Баяр наадам дөхөж буй энэ үед хүн бүхэн төрсөн нутгаа зүглэж уул устай газар руу тэмүүлдэг. Тэгвэл энэ үетэй зэрэгцэн бүрэн дунд боловсрол эзэмшсэн хүүхэд залуус элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байна. Ингэснээр тэд дотоодын их, дээд сургуульд элсэн орж, оюутны ширээнд суун цаашлаад амьдралын их далайд хөл тавих юм.
Улсын хэмжээнд энэ жил 36 мянга гаруй шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Тэдний 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгэм судлалын хичээлээр шалгалт өгч байна. Харин Монголын түүх, газар зүй, орос хэлний хичээлээр 10-20 хувь нь шалгалт өгч байгаа аж.
Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулж буй шалгалтын цэгээс сурвалжилга бэлтгэснээ хүргэе.
Хотын өнцөг булан бүрд хавтас барьж, нааш цааш сандралдан гүйж очих газраа төдийлөн олохгүй төөрч будилах шалгуулагчидтай таарлаа. Тэд ойр орчимд тааралдах хүнээс тэддүгээр сургууль хаана вэ, аль хаалгаар нь орох вэ хэмээн асуусаар цааш яаравчлан одно. Харин хэсэг бүлгээрээ яваа хэд нь яриа өрнүүлж хөгжилдөх зуураа очих газраа яг таг олох мэт итгэлтэй байв. Нийслэлийн ерөнхий боловсролын II сургуулийн байранд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10 сургуулийн шалгуулагчид шалгалтаа өгөх юм. Тус сургуулийн байрны үүд хэсэгт шалгуулагчдад зориулан баярын тууз өлгөж гадаа нарлаж суух боломжтой цагаан асар хоёрыг байрлуулжээ.
“ШАЛГАЛТАД БЭЛДЭХДЭЭ УЙЛЖ, ШАНТАРЧ БАЙСАН”
Өчигдөр 10.00 цагаас Монголын түүхийн хичээлийн шалгалтыг авснаар орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт албан ёсоор эхлэв. Тус шалгалтын байранд 11.00 цагаас 52 шалгуулагч орох байсан ч 44 нь иржээ. Иймд ирж чадаагүй найман хүүхдийн оноо хүчингүй болох аж. Харин шалгалтын байранд зохион байгуулагчаар ажиллаж буй багшийн хэлснээр шалгалтнаасаа хоцорсон шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй шалгуулагч байгаагүй юм байна. Үеийн хоёр охин шалгалтын өмнө инээд хөөр болон элдвийг ярилцан сууна. Тэдний яриагаар охид нэг ангийн андууд гэнэ. Хамгийн сайн бэлдсэн шалгалт юм чинь англи хэлний шалгалтаа сайн өгнө хэмээн нэгэндээ урам өгөх ажээ.
Сүхбаатар дүүргийн IV сургуулийн төгсөгч Г.Цэцэгбаяр “Хил нээгдвэл Хятад улс руу явж инженерээр суралцана. Харин хил хаалттай хэвээр байвал ШУТИС-ийн барилгын инженерийн ангид орно. 11 дүгээр ангид суралцаж байхад хөл хориотой байсан учир хичээл бараг хийгээгүй. Харин энэ жилээс танхимын хичээл орж өмнөх жилүүдийн тестийг нэлээд сайн бэлдэж давтлаа. Бусад сургуулийн хүүхдүүд ер нь их бэлдээд байх шиг байсан. Манай сургуулийн англи хэлний багш өмнө нь их сургуульд багшилдаг байсан болохоор биднийг нэлээд шахаж бас сайн бэлдүүлсэн. Хүүхдүүд шалгалтандаа нэгэн жигд бэлдэхгүй шүү дээ. Заримдаа би хэт их бэлдээд байгаа хүүхдүүдийг хараад гутраад, уйлж ч байсан. Гэхдээ нэгэнт л бүгд шалгалтаа өгөхөөс хойш зүгээр” гэв.
Шалгалтандаа яарах, догдлох шалгуулагчдаас гадна эцэг эх болон багш нар энэ өдрийн бас нэгэн дүр. Энэ жил элсэлтийн шалгалт өгч буй хүүгээ хүлээн суугаа нэгэн аав их, дээд сургуулиудын танилцуулга тарааж буй хүмүүстэй ихэд дотночлон ярьж байв. Түүний хүү Монголын түүх сонирхдог тул энэ чиглэлээр мэргэжил эзэмших гэж байгаа аж. Аавынх нь ярьж буйгаар хүү үеийнхэн нь хип хоп хөгжим сонсож байхад туульс хайлахыг сонсоод суух дуртай гэнэ. Иймээс юмыг уг шалтгаанаар нь ухаж судлах дуртай, эх түүхээ сонирхох асар их хүсэл тэмүүлэлтэй хүүгээ энэ чиглэлээр сургахдаа дуртай байгаа гэнэ.
Эцэг эхийн төлөөлөл Т.Батцоож “Миний хүү бусад хүүхдийг бодвол шалгалтандаа бэлдэж байна гэж нэг их удаан суугаагүй. Сэтгэхүйн хувьд их онцлогтой. Тийм болохоор аливааг байнга давтах бус нэг хэлбэл дорхноо тогтоогоод авчихдаг юм. Түүндээ л найдаад яваад байх шиг байна. МУИС-ийн түүхийн тэнхимд л суралцах хүсэлтэй байгаа гэсэн. Бид ч тэр хүслийг нь дэмжиж байгаа. Сургуулийнх нь зүгээс салбар бүрийнх нь багш нар шалгалтад бэлдэж буй хүүхдүүдтэй нэлээд тулж ажилласан. Ерөнхийдөө сүүлийн хоёр сар сургуулийн зүгээс давтлага маш сайн өгсөн гэж бодож байна. Надаас илүү сургуулийнх нь зүгээс л шалгалтад нь нэлээд анхаарлаа. Шалгалтыг зохион байгуулах явц их эмх цэгцтэй, дүрэм журамтай юм байна. Өглөөнөөс хойш цагдаа, шалгалтын комисс, багш нар сайн ажиллаж байна” гэв.
"ШАЛГАЛТАА ӨГӨӨД ШУУД ДҮНГЭЭ ХАРСАН НЬ СЭТГЭЛД АМАР БАЙНА" ГЭВ
Бид цааш явсаар IV сургуулийн байранд ирэхэд Монголын түүх хичээлийн шалгалтыг өгч дууссан шалгуулагчид нэг нэгээрээ цувран гарч байлаа. Өмнө нь очсон сургуульд шалгалт өгсөн сурагчид сургуулийн арын хаалгаар шуудхан гараад явчихсан бол тус шалгалтын байранд орсон хүүхдүүд нэлээд удаж гарч ирж буйг эцэг эхчүүд хэлэв. Учир нь хүүхдүүд шалгалтаа өгч дууссаны дараа буюу шалгалтын материалыг автомат засагч машинд уншуулах үеэр тог тасарсан байна. Удалгүй Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ирж тог тасалдсан шалтгааныг тогтоож цахилгааны гэмтлийг засуулжээ. Тиймээс үүссэн хүндрэлээс шалтгаалан шалгуулагчид дүнгээ харахдаа багахан цаг алдсан аж.
Шалгалтад орох гэж сандарч бас догдлон суугаа хүүхдүүд анги, бүлэг, найз нөхдөөрөө нийлж биенээ зоригжуулах гээд тун чиг хөгжөөн наргиантайгаар инээлдэн зогсож товлосон цагаа хүлээж байлаа. Монголын түүх хичээлээр шалгалтаа өгөөд гарч ирэх найзуудаасаа юм асууж, элдвийг шалгаан шавцгаах хүүхдүүдийг багш нар нь дуудаж хоол, хөнгөн зууш идэхийг уриалан дагуулж одов. Шалгалтаа өгчихөөд гараад ирсэн найзаасаа хэд авсан гэдгийг нь асуувал найз нь “Муу, муу 50 хэдэн хувийн гүйцэтгэлтэй хийсэн байна. Хэдэн оноо авах ч юм бүү мэд” гэсээр цааш алхлаа. Хүүхдүүдийн яриагаар бол энэ сургууль дээр шалгалт өгсөн хүүхдүүдээс хамгийн өндөр хувийн гүйцэтгэлтэйгээр шалгалтаа өгсөн сурагч 100 хувиас 70 хувийг нь амжилттай гүйцэтгэсэн аж.
71 дүгээр сургуулийн төгсөгч Э.Энхлэн “Би Санхүү эдийн засгийн их сургуульд суралцахаар бүртгүүлсэн. Тэнцвэл бизнесийн удирдлага юм уу эдийн засагч мэргэжлээр суралцах хүсэл бий. Англи хэл, математикийн шалгалт миний хувьд хамгийн чухал нь болчихоод байна. Энэ хоёр хичээлд сайн дүн авбал хүссэн мэргэжлээрээ суралцах боломжтой. Математикийн шалгалтандаа өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн бэлдэж давтлаганд суусан. Өдөр бүр бэлдэж бэлтгэлээ таслаагүй ч шалгалтын сандрал, айдас байсаар л байна. Гэхдээ ороод шалгалтаа өгсний дараа гайгүй болох байх. Хүссэн мэргэжлээрээ суралцаад мөрөөдөлдөө бага багаар хүрэх өдөр ойртож байгаа ч 12 жил цуг сурсан ангийнхнаасаа холдоно гэхээр гонсгор байна. Энэ мэргэжлийг сонгоход аав, ээж хоёр минь их нөлөө үзүүлсэн. Учир нь манай өвөө нягтлан хүн байсан юм. Мөн би ч гэсэн энэ чиглэлийн мэргэжилд сонирхолтой байсан болохоор дуртай хүлээн авч, бэлдэж байна” гэлээ.
“TOEFL, IELTS, EJU, SAT” ШАЛГАЛТЫН ОНООТОЙ СУРАЛЦАГЧИД ЗААВАЛ ЭЕШ ӨГӨХ ХЭРЭГГҮЙ"
Эхний шалгалтаа амжилттай давсан нэгэн сурагч охин “Би түүхийн хичээлийн шалгалтандаа санасан хэмжээндээ хүртэл сайн бэлдэж чадаагүй. Энэ хичээлээр шалгалт өгөхөөр сүүлд бүртгүүлсэн болохоор миний хариуцлагын алдаа ч байгаа. Шалгалтын материал бодож байснаас харьцангуй хөнгөн байлаа. Анхны оноогоо шууд харсан нь сэтгэлд амар байна. Авна гэж бодож байсан оноогоо л авлаа. Хэмжээст оноог 24 цагийн дотор мэдэгдэнэ гэсэн. Анхны оноо маань сэтгэлд нийцэж байгаа учраас эцсийн дүнгээс айхгүй байна” гэв.
Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат тухайн өдрийн 11.00 цагт мэдээлэл өгөхдөө “ Энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтад 2800 орчим багш, төрийн албан хаагч оролцож байна. Мөн ЭЕШ-ыг зургаан сар тутамд буюу жилд хоёр удаа авахаар боллоо. Түүнчлэн үүнтэй холбогдуулан хэл бичгийн шалгалтыг гурван удаа авдаг болж байгаа. Тиймээс дараагийн удаагийн хэл бичгийн шалгалтыг аравдугаар сард авах төлөвтэй байна” гэлээ.
Өмнөх жилүүдэд олон улсын хэлний түвшин тогтоох шалгалтын дүнг ЭЕШ-ын дүнд тооцдог жишиг манай улсад байгаагүй. Харин энэ жилээс эхлэн олон улсын хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн сурагчид заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй болж байгаа аж. Ингэснээр түвшин тогтоох шалгалтын дүнгээ Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалттай дүйцүүлж дотоодын их дээд сургуульд элсэж болох юм байна. Одоогоор улсын хэмжээнд 560 орчим сурагчийн олон улсын дүнг дүйцүүлжээ. Түүнчлэн дүйцүүлсэн оноотой хүүхдүүдийн жагсаалт тусдаа гарах ба тэдэнд ЭЕШ өгсөн гэх батламж өгөх ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
арай дэндүү хүнд байна гэсээн. Хүүхдүүдийг ингэж болохгүй ш дээ