О.Алтантуяа: Таргалалт бол таван зуун өвчний шалтгаан

2022 оны 07 сарын 03

“Hi spinning studio”-н үүсгэн байгуулагч, дасгалжуулагч О.Алтантуяатай ярилцлаа.


-Спиннингийн бусад дасгалын төрлөөс онцлох давуу тал нь юу вэ?

-Би спиннигээр хичээллээд таван жил болж байна. Намайг анх хичээллэх үеэр Солонгосоос мэргэжлийн багш нар ирж Монголын анхны спиннингийн дасгалжуулагчдыг бэлтгэн гаргасны нэг нь би юм. Нэг хөдөлгөөнөө удаан давтаж залхаахгүй, хөгжмийн хэмнэлд суурин дугуй жийхдээ бүжигтэй хослуулдаг учраас спиннинг таалагдаж, хичээллэсэн.

Спиннинг бол кардио дасгалын төрөл. Энэ нь фитнесстэй харьцуулахад илүүдэл өөхөө хурдан шатааж, галбиржиж турна гэсэн үг. Хүн жингээ хаясан ч галбираа авч үлдэх хэрэгтэй шүү дээ. Кардио дасгалын өөр төрөл болох зумба нь удаан хугацаанд үсэрдэг учраас бөөрөнд их ачаалал өгч, бөөр болон бусад эрхтнийг доргиох талтай. Харин спиннигт тийм асуудал байдаггүй учраас аль ч насны хүн хичээллэх боломжтой. Мөн спиннинг нь хүний биеийн хамгийн чухал булчин болох нурууны гол булчинг маш сайн хөгжүүлдэг. Нурууны гол булчин чанга байснаар нурууны мурийлт, суулт, цаашлаад хуян хөөрөх гэх мэт олон эрсдэлээс сэргийлдэг.

-Спиннингээр ямар хүмүүс голчлон хичээллэж байна?

-Спиннингээр хичээллэгчдийн 98 хувь нь эмэгтэйчүүд Спиннингийн давуу талыг эмэгтэйчүүд илүү мэдрээд байгаа учраас үүнд илүү татагддаг болов уу. Эмэгтэйчүүд спортын энэ төрлөөр хичээллэснээр аарцаг ёроолын булчин буюу үтрээний булчин нь чангардаг. Эмэгтэй хүний аарцаг ёроолын булчин төрсний дараагаас аажмаар суларсаар байдаг. Мөн олон жил хэвлий хэсгийн таргалалттай байснаар сулардаг юм. Энэ булчин суларснаар цагаан мах эргэх, бэлгийн таашаал авахгүй байх, яваандаа шээс задгайрах үндэс болдог. Үүнээс сэргийлэх эсвэл эмчлэхийн тулд эмэгтэйчүүдийг спиннингээр хичээллээсэй гэж хүсдэг. Мөн зүрх судасны өвчтэй хүмүүс эмчийн хяналтад хэт өндөр ачаалал авахгүйгээр хичээллэвэл тохиромжтой. Цусны эргэлт сайжирснаар зүрхэнд нь хурдан очдог гэсэн үг. Зүрх судасны өвчтэй хүнд дасгал хөдөлгөөн зайлшгүй шаардлагатай.

-Дасгал хөдөлгөөнийг зөвхөн илүүдэл жинтэй хүн хийдэг гэх хэвшмэл ойлголт байдаг. Тэгвэл туранхай байна гэдэг нь эрүүл гэсэн үг үү?

-Таргалалт бол таван зуун өвчний үндэс. Гэхдээ туранхай байна гэдэг нь эрүүл байна гэсэн үг огтхон ч биш. Туранхай хэдий ч дотор өөх ихтэй, булчингийн алдагдалтай хүн бий. Булчингийн дутагдалтай байснаар бодисын солилцоо мууддаг. Бодисын солилцоо муудсанаар биеэс хортой бодисыг удаан гадагшлуулж, хэрэгтэй бодисоо удаан шингээж авдаг. Иймээс туранхай байсан ч дасгал хөдөлгөөн хийж бодисын солилцоогоо идэвхтэй байлгах хэрэгтэй. Аль ч насны ямар ч жинтэй хүн дасгал хөдөлгөөн хийж хөлсөө гаргах хэрэгтэй. Хөлсөөр хэрэггүй бодисууд гадагшилна. Харин хэт их дасгал хийж хөлрөөд байвал хөлсөөрөө биед хэрэгтэй эрдсээ алдах аюултай. Аливаа юмны хэмжээг тааруулах нь чухал.

-Хүн яагаад таргалдаг вэ. Хэвийн жингээ хадгалахын тулд юунд анхаарах шаардлагатай бол?

-Таргалалт буюу илүүдэл өөх гэдэг нь өлссөн ядарсан үед нүүрс ус болон нийлэгжиж, энерги болох зориулалтаар биед нөөцлөгдсөн шим тэжээл юм. Хүн хэтрүүлж идэх үед, илүүдсэн нүүрс ус, сахарыг бие организм нөөцлөөд байгаагаас таргалалт үүсдэг гэсэн үг. Орчин үед техник технологи амьдралд нэвтрэхийн хэрээр хоол хүнс ч өргөн сонголттой болж байна. Хүн хөдөлгөөн хийж илүүдэл энергиэ шатаахгүй мөртлөө хэтрүүлж идээд байгаа учраас таргалаад байгаа юм. Иймээс дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маяг болгох зайлшгүй шаардлагатай. Ингэж байж сая  эрүүл байх нөхцөл бүрдэнэ.

-Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бизнес өргөжиж, хүмүүсийн сонирхлыг их татах болсон. Та энэ юу хэлэх вэ?

-Нэмэлт бүтээгдэхүүнийг зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Учир нь 35-аас дээш насны хүн, эсвэл олон төрсөн эмэгтэйчүүд амин дэм эрдсийн гүн дутагдалд орсон байдаг. Үүнийгээ нөхөхгүйгээр эрүүл байх боломжгүй. Ялангуяа манай орны газар нутгийн байрлал, цаг уур гэх мэт хүчин зүйлээс хамаарч биед хэрэгтэй бүх шим тэжээлийг хүнснээсээ авах боломж хомс. Эдийн засгийн байдал нь ч тэр хэдхэн төрлийн зүйлээ идэхэд хүргэдэг шүү дээ. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээр шийдсэн бол эхлээд эрдсийн шинжилгээ өгөөд, эмчээс  зөвлөгөө авах хэрэгтэй. 

А.БОЛОР-ЭГШИГЛЭН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top