Ү.Амарбат: Парламентын засаглалтай орнууд Ерөнхийлөгчөө АРД ТҮМНЭЭСЭЭ сонгодог жишиг рүү орж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 29

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч Ү.Амарбаттай ярилцлаа.


-Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ?

-Үндсэн хууль бол бусад хуулиудын адил богино хугацаанд өөрчлөөд байж болох эрх зүйн акт биш хэдий ч улс орны хөгжил, цаг хугацааны явцад өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой эрх зүйн баримт бичиг юм. Үндсэн хуульд зохицуулах асуудлуудыг бүрэн утгаар нь томьёолж чадаагүй бол өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай юм. УИХ-аас Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлтийг оруулсан боловч Үндсэн хуулиар зохицуулах шаардлагатай асуудлуудыг бүрэн утгаар нь томьёолж чадаагүй. Мөн 2019 онд тухайн үеийн хууль, эрх зүйн орчин, улс төрөөс хамаарч, өөрчлөх шаардлагатай хэмээн үзэж байсан зарим асуудлыг хөндөлгүй орхисон байдаг. Одоо яригдаж буй өөрчлөлтүүд нь зөвхөн хууль зүйн асуудал биш бөгөөд хүний эрхийг хамгаалах, парламентын тогтолцоог бэхжүүлэх, Үндсэн хуулийг цаашид удаан хугацаанд тогтвортой байлгах, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх боломжийг бий болгох зэрэг зайлшгүй шаардлагатай хэдэн асуудал оршсоор байгаа.

-Таны хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжигчдийн нэг. Хуулийн өөрчлөлтийг дэмжих шалтгаанаасаа дурдвал?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бүхий улс төрийн нөхцөл байдал бүрдсэн. Мөн төрийн голлох институт болох Ерөнхийлөгчийн институт, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн институц хоорондын уялдаа, харилцаа сайн байгаа учраас 2019 оны нэмэлт, өөрчлөлтөө гүйцээх нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Харин одоо оруулах гэж буй нэмэлт өөрчлөлт олон нийтэд хамаатай өөрчлөлт юм. Учир нь 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэх мэт эрх мэдэлтнүүд, төрийн байгууллагуудад зориулсан өөрчлөлтүүдийг түлхүү хийсэн. Гэтэл цаана нь хэд хэдэн асуудал үлдсэн юм.

Нэгдүгээрт, хүний эрхийн асуудал. Үндсэн хуулиар заасан хүний эрхийг эдлүүлэхэд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй болж байгаа юм. Жишээлбэл, хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх, хүний үндсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд зөрчлийг шийдвэрлэдэг шүүхтэй байх зэргийг зохицуулах шаардлагатай. Бид 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нэг заалтыг “ухрааж” оруулсан. Тэр нь улс төрийн нам байгуулах босгыг хэт өндөрсгөж, дэлхийд байхгүй жишигт аваачсан байдаг. Энэ бол хүний эрхийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлаж байгаа учраас үүнийг хүчингүй болгох шаардлагатай.

Хоёрдугаарт, засаг захиргааны шинэтгэл. Манай улс 21 аймаг, 330 сумтай. Газар нутгийн хувьд тархвар хэлбэрээр байршдаг. Улаанбаатар хот есөн дүүрэг 200 хороотой, хүн амын тал нь нягтаршиж, суурьшсан. Төрийн хүртээмж нь харилцан адилгүй. Хуулиндаа “Төрийн эрх барих дээд байгууллагууд” нь нийслэл хотдоо байна хэмээн зааснаар улсын нийслэлд бүх төрийн дээд байгууллагууд байрлах шаардлагыг Үндсэн хуулиар бий болгосон юм. Энэ нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд хэт төвлөрлийг бий болгоход нөлөөлөл үзүүлж байна. Мөн Үндсэн хуулийн хүрээнд хот, тосгон зэрэг суурин газрууд бие даан хөгжих боломжгүй. Энэ байдлыг Үндсэн хуулиар, цаашилбал салбар хуулиараа засаж, засаг захиргааны шинэтгэл хийх боломжтой, төвлөрлийг задлах хуулийг нэмэлтээр оруулах ёстой болж байгаа юм.

Гуравдугаарт, Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд зөвлөлдөх санал асуулга явуулахад иргэдээс хамгийн их санал авсан зүйл бол Төрийн бэлгэдэлтэй холбоотой асуудал байв. Зарим иргэд Төрийн бэлгэдэл ярилаа хэмээн шүүмжилдэг. Эдийн засаг хямарсан, нийгмийн олон асуудалтай нүүр тулж байгаа болохоор аргагүй биз. Гэвч нөгөө талаасаа одоогийн Төрийн сүлдээ өөрчилж, соёмбо эсвэл энгийн, утга учиртай бэлгэдэл бүхий тэмдэг болгох нь зөв юм байна хэмээх иргэдийн санал ихээр ирсэн тул Төрийн сүлдээ шинэчлэх шаардлагатай эсэх хувилбарыг ярилцах ёстой болж байгаа юм.

Дөрөвдүгээрт, сонгуулийн тогтолцоо. Манай улсын сонгуулийн тогтолцоо бол нийт иргэдийн 40-50 хувийн саналыг авсан нам нь парламентын суудлынхаа 80-90 хувийг авдаг, санал гээгддэг, хэт олонхын давуу байдлыг бий болгодог тогтолцоо юм. Дэлхийн бусад улс орнууд хэн олон санал авсан нь ялж, тэр нь бүхнийг авах олонхын ардчилал бус, зөвшилцлийн ардчилал руу явж байгаа. Өөрөөр хэлбэл, парламентад нэг нам давуу эрхтэй байхаас илүүтэй нийгмийн олон талын бүлгүүдийн төлөөлөл байдаг, тэдний зөвшилцлийн үндсэн дээр хууль нь батлагддаг ардчиллын хэлбэр рүү явж байна. Энэ зөвшилцлийн ардчиллыг илүү дэмждэг тогтолцоо бол холимог эсвэл хосолмол тогтолцоо юм. Тиймээс бид цэвэр мажоритар тогтолцооноос холимог эсвэл хосолмол тогтолцоог авч хэрэглэвэл үүсээд буй зарим гацааг шийдвэрлэх боломжтой.

Үндсэн ийм дөрвөн чиглэлийн асуудлыг 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд ярьж байсан ч, эцсийн мөчид орхисон. Бие даасан, цоо шинэ өөрчлөлт хэмээн хүлээж авахаас илүүтэй, Үндсэн хуулийг төгөлдөржүүлэх, бүрэн бүтэн болгох, хоорондоо салшгүй холбоотой нэмэлт, өөрчлөлт юм байна хэмээн харж байгаа.

-Сонгуулийн тогтолцооны талаар дэлгэрүүлж ярилцъя. Тогтолцоог өөрчлөнө гэхээр зарим хүмүүсийн хувьд ойлголтгүй байна. Мөн сонгуулийн тогтолцоог солихоор бол холимог эсвэл хосолсон болгож өөрчлөх юм билээ?

-Дэлхий дахинд сонгуулийн нийтлэг гурван тогтолцоо бий. Нэг нь манай улсын хэрэглэж буй мажоритар буюу тойрогт нэр дэвшиж, олон санал авсан нь ялах тогтолцоо. Үүний эсрэг нь нам нэр дэвшиж, авсан саналын тоогоороо парламентад суудал авдаг пропорциональ буюу хувь  тэнцүүлэх тогтолцоо юм. Жишээ нь, сонгуулийн үеэр МАН 50 хувь, АН 40 хувийн санал авбал парламентын 76 суудлын 50 хувь буюу 38 суудлыг МАН авна, харин 30 суудлыг нь АН авч, үлдсэн найман суудлыг бусад нам авна гэх мэт. Энэ хоёр тогтолцоог нийлүүлээд 76 суудлын тодорхой хэсгийг олонхоор болон хувь тэнцүүлэхээр шийдвэрлэхийг холимог тогтолцоо хэмээн нэрлээд байгаа юм. Холимог тогтолцоотой байвал сонгогдсон гишүүдийн зарим нь орон нутгаа төлөөлж, зарим нь дүүргээ төлөөлнө. Ингэснээр төлөөллүүд зөвхөн тойрогтоо хөрөнгө татах бус захын суманд хүртэл тэнцвэртэй санхүүжилт олгох боломж бий болох юм. Ийнхүү тооцоолж холимог тогтолцоо хамгийн зөв юм байна хэмээх саналтай байгаа.

Гэвч ямар ч сонгуулийн тогтолцоотой байсан шийдэгдэхгүй нэг том асуудал бий. Энэ нь парламентын гишүүний хувийн хариуцлага, иргэдийн дунд итгэл дааж буй байдал. Парламентын сонгогдсон гишүүд иргэдийн итгэлийг даахгүй, ажлаа хийхгүй, ашиг сонирхлын зөрчилд автдаг, гэмт хэрэг, ял шийтгэлд холбогддог, хувийн асуудлаа шийдээд нийтийн асуудлыг шийддэггүй байдал гаарсан. Улмаар судалгаа хийхэд парламентын гишүүдийн тоог нэмбэл зүйтэй гэх дүгнэлт гарсан. Харин иргэдийн зүгээс гишүүдийн тоог хасах нь зөв хэмээн үзэж байгаа. Шалтгаан нь 76 хүн асуудал их тарьж байхад 100-200 болвол бүр их асуудал тарина шүү дээ гэх хандлагатай байна. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог яаж ч өөрчилсөн, гишүүдийн тоог нэмсэн ч бай, хассан ч бай иргэдийн итгэлийг даахгүй байдал үргэлжилсээр байгаа. Тэгэхээр итгэл даахгүй төлөөлөгч байна гэдэг нь тогтолцооноос илүүтэй хувь хүний сонголтоос шалтгаалсан зүйл юм.

-Гишүүдийн тоог нэмэх, хоёр танхимтай байх зэрэг зүйлсийг ярьсаар л байна. Таны хувьд хоёр танхимтай байхыг эсэргүүцэж байгаа ч, гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байсан?

-Хувь хүнийхээ хувьд хоёр танхимтай болохыг дэмжихгүй байгаа. Үндсэн хуулийн одоогийн нэмэлт өөрчлөлтөд хоёр танхимын талаар тусгасан гэж бодохгүй байна. Нэг танхимын гишүүдийн тоог нэмэх эсэх дээр иргэдээс санал авсан. Тэгэхээр нэмэхээр бол гишүүнийг нэмэхээс биш, танхимыг бол нэмэхгүй гэж ойлгож байгаа. Танхим нэмэгдүүлэхгүй байх хэд хэдэн үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 1990-1992 онд дээд, доод танхимтай байсан. Тэр үед 435 депатуттай байлаа. Хоёр сая гаруй хүн амтай улсын хувьд энэ нь маш өндөр тоо. Манай улс нэг депутатад ногдох хүн амын тоогоор дэлхийд тэргүүлж байсан. Мөн олон тооны депутат, хоёр танхимтай байх нь ажлыг удаашруулах эрсдэлтэй. Тиймээс 76 гишүүнтэй, нэг танхимтай болсон хэрэг. Бидэнд туршлага байсан гэсэн үг.

Хоёрдугаарт, дэлхийн улс орнуудын туршлагыг харахад нэг парламентын танхимаас хоёр болж шилждэг улс байхгүй. Харин ч эсрэгээрээ хоёр танхимаа татан буулгаж, ганц танхимтай болсон олон жишээ бий. Манай улс шиг цөөн хүн амтай орнууд нэг танхимыг л сонгодог. Харин ямар улс орон хоёр танхимтай байдаг вэ гэвэл язгууртантай улс юм. Тухайлбал, Япон, Англи гэх мэт. Дээд танхимдаа язгууртнууд нь суудаг. Мөн холбооны улс хоёр танхимтай байдаг. Жишээ нь, АНУ, ОХУ юм. Эдгээр улсын хувьд дээд танхим нь мужуудаа, доод танхим нь хүн амаа төлөөлөн ярьдаг. Тиймээс хоёр танхимтай байх нь аль ч утгаараа манай улсад тохиромжгүй. Харин эсрэгээрээ нэг танхимтай парламент байвал зохилтой.

Нэг танхимтай парламентын хувьд судалгаа болон иргэдийн хүсэл зориг зөрчилдөж буй асуудал нь өмнө дурдсан гишүүдийн тооны асуудал юм. Иргэдийн олонхын илэрхийлж буй байр суурь бол 76 гишүүнээ цөөл гэж байгаа. Товчхондоо парламентад 20-30 гишүүнтэй байхад болно гэх утгатай юм. Иргэд юуны улмаас ийм байр суурьтай байгааг харвал 76 гишүүн иргэдийн итгэлийг олоогүйтэй л холбоотой. Тиймээс л бага гишүүнтэй байвал сайжрах юм байна хэмээн иргэд бодсон хэрэг. Гэтэл судлаачид парламентын гишүүдийн тоо ямар байвал зохистой талаарх судалгаа хийсэн. Судалгаагаар 20-30 мянган хүнийг нэг хүн парламентад төлөөлж сууж байвал хамгийн боломжийн тоо хэмээн үздэг байна. Үүнийг хэрхэн нотолж байна вэ гэвэл манай улстай ижил 3-5 сая хүн амтай улсуудын парламентын гишүүдийн тоог харьцуулсан байгаа юм. Улмаар 120-150 гишүүнтэй байвал зохист хэмжээ хэмээн тооцоолсон юм билээ. Судалгаанаас харвал манай улсын хувьд гишүүдийн тоог нэмэх шаардлагатай байна. Гэвч олон нийт энэ саналыг дэмжихгүй гэвэл хүч хэрэглэсэн өөрчлөлт оруулах эсэх хүндрэл тулгарч байгаа юм.

-Парламентын олон гишүүнтэй байхын эерэг болон сөрөг үр дагавар нь юу вэ?

-Хэрэв 150 гишүүнтэй болвол сайн, муу гишүүнээс үл хамаарч эерэг үр дүн үзүүлдэг. Жишээлбэл, 76 гишүүний тал нь буюу 38 хүн хуралдаа ирж, түүнээс олонхын саналаар буюу 20 хүний саналаар хууль батлах жишээ бий. Харин эсрэгээрээ 150 гишүүнтэй байвал 75 нь хуралдаа суулаа гэж бодъё. Өмнөх жишээтэйгээ харьцуулахад хууль батлахын тулд дор хаяж 40 хүнийг лоббидох, хуйвалдах асуудал гарч ирнэ. Тэгэхээр одоогийн бодит байдлаас илүү эерэг үр дүн үзүүлэх боломжтой гэсэн үг юм.

Сөрөг үр дүн ч бий. Энэ нь зардал. Гишүүн нэмэгдэх тусам зардал өсөх магадлалтай. Тиймээс 76 гишүүний зардлаар 150 гишүүнийг ажиллуулах шаардлагатай тулгарч байгаа юм. 76 гишүүнтэй байхдаа нэг гишүүнд ногдох ажлын ачааллаас болж доороо дөрвөн туслахтай байсан бол парламентын олон гишүүнтэй болсноор нэг хүнд ногдох ачаалал буурна. Улмаар дөрвөн туслах бус хоёр туслахтай болж танах боломжтой. Энэ маягаар одоогийн 76 хүний зардлыг 150-д хуваана гэсэн үг юм. Мөн бидний өмнө аюулгүй байдлын сорилт тулгарч байна. Том гүрнүүдийн дэргэд орших улс олон хүн зөвлөлдөж шийдвэр гаргадаг парламентын засаглалыг түлхүү сонгодог. Үүний хамгийн том жишээ бол Казахстан улс юм. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, илүү парламентын байдал руугаа шилжсэн. Олон гишүүнийг лоббидож байж эрх ашгаа хангуулна гэдэг хэцүү. Тиймээс л аюулгүй байдлаа хамгаалахын тулд олон гишүүнтэй байхыг дэмжиж байгаа юм.

-Ерөнхийлөгчийг хаанаас сонгох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа?

-Зарим хүмүүс Ерөнхийлөгчийг олон нийтээр сонгуулах нь буруу гэдэг. Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зөв эсэх талаар 10 жилийн өмнө бусад улсаас судалгаа хийсэн байдаг. Гэтэл энэ оны байдлаар дэлхийн улсууд Ерөнхийлөгчийгөө хэрхэн сонгож буй талаар судлахад их сонирхолтой дүгнэлт гарсан юм. Манайх шиг парламентын засаглалтай орнууд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байсан бол үүнийгээ өөрчилж иргэдээрээ сонгуулдаг болсон байна. Тэдгээр улс орнууд манай улсын тогтолцоог зөв хэмээн үзсэн хэрэг. Парламентаас Ерөнхийлөгчийг сонгохоор хязгаарлагдмал хүрээнээс итгэл даахгүй Ерөнхийлөгч гарч ирдэг тул иргэдээр сонгуулах нь зөв хэмээн үзсэн байна. Харин иргэдээр сонгуулж гарч ирсэн Ерөнхийлөгч хязгаарлагдмал эрхтэй, Засгийн ажил руу хутгалдахгүй байх ёстой гэдэг консепц гарч ирсэн. Энэ нь парламентын ардчиллын өөр нэгэн өвөрмөц хувилбар. Үүнийг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн тогтолцоо гэдэг. Ерөнхий сайд гүйцэтгэх эрх мэдлээ голчлон удирдана. Харин Ерөнхийлөгчийгөө ард түмнээсээ сонгож, улс орны амьдралд голлох үүрэгтэй оролцох юм. Товчхондоо ард түмэн төрийн тэргүүнээ сонгодог байх нь зөв юм байна гэх судалгааны дүгнэлт гарсан. Дэлхийн жишиг манай хувилбар руу явж байна. Тэгэхээр бидний жишиг тийм ч муу биш гэсэн үг. Гэвч Ерөнхийлөгч нь хэт их улс орны амьдрал руу хутгалдаж, гүйцэтгэх эрх мэдлийн хийж буй ажлыг эвдэж буй нөхцөл байдлыг эргэж харж, зарим эрхийг нь хязгаарлах хэрэгтэй.

-Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-д зааснаар “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” хэмээн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан заалт бий. Одоогийн яригдаж буй нэмэлт өөрчлөлт батлагдвал уг зүйл заалтыг зөрчих үү?

-Одоо нэмэлт, өөрчлөлт хийх тохиолдолд хоёр хувилбар бий. Эхнийх нь, 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, заалтуудыг хөндөхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн заалтыг өөрчилсөн бол тухайн заалтад найман жилийн дотор дахин өөрчлөлт оруулах боломжгүй. Харин огт нэмэлт өөрчлөлт ороогүй зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой. Ингэснээр дараагийн найман жил өөрчлөлт оруулах боломжгүй болох юм. Энэ заалтын утга нь нэг удаа хөндсөн заалтыг ядаж найман жил тогтвортой байлгаж, заалтын зөв буруу хийгээд хэрэгжилтийг энэ хугацаанд дүгнэнэ. Одоо хийх гэж буй нэмэлт, өөрчлөлтийн дөрвөн хүрээ бол 2019 онд өөрчлөлт орсон аль ч заалтыг хамрахгүй. Харин нэмэлт, өөрчлөлт ороогүй бусад заалтуудад өөрчлөлт хийх юм. Энэ удаагийн Үндсэн хуулийн зүйл заалт нь 2019 онд нэмэлт, өөрчлөлт орсон зүйл заалтуудыг хамарч байгаа бол тухайн нэмэлт өөрчлөлт орохгүй. Эсвэл уг 3.3 дахь заалтаа парламент өөрчлөх нэн тэргүүний шаардлагатай тулгарч байгаа юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dabaa(192.82.74.238) 2022 оны 06 сарын 29

шал тэнэг юм, тийм гэж юу байхав

0  |  0
Top