Б.Пүрэвжаргал: Донтолт судлалын төвийг яаралтай байгуулах ШААРДЛАГАТАЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Архины чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, Монголын дөрөв дэх Анагаах ухааны доктор Б.Пүрэвжавтай ярилцлаа.


-Манай улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны хэрэглээ ямар түвшинд байна вэ?

-Зөвхөн Монгол Улс гэлтгүй дэлхийн хэмжээнд архины асуудал хэвээр байна. Дэлхийн дахинаа нийт насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг. Тэдгээрээс 2.3 тэрбум хүн тогтмол хэрэглээтэй гэх тоон мэдээлэл бий. Эрэгтэйчүүдийн 10 хувь, эмэгтэйчүүдийн 3-5 хувь нь өдөр бүр согтууруулах ундаа хэрэглэдэг. Архинаас шалтгаалж жилд гурван сая хүн нас бардаг гэх судалгаа бий. Мөн нэг минут тутамд зургаан хүн архины улмаас нас бардаг байна. Бусад өвчлөлтэй харьцуулахад нийт өвчлөлийн 5.3 хувь нь архинаас үүсэлтэй өвчлөл байдаг.

Манай улсын хувьд Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор н.Эрдэнэбаяр 1990-ээд оны үед архинд донтох эмгэгийн тархаалтыг судалсан. Одоогоос 20 жилийн өмнө 1000 хүн амд нийслэлд 6.4, орон нутагт 2.4 хувьтай байсан юм. Сүүлийн жилүүдэд архинд донтох өвчин нэмэгдсэн. Согтууруулах ундааны хэрэглээ 40 дахин нэмэгдсэн гэх судалгаа ч бий. Бид улсын хэмжээнд 2006 онд архинд донтох эмгэг, архины хор хөнөөлийн талаар ДЭМБ-тай хамтран том судалгааг хийж байлаа. Энэ судалгаагаар нийт насанд хүрэгчдийн 13.6 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг.

Үүнээс эмэгтэйчүүд нь 22 хувийг эзэлж байсан. Сүүлийн жилүүдэд архинд донтох эмгэгийн судалгааг хараахан хийгээгүй. Гэвч ДЭМБ-ын тусламжтайгаар энэ жил архинд донтсон, эмгэгтэй хүмүүсийн тоог гаргахаар ажиллаж байна. Өмнө нь н.Эрдэнэбаяр докторын судалгаагаар насанд хүрэгчдийн 51.2 хувь нь архинд донтох эмгэгтэй гэсэн тоон мэдээлэл байдаг юм.

-Архинд донтох эмгэг үүсэх хүчин зүйл, шалтгаан нь юу вэ?

-Архи хүний биед 200 гаруй төрлийн өвчлөлийг үүсгэдэг. Энэ нь хүний сэтгэл санаа, оюун ухаан, дотор эрхтэн, сэтгэц, дотоод шүүрлийн булчирхай, өсөлт, бэлгийн бойжилт гэх мэт бүхий л зүйлд архины хор уршиг нөлөөлнө. Монгол хүний эрүүл мэндэд архи согтууруулах ундаа давамгай өөрчлөлт үзүүлэх, архины эмгэг яагаад даамжирч буй, архинд донтох эмгэгийн хүндрэлийн талаар бид мэдээлэлтэй байх хэрэгтэй. Архинд донтох эмгэгт хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Биологийн хүчин зүйлд хүний бие, физиологийн асуудлыг ярина. Хүний бие организм тухайн архи, согтууруулах ундааг хэр хэмжээнд хоргүйжүүлэх чадвартай байдаг нь биологийн хүчин зүйлд хамаардаг.

Монгол хүний генийн хувьд архийг задалдаг фермент дэлхийн дунджаас 4-5 дахин сул.

Хүний биед архийг задалдаг хоёр төрлийн фермент бий. Энэ ферментүүд нь алкогольдегидрогеназа, альдегиддегидрогеназа юм.  Хүний биеийн бүтцээс, улс үндэстэн бүрийн онцлогоос хамаарч тухайн ферментүүд биеэс архийг задалж, хэдий хугацааны дараа биеэс хоргүйжиж гарах нь хүртэл харилцан адилгүй байдаг. Монгол хүний архи задлах фермент нь бага учраас архины ихэнх хэсэг биеэс гадагшилж чадалгүй, тархинд очдог байна. Тэр дундаа хүний донтох эмгэгийн хамаарал бүхий эртний тархийг гэмтээдэг. Эрдэмтэд энэхүү тархийг адгууслаг тархины үлдэгдэл хэмээн нэрлэдэг юм. Энэ тархи нь хүний зөн билэг, араншин, дур хүсэл, сэтгэл хөдлөл, үйлдэл хөдөлгөөнийг зохицуулж байдаг. Элгэнд дутуу задарсан архины хор эртний тархины эсийг мэдрэлийн эсийн түвшинд эдгэшгүй өөрчлөлтөд оруулдаг юм.

Сэтгэл зүйн хүчин зүйлд тухайн хүний хэв шинж, сэтгэл санаа шууд хамааралтай. Хүн олон хоногоор согтууруулах ундаа хэрэглэхээр мэдрэлийн эсийг амраадаг дааврыг дутуу задарсан архины хор дарангуйлдагтай холбоотой юм. Хүний аз жаргалын дааврыг архи хуурамчаар маш их өдөөдөг. Архи уусан хүн хөөрч, баярлаж, өөрийгөө өндрөөр үнэлж, сэтгэл хөөрөлд автдаг нь архи аз жаргалын дааврыг ихээр гадагшлуулдагтай холбоотой. Хэт их ялгарсан аз жаргалын даавар эргээд хүнд дутагдана. Улмаар стрессийн уураг ихээр ялгардаг. Стресс, бухимдал нэмэгдсэн хүн эргээд аз жаргалын даавраа нөхөхийн тулд архи ууна. Мөн нийгмийн хүчин зүйл бий. Үүнд, ажилгүйдэл, ажлын стресс, амьдралын орчин, хүрээлэн буй орчин гэх мэт нийгмийн бүхий л зүйлс яригдана.               

 -Архины хамааралтай болно гэдэг байнгын тойрогт орсон, хэцүү өвчний нэг хэмээн ойлголоо. Ер нь хэчнээн жил хэтрүүлэн уувал эмгэг үүсэх эрсдэлтэй вэ?

-Архинд донтох, хамааралтай болно гэдэг хамгийн хэцүү өвчин. Бодисын солилцооноос болж дараагийн өвчлөлүүд нь үүснэ. Элэгний өвчлөл, бөөрний эмгэг, зүрх томрох, мэдрэл сэтгэцийн эмгэгтэй болох гэх мэт. Эмэгтэйчүүд 3-5 жил, эрэгтэйчүүд 5-8 жил хэтрүүлэн уухад архинд донтсон эмгэг үүсдэг юм.

-Архинд донтсон эмгэгтэй хүнд илрэх анхан шатны шинж тэмдэг нь юу вэ?

-Анагаах ухаанд Архинд донтох зан үйлийн эмгэг хэмээн нэрлэдэг. Огт хэрэглэдэггүй, амсдаг болон хэтрүүлэн хэрэглэгч, архинд донтсон эхэн, дунд, эцсийн үе гэсэн зургаан ангилал бий. Хэрэглэгч гэдэг нь согтууруулах ундааг задалж чадах хэмжээндээ ууж, биед нь хоруу чанар үүсдэггүй хүнийг хэлдэг. Хэтрүүлэн хэрэглэгч гэхээр хүн амын дийлэнх хувь нь хамаарна. Нэг удаадаа согтууруулах ундаа хэрэглэхдээ их хэмжээгээр буюу задлах боломжгүй, хоруу чанар ихтэй, дараа нь шартах, өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрхүйц байдлаар уухыг хэлдэг юм. Эмгэгтэй болсноо хүмүүс хүлээн зөвшөөрдөггүй. Ингэхдээ эхний ээлжид нэг хоногоор архи уудаг. Уухгүйгээр 3-5 сар байж чадна. Тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор их хэмжээгээр уухын тулд хүлээж уудаг хүмүүс бий. Үүнийг үл ялиг зовлонт дур хэмээн нэрлэдэг. Ингэж уудаг хүмүүс шараа тайлах шаардлагагүй. Харин архи даадаг чадвар нэмэгдэнэ. Энэ нь тухайн хүний элэгтэй хамааралгүйгээр, тухайн хүний уураг тархинд архины хамаарал бий болж байгаа гэсэн үг.

-Эхэн үедээ байгаа бол эмчилгээ хурдан авна гэсэн үг үү?

-Архинд донтох зан үйлийн эмгэгийн эхэн үед байгаа бол сэтгэл зүйн эмчилгээгээр үүнийг шийддэг. Сэтгэл зүйн эмчилгээ хийлгэснээр шууд архинаас гарах боломжтой. Шашнаар, сэтгэл зүйчээр, хүнтэй ярилцаж гэх мэт. Харин эмгэгийн дунд шатанд эрэгтэй 8-12 жил, эмэгтэй найм орчим жил согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Энэ үе нь дунд үедээ ордог. Архины хамааралд орсон тархины эсүүдийн тоо нэмэгдсэн учраас дарааллан уух хоногийн тоо багадаа л хоёр болдог юм. Ганц хоног нь хангалтгүй байхаас гадна архийг үгүйлэх хам шинж эхэлдэг. Шаардагдаад байгаа согтууруулах ундааны хэмжээтэй дүйцэхүйц архийг хэрэглээгүйн улмаас тархи, мэдрэлийн судсууд нарийсаж, булчингууд агшиж, салгалах, чичрэх, дотор муухайрах, хоол идэхгүй, толгой өвдөх гэх мэт шарталтын шинж тэмдгүүд илэрнэ.

Хэрэв шарталтын шинжүүд гарч байгаа бол архины хамаарлын дунд үед байгаа гэж ойлгох хэрэгтэй. Нэг л уувал биеэс нэхэгдээд дараагийн өдөр үргэлжлүүлэн уух явцыг хүчилсэн дур хэмээн нэрлэдэг. Үүнээс цаашилбал донтолт болж байгаа юм. Багадаа л 15 жил согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс донтох нь их байдаг. Нэг удаа уухаараа 4-5 хоног үргэлжлүүлэн уух жишээтэй. Ганцаараа эсвэл тааралдсан хүмүүстэй ч ууж эхэлнэ.

-Архи их уудаг хүмүүсийн араатанлаг төрх, балмад, хэрцгий сэтгэл хөдлөл илэрдэг нь өмнө нь дурдсан эртний тархитай холбоотой хэрэг үү?

-Архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж бие махбод, сэтгэлийн хүчирхийлэл, хүн амины хэрэг гардаг нь адгууслаг тархи буюу эртний тархи хөөрөлд орж, бага тархины ажиллагаа багасаж, хувь хүн гэдгээ мартаж, амьтанлаг шинж чанар руу ордогтой холбоотой. Бага тархины үйл ажиллагаа багасаж, эртний тархины үйл ажиллагаа нэмэгдэх тусам тухайн хүнд нийгмийн амьдрал хэрэггүй болж, олуулаа нийлж архидах, орон гэргүй амьдралтай болох зэрэг сүргийн амьтны шинж чанар руу ордог.

-Та докторын зэргийнхээ судалгааны ажлаас танилцуулахгүй юу. Сонирхолтой мэдээлэл их байгаа байх?

-Архинд донтох эмгэгийн хүндрэл бол үгүйлэх, архи нэхэх хам шинж юм. Үгүйлэх хам шинжийн хүндрэл нь архины цагаан солиорол байдаг. Донтох эмгэгтэй хүмүүсийн 10 хувьд нь солиорол илэрнэ. Тэр 10 хувийн 70 хувьд нь архины цагаан солиорол илэрдэг. Би 2017 онд архины цагаан солиоролтой эмчлүүлэгчийн цуснаас дээж авч судалгаа хийсэн юм. Тэгэхэд Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 1300 орчим хүн архинд донтох эмгэгийн улмаас эмчлүүлсний 95 хүн нь нэг жилд архины цагаан солиорол өвчнөөр өвчилж байсан. Харин 2018 оны байдлаар 245 хүн болж өссөн. Судалгааны ажлынхаа хүрээнд 200 хүнийг эрүүл хүнтэй харьцуулж, архи задалдаг ферментийг болон B1, B12 амин дэмийг цуснаас нь шинжилсэн. Мөн оюун ухааны болон эмнэл зүйн үзүүлэлтүүдийг нь харьцуулсан юм.

Дэлхийн хэмжээнд архи задалдаг фермент 10-18 нанограмм хэмжээтэй байх ёстой байдаг. Миний судалгаагаар архины цагаан солиоролтой эмчлүүлэгчдийн фермент 0.05-0.25 нанограмм болсныг илрүүлсэн. Нэг нэгж ч хүрэхгүй байгаа гэсэн үг. Фермент байхгүй болсноор архийг задлах боломжгүй болж, шууд солиоролд хүрдэг. Эрүүл хүмүүсийн хувьд ч архи задалдаг фермент нь харьцангуй бага.

Судалгаагаар маань хүний архины хамааралтай хүмүүсийн цусан дахь В1, В12 амин дэмийн хэмжээ маш бага гарсан. Яагаад бага гарч байна вэ гэвэл архи задалдаг ферментийн найрлагад В-гийн төрлийн амин дэмүүд, цайр зэрэг элементүүд бодисын солилцоод нь оролцож байдаг юм. Гэтэл бид архи уухаараа өлөн ходоодтой уух, олон хоногоор уух үедээ хоолноос татгалздаг. Гаднынхан далайн бүтээгдэхүүн, мах гэх мэт хоолтой хамт архи уудаг учраас бодисын солилцоо эрчимтэй явж, архинаас хордох, түүний хоруу чанар нь харьцангуй бага байдаг. Тэгэхээр монгол хүний архины соёл ч бас нөлөөлж байгаа юм.

-Таны хувьд архины эмгэг чиглэл рүү илүүтэй анхаарч, мэргэшсэн. Тэгвэл энэ чиглэлийн хувьд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээл нь юу байгаа вэ?

-Бүх салбараас хамгийн хоцрогдсон салбар манай салбар байдаг. Эмч хүний хувд мэргэшсэн чиглэлдээ хэд хэдэн бэрхшээл байгаа гэж боддог. Нэгдүгээрт, манай улсын хувьд Сэтгэцийн эрүүл мэндийн төв бол гол үйлчилгээ үзүүлдэг газар юм. Нийслэлийн хүрээнд Наркологийн эмнэлэг болон хувийн эмнэлгүүд үйлчилгээ үзүүлдэг. Манай мэргэжлийн хувьд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь Донтолт судлалын үндэсний төв байхгүй явдал юм.

Жишээлбэл, айл бүрд арьсны, сэтгэцийн өвчтэй хүн байдаггүй. Гэтэл улсын хэмжээнд айл бүрд архины хамааралтай хүн байхад Донтолт судлалын үндэсний төв байхгүй байгаа нь бэрхшээл болж байгаа юм. Төр засаг үүнийг анхаардаггүй. Сэтгэцийн эмгэг, наркологийн төв гэж 2006 он хүртэл байсан. Энэ төвийг өргөжүүлэхийн оронд тараасан. Улмаар мэргэжлийн эмч нар тарж, бутарч, дүүргийн эмнэлгүүдэд хуваарилагдсан юм.

Ингэснээр эмчилгээ хийх баг энэ оноос хойш алдагдсан гэж үздэг. Тэрхүү байр Донтолт судлалын үндэсний төв болтлоо хөгжсөн бол өнөөдөр архины асуудал үндэсний аюул болтлоо даамжрахгүй байлаа. Архинаас хамааралтай эмгэгүүд ч багасах байсан юм. Төр засгаас, мэргэжлийн салбарынхан Донтолт судлалын үндэсний төвийг яаралтай байгуулахгүй бол архинаас гадна мансууруулах бодист иргэд живсээр байх болно.

Хоёрдугаарт, боловсон хүчин буюу хүний нөөцийн асуудал. Улсын хэмжээнд архины чиглэлээр судалгааны ажил хийсэн дөрөвхөн доктортой. Гэтэл шинэ, залуу ажилтнуудын хувьд мэргэшээд ажиллая гэхээр эмнэлэг, төв нь байхгүй. Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд сэтгэцийн эмч болж ажилладаг. Архины хамааралтай хүмүүс дүүргийн эмнэлгээрээ үйлчлүүлдэггүй учраас дүүрэгт ажиллахаар очсон наркологийн эмч сэтгэцийн эмч болдог. Наркологийн эмнэлэг нь есөн ажилтантай. Улсын хэмжээнд архи, дон­толтыг эмчлэх есөн мэргэшсэн эмч байгаа нь үндэсний аюулын эсрэг яах вэ. Тиймээс мэргэшсэн эмч нарыг нэмэх, сэтгэл зүйчдийг бэлдэх нэн тэргүүний шаардлага бий.

Гуравдугаарт, эмийн хангамжийн асуудал. Шаардлагатай эм тариа, хангамж нь ховор, цөөн байдаг. Эсвэл тэдгээр эм бэлдмэл нь монгол хүний бие организмд тохирохгүй асуудал тулгардаг юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ariungerel (202.126.89.231) 2023 оны 10 сарын 06

Архидалд далд хэлбэрээр улам газараа авч үнэхээр аюултай нийгэм болоод байна! Хаашаа хандахаа мэдэхгүй ар гэрийнхэн нь цөхөрч байна! тууштай бодлогоор дэмжихгүй бол бид хэцүүдлээ!!!

0  |  0
Нэргүй(202.21.108.58) 2022 оны 07 сарын 03

Манай улс орон болоод миний хувьд маш хэрэгтэй мэдээлэл байна. Ойрын хүн архины хамааралтай болоод байгаа бөгөөд хаана хандахаа мэдэхээ байсан. Хандах газар эмчлэх эмнэлэг орон нутагт байхгүй байгаан тулгамдсан асуудал болоод байна.

0  |  0
Зочин(103.212.119.32) 2022 оны 06 сарын 30

Гар утасны донтолтыг яах юм бол доо

0  |  0
Top