Долоодугаар сарын 1-нийг БҮҮ МАРТ

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Монголын шинэ цагийн  түүхэнд үлдсэн хар дарсан зүүд мэт үлдсэн аймшигт өдөр бол 2008 оны долоодугаар сарын-1. Монголын төр иргэн рүүгээ буу шагайсан эмгэнэлт өдөр. Таван халуун амь эрсдэж, өчнөөн хүн үхлийн шарх авч гэмтэж бэртсэн, олон хүн өргөст торны цаана шалгагдаж, хэлмэгдэж, зарим нь хэрэг үүрсэн аймшигт өдөр. Тэр дотор насанд хүрээгүй хүүхэд хүртэл зодуурын шархтай шоронгийн мухарт бүлтэгнэж суусан. Цагдаа, дотоодын цэргийн олон зуун алба хаагч гэмтэж, бэртэж, амь насаа алдсан.

Хамгийн харамсалтай нь тэр өдөр хэн буудах тушаал өгсөн нь өнөөг хүртэл олдоогүй. Бас хэн ч хариуцлага хүлээгээгүй. Тийм аймшигт үйл явдал дахиж бүү гараасай. Тиймээс мартуулж болохгүй. Мартуулахгүйн тулд сануулж байх ёстой, тэр өдөр өнөөдөр тохиож байна.

Нэхэн сануулахад, түүнээс нэг хоногийн өмнө буюу 2008 оны зургаадугаар сарын 30-нд Монгол Улсын Их хурлын тав дахь удаагийн сонгуулийн  урьдчилсан дүн гарсан юм. Ардчилсан нам, БНН, Иргэний хөдөлгөөний нам, эвслүүдийн удирдлагууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Тэд  “Эрх баригчид сонгуулийн дүнг луйвардсан” хэмээн нэгэн зэрэг мэдэгдэж байв.

Ингээд долоодугаар сарын 1-ний өглөө тус намууд нэр дэвшсэн дүүргүүд, зарим нь намын байрнаасаа гишүүд, дэмжигчдээ цуглуулан төв талбай руу жагсаалаар орж ирцгээсэн. Түүнийг дагаад нэг намын ноёрхол, иргэд рүүгээ  харсан  бодлого хэрэгжүүлээгүйд дургүйцсэн иргэд цуглаж эхэлсэн.

Тухайн үед МАХН-ын дарга  С.Баяр байв. Эрх баригч намыг эсэргүүцэхээр тэр өдөр СТӨ-ний шилэн хүзүүвчинд байсан АН-ын байрнаас Ц.Элбэгдорж төв талбай руу гүйсээр гарч ирсэн бол БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ИЗНН-ын дарга Д.Энхбат, Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан, дэд дарга О.Магнай нар гишүүд, дэмжигчдээ дагуулсаар талбай руу жагсаалаар орж ирж, сонгуулийн дүнг эсэргүүцэхийг уриалж  байв. Эцэст нь цугласан олон түмэн МАХН-ын Тусгаар тогтнолын ордон руу чулуу шидэн  дайрч, үр дүнд нь  төр иргэд рүүгээ гал нээсэн. Долоодугаар сарын 1-нд ийм л юм болсон. Шударга бус сонгуулийн үр дүн ингэж гарсан. Дөрвөн иргэн буудуулж, нэг хүн угаартаж амь эрсэдсэн. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид гэмтэж бэртэж, зарим нь амиа алдсан.

Олон гэр бүл хагацалд унаж, монгол хүн болгоны  элэг эмтэрсэн. Харин улстөрчид хожсон. Үүнийг бид мартаж болохгүй. Үеийн үед сануулах ёстой. Долоодугаар сарын 1-нийг бүү март.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(202.179.25.45) 2022 оны 07 сарын 03

Эргүү, иэнэг үхэр монголчууд 7 сарын 1 нийг байтугай өөрсдийнхөө төрсөн өдөр, хүүхдийнхээ тоо, төрсөн өдөр ,нас хүйсийг мартчихсан явж байдаг юм байна лээ. Сонгуульд саналаа худалдаж өөрсдийгөө ялладаг новшнууд.

1  |  0
Top