Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод үржүүлдэг зарим айлд зочиллоо

2022 оны 06 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хашаандаа мод тарьж, үржүүлдэг айл өрхүүдэд зочиллоо.

Тэрбээр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн Бадарчийн Ганболдынд очив.

Б.Ганболдынх хороондоо 30 гаруй жил амьдарч байгаа бөгөөд ам бүл есүүлээ. 1996 онд хашаандаа гурван чацаргана тарьж эхэлснээс хойш жил бүр өргөжүүлсээр одоо 30 орчим төрлийн мод, бут тариад байна.

Шинэс-үхрийн нүд, монос, улиас, хайлаас, нохой хошуу, тэхийн шээг, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, тошлой, хус, тавилгана , чацаргана зэргийг тарьж, 0.07 га талбай хашааныхаа 80 хувийг ногооруулжээ. Мөн хоёр ч шилэн хүлэмж барьсан байна.

Үүнээс гадна Цагаанчулуутын аманд дөрвөн га газарт 3,500 мод тарьж ургуулж байгаагаа гэрийн эзэгтэй Ш.Тунгалаг танилцууллаа.

Мөн Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлж эхэлснээс хойш хашаандаа мод тарьж ургуулах хүсэл, сонирхолтой иргэдийн тоо эрс өсөж, үр, суулгац худалдаж авч  байгаа тухай ярилаа.

Хашаандаа сайхан амьдрахын зэрэгцээ өрхийн орлогоо өсгөж, ахуй амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойг бусдад харуулахыг зорьж байдгаа ч  хэлэв.

Хорооны зүгээс иргэдээ төсөл, хөтөлбөрт хамруулах замаар өрх бүр хашаандаа гурван мод тарьж ургуулах зорилт тавьсан байна. Энэ хүрээнд Б.Ганболдын тарьж ургуулсан мод, бутыг 2,500-5,000 төгрөгөөр худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн Ардын Их Хурлын дарга асан Жамбын Гомбожавынд зочиллоо.

Тэрбээр “Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийг байгуулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, Бугын сангийн аж ахуй /хуучнаар/-н аманд өнгөрсөн 13 жилийн хугацаанд 30 орчим  нэр төрлийн нэг сая шахам мод тарьжээ.

Улаанбаатар хот, Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь зэрэг аймаг болон сум, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд жилдээ 3,000-40,000 хүртэл үр, суулгац нийлүүлдэг байна.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд худалдан авагчийн тоо нэмэгдэж байгааг Ж.Гомбожав хэлэв.

“Богдхан уулын байгалийн цогцолбор төв”-ийнхөн мөн хиймэл нуур байгуулснаас гадна морин тойруулгын болон хөл гольфын талбай байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top