хамгаалах боломжтой.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top