Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж, энэ нь парламентын түвшинд яригдаж байна. Үүнтэй холбогдуулан ИЗЗН-ын дарга Ц.Ганхуягаас байр суурийг нь сонирхлоо.
-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, иргэд сонгогчдодоо Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах талаар мэдээлэл өгч, санал сонслоо. Та Үндсэн хуульд дахин гар хүрэх асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ер нь бол хүний эрхийг өргөн хэмжээнд хуульчилж өгөх талаас нь, эдийн засгийн эрх чөлөө талаас нь тэр төлөөллийг нь хангаж өгөх хэрэгтэй. Энэ үүднээсээ хоёр танхимтай байх онцлог зэргийг харгалзан Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох юм гэдэг талаасаа Тунхаг бичигт гарын үсэг зурсан.
Манайх чинь төр хүчтэй биш байна. Төрийн нэр хүнд унасан байна. Иргэдийн итгэл алдарсан цаг үе байна.
Төрийн хяналт, хариуцлагын тогтолцоог хангасан өөрчлөлт хэрэгтэй байгаа юм. Үнэндээ 1992 онд хийсэн Үндсэн хуульд нэг алдаа байдаг. Тэрийг огт засаагүй. Ярьсаар байгаад л ирсэн.
-Тэр нь ямар алдаа билээ?
-УИХ-д хоёр том эрх өгчихсөн. Нэгт, УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Хоёрт, УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ийм хоёр том эрхийг өгчихсөн юм. Угтаа бол засаглалын тэнцвэртэй байх, хуваах онолоороо хууль тогтоох дээд байгууллага, шүүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглал гурав тэнцвэртэй байж, дээр нь дөрөвдэх засаглал гэгддэг хэвлэл мэдээлэл бүгд тэнцвэртэй байж ардчилсан улс гэдэг хариуцлагатайгаар оршдог юм байна л даа.
Гэтэл энэ бүхнийхээ дээр нь УИХ-аа гаргачихсан. Энэ нь нэг нам сонгуулиас хэт олон болоод гараад ирчихсэн тохиолдолд нам, намын удирдлага нь УИХ-ын дээр гарах боломжийг олгоод байгаа юм. Үүнийг таслан зогсоож УИХ нь хуулиа тогтоодог байх хэрэгтэй.
Хуучнаар бол Улсын Бага хурал гэж байсан. Яг хуулиа л тогтоодог, хуульдаа л анхаарлаа хандуулдаг. Нөгөө талд нь төрийн эрх барих дээд байгууллага буюу хуучнаар Ардын Их хурал. Можиратор системээр ард түмнээсээ шууд сонгогддог, сум бүрээс төлөөлөлтэй гэдэг ч юм уу. Ийм систем хажууд нь байж бусад засаглалыг хянаж, хариуцлага тооцож байдаг. Иймэрхүү хариуцлагын харилцан уялдаатай ард түмний хяналт хэрэгтэй. Одоо бол ард түмнээсээ төр нь өөрөө хөндийрчихөөд байгаа учраас иргэд нь маш их шүүмжилж байна.
УИХ-ын 76 гишүүнийг янз бүрээр л хэлж байна шүү дээ. Энэ талаар ч гэсэн ахмадууд үгээ хэлээд эхэлчихсэн харагдана билээ. Иймэрхүү шинэчлэл хийх шаардлагатай байна. Хоёрт, эдийн засгийн эрх чөлөө буюу баялагтаа эзэн байх асуудал маш их чухал байна. Цөөхөн хэдэн гэр бүл баяждаг нийгмийг биш нийт ард иргэд нь баялгаасаа хүртэж сэтгэл хангалуун амьдардаг байх боломжийг нь бүрдүүлээд өгөх юм бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэн ч дэмжих байх.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмж 152-155 болгоно, Засгийн газрын сайд нарыг УИХ-аас сонгодог байна зэрэг янз бүрийн л хувилбар яригдаж байна?
-Зөвхөн гишүүдийн тоо, сонгуулийн систем ярих нь олны дэмжлэг авахгүй л гэж бодож байна. Энэ асуудлын гол огт биш. Тооны араас хөөцөлдөөд л, гишүүд нь сайд болох гээд байх нь чухал биш. Зүгээр л манай тогтолцоо л болохоо байчихсан байна.
Үүнийг өнөөдөр ч биш 2019 оны өөрчлөлтийн үед яриад дийлээгүй. Зөндөө л ярьсан. Үндсэн өөрчлөлтөө хийхгүй л бол наана нь косметик маягийн хагалгаа хийгээд нэмэргүй. Ард түмэнд төдийлэн наалдацтай биш.
Иргэд юу хүсээд байна гэхээр шинэчлэлийг л хүсэж байна. Тэр шинэчлэл нь гишүүдийн тоог нэмэх биш юм. Иргэдийн амьдралыг сайжруулдаг төрийг бий болгох аваас дэмжлэг авна. Түүнд тохирсон шинэчлэлийг л хийх хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь орон нутагт, тойрогтоо ажиллаад ирсэн шиг байна. Иргэдийн асуудал, жаргал, зовлонг мэдсэн байлгүй дээ.
Сэтгэгдэл ( 0 )