Хотоос бүрэн нүүх ёстой 100 айл улам өргөжин тэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 04

100 айл орчмын барилгын материалын захыг нийслэлээс нүүлгэнэ хэмээн 2018 онд ажлын хэсэг байгуулсан ч хойшилсоор өнөө хүрлээ. Нийслэлийн төв цэгээс 1.5 км зайд байрлах барилгын материалын захаас болж түмэн асуудал тулгарч байна. Замын түгжрэл, орчны бохирдол, иргэдийн ая тухтай аюулгүй амьдрах болон суралцах эрх энд зөрчигдсөөр олон жил өнгөрлөө. Нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018-2022 он хүртэл шат дараатай хэрэгжүүлнэ хэмээн тус ажлын хэсгийн ахлагч асан Ч.Гантулга 2019 онд хэлж байв. Гэвч энэ ажил бүрэн дуусна хэмээн төлөвлөсөн 2022 он талдаа орчихлоо. Иймд хотоос нүүлгэж дийлэхгүй байгаа тус худалдааны төвийн асуудлыг сурвалжиллаа.


Энэ хавийн худалдаачид хөзөр даалуу тоглох үедээ тоглож, утсаараа хөгжилтэй бичлэг үзэн инээлдэхдээ нэг инээн ажлаа хийцгээх аж. Мөн үйлчлүүлэгч тасрахгүй учир барааныхаа үнийг танилцуулж сонирхсон хүнд боож баглаж өгөхөд хэзээд бэлэн сууцгаана. Халуун нар төөнөсөн бүгчим өдөр энд толгой дээрээ алчуур тавихгүй бол хэн ч тэсэхгүй шинжтэй. Хаашаа л харна машин тэрэг эгнээд зогсчихсон дуут дохиогоо хангинуулж нэг ёсондоо уурын зууханд ойртсон мэт халуун байх ажээ.

 

ХУДАЛДААЧИД НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙГ ХУВИЙН ӨМЧ ШИГ АШИГЛАДАГ

 

Суурьшлын бүсээс 50 метрийн зайд чулуу бутлах үйлдвэр үйлчилгээ эрхлэх ёстойг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тогтоож өгсөн байдаг. Гэвч хотын төвөөс холгүй байрлах 100 айлын барилгын материалын захад айлын хашаатай хаяа залган энэ чиглэлийн үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулсаар. Гэртээ засвар хийх, шинэ байшин барих гэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд дарагдсан энэ гудамж нэлэнхүйдээ цагаан тоос бужигнаж, шороонд дарагдсан газар болоод удаж буй. Энд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 60 шахам хувь нь барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Үлдсэн хувийг дээрх лангуунуудыг дагалдах буюу гар дээрээс ил худалдаа эрхлэгчид эзэлдэг аж.

Иргэний бүртгэлийн ерөнхий газрын хойхно байрлах “Алтан ундрах” хүнсний дэлгүүрийн эзэн бүсгүй энэ хавьд аж төрөөд 20 гаруй жилийг үджээ. Нөхөр хүүхдүүдийн хамт хүнсний дэлгүүр ажиллуулдаг.

Тэрбээр, “Эндхийн худалдаачид гудамжинд агуулахтай шүү дээ. Тэгээд агуулахаасаа бараагаа буулгаж, оруулж байна гээд гудамжийг бүхэлд нь хаагаад зогсчихдог. Угтаа бол авто зам нийтийн эзэмшил. Гэтэл тэд зам талбайг хувийнхаа эзэмшил шиг дураараа ашигладаг. Хүүхдүүд хичээлдээ явахад ч хэцүү, ер нь юм юманд л тээртэй. Анх шахмал түлш хэрэглэж эхэлж байх үеэр овоо шалгалт хийгээд барилгын материал түлэх явдлыг нь зогсоож байсан. Гэвч сүүлдээ хяналт шалгалт ирэхээ больж өвөлдөө деспи хавтан түлэх болсон. Түүнийх нь үнэр өвөл маш хэцүү.Манай эндхийн хүүхдүүдийн цусан дах хар тугалгын хэмжээ хэт өндөр гарсан гэсэн. Үүнээс болсон байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Хурдхан шиг нүүлгээсэй гэж бодовч нэгэнт оройтжээ” гэв.

Түүний хэлсэнчлэн шинээр нээгдсэн барилгын материалын худалдааны төв, шилэн фасад, модон эдлэл болон хаалганы цехүүд айлуудын хашаатай хаяа дэрлэн орших болжээ. Нэг ёсондоо нийслэлээс нүүх ёстой энэ зах улам л өргөжин хүрээгээ тэлсээр байгаа нь оршин суугчдын итгэл найдварын галыг унтрааж орхисон байна.

 

БАРИЛГА ЭЗЭМШИГЧИД НЬ “ТОМЧУУД” ТУЛ ДИЙЛДДЭГГҮЙ ГЭВ

 

Сүхбаатар дүүргийн X-XII хорооны нутаг дэвсгэрийг дамнан орших тус худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчид эндээс нүүдэггүй нэг шалтгааныг газар өмчлөх эрхтэй холбоотой маргаан байдаг гэдгийг оршин суугчид хэлэв. Геронтологийн төвийн үүдэнд сүүдэр бараадан суух хэдэн буурай бага ахуйд нь энэ хавийн газар хоосон шахам байсан, эмээ өвөө нь хаахнуур хашаагаа хатгаж амьдарч байсан талаарх буюу лав л 100 шахам жилийн өмнөх түүхийг нэхэн санаж хөөрөлдөж байх юм.

Тэдний нэг болох Сүхбаатар дүүргийн XI хорооны өндөр настан Ё.Бямбадорж “Энэ хавийн барилгуудын ихэнхийг хэд хэдэн “том” хүмүүс өмчилж авсан. Жишээлбэл, УИХ-ын гишүүн агсан Ш.Отгонбилэгийн эхнэрийн эзэмшилд байдаг барилга энэ хажууханд бий. 3-4 том хүмүүсийн эзэмшилд байгаа энэ барилгуудыг авч чадахгүйгээс болж захыг нүүлгэх ажил удааширч байгаа байх. Хуучнаар есдүгээр дэлгүүрээс хойших бүх лангуу, худалдааны төв нь хятад эзэнтэй болчихсон. Энэ газрыг нүүлгэвэл шинэ байршил руу нь явахад ихдээ л таван литр шатахуун хэрэглэх биз. Гэтэл эндээ түгжирсээр байтал тав битгий хэл мөнгөнд таарах шатахуун дэмий үрж байна. Зарим цех, худалдааны төв нь нүүчихсэн юм шиг дүр үзүүлсэн ч үнэндээ цаашаа айлуудтай хаяа нийлээд буучихсан. Хотын дарга энэ хавийн хоёрхон газарт гарааш чөлөөлөх ажил хийсэн. Өөр хийж байгаа дорвитой ажил алга” гэв.

 

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХӨСӨР ХАЯВ

 

Хүний цусанд хар тугалга хэмээх химийн бодис огтоос байх ёсгүй хэмээн үздэг. Гэвч агаар болон хөрсний бохирдлоос үүдэж нийслэлийн Баянхошуу болон 100 айл худалдааны төв орчимд амьдарч буй хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээ хүлцэх хэмжээнээс хэд дахин давжээ. Одоогоос зургаан жилийн өмнө тус бүсэд оршин суух 153 сурагчаас цусны шинжилгээ авахад тэдний  60.1 хувьд нь хар тугалга илэрсэн байна. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрсөн хэмжээнээс таван микрограмм дицилитр давсан өндөр үзүүлэлт аж. Энэ бодисын хор нөлөөг тоочвол  дуусахгүй. Хамгийн ойрын жишээг дурдвал тархины гэмтэл үүсгэдэг байна. Тархинд гэмтэл үүссэнээр хүүхдийн сэтгэн бодох чадвар болон сонсгол буурах эрсдэлтэй аж. Улмаар хүүхэд хичээлдээ дургүй болох, нэгэнт хурц хордлогод орсон бол биеэс гадагшлахгүй. Түүнчлэн энэ хавьд тусгай хэрэгцээт хүүхдүүд боловсрол эзэмшихээр ирдэг.

Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй суралцагчдын 116 дугаар сургууль бий. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан 186 дугаар цэцэрлэг энд байрладаг. Гэвч энэ хавийн тоос шороо, замын эвдрэл, хөл хөдөлгөөн болон орчны бохирдол хэрээс хэтэрсэн тул тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцах орчин цаг ямагт хүндрэлтэй байсаар иржээ. Биднийг тус сургууль, цэцэрлэгийн байранд очих замд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан ганц л замын тэмдэглэгээ байсан юм. Шахцалдсан, эмх замбараа нь олдохгүй бас аюултай муруй тахир гудамжинд тусгай хэрэгцээт хүүхдүүд өдөр бүр суралцахаар ирдэг гэдгийг томчууд мартсан бололтой. Доторх байр байдал нь хуучны социалист хэв маягаасаа салаагүйг нь ханан дээрх зураг илтгэнэ.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн дунд, ахлах ангийн сургалтын менежер Д.Доржпүрэв “Манай сурагчдад тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь автомашины осол байдаг. Дээрээс нь нааш ирэх замд зогсоол байдаггүй, шахцалдаан ихтэйгээс болж хүүхэд аюулгүй алхаж ирэх боломж хомс. Хүүхдүүдийн эцэг эхийн ердөө 20-оод хувь нь л машинаар хүүхдээ хүргэж ирэх боломжтой байдаг. Бага ангийнхан л гэхээс биш том болсон хэдийг нь байнга хөтлөөд сургуульд нь хүргэх боломжгүй. Дундаас дээш ангийн суралцагчид маань өөрсдөө биеэ даагаад алхаж ирэхээс өөр аргагүй. Нааш ирэх замд тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан, тэдэнд зам тавьж өгөхийг сануулсан тэмдэглэгээ байрлуулсан. Гэсэн ч энэ захын шахцалдсан, бөөгнөрсөн зохион байгуулалтаас болж бараагаа хурдхан шиг худалдан аваад явах гэсэн хүмүүс зам тавьж өгөх нь маш ховор. Барилгын материалын хаягдлаас болж хорт бодис энд ихээр тархаж байна. Хүүхдүүд бохир агаараар амьсгалж, мөн тийм хөрсөн дээгүүр алхаж байгаа. Хүүхдүүд өвөлдөө нарийн болон бүдүүн ширхэглэгт тоосонцор, угаарын хийнээс болж байнга ханиад хатгаа тусаж цаашлаад сүрьеэтэй болж байна. Үнэнийг хэлэхэд нийслэлийн захиргаанаас манай хүүхдүүдийн эрүүл мэнд, суралцах орчны асуудалд анхаардаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдрөөр л нэг удаа ирж сүрийг үзүүлээд явна. Дүүргээс гадна тохижилтод анхаарч зүлэг, ногоон байгууламж явган хүний зам зэрэгт анхаар­даг. Барилгын зах энд байсаар байгаа цагт нөхцөл байдал дээрдэхгүй шүү дээ” гэв.

Хүүхдүүд хичээлдээ ирэх гэж байнгын түгжирч мөн бартаа саад ихтэй бохир орчныг туулж байж суралцаж байгаа нь хүндрэлтэй байдаг талаар мөн учирласан юм.

 

НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН АЖЛАА ХЙИДЭГГҮЙ

 

Ингээд бид буцаад барилгын мате­риалын худалдааны гудамж руу ороход хаашаа л харна нарийн ширхэгтэй цагаан шороо, шил болон мод цаашлаад хуванцарын үртэс, хаягдал энд тэндгүй хийссэн байдал ажиглагдав. Угаас байнгын авто замын түгжрэлтэй байдаг энэ хэсэгт зам дагуух лангуу, агуулах бүрийн урд нэг нэг ачааны машин зогссон нь түгжрэл үүсгэж мөн явган зорчих иргэдийн ая тух, аюулгүй байдалд төвөг учруулдаг байна.

Тус төвийг гурван үе шаттайгаар нүүлгэхээр төлөвлөж байжээ.

Нэгдүгээрт: 100 айл орчим гадуур худалдаа эрхэлж байгаа зөвшөөрөлгүй мод, чулууны мужааны цех, тавилгын үйлдвэрүүдийг хаах замаар нүүлгэнэ гэж байв. Үүнийг нэг хэсэг ажил хэрэг болгосон ч үнэн хэрэгтээ мод, чулууны цехүүдийг түр хаасан болоод хэсэг хугацааны дараа энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид буцаад ирсэн байна. Ингэхдээ айлуудын хашаатай хаяа нийлж цааш өргөжин тэлснээр эндээс нүүх ямар ч аргагүй болжээ.

Хоёрдугаарт: Авто болон явган хүний замыг өргөжүүлэх замаар гэж дээрх шийдвэрт тусгаж байв.

Гуравдугаарт: 2018-2020 оны хооронд Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газар, Барилга байгууламжийн хяналтын хэлтсээс гарсан дүгнэлтийн дагуу шаардлага хангахгүй хуучин барилгуудыг нурааж, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулна гэжээ. Гэсэн ч энэ төлөвлөгөө шат шатандаа хэрэгжихгүй явсаар дөрвөн жилийг ардаа орхижээ. Худалдаа эрхлэгчдээс нийслэлийн захир­гаанаас болон тус захыг нүүлгэн шилжүүлэх ажлын албанаас ирж нүүлгэх ажлын талаар танилцуулсан эсэхийг лавлахад цөм толгой сэгсэрч байв. Мөн энэхүү ажлыг анх ярьж эхэлсэн цагаас хариуцсан хүмүүсээс нэг нь ч ийшээ зүглээгүй гэдгийг худалдаачид хэлж байсан юм. Энд тулгамдаж буй өөр нэг асуудал нь барилгын материалын хогноос гадуурх нөлөөллөөс үүдсэн орчны бохирдол юм. 100 айлыг нэлэнхүйдээ тойрохдоо хэд хэдэн худалдааны төвөөр орсон ч 2-3 нь дотроо ариун цэврийн өрөөтэй аж. Тиймээс өдөржин энд худалдаа эрхэлдэг түм буман хүнд дээрх ариун цэврийн өрөө хүрэлцдэггүй тул зарим тохиолдолд хэн нэгэн нь гудамжны өнцөг буланд, хааяа замын хажууханд хөнгөнөөр бие засчихсан байгаа нь хамар сэтлэх шахам үнэртэж байлаа.

Модон эдлэлийн худалдаа эрхлэгч настай эмэгтэй “Энд түрээслэгчээс илүү үйл ажиллагаа явуулж буй байраа өмчилж авсан хүмүүс байдаг. Тиймээс бүгд нүүнэ гэдэг худал байх. Ажлын хэсгээс нэг ч хүн ирж уулзаагүй, ямар нэгэн заавар зөвлөгөө болон мэдээ мэдээлэл өгөөгүй. Албан өрөөндөө хуралдсаар л байгааг нь хааяа  зурагтаар харах юм” гэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.21.229) 2022 оны 07 сарын 04

Сумка дарга 100 айлыг нүүлгэж чадвал нэр хүнд нь овоо өснө одоо бол нурааж буулгаж чадаж бна бүтээж чадаач

0  |  0
иргэн(202.9.47.19) 2022 оны 07 сарын 04

1 асуудлыг хэдэн арван жил яриад шийдэж чаддаггүй хүчгүй сул дорой төрийг яах вэ?

1  |  0
Top