Төрийн өмчит компаниуд өрөө төлж чадах уу

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 03

Хөгжлийн банкны асуудал хөлтэйхөн давалгаалаад чимээ намдаав. Одоо ардын хувьсгалын ойн баяр наадмаас эхлээд намрын сүүл сар хүртэл найр наадмын уухайд жамаараа дарагдана.

Харин энэ тухайд Засгийн газрын зургаадугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаас нэгэн тогтоол гарсан нь баахан эргэлзээ төрүүлнэ. Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн гуравны нэг буюу 800 орчим тэрбум төгрөгийн өр төлбөр Төрийн өмчит компаниудын зээл байгааг юуны өмнө дуулгасан. Энэ утгаараа Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг нь төрийн өр гэж ойлгогдоно. Тиймээс Засгийн газрын тогтоолд “Энэхүү төрд хамаарах өрийн хамгийн том зээлдэгчдийн өрийг улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүй, төрийн өмчийн компаниудын дотоод нөөц бололцоог ашиглаж төлүүлнэ” гэх шийдвэр гаргажээ. “Хамгийн том зээлдэгчдийн” шүү.

Товчхондоо “Хөгжлийн банкинд зээл тавьсан Төрийн өмчит компаниудын томоохон өрийг төсвийн мөнгөөр төлөхгүй, өөрсдөөр нь төлүүлнэ” гэх шийдвэрт хүрсэн ч маргаантай асуудал олон байна. Юуны өмнө эдгээр компаниуд 2014-2016 онд зээл авсан. Үүнээс хойш 6-8 жил өнгөрөхөд зээл төлөгдөөгүй, зарим нь хүүгээ ч төлөөгүй, асар их үлдэгдэлтэй гэхээр өр төлнө гэхэд ихээхэн эргэлзээ төрүүлнэ. Нөгөө талаар Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй компаниудыг төр өөртөө авсан. Мөнхүү бусад зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийн үлдэгдэл асар их байгаа гэхээр яах юм гэх зэрэг асуудлууд байна.

Төрийн өмчит компаниудаас Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон зээлдэгчдийн тоонд ТОСК, НОСК бий. Тус компани “Буянт ухаа-1”, “Буянт ухаа-2” хорооллыг санхүүжүүлэх зорилгоор 2015, 2016 онд хоёр удаа нийлээд 143 тэрбум төгрөгийн зээл авсан. Уг зээлийг анх гаргахдаа арилжааны чиглэлээр гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийж, орон сууц баригдсаны дараа Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын Засгийн газар дамжин, орон сууцнуудынхаа нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгосон бол нөгөө хэсгийг зүгээр олгочихсон байдаг.

Харин уг асуудлыг хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Ийм байдлаар төлүүлээд явна гэдэг худлаа” гэдгийг хэлж байж. Туйлын үнэн. Анхнаасаа ипотек ч юм уу, ямар нэгэн зээлийн эргэн төлөгдөх нөхцлөөр гараагүй учраас энэ их өр одоо болтол төлөгдөөгүй хэрэг. Тэр ч бүү хэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Буянт-Ухаа хороололд зориулж гаргасан зээлийг төсөвт тусгаад Хөгжлийн банкны зээлийг төлүүлэх тухай” тогтоол гаргаж байсан ч төсөвт тусгасан үүргээ биелүүлээгүй үлдсэн ийм л өр аж. Тиймээс зургаадугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар төр үүргийнхээ дагуу төлбөрөө хийгээд явах уу эсвэл энэ банкийг дампууруулах уу гэдэг сонголтод тулсан хэрэг.

Ингэхдээ цаашид Н.Алтанхуягийн Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатай, Хөгжлийн банкаа дампууруулчихгүйгээр бага багаар төлөөд явъя. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр үүнийг төлүүлэх арга хэмжээ авна гэдэг агуулга бүхий зүйлийг хэлэлцэж, эцэст нь ТОСК, НОСК-аар  төлүүлэхээр шийдвэрт хүрсэн. Өрөө төлж чадахгүй долоон жил болсон энэ компани өдгөө Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлнө гэхэд ихээхэн эргэлзээтэй. Энгийнээр харахад л нэгэнт боломжгүй зүйл болсон.

Мөн Хөгжлийн банкны нэг томоохон зээлдэгч нь “Эрдэнэс Монгол” компани. Тус компани 117 тэрбум төгрөгийн өр тавьсан. Засгийн газрын хуралдаанаар тус компанийн тавьсан өрийг “Эрдэнэс Тавантолгой” компаниар төлүүлнэ гэсэн шийдвэр гаргаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Энх-Амгаланд үүрэг болгожээ. Төсөвт томоохон хөрөнгө төвлөрүүлдэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн 85 хувийг төр, 15 хувийг иргэд 1072 хувьцаагаар дамжуулан эзэмшдэг гэдгийг иргэн бүхэн мэднэ. Иргэдийн эзэмшиж байгаа 15 хувь руу хальтирч орохгүй төлнө гэсэн баталгаа хаана байна. Яагаад гэхээр 2022 оны төсөвт “Эрдэнэс Тавантолгой” компаниаас орж ирэх нүүрсний мөнгийг яг таг суулгачихсан. Хэчнээн хэмжээний тонн нүүрс экспортолж, түүнээс орж ирсэн мөнгийг юунд зарцуулах вэ гээд бүгдийг нь хууль болгоод баталчихсан зүйл. Нөгөө талаар манай нүүрсний экспорт хаашаа ч үгүй гацаатай, хятадууд хэзээ хилийнхээ урсгалыг бүрэн нээх нь тодорхойгүй байгаа нь бүр ч эргэлзээ төрүүлнэ.

Мөн зээлдэгчдийн тоонд МИАТ компани 1.3 тэрбум иенийн зээл авсан. МИАТ нь “Boeing 767-300ER” онгоц худалдан авах зориулалтаар Хөгжлийн банкнаас зээл авчээ. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банкинд хувьцаа эзэмшүүлэх замаар шийдвэрлэх тогтоол гарсан. Зээлээ төлөх өндөр магадлалтай нь МИАТ бөгөөд тэд Монгол төгрөгөөр 25 орчим тэрбум төгрөгийг 2017 онд аваад өдгөө 15 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 

Засгийн газрын тухайн өдрийн хуралдаанаар хэлцэгдсэн компаниудаас гадна өндөр хэмжээний зээл авсан олон компани бий. Эдгээрийг тухайн хуралдаанаар огт дурдаагүй гэхээр төсвийн хөрөнгөөр буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэсэн ойлголт төрж байна. Тухайлбал, Монголын газрын тос боловсруулах үйлдвэр 2018 онд 158.7 тэрбум төгрөгийн зээл авч, одоогийн байдлаар үлдэгдэл нь 203 тэрбум төгрөг бий. Үүнийг 2025 онд ашиглалтад орох үйлдвэр чухам юугаараа хэзээ төлөх юм гэхээр төсвийн мөнгөөр төлнө гэсэн үг. Мөн ДЦС-4 төрийн өмчит компани 2018 онд 76,6 сая еврогийн зээл авсан, өдгөө үлдэгдэл нь монгол төгрөгөөр 244 тэрбум байна. Байнга алдагдалтай ажилладаг энэ компани ч зээлээ өөрийн хөрөнгөөр төлнө гэдэгт ихээхэн эргэлзээтэй.

Үүнээс гадна нэг том асуудал бий. Тэр нь Хөгжлийн банкнаас зээл авсан зарим компаниудыг төр өөртөө авсан. Үүний тухай уг хуралдаанаар огтхон ч дурдсангүй. Тухайлбал, төр өөртөө аваад байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр байна. Ганцхан жишээ дурдахад “Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөртэйн ордыг менежментийн хувьчлалаар авсан. Үүний дараа Төмөртэйн ордоос төв төмөр зам руу төмөр тавих концессийн эрх авсан юм. Гэрээний дагуу өөрийн мөнгөөрөө барих тэрхүү төмөр замаа барихаар Хөгжлийн банкнаас 192 тэрбум төгрөгийн зээл авсан. Төмөр замаа ч бариагүй, 2014 оноос хойш нэг ч төгрөг төлөөгүй. Үүнийг төр хэрхэн шийдэх юм. Үүний эзэн “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгийг хорьж шалгаж байгаад сулласан гэх зэргээр үйл явдал өрнөж байна. Энэ мэт зүйлээс харахад төрийн өмчит компаниуд өөрийн хөрөнгөөр зээлээ төлнө гэх ямар ч найдвар алга. Ганц боломж нь татвар төлөгчдийн халаас руу гараа дүрэх л үлдэж байна. Эс тэгвэл Монгол Улсын зээлжих зэрэглэл олон улсад буурна.

Яахав, тухайн өдрийн хуралдааны эцэст Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй, зээлийг зориулалтын бусаар ашигласан, зээлийн гэрээ зөрчсөн зээлдэгчдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах, төрд учирсан хохирлыг нэхэмжилж барагдуулах, гэм буруутай этгээдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох бүхий л арга хэмжээг зохих журмын дагуу авч хэрэгжүүлэхийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ж.Ганбат нарт даалгажээ.

Уг нь бид Хөгжлийн банкны чанаргүй зээлийн ийнхүү шийдвэрлэсээр банкны үйл ажиллагаа сайжирч, зээлжих зэрэглэл дээшлэхээр олон улсад нэр хүнд өсөх, цаашлаад Засгийн газрын баталгаа бүхий “Самурай” бондын төлбөрийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулах гээд олон талын ашигтай гэх зэрэг санаа нь сайхан ч хэрэгжих эсэх нь даанч эргэлзээтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top