Амралтын өдөр Бэтүб хийдийг зорьж, 20 дахь Бакула ринбүчид мөргөхөөр хүлээж байсан олон хүний дундуур амжиж, цөөн асуултанд хариу авсан юм.
- Бакула ринбүчи энэ удаа Монголд ирсэн зорилгынхоо тухай ярьж өгөөч?
- Энэтхэгийн Засгийн газраас бурхан багшийн ариун чандрыг Монголд аваачихад дагалдах үүрэг хүлээлгэсэнд би маш их баяртай байна. Яагаад гэвэл 1993 онд манай Элчин багш энэхүү ринсэлийг Энэтхэгээс Монголд авчирч байсан түүхтэй. Энэ бол тухайн үедээ маш том арга хэмжээ байсан. Энэ уламжлалыг хүлээж авсандаа сэтгэл өндөр байна.
- Бакула ринбүчи Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа санагдаж байна. Монголтой танилцах боломж олдсон болов уу. Монголчуудын талаар ямар сэтгэгдэлтэй үлдсэн бэ?
-Одоогоор хоёр дахь удаагаа ирж байна. 2017 онд анх удаа ирж байсан. Монголд дахин ирсэндээ баяртай байна. Хүмүүс сайхан хүлээж авч байна.
-Таны өмнөх дүрийн Бакула ринбүчи Монголд бурханы шашин дахин дэлгэрэхэд маш их дэмжиж тусалсан хүн шүү дээ. Өмнөх Элчин багштай холбоотой гэдгээ хэр мэдэрдэг вэ?
-Багш маш том ажил хийсэн гэдгийг сонсч мэдэж байна. Би одоогоор суралцаж байгаа. Яваандаа ном сурсаны дараа багшийн замаар явмаар байна.
-Монголчуудад хандаж юу хэлмээр байна вэ?
-Зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн бүх хүмүүс амар амгалан байгаасай гэж хүсч байна. Монголчууд эрт үеэс бурхан шашинтай холбоотой хүмүүс. Энэ уламжлалаа хадгалж үлдэх учиртай.
-Та өмнөх Элчин багшийн хойд дүр боловч өсвөр насны хүүхэд шүү дээ. Танд ном үзэхийн зэрэгцээ тоглох цаг гардаг болов уу?
-Нэг дэх өдөр амардаг учраас тоглох боломж гардаг гэв.
20 дахь Бакула ринбүчи өнөөдөр тусгай үүргийн онгоцоор нутаг буцна.
Өмнөх Элчин багш Бакула ринбүүчийн шадар туслахаар ажиллаж байсан Сонам Ванчүк Шакспо биднийг замчилж, орчуулж тус хүргэв. Тэрбээр монгол хэл дээр хэвлэгдсэн “Элчин багш Бакула ринбүүчи” хэмээх номоо дурсгасан билээ.
Эртний сайхан ерөөл буюу бошиг биелэсэн нь
Монголд өргөн дэлгэрсэн нэгэн домгийн талаар Сонам Ванчүк Шакспо “Элчин багш Бакула ринбүүчи” номондоо ийнхүү өгүүлжээ.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын үед буюу XIX зуунд нэгэн монгол лам “Буруу тангарагийн ерөөл боловсорч, шашныг доройтуулна. Монголын шашин улааны зэрлэгүүдийн саварт маш хүнд нэрвэгдэнэ. Бурхан шашин мөхөж уруудсан цагт архад Бакула Монголд морилж, шашныг сэргээн мандуулна” хэмээн бошиглосон ажээ. Зава Дамдин “Алтан дэвтэр” бүтээлдээ тэрхүү бошигийн талаар дурдаж, “Зовлонгоос ангижрахын тулд Бакулаг шүт” гэдэг үгийг дурсан, архад Бакулаг магтан дуудсан байдаг. Сангийн далайн номын аймгийн Дэмчогийн хийд болон Улаан эргийн номын аймгийн Гандандаржаалин хийдийн лам хуврагууд архад Бакулаг бусад архадаас онцгойлон шүтэж, магтаалыг нь хурдаг талаар Зава Дамдин өгүүлжээ.
Дээр өгүүлсэн бошигийн дагуу Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуунд архад Бакулаг шүтэн тахиж, шүтээн зураг бүтээсэн агаад чингэхдээ Бакулаг мутартаа эрүү цагаан хулгана барьсанаар голлуулан залж, 15 архадаар хүрээлүүлэн, Бурхан багш Шагжамуни болон түүний хоёр шавь Шаарийбуу, Монголжийбуу нарыг түүний дээд талд бүтээжээ. Монголд бурхны шашиныг сэргээхээр архад Бакула морилж ирнэ хэмээх бошиг түүнийг Монголд хөл тавихаас зуун жилийн өмнө хэлэгдэж байлаа.
1930-аад онд Лхасын Брайвүн дацанд бурхны шашны номд боловсорсон Бакула ринбүүчи Монголд их сүйтгэл, хэлмэгдүүлэлт явагдсаныг тэнд суралцаж байсан монгол лам нараас сонсч, холбоо харилцаа тогтоож туслахыг хичээж ирсэн бөгөөд 1956 онд Энэтхэгийн Засгийн газар Бурхан багшийн 2500 жилийг ёслон тэмдэглэхэд Монголоос ирсэн албаны хэдэн хүнтэй уулзах үеэр эхний боломж тохиосон аж.
Зөвлөлтийн Засгийн газар Бакула ринбүүчийг 1968 онд урихад тэрбээр хойтон жил нь Монголд зочилж, олон жилийн хүслээ биелүүлсэн аж. 1969 онд Азийн буддистуудын Энх тайвны бага хурлыг байгуулалцсанаар Монголд олонтаа айлчлах өлзий учрал бүрджээ.
Бакула ринбүчи Ардын их хурлын дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалыг 1973 онд Энэтхэгт айлчлах үеэр уулзсан байдаг. Ерөнхий сайд Ражив Ганди 1989 онд Бакула ринбүчийг Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилсон юм.
Эртний сайхан ерөөлийн тухай үүнийг өгүүлэгч миний бие ч сонссон удаа бий. 2018 онд “Элчин багш” хэмээн олноо хүндлэгдсэн Бакула ринбүчийн мэлмий гийсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлын үеэр 80 гаруй настай С.Зундуйчулуунбат ламтай уулзсан юм. Тэрбээр 1989 онд Баянхошууны Ловон Бадамжунайн хурлыг дахин нээхэд багшдаа тусалж байсан гэнэ. Түүний багш лам нь ярихдаа “Бакула ринбүчи гэдэг энэ лам урьд нь Богдод би хойд төрөлдөө Монголд бурхан шашныг дэлгэрүүлье гэж ерөөл тавиад, урьдийн ерөөлөөр Монголд Элчин сайд болон ирж, бурхан шашныг маань дэлгэрүүлэх гэж байгаа юм шүү дээ” хэмээн ярьж байсныг шавь нь дурссан юм.
Ийм сэтгэлээр монголчууд цагаан морин жилийн салхи сэвэлзэхээс өмнөхөн Бакула ринбүчийг угтан авсан агаад тэд ринбүүчийгээс Ловон Бадамжунайг яаж бүтээхээс авахуулаад, Баянхошууны хуралд нэр өгөх талаар хүртэл асууж зөвлөж байсан гэнэ. Уг ойн хурлын үеэр Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав илтгэлдээ:
-Бакула ринбүчи Монгол төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичиг барихдаа ”Сургаал номлол нь тал нутагт дэлгэрсэн Бурхан багшийг Монгол дахь Энэтхэг Улсын анхны Элчин сайд гэж боддог” хэмээн хэлснийг нь онцолж байв. Тэрбээр мөн Монголын Засгийн газрын хүсэлтээр 1993 онд Бурхан багшийн ариун чандрыг Энэтхэг Улсаас Монголд түр залахад Бакула ринбүүчийн нэр хүнд хичээл зүтгэл бүх боломжийг бүрдүүлсэн талаар тэмдэглэж байсан билээ.
Бакула гэдэг нь нэг төрлийн өвсний нэр
Сонам Ванчүк Шакспо “Элчин багш Бакула ринбүүчи” хэмээх номдоо “Архад Бакула бол Будда Шагжамунигийн 16 шавийн нэг юм” хэмээн тайлбарлажээ. Төвөд сударт өгүүлсэнээр Бакула гэдэг нэр нь нэг төрлийн өвс бөгөөд архад энэ өвсөнд их дуртай байсан тул түүнийг 2550 жилийн өмнө гэгээрэхэд бэлгэдэл болгон энэ нэрээр нэрлэсэн гэдэг. Бакула ертөнцийн жаргал цэнгэлээс татгалзаж, залбирал бясалгал байнга үйлддэг нэгэн байжээ. Анхны уулзалтаар Будда түүнд сахил хүртээн, хуврагийн чуулгандаа оруулжээ. Бакула өөрийн өмнөх дүрүүдээ бясалгалын хүчээр харж, хувраг болоод найм хоногийн дараа архад буюу төгс гэгээрсэн нэгэн болжээ. Буддын шашны шүтээн зурагт Бакулаг эрдэнийн чулуугаар бөөлждөг хүрэн хулгана барьсанаар дүрсэлсэн байдаг. Бурхан Будда орчлон хорвоог орхиж, нирваан дүр үзүүлэхэд бүх архад дэргэд нь байж, “Хамаг амьтан зовлонгоос гэтлэх хүртэл бид бурхан номыг хамгаалан, орчлонг орхихгүй. Бид таныг Майдар бурхны дүрээр орчлонд залрах хүртэл бурхны номыг түгээн дэлгэрүүлнэ” хэмээн Будда Шагжамунид амалжээ. Энэ цагийг хүртэл Бакула архадын 20 дүр тодроод байна.
Бакула ринбүүчийн 20 дахь дүрийг Бэтүб хийдийн арслант ширээнээ залах ёслол 2017 онд болсон билээ. Ёслолд оролцох үеэрээ Бакула ринбүүчи 11 насны сүүдэр зооглож байв. Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Наваан Жигмэд Ванчүк нь Энэтхэгийн Ладакийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.
2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн Далай ламтан Бакула Архадын XX дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залсан түүхтэй.
Бакула ринбүчийн Монгол дахь аялал
2022 оны зургадугаар сарын 13
Нью Делигээс хөөрсөн Энэтхэгийн Агаарын хүчний тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардав. 20 дугаар Бакула ринбүүчи болон Энэтхэгийн Хууль зүйн сайд, Шри Кирен Рижижу нар дээд түвшний төлөөлөгчдийн хамт Бурхан багшийн ариун дагшинг дагалдан ирэв.
2022 оны 6 сарын 15
“Бакула Ринбүүчи” сэдэвт шуудангийн маркны анхны өдрийн нээлт ГХЯ-ны Номин танхимд боллоо. Энэхүү марканд бурханч лам Б.Пүрэвбат түшлэгт ширээн дээр Бакула Ринбүүчиг номт хувцастай, хонх, очир барин заларч буйгаар дүрслэн харуулжээ. Энэ блок марк нь 15000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд “Анхны өдрийн дугтуй” 1700 ширхэг хэвлэгджээ.
Энэ өдөр мөн монгол хэл дээрх "Элчин багш Бакула ринбүүчи" номын нээлт болов.
2022 оны 6 сарын 17
Бакула Ринбүүчи Энэтхэгийн Элчин сайдын яаманд зочилж, өмнөх Бакула Ринбүүчийн амьдарч, ажиллаж байсан өрөөнүүдийг үзэж сонирхжээ. Тус ЭСЯ-ныхан ринбүүчийн ажлын өрөөг залбирлын өрөө болгожээ.
2022 оны 6 сарын 18
Батцагаан дуганд “Элчин багшийн фото зургийн үзэсгэлэн”-гийн нээлтэд оролцов.
2022 оны 6 сарын 19
Бакула Ринбүүчи Бэтүб хийдэд хуран цугласан сүсэгтэн олонд Цагаан дарь эхийн насны авшиг хайрлав.
2022 оны 6 сарын 20
Бакула Ринбүүчи Дорноговь аймгийн Өвөрбаясгалант хамарын хийдэд сүсэгтэн олонд Дарь эхийн насны авшиг хайрлаж, сүсэгтэн олон гэгээнтэний шавданг бататган, нутгийн зон олонг даатгаж, халуун хошуутай мал, адуу, хонь сэтэрлэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Буянд даган баясая.
Буянд даган баясая.