Монголын Зохиолчдын Эвлэл болон Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо нэгдэж нэгэн дээвэр дор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон торгон мөчид Монголын Чөлөөт Зохиолчдын холбооны тэргүүн, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт доктор профессор С.Байгалсайхантай ярилцлаа.
-Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо /МҮЧЗХ/ хэдэн онд байгуулагдсан бэ, түүхэн замналынхаа тухай ярина уу?
-МҮЧЗХ 1990 оны есдүгээр сарын 27-нд байгуулагдсан. 32 жилийн түүхтэй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудын адил оршин тогтносоор ирлээ. Энэ хугацаанд өөрийн гишүүнчлэлтэй байдаг уран бүтээлчдийг дэмжих, Монголын утга зохиолын эрт эдүгээгийн арвин их өв санг судлах, тодотгох чиглэлээр ажиллаж ирлээ. Өөрөөр хэлбэл, холбооны ахмад хүндтэй гишүүд болох Ш.Гаадамба, Ж.Бадраа, П.Хорлоо, Ж.Пүрэв, О.Дашбалбар, Ж.Бямбаа, Л.Хуушаан гээд олон арван зохиолч мэргэдийн тавьсан зам мөрөөр явж ирсэн гэж болно. Д.Дамдиндорж зохиолч холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тэргүүн Ш.Сүрэнжав гуай энэ тэр хүмүүстэй хамтарч гишүүдийнхээ шилмэл бүтээлийн түүврийг цувралаар гаргаж байсан нь одоо сайхан түүх болон үлдсэн байдаг. ”Зохист аялгуу” сонин маань янз бүрийн хэлбэрээр гарч байлаа. “Мөнгөн цом” яруу найргийн наадам уншлага маань ч адил сүүлийн үед цар тахал, бас бус шалтгаанаар зогсонги байдалд орсон. Хаа сайгүй тийм байх шиг байна. Энэ хугацаанд манай холбооноос С.Дулам багш Ардын багш, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт Ш.Сүрэнжав Ардын уран зохиолч, эрдэмтэн зохиолч П.Хорлоо, яруу найрагч О.Дашбалбар нар Монгол Улсын төрийн шагнал, С.Оюунчимэг Соёлын гавьяат зүтгэлтэн, Ч.Жачин Монгол Улсын гавьяат багш, зохиолч Ч.Дагвадорж, Л.Хуушаан Ц.Базаррагчаа, Д.Нямаа, Ж.Саруулбуян, Х.Баянмөнх нар Монгол Улсын соёлын гавьяат цол, судлаач яруу найрагч Д.Сумъяа Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат цол мөн олон арван уран бүтээлч Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, холбооныхоо оны шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байдаг.
-Тус холбоо хэдэн гишүүнтэй вэ, үе үеийн дарга нар хэн хэн байв. Тэдний үйл хэргийг түүчээлж ирэхэд саад бэрхшээл багагүй тохиож байв уу?
-Ер нь манай холбооны бүртгэлээр 200 гаруй гишүүнчлэлийн бүртгэл байдаг. Орсон гарсан, давхар гишүүүчлэл, тэнгэрийн оронд заларсан гээд одоо зуун жар гаруй гишүүний бүртгэлтэй. МҮЧЗХ-г удирдаж ирсэн таван тэргүүн байдаг. Ш.Гаадамба, О.Дашбалбар, Ч.Дагвадорж, Ш.Сүрэнжав, тэгээд миний бие. Асуудал бэрхшээл байлгүй яахав. Бүгд л мөнгөгүй, байргүй арга хэмжээ явуулах, ном зохиол хэвлүүлэх гээд үеийн үед гуйлга туйлга болж хэдэн зохиолчдынхоо төлөө явдаг хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс тэдэнд тусалж байсан хүмүүсийн ачаар МҮЧЗХ өнөөдрийг хүртэл миний бодлоор нэр төртэй тогтож ирсэн гэж боддог. Анхны тэргүүн Ш.Гаадамбын утга зохиол судлалыг хөгжүүлэх, О.Дашбалбарын утга зохиол дахь шударга ёсны үзэл баримтлалыг дараа дараагийн удирдах зөвлөл чиг алдалгүй барьж ирсэн гэж боддог. Гишүүнчлэлээр далимдуулан доромжлох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах хандлагыг эрс эсэргүүцэж ирлээ.
-МҮЧЗХ нь ямар бодлого чиглэл баримталж, зорилго зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ, сүүлийн үед хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар ярина уу?
-Сүүлийн 20-иод жилд тус холбооноос барьж байсан гол бодлого бол гишүүн зохиолчдын уран бүтээлийг дэмжихээс гадна эрт эдүгээгийн Монголын утга зохиолын түүхийг нарийвчлан судлах, тодруулан товойлгох, орхигдсоныг сзргээх, олдоогүйг нээх талаар голлон ажилласан гэхэд болно. Тухайн уран бүтээлч аль холбоо нам, эвслээс үл хамаарч, Монголын их өв соёл гэдэг утгаар нь хандаж ирэхийг хичээсэн болно. 10 орчим жилийн хугацаанд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын 70, 80 нас, Төрийн шагналт О.Дашбалбарын 50, 60 нас, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Пүрэвийн 80, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Баастын 95, Нэрт монгол судлаач доктор профессор Л.К.Герасимовичийн 90, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадоржийн 70, Ц.Базаррагчаагийн 80, Ш.Ванчаарайн 80, Б.Жамд, Н.Очирбат нарын 80, алтан үеийн алдартнууд болох Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ц.Гайтавын 90, хамгийн сүүлд энэ онд гэхэд Ж.Лхагвын 80, Ардын уран зохиолч Т.Галсангийн 90 насны, Халхын хун тайж Цогтын 440 жилийн ойд зориулсан хурал гэх мэт эрдэм шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн нэрт уран бүтээлч Д.Цэдэв, Ж.Саруулбуян нарын уран бүтээлийн өдөрлөгийг хийж, нэрт шүүмжлэгч академич Х.Сампилдэндэв, Д.Өлзийбаяр нарын уран бүтээлд зориулсан дугуй ширээний нээлттэй хэлэлцүүлгийг хийжээ. Энэ мэт ажлууд нь өнгөн дээрээ нэг хүний насны ойд зориулсан хурал мэт боловч үнэн хэрэг дээрээ Монголын утга соёлын өвийн судалгаанд чухал шинэ хэрэглэгдэхүүнээр баяжин тэлж түүхэнд үлдэж байгаа хэрэг. Бид хурал бүрийн дараа бүх материалаа хэвлүүлж үлдээдэг. Залуу судлаачдыг сургах, мэргэшүүлэх зорилгоор Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа, С.Товуудорж, Г.Чулуунбаатар, Д.Бор нарын уран бүтээлчдийн уран бүтээлээр дагнасан хурал, хэлэлцүүлэг, ярилцлага зохиож байсан. Говийг хөгжүүлэх төрийн бус байгууллагатай хамтран “Ижий говь” яруу найргийн наадмыг Дорноговь, Өмнөговийн Ханбогд, Дундговь аймагт амжилттай зохион байгуулсан нь говь нутгаас төрөн гарах авьяастан залуучуудад үлэмж үр нөлөө болсон биз ээ.
-Гишүүн зохиолчдоос Д.Цэдэв, Ж.Бадраа, Ш.Сүрэнжав гээд гайхамшигтай уран бүтээл, авьяас билгээрээ мөнхөрсөн хүмүүс олон. Тэдний зохиол бүтээлийнх нь сэтгэлгээ, бичих ур зүй өнөө ч хэр гэрэлтсээр буй. Гэгээн сайхан уран бүтээлчдээ хүндэтгэн дурсана уу?
-Бахархах дуурайх олон арван мэргэд бий. Ш.Гаадамбын онолын сэтгэлгээгээр одоо ч Монголын утга зохиол чиг замаа заалгаад явж байгаа. Монголын өв соёл дахь бэлгэдэл түүний ур ухааны талаарх С.Дулам багшийн судалгааг Монголд төдийгүй дэлхийд гайхан биширч байна шүү дээ. Агуу Ж.Бадраагийн ардын өв соёлын судалгааг хэн ч үгүйсгэхгүй. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын яруу найраг, ялангуяа түүний эрийн гурван наадмын тухай киногүй уламжлалт баяр болдог билүү. О.Дашбалбарын цогтой, үнэнч шударгын илэрхийлэл болсон яруу найраг, Н.Энхбаярын орчуулга, Ж.Пүрэвийн түүхэн романууд, Ч.Дагвадоржийн сэтгэл гэгэлзүүлсэн ардын дуу шиг дуунууд, Д.Цэдэвийн яруу найраг, сүүлийн үеийн сурвалжийн судалгаагүйгээр Монголын утга зохиол судлалыг төсөөлөх аргагүй. Сүүл үеийнхнээс дурдвал Дан.Нямаа, Ж.Саруулбуян нарын үлгэр дуурайл болсон яруу найраг, эсээ нийтлэлүүд, Д.Сумъяагийн Дара эхийн судалгаа, Х.Сүглэгмаагийн дундад зууны уран зохиолын судалгаа, П.Нямлхагвын ардын өнгө үнэр шингэсэн гайхамшигт шүлгүүд, Х.Баянмөнхийн дууны шүлэг, Д.Гүн-Үйлсийн орчуулга, түүхэн судалгаа, С.Товуудоржийн түүхэн романууд, Б.Хишигсүх, Г.Нандинбилэг, Б.Энхээ, С.Хөвсгөл, Г.Галбаяр, Ш.Баттөр, А.Мөнх-Оргил, Э.Батжавхлан, Б.Мөнхбаяр, Ж.Ууганбаатар нарын судалгаанууд бол Монголын утга соёлын нүүр царайг тодорхойлох хэмжээнд хүрсэн гэж баттай хэлж болно.
-МЗЭ-ээс туурга тусгаарлах болсон шалтгаан юу байв. Тухайн үедээ зорьж шийдсэн алхамдаа хүрч чадсан гэж боддог уу?
-Туурга тусгаарлах гол учир нь миний бодлоор МЗЭ-ийн даргын сандал ширээний төлөөх тэмцэл байсан болов уу. Нөхөр Д.Цэдэвийг авч хаях л гол үндсэн шалтгаан байсан гэж боддог. Даргыгаа авч хаяснаар гол зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Харин уран бүтээлийн хувьд ярих цаг хугацаа бидний өмнө, залуу үед байгаа байх. Энэ талаар миний бие 2010 хэвлэгдсэн “Монголын шинэ үеийн уран зохиолын түүх” IV ботийн оршилд нэлээн баримт нотолгоотой бичсэн байгаа. Салсан шалтгаан нь аль аль талдаа байсан. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг. Одоо өнгөрснийг эргүүлж авчрах биш. Эргээд нэгдэн нийлж байгаа учир эв зүйтэй, сэтгэл санаа нэг чигт л байх ёстой гэж бодож байна.
-Монголын утга зохиолын ай савд магтууштай шинэ содон бүтээл хэр төрж байна вэ. Мөн шүүмжилмээр зүйл нь юу байна вэ?
-Энэ асуултад шинэ цагийн утга зохиол судлаач их гүүш Л.Хүрэлбаатарын халаглан бичсэн эшлэлийг өгүүлж хариулъя гэж бодож байна. “Өнөөдөр монголчууд цөөхөн учраас тэр үү, шинжлэх ухаанд төрийн бодлого алдагдсанаас тэр үү, сурвалжийн хэлтэй түүхч судлаачид алга байна. Араб хэлтэй түүхч алга, перс хэлтэй түүхч алга, манж хэлтэй түүхч алга, солонгос хэлтэй түүхч алга, төвд хятад хэлтэй түүхч нэгэн хоёрын төдий, орос хэлтэй түүхч гэхээр оросоор орчуулагдсан Марко Поло, Рашид Ад Дин, Плано Карпини, Рубрук болон Оросын Лев Гумёловын бичсэнийг баримжаалах төдийгөөс хэтрэхгүй байна. Сэтгэлийн хөдөлгөөнөөр буруу зөрүү бичсэн, бичсэнээ хариуцах чадваргүй боловч, хэдэн зуун дамнасан хор хөнөөл тарьж чадах зохиолч нарын бичсэн романаар гадаад болоод дотоодод Чингис хааныг төсөөлж байна” гэж бий. Бид хятад, солонгос, япон, англи, төвд хэлтэй залуу судлаачдыг бэлтгэж байна. Сайн судлаачид гаргахын төлөө ажиллаж байгаа. Түүх болон уран зохиол, утга зохиолын эх ундарга нь юм.
-МЗЭ хэмээх их айлтай дээвэр нэгтгэж байгаа нь том үйл явдал болж байна. Энэ цагаас хойш та бүхэн дүрэм журмаа шинэчилж зорилгоо зангидан ажиллах байх. Хамгийн эхэнд хийх ажил юу байна вэ, Төрийн ордноо тун удахгүй их чуулган зөвлөгөөн болох гэж байна шүү дээ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зохиолч уран бүтээлчдийн төлөөлөлтэй уулзаж нэгдэн нийлж, улс эх орны төлөө хамтарч зүтгэвэл эдийн засагт ч, шинжлэх ухаанд ч, соёлын салбарт ч их амжилт олж улс орны хөгжилд хүчтэй түлхэц болох тухай чиглэл өгснийг манай холбооны бүх гишүүд дэмжин, хурал хуйгаа хийж нэгдэн хамтарч ажиллахаар болсон. Одоо нэгэнт нэгдэн нийлж хамтарч ажиллах болсноос хойш танай манай энэ тэр гээд байх юмгүй, өөрийн чаддаг, мэддэг зүйлээ үр хойч үедээ үлдээх, том утгаар нь хэлбэл эх орондоо бүхнээ зориулах л ёстой гэж бодож байгаа. Тиймээс ч бид хуралдаж шинээр нэгдэн буй зохиолчдын байгууллагын удирдах бүрэлдэхүүнд идэр залуу уран бүтээлчдээ оруулсан. Тэд болох Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, Х.Баянмөнх, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт уран бүтээлч П.Ням-лхагва, Х.Сүглэгмаа, А.Мөнх-Оргил, Д.Гүн-Үйлс, доктор Г.Билгүүдэй, Д.Болормаа, Д.Цэвээндорж нарын хүмүүс Монголын утга зохиолын чиг хандлагыг тодорхойлох, ямар ажил үүргийг яаж биелүүлэхийг бүрнээ чадна гэдэгт итгэж болно. МЗЭ, МҮЧЗХ нэгэн дээвэр дор хүчээ нэгтгэн ажиллана. Нийт зохиолчдын өмнө тавигдаж буй нэн тэргүүний зорилт бол монгол хэлний тусгаар тогтнол дархлааны асуудал. Монгол хэл гэдэг бол бидний ярьж буй хэдэн үгсийн цуглуулга биш, дунд сургуульд заадаг өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүний харьцаа биш, хэлний эрдэмтдийн хайрцагласан боть номууд ч биш юм. Уламжлалаараа монгол хэл гэдэг нь хэлний ур, сэтгэлийн ур буюу бодох, бясалгах, сэтгэх үйлийг зохиолчид маань уран бүтээлээрээ түмэн олонд хүргэж ойлгуулах ёстой.
-Таны хувьд хувийн уран бүтээл, ажил үйлс ямархан өрнүүн байна вэ?
-Өнгөрсөн оны сүүлээр шавь Б.Мөнхбаярын хамт ХЗХ-ийн 100 жилийн ойд зориулан “Нэгэн зууны цадиг”, он гарсаар “С.Буяннэмэхийн туурвилын уран сайхан” номоо хэвлэлтээс гаргалаа. Одоо залуучуудын магистр, докторын ажил удирдах ажил дээр сууж байна даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )