Б.Чойжилсүрэн: Улстөрчид сонгуульд орохын тулд бүтэшгүй жагсаалт ярих аа л больчих хэрэгтэй

2022 оны 06 сарын 28

Сэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг “Ардын эрх” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн оролцсон. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.


-Сайхан зусаж байна уу. Таны хувьд парламентад дөрвөн удаа сонгогдсон, туршлагажиж буй парламентчдын нэгд зүй ёсоор орно. Энэ удаагийн парламентыг ер нь өмнө сонгогдсон үе, үеийн УИХ-ын үйл ажиллагаатай харьцуулахад хэрхэн ажиллаж байна гэж та боддог вэ?

-Сайхан зусаж байна. Үе, үеийн парламент өөр, өөрийн онцлогтой. Цаг үе нь ч өөр өөрийн сорилтуудтай тулгарч байсан. Энэ удаагийн парламентын гол сорилт бол дөнгөж байгуулагдаад удаагүй байхдаа дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеийн хүндрэлтэй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн энэ оны эхнээс эхлээд ОХУ, Украинд явуулсан цэргийн тусгай ажиллагаанаас болоод тодорхой хэмжээний бэрхшээлүүд гадаад талаасаа гарсан ийм цаг үед үйл ажиллагаагаа явуулж буй парламент юм болов уу л гэж бодож байна даа.

-Сорилт мэдээж амаргүй. Ганцхан манай улсын зовлон  биш, дэлхий нийт хүн төрөлхтөн энэ сорилтын ард яаж гарах вэ гэсэн бодол ухааны уралдаан явж байна. Монголын парламентад Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо гэж байгуулагдлаа. Тэр байнгын хороог анх ахалж буй хүн нь та. Нөхцөл байдалд дүгнэлт хийвэл манай улсад ус агаар мэт дутагдаж байгаа зүйл нь үйлдвэржилтийн бодлого. Үүнийг хэрэгжүүлэх болон байнгын хороо байгуулагдсаны ач холбогдлыг та юу гэж харж байгаа  вэ?

-Тэгэхээр үйлдвэржилтийн бодлогыг хоёр үе шаттай хувааж авч үзэх хэрэгтэй байна. Эхний ээлжид одоо байгаа үйлдвэрүүдээ энэ хүнд цаг үед дампууруулчихгүйхэн шиг авч үлдэх, дээр нь нэмээд солонгоруулах гэж ярьдаг бусад үйлдвэрүүдийг нэмж байгуулах тухай хоёр үе шаттай авч үзэх нь зохистой гэж  бодож байна. Ер нь үйлдвэрлэлийг яавал хөгжүүлэх талаар хувь гишүүнийхээ хувьд байр сууриа илэрхийлье.  Монгол Улс 2005 оноос эхлээд ерөнхийдөө уул уурхайн орон болчихсон шүү дээ. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэн. Одоо манай нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа бүрдүүлж байгаа, ийм байдалтай л орон болсон. Уул уурхайн эдийн засаг өөрөө давуу болон сул талтай.

 Манай түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр байнга тогтвортой байдаггүй, өсдөг, унадаг. Ийм мөчлөг циклтэй.Тэгэхээр монголчууд бид өссөн үед нь зардлаа томруулчихдаг хэрнээ буусан үед нь зардлаа дагаж буулгаж чадахгүй болчихоод байна. Уг нь үйлдвэрлэл эрхлэгчдэд урьдчилан таамаглаж болох тийм тогтвортой хөгжлийг бий болгох шаардлагатай байна. Бид харамсалтай нь сүүлийн арван хэдэн жилд  суурийг нь хангалттай сайн тавьж чадаагүй. Үүнээс шалтгаалаад өрийн тогтвортой байдалд асуудал үүссэн. Үйлдвэржилтийг дагаад  бусад салбараа хөгжүүлье гэхээр, хөрөнгө оруулалт  шаардлагатай. 

Хөрөнгө оруулалт шаардлагатай болоод эхлэхээр валют болон гадаад нөөц хэрэгтэй болно. Тэр маань хангалттай тогтвортой, орох урсгал нь өндөр түвшинд байхгүй бол эргээд эрсдэл бий болно. Энэ үйлдвэржилтийн бодлогын хүрээнд эхний ээлжид өрийн тогтвортой байдлын тухай нэг ярилцвал яасан юм бэ. Улс орнуудад, бүх цаг үед үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага үүсэж байгаа. Харин үүнийг  хэрхэн  хийх вэ гэдэг асуулт гарна. Тиймээс энэ өрийн тогтвортой байдлыг л хадгалах ёстой. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн даяарших хандлага хүссэн хүсээгүй өнгөрсөн хорин жил тренд болоод явчихлаа шүү дээ. Тэгэхээр манайх жижиг улс, хүссэн хүсээгүй энэ трэндийг дагаад явахаас өөр аргагүй. Бидний хамгийн том зорилго бол орох урсгалаа хангалттай өндөр, тогтвортой, наад зах нь дунд хугацаанд буюу тав, арван жилийн хугацаанд орох урсгалаа нэмж байж л дотооддоо үйлдвэрлэл хөгжүүлэх асуудлыг ярина. Эхний ээлжид энэ өрийн тогтвортой байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Бид экспортоо нэмээд, тогтвортой хэмжээнд нь барих шаардлага үүсээд байна.

-Энэ жилийн хувьд экспорт түшиглэж орж ирэх валютын хэмжээ хэдэд хүрнэ  гэсэн төсөөлөл байгаа вэ?

-Үнийн өсөлтийн хувьд бол гайгүй байна. Манай зэс, алт, нүүрс, төмрийн хүдрийн үнэ гайгүй байгаа. Саяхан мэдээ авахад татвар төлөхийн өмнөх үнийн хувьд төмрийн хүдэр урд хөршийн боомтууд дээр 120 ам.доллар, зэс 10 мянган ам.долларын үнэтэй байна. Тэгэхээр энэ жил ес орчим тэрбум ам.долларын экспорт хийнэ. Харин тоо хэмжээний хувьд агшиж байгаа. Түүн дотроо нүүрсний гаралт багасчихсан. БНХАУ-ын “тэг Ковид” гэсэн нэг бодлого яваад байна шүү дээ. Үүнээс  шалтгаалаад нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байгаа учраас валютын хомсдолд ороод эхэлсэн. Оны эхэнд 4,3 тэрбум ам.долларын нөөц байсан. Харин өнөөдөр гурван тэрбум орчим ам.долларын л нөөц байна. Оны эхний нэгдүгээр улирлаас нэг тэрбум ам.долларын нөөц доошоо буучихлаа. Тиймээс энэ байдлаараа юун нөгөө  тогтвортой байдал, дампуурахгүй байх л чухал байгаад байна.

-Яг одоо улсын маань эдийн засгийн орчны биеийн байдал ямар байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улс валютын хомсдолтой байна. Валютын нөөц байхгүй учраас орж ирж байгаа орлогынхоо хэмжээнд л зарлага гаргахаас өөр аргагүй. Тиймээс сая төсвийн тодотгол хийсэн.  Мөнгөний бодлогын хүүг ч огцом нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Зургаа орчим хувьтай байсан Монголбанкны бодлогын хүүг 10 хувь болгосон. Энэ  тийм ч сайн юм биш. Гэхдээ хэрэглээгээ хянаж чадахгүй байж байгаад дампуурчихвал бүр эрсдэлтэй. Тэгэхээр сайн юмны тухай одоохондоо ярих боломжгүй. Хоёр муугаас арай гайгүй мууг нь сонгоё гэдэг  байдалтай байна. 

-Бид маш сайн тооцоолол хийхгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш нэг түвшинд байдаггүйг та түрүүн хэллээ. Монгол шиг унаж байх үед нь зардлаа хянаж чадахгүй улсад энэ нь эргээд эрсдэл дагуулж байна. Ер нь улсын эдийн засаг нэг салбар дээр түшиглээд яваад байх нь ирээдүйгүй юм байна гэдэг зураглал одоо харагдаж байна. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх бодлогоор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог байгуулсан байна л даа. Монгол Улсын үйлдвэржилтийн салбар байнгын хороог байгуулж байж ажиллах хэмжээнд хүрчихсэн юм уу?

-Аливаа хүн өвчин туслаа гэж бодъё. Эхний ээлжид зүрх өвдсөн юм уу, ходоод юм уу гэдэг  оношоо зөв тогтоох ёстой биз дээ.  Гарааны цэгээ ямархуу байдалтай байна вэ гэдгээ зөв тодорхойлох ёстой байх гэж бодож байна. Экспортын хэмжээний хувьд  2019 оны Ковидын  өмнөх он жилийг аваад үзье л дээ. Тэгэхэд 7.6 тэрбум ам.долларын экспорт хийсэн. Үүнээс  уул уурхайн бус экспорт нь дөнгөж 800 орчим сая ам.доллар байгаа нь нийт экспортын арван хувьд ч  хүрэхгүй шахам байсан. Бодит байдал ийм л байна.

Хөдөө аж ахуйн салбараас 340 орчим сая ам.долларын ноолуур гарч байна. Мөн цөөхөн тооны мах гаргасан гэх зэргээр  ердөө 500  сая ам.доллор хөдөө аж ахуйн салбарын экспортод эргэлдэж байна. Дийлэнх нь буюу 90 гаруй хувь нь  уул уурхайн салбарын бүтээгдэхүүн. Тэгэхээр бид ойрын 10 жилдээ уул уурхайн бүтээгдэхүүнийхээ хэмжээг нь нэмье, боловсруулалтын түвшинд нь Монголд үлдэх нэмүү өртгийг нэмье, тодорхой хэмжээний хуримтлал бий болгоод бусад салбар руугаа оруулах хэрэгтэй. 

Гашуун үнэнийг хэлэхэд улстөрчид бид сонгуульд орохын тулд гоё сайхан бүтэшгүй мөрөөдөл яриад байна шүү дээ. Үүнийгээ  болих хэрэгтэй. Экспортын хэмжээ жил ирэх тутам өсөж байна. Энэ жил есөн тэрбум ам.доллар болж байгаа бол ирэх жил 10 тэрбум, түүний дараа жил 12 тэрбум ам.доллар гэх мэтээр жилдээ наад зах нь нэг, нэг тэрбумаас доошгүй хэмжээгээр экспортоо нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгаа юм. Өнгөрсөн онд манай улсын экспорт есөн тэрбум ам.долларт хүрлээ. Энэ хангалтгүй. Манай улсын  нэг хүнд ногдох ДНБ 2010 онд 4000 ам.долларт хүрсэн. Түүнээс хойш яг энэ хэмжээндээ гацчихсан. Та бод доо, Дорнын ард түмэн 12 жилээр амьдралынхаа мөчлөгийг тоолдог. Бүхэл бүтэн нэг мөчлөг өнгөрчихөөд байхад эдийн засаг нь томроогүй хэвээрээ. Гэтэл бид сүүлийн 30 жилийн хугацаанд гадаад дотоод явж, аятайхан амьдарч байгаа хүмүүсийг, улс орныг үзсэн.

Монголчуудад ч гэсэн  тэгж сайхан амьдрах юм сан гэсэн хүсэл мөрөөдөл байна. Гэтэл төрийг удирдаж буй бид хийж чадахгүй байгаа биз. Тэгэхээр эдийн засгаа  дотооддоо ч, гадаад зах зээлд ч томруулах хэрэгтэй. Гадаад зах зээлээ өргөжүүлэхийн тулд төр нь хувийн хэвшилтэйгээ хамтраад гадаадын зах зээл рүү явах ёстой. Нэн ялангуяа манай урд, хойд хоёр хөрш бол сонгодог ардчилсан улс биш шүү дээ. Төрийн оролцоо өндөр. Зэргэлдээ оршиж буй хоёр улсын зах зээл рүү гарахын тулд төр нь хувийн хэвшилтэйгээ цуг очоод, манайд ийм, ийм бүтээгдэхүүн байна, боломжийнхоо түвшинд татварын хөнгөлөлт үзүүлээч ээ гэдэг хүсэлтүүдийг тавиад хувийн компаниуддаа боломж олгомоор байна.

Монгол Улс 2028 он гэхэд 16 тэрбум ам.долларын экспорттой болъё гэсэн зорилт тавиад, яаж хийх вэ гэдэг асуудал дээр төвлөрье. Бид адаглаад нүүрсээ угаачихъя. Дараагийн түвшинд кокс болгочихъё гээд шат, шатаар урагшилмаар байна. Цаашид Гангийн үйлдвэртэй болох алхам руу явах хэрэгтэй. Ийм чиглэлийн  үйлдвэрүүдийг бий болгохын тулд их хөрөнгө оруулалт, эх үүсвэр хэрэгтэй байгаа биз. Бид багахан хэмжээний эх үүсвэрээ зөвхөн валют болдог салбар руугаа хийгээд бусад хэрэглээгээ багахан царцаавал яасан юм бэ. Дорвитой шийдвэр гаргахгүй л бол дахиад таван жилийн дараа энэ асуудлаа ярьсаар л байх болно. Зоригтой шийдвэр гаргахгүйгээр бид явахгүй, урагшлахгүй. 

 

ЭХ ҮҮСВЭРЭЭ ТООЦОХГҮЙ МӨРӨӨДЛӨӨРӨӨ ЦААС ҮЙЛДВЭРЛЭДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ

 

-Уг нь та нар үйлдвэр­жилтийн бодлогын баримт бичгээ хангалттай хэмжээнд боловсруулаад, улс төрийн шийдвэрээ гаргуулаад батлуулчихсан юм биш үү. Гол нь санхүүжүүлэх эх үүсвэр асуудал юм уу. Эсвэл гадаад харилцааны бодлого дутагдаад  байгаа юм уу?

-Гадаад худалдааны бодлогын хувьд манай Элчин сайдууд Монголын компаниудын эрх ашгийг хамгаалах, тэднийг гадаад зах зээлд сурталчлах хэрэгтэй байна. Бусад улс орны  Элчин сайдууд ийм л зарчмаар ажилладаг. Намайг Сангийн сайд байхад Элчин сайдууд өөрсдийнхөө аж ахуйн нэгжүүдийг  хамгаалаад ороод ирдэг л байсан. Манай Элчин сайдын яамд маш хурдтай худалдааны зах зээлийг олдог, овсгоотой бэлтгэгдсэн боловсон хүчнүүдээр хүрээгээ тэлэх хэрэгтэй байна.

-Хөрөнгө оруулаад ирэхээр бид өөрсдөө найдваргүй хүмүүс болчихоод байна. Монгол руу хөрөнгө оруулах гэхээр хулхиддаг, луйварддаг, хөрөнгийг нь авч залилдаг гэх буруу ойлголтууд гадаад зах зээлд тарчихсан юм биш үү. Итгэлцэл гэдэг зүйл алдагдчихаад байна уу даа. Энэ тал дээр таны байр суурийг сонирхъё?

-Би өөртэй чинь 100 хувь санал нэг байна. Тэр Оюу Толгойн гэрээг байгуулснаас хойш Монгол Улс гурав дахь томоохон хэмжээний зах зээлээ нээчихлээ гээд гадныхан их найдвар тавьсан. Гэтэл гаднаас орж ирсэн компаниуд ихэнх нь алдагдал хүлээгээд буцаад гарсан. Тэд хаалгаа хаачихлаа шүү дээ. Шулуухан хэлэхэд бараг л бүгд гарлаа. Оюу Толгойгоос бусад хөрөнгө оруулалтууд 2021 онд хасах дүнтэй байсан. Тэгэхээр бид савладгаа л болих хэрэгтэй. Хэт өндөр савлагаа эрсдэл бий болгоод байна. Энэ эрсдлийг багасгахын тулд урьдчилан таамаглал гаргаж, олж байгаа үедээ бүгдийг нь хэрэглэхгүй, багахан хэмжээний хуримтлал үүсгэнэ ээ гэсэн үг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад шүүх засаглал нь ил тод байх хэрэгтэй байна. Гаднаас орж ирсэн хүмүүсээ хөөж явуулаад байхаар чинь бид эргээд өөрсдөө гадаад ертөнцөөс улам тусгаарлагдаад  хоцрогдмол байдалд орлоо. Хойд Солонгосын араас орох уу гэдгээ бид өөрсдөө л шийднэ.

 

МОНГОЛ УЛС НИЙТЭЭРЭЭ ХЭРЭГЛЭЭНИЙ ДОНТОЛТОД АВТЧИХСАН,   ИРГЭДИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛТЭЙ БАЙНА

 

-Гурван жил хэрэглээндээ тэвчээртэй хандъя гэж та хэллээ. Монголчууд  тэр чигтээ хэрэглээний хэт хамааралтай болчихсон юм уу.  Хэрэглээд байгаа зүйл нь юу вэ?

-Улсаараа бид хэрэглээний донтолтод автчихсан, нийт иргэдийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэй байна. Малчид нь малчны, ахмадууд нь тэтгэврийн, төрийн албан хаагчид нь цалингийн зээлтэй амьдарч байна. Зээлгүй хүн байна уу, бараг л байхгүй болчихлоо шүү дээ. Тийм байгаа биз дээ. Одоогоос 12 жилийн өмнө манай улсын  гадаад өр есөн тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 33.5 тэрбум ам.доллар болсон. Үүнээс харахад Монголчууд бид хэрэглээнд донтчихсон, бүх шатандаа. Дээрээсээ доошоо бүх хүн, улс нь ч, аж ахуйн нэгжүүд нь ч, иргэд нь ч тийм. 

Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй бизнесийн зээл, хэрэглээний зээл хоёрыг ялгах ёстой. Хэрэглээний зээл өгөөд багахан хэмжээний валютаа гадагшаа гаргаж алдчихаад байна. Бид хэрэглээгээ ухаалгаар багасгах шаардлага үүссэн. Дорнын ард түмэн тухайлбал, Япон, Солонгос, Хятад 100 төгрөг оллоо гэхэд 27 төгрөгийг нь хуримтлал болгоод далан гурван төгрөгөөр амьдардаг. Энэ хуримтлалаар л өнөөгийн Хятад орон бий болсон. Гэтэл бид хөршүүдээсээ эсрэгээр явж байна. Өнөөдөр хятад хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 12 мянган ам.доллар боллоо. Дундаж хятад хүний амьжиргааны зардал дундаж амьдралтай монгол хүнээс бараг гурав дахин өндөр түвшинд очлоо. Энэ нь цаашид ч тогтвортой өсөх шинжтэй байна.

Тэгэхээр бид бусад улс орнуудаасаа жишээ аваад хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хэрэглээний эдийн засаг биш үйлдвэрлэлийн эдийн засаг болмоор байна шүү дээ. Нэмүү өртөг шингэсэн, хуримтлуулах сэтгэл зүйг бий болгохгүй бол бид хөгжилд очихгүй.  Тийм учраас та бүхэн санаж байгаа бол би 2016 онд Сангийн сайдаар ажиллаж байх үедээ долоон төрлийн татварыг нэмсэн нь олны дунд их хэл ам дагуулсан. Энэ ажлыг л хийх гэсэн санаа. Хуримтлал үүсгэхгүй, хуримтлуулах сэтгэл зүйтэй болохгүй бол бид хөгжилд хүрэхгүй. Магадгүй намайг шүүмжлэх байх. Хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт энэ үнэнийг хэлэх ёстой гэж бодож байна.

-Хэрэглээний донтолт гэдэг нэр томьёо та гаргаад ирлээ. Энэ чинь хэрэглээний донтолт гэхээс илүү хэрэгцээ тулгараад байгаа юм биш үү?

-Хэрэглээний хязгаартаа хөтлөгдөх юм бол дампуурна. Оновчгүй хэрэглээнүүд бидэнд байна. Төрд нь ч, аж ахуйн нэгжүүд дээр ч байгаа. Энэ хэрэглээгээ байнга хянаж байх ёстой. Оновчтой, ухаалаг болгох ёстой. 

-УИХ-д МАН үнэмлэхүй олонх байгаа. Танай намын гишүүд яагаад үүнийгээ ярьдаггүй юм бэ?

-Харамсалтай нь яг ингээд үнэнийг ард түмэнд хэлэхгүйгээр бид санал аваад яваад байгаа юм. Жишээлбэл, Хүүхдийн мөнгөний тухай ярьдаг, тийм биз. Энэ мөнгийг  зөвхөн зорилтот бүлэгт нь өгье. Бид энэ жил хүүхдийн мөнгөнд нэг их наяд 470 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Арван жилээр бодох юм бол 15 их наяд төгрөг болно. 15 их наяд гэдэг чинь ойролцоогоор таван тэрбум ам.доллар. Таван тэрбум ам.долларыг бид зөв ашиглаж чадах юм бол Улаанбаатарын гэр хорооллын 50 хувийг нь орон сууцанд оруулж чадах хэмжээний хөрөнгө. Ард түмнээс санал авахын тулд чанартай амьдрал биш, түр зуур амыг нь хаах амлалт өгөөд байна шүү дээ. Ажил хийдэг сэтгэхүйгээр цааш явахгүй бол болохгүй. Эхний ээлжид халамжийн тогтолцоогоо оновчтой болгохоос өөр арга байхгүй. Сайхан амьдралд хүрье гэвэл ажил хийе.

-Таны хүүхэд хүүхдийн 100 мянган төгрөг авахгүй байлаа гэхэд ялгаварлагдаж байгаа  санагдах болов уу?

-Одоо нэг ийм санаачилга гаргах ёстой. Нийгмийн баялгаас арай ахиухан хүртэж байгаа хэсэг нь автоматаар хүүхдийн мөнгөнөөс татгалзъя. Эх оронч сэтгэлгээ байхгүйгээр энэ улс хөгжихгүй. Зөвхөн хувиа бодсон ийм хандлагаар бид цаашаа явахгүй. Тэгэхээр чинээлэг хэсэг нь татгалзаад явчих хэрэгтэй. Боломжтой хэсэг нь хүүхдийн мөнгө  авахгүй байя гэж уриалмаар байна. Бид элдэв баялгийн сан байгуулна гэж яриад байдаг.  Гэтэл жилд зургаан хувийн хүүтэй зээл, бондын хүү төлөөд ажиллаж байна. Элдэв өндөр хүүтэй өрнөөсөө салмаар байна.

Өрнөөсөө салаад эхлэх юм бол Монгол руу орж ирж байгаа бүх хөрөнгө оруулалтын эрсдэл багасна. Засгийн газар дахиад олон улсын санхүүгийн зах зээл дээр бонд босгох юм бол зургаан хувьтай болно. Тэрнээс биш 10 хувийн хүүтэй зээл авчихвал үйлдвэрлэл  хөгжихгүй. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дотор байгаа хамгийн том зардал бол зээлийн хүүгийн зардал болчихоод байна шүү дээ. Тэгэхлээр эхний ээлжид өндөр хүүтэй өрөө багасгая. Өндөр хүүтэй өрөө  багасгаад ирэхээр зээлжих зэрэглэл эргээд бууна. Дахиад зээл авах юм бол адаглаад арван жилийн хугацаатай, жилийн гурван хувиас доош хүүтэй зээл авах хэрэгтэй. Өндөр хүүтэй зээл авбал үйлдвэрлэл хөгжихгүй, эрсдлийн чөтгөрийн тойрогт орчихоод байна. Машинаар бол шаварт суучихсан дороо л эргэлдээд байна.

-Монгол Улс одоо гадаад өрийн хүүнд нь хэдэн төгрөг төлж байгаа вэ?

-Монголчууд улсаараа жилд хоёр тэрбум ам.долларыг зөвхөн зээлийн хүүнд санхүүгийн зардал төлж байна. Үүнийг багасгахгүйгээр бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөж чадахгүй. Би Сангийн сайд байхдаа Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг батлуулсан.  Валютын сангаас нэг их хөгжил хүсээд байх шиг байгаа юм. Тэр байгууллага чинь биднийг хөгжүүлэх ямар ч зорилго байхгүй. Зөвхөн дампуурах үед нь дампуурлаас гаргаж өгөөд, цаашаа өөрсдөө хөгж гэдэг байгууллага.  Буяны байгууллага дэлхий дээр хаана ч  байхгүй.

-Таныг Сангийн сайд байхад Олон улсын валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдаж байсан. Өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад яаж харагдаж байна вэ?

-Дахиад л тэр үе рүүгээ оччих вий гэж санаа зовж байна. Намайг 2016 онд Сангийн сайдаар томилогдож байх үед манай улсын валютын нөөц тэг болчихсон байсан. Цэвэр нөөц 1.7 тэрбум хасах гэсэн үг шүү дээ. Ийм хүндхэн  нөхцөл байдалд байсан. Сангийн сайдаар ажиллах хугацаанд хоёр том бүлэг ажлыг л хийж амжуулсан гэж би өөрийгөө боддог. Эхнийх нь Монгол Улсын өрийн тогтвортой байдлыг хадгалж 2017 оны гуравдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны Евро бондын 580 сая ам.долларыг төлөх тийм бололцоогүй болчихсон байсан.

Энэ мөчөөс эхлээд өрийн тогтвортой байдлыг яаж дампууруулахгүйгээр авч үлдэх вэ гэдэг асуудал тулгарсан. 5.5 тэрбум долларын хөнгөлөлтэй эх үүсвэр босгосон шүү дээ. Валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Хятадын төв банк, Японы Засгийн газар, Солонгосын Засгийн газар гээд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй эх үүсвэрийг нэн хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр авч байж дампуурлаас нэг удаа зугтсан. Ардын нам ч ялгаагүй, Улс орныхоо тусгаар тогтнолыг нэн тэргүүнд зорилгоо болгож  байгуулагдсан ийм л нам. Ардын намын гишүүний хувьд ч тэр, хувь хүний хувьд ч тэр би дампуурахгүй байх бодлогыг тэргүүн эгнээнд барина. Хөгжих гэж байгаад мөнгө хэвлээд, даах хэмжээнээсээ илүү зээл авч байгаад дампуурчихсан улс орнуудын жишээ байна шүү. 2001 онд дампуурсан Аргентин улс байна. Өнөөдөр ч яг хэвээрээ л байна. Тус улсаас бүх амьдрах чадвартай хэсэг нь зугтаагаад гараад явлаа.

 

ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙН ТӨЛӨӨ УУЧЛАЛТ ГУЙХАД БИ БЭЛЭН БАЙНА

 

-Сөрөг хүчний зүгээс нэг асуудал тавьж байсан. МАН бурууг бусад руу түлхдэг. Ардын нам олонх болох бүрд Монголд ийм эдийн засгийн түймэр дэгддэг. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт манай улс хамрагдаж байх тэр үе нь 2016  оны сонгуулийн дараа байсан. Өнөөдрийн үүсээд байгаа эдийн засгийн хүндрэл мөн л 2020 оны сонгуулиас  үргэлжлээд эхэлчихсэн. Асуудал нь юунд байгаа юм бэ?

-Энэ шүүмжлэлийг хүлээж авах ёстой. Бид энэ нөхцөл байдлыг урьдчилан харж чадаагүй. Гадаад зах зээлээ нээж чадаагүй алдаа бидэнд бий. Гэхдээ нөгөө талаасаа Ковид нөлөөлсөн шүү дээ. Бид  нар ч  хангалттай ажиллаж чадаагүй. Тиймээс би уучлалт гуйхад бэлэн байна. Өөрийгөө хамгаалах ч юм алга. Шүүмжлэлийг хүлээж авна. 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж байна. Гишүүн болгон өөр өөрсдийн л байр суурьтай байгаа байх. Тогтолцооны ч асуудал бас хөндөгдөж байна. Таны байр суурийг сонирхъё?

-Сонгодог парламентын засаглалаа сонгох юм уу, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох юм уу гэдэг дээр бусад улс орнуудын  туршчихсан тэр хувилбарыг л хуулаад авчих хэрэгтэй. 2020 онд УИХ-ын сонгууль, 2021 онд  дахиад Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Дөрвөн жилийн мөчлөгийн хоёр жилд нь сонгууль болчихож байгаа биз дээ. Тэгэхээр хэвийн ажил хийдэг, баялаг бүтээдэг цаггүй болчихоод байна. 

Сонгуулиас сонгуулийн хооронд яваад байдаг. Одоо мориноосоо буугаад улсаа төвхнүүлэх цаг болсон. Байнга морин дээрээ явна гэж юу байхав дээ. Миний бодлоор сонгодог парламентын засаглал нь дээр болов уу. Яагаад гэвэл манайх далайд гарцгүй, хоёр том хөрштэй. Тиймээс нэг хүний шууд нөлөөллөөс болгоомжлох шаардлага үүсэх болов уу.

-Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг танахад 10 жилийн дотор нийслэлийн гэр хорооллын 50 хувийг байхгүй болгох хэмжээний  орон сууц барина гэж та хэллээ?

-Энэ бол зөвхөн муу жишээ. Сайн жишээ гэвэл таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дахиад валют олдог салбар руугаа хийчихвэл илүү хурдан өснө. 10 тэрбум ам.доллар болгоод өсгөчихвөл нийслэл 15 жилийн дараа  гэр хорооллоосоо бүрэн сална. 

-Тэгэхээр орон сууцанд ороод байх нь чухал юм уу, орон сууцны чанарын асуудал яах болж байна. Улаанбаатар хотын томоохон бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлээд явж байгаа хүний хувьд өнөөдрийн барилгын чанар, стандартын тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Нэгдүгээрт, би энэ компанийг үүсгэн байгуулсан хүн. Харин надтай хамт ажиллаж байсан тэр залуучуудыг би 2005 онд гүйцэтгэх удирдлагын эрхийг нь шилжүүлээд  өгчихсөн. Түүнийг зөв ойлгоорой. Иргэдийн хувьд орон сууцанд ороод  амьдралаа дээшлүүлэх зорилго байлгүй л яахав. Тэгэхдээ хуримтлуулчихсан орлогоороо орон сууц худалдаж авдаг ийм бололцоог л бий болгох хэрэгтэй байна. Түүнээс биш иргэдэд өндөр хүүтэй орон сууцны зээл өгөөд, зээлийг нь хэд дахин нугалж төлүүлээд байх нь тийм ч оновчтой биш болов уу.

-Нам засгийнхаа бодлогын эсрэг л ярьчих шиг боллоо. Энэ нь танд эргээд яаж буух бол?

-Бид ард түмнийг түр зуур аргалаад удаан тэсэхгүй ээ. Хүссэн хүсээгүй эсвэл том өвдөлттэй учирч, том дампуурал авна. Хаа хаанаа үүнийг ойлго. Үгүй бол тэр хүндрэлтэй нүүр тулахаасаа өмнө наана нь засаад явчих хэрэгтэй. Үүнээс өөр зам байхгүй. 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.9.40.80) 2022 оны 06 сарын 30

Budaach geheer sahalaa budna gehcheer Batbileg gj eeree ch bolivsrol muu.deer n pyldag gj.naad hachin MAN nevtruulgee bolij uz.Ard tumnii emnees chimheed egch chadahgui.am dagaad bh uom

0  |  0
Иргэн(192.82.78.172) 2022 оны 06 сарын 30

Сайхан ярилцлага. Төр маш шуурхай ажиллаж, нүүрсээ угааж экспор лох хэрэгтэй. Дараа нь коксжуул гэх мэт эрдэс баялгаа үнэд хүргэх маш зөв саналтай байна. Ингэж ажиллаж чадвал болно. Тавантолгойгоос олсон мөнгөө Монголын зүүн тааруу төмөр зам тавих уу аль эсвэл эхлээд нүүрсээ угааж үнэд хүргэх үз гээд бодох асуудал их бий\n\n

0  |  0
Зочин(64.119.23.116) 2022 оны 06 сарын 30

Ирвэс хамгаалагч залууг алснаа хэл Чойжоо.

1  |  0
zochin(103.161.242.107) 2022 оны 06 сарын 30

Наад толгойнд чинь хүүхдийн мөнгө луйвардахаас өөр санаа оноо алга уу энэ хүүхдийн мөнгө маш бага мөнгө өшөө нэмж өгөх хэрэгтэй

1  |  0
Иргэн(64.119.24.234) 2022 оны 06 сарын 28

Жилд 2 тэрбум долларыг зөвхөн зээлийн хүүнд төлдөг гэж нээрээ үнэн үү…?! Арай л уу … тэгвэл улсын нэр барьж тэр зээлийн мөнгийг авсан хүмүүс бүх монголчуудыг өрөнд оруулжээ … ёстой хэлэх үг алга!

0  |  0
зочин(64.119.30.210) 2022 оны 06 сарын 30

Худлаа олон юм ярьж байхаар чам шиг шууд мөнгө тараагаад явчих гэж үү

1  |  0
Top