Зам тээврийн осол бол санамсар болгоомжгүй байдлаас үүддэг гэмт хэрэг хэмээн цагдаа, хууль хүчний байгууллагынхан үздэг. Энэ утгаараа зам тээврийн осол гаргасан жолоочийг шийтгэхдээ аль болох хүнийг санаатай алах гэмт хэргээс хөнгөн ял ногдуулахад манай улсын хууль дүрэм чиглэсэн байдаг. Гэсэн ч энэ хэрээр жолооны хүрд барьж буй иргэн бүрд маш том хариуцлага, итгэл найдвар оноогддог юм. Та машины хүрд бус өөрийн хийгээд өрөөлийн амь насны жолоог атгаж байгаа гэсэн үг.
Мөн замын хөдөлгөөний хууль дүрмийг иргэд ихэвчлэн жолоочид л хамаарах зүйл гэж эндүүрдэг нь бага насны хүүхэд хохирсон зам тээврийн осолд өртөх шалтгаан болдог байна. Учир нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөвхөн жолооч бус явган зорчигч, бага насны хүүхдээ асран хамгаалах эцэг эх, тээврийн хэрэгсэлд зорчиж буй иргэн гээд бүгд дагаж мөрдөх ёстой.
Улмаар бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас өнгөрсөн онд нийслэл хотод 183 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Мөн тэдгээрийн дотор 10 хүртэлх насны 53 хүүхэд замын хөдөлгөөнд явганаар оролцож байхдаа осолд орсон байна. Осолд өртсөн хүүхдүүдийн 22 нь харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон дүн мэдээг Улсын ерөнхий прокурорын гаргасан судалгаанд тусгажээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 дугаар зүйлд зааснаар Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээдэг. Үүнд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэж заажээ. Тоо баримт дэлгэе. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 22.482 зам тээврийн осол бүртгэгдсэний 19.218 буюу 85.4 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн нь 2020 онтой харьцуулбал 705-аар буюу 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж. Түүнчлэн өнгөрсөн онд улсын хэмжээнд зам тээврийн ослоор нас барсан 383 хүний 13.3 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд байжээ. Энэ нь 51 хүүхэд амиа алдсан гэсэн үг.
Мөн тэдгээр хүүхдийн 21.6 хувь нь нийслэл хотод гарсан зам тээврийн осолд өртөж нас барсан аж. Энэ харамсалтай тоо жилээс жилд өсөж буй нь тээврийн цагдаагийн алба хаагчид, эцэг эхчүүдийн санааг зовоосоор байна. Дээрх бүх ослын 97.9 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэйг Тээврийн прокурорын албанаас эцэслэн тогтоожээ. Үлдсэн хоёр хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.1 хувь нь замын нөхцөлөөс шалтгаалсан байна. Түүнчлэн прокурорын байгууллагаас гаргасан судалгаанд жилийн аль саруудад зам тээврийн осол ихсэж байгааг бүртгэхэд 10-12 дугаар сард хамгийн их осол гарсан байгаа аж. Эндээс анхаарал татах зүйл нь замын эвдрэл, гэмтэл зам тээврийн осолд бага гэлтгүй нөлөө үзүүлсээр байгаа явдал юм. Нийслэлийн хэмжээнд гарсан зам тээврийн осол 10-12 дугаар сард хамгийн их бүртгэгдэж буй бол эсрэгээрээ орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь 6-9 дүгээр сард бүртгэгдсэн байна.
СОГТУУ ЖОЛООЧИЙН "ХАР МӨР"
Хүүхэд өртөж хохирсон 176 зам тээврийн ослын 68.7 хувийг жолоочийн буруутай үйлдлээс болсон гэж үзжээ. Харин үлдсэн 31.3 хувийг замын хөдөлгөөнд явганаар зорчигч насанд хүрээгүй хүний буруутай үйлдлээс болсон осол эзэлсэн байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн жолоочийн буруутай үйлдлийн байдлыг жагсааж үзвэл явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүй хэрэг хамгийн их хувийг эзэлжээ.
Цагдаа нарын хэлж буйгаар гарцаар гарах гэж завдан зогсож буй хүүхдийг харсан ч анзааралгүй хурдаа хасалгүй явсаар мөргөж, эрүүл мэнд болон амь насыг нь хохироосон хэрэг их гардаг нь замын хөдөлгөөний соёлтой салшгүй холбоотой гэнэ.
Үүний ардаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас хүүхэд мөргөсөн тохиолдол нэг жилийн дотор 22 гарчээ. Мөн гарцтай хэсгээр явган зорчигчийг зорчиж байхад зам тавьж өгөөгүй 19, тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс дээш хурдтай явсан долоон осол бүртгэгджээ. Түүнчлэн хороолол доторх замд явган зорчигчид зам тавьж өгөөгүй осол дөрөв бүртгэгдсэн байна.
Сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэхэд, өнгөрсөн оны тавдугаар сард 8-9 орчим насны хоёр найз байрныхаа урд байрлах тоглоомын талбайд тоглохоор гэрээс гарчээ. Байрны урд талын машин замын тэн хагаст нь автомашин байршуулсан тул машины өндрөөс бага нуруутай хүүхдүүд эсрэг урсгалаас ирж буй ачааны машиныг харалгүй гүйжээ. Тэднийг гүйж байх замд нэг нь ачааны машинд мөргүүлж гэмтсэн байна. Энэ хэргийг шийдвэрлэхдээ жолоочийн буруу гэж үзээгүй бөгөөд нарийн давчуу замд байрлуулсан машины цаана хүүхэд зогсож байгаад гэнэт гүйсэн, хэмжилт хийхэд жолооч хурдаа хасах хэмжээний хугацаа байгаагүй гэх зэргийг үндэслэж хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хохирогч хүүгийн эцэг эхийг хүүхдээ замын хөдөлгөөнд ганцаар нь оролцуулсан хэмээн торгожээ. Үүнээс гадна осолд өртсөн хүүхдүүдийн цагдаад өгсөн мэдүүлгийн хамгийн өр өвдмөөр хэсэг нь машинд мөргүүлсэн даруйдаа зугтааж гүйсэн явдлаа тайлбарласан нь байдаг.
Тэд ихэвчлэн “Ээждээ загнуулна гэж айсан болохоор машинд мөргүүлсэн ч шууд зугтаасан. Хэрэв хүнд гэмтсэн байвал ээж загнаж, зодно шүү дээ” хэмээн мэдүүлдэг байна. Ингээд бодохоор бид үр хүүхдээ юм бүхэнд буруутгаж, загнаж байдгаа багасгахгүй бол осолд өртөж цочирсон хүүхэд ч ээж, аавдаа зэмлүүлэхээс айхаа урьтал болгосон хэвээр. Уурлаж, зандчиж байхаас илүү учирлаж тайлбарлан, зам гарахдаа яаж болгоомжтой зорчихыг заах нь тун чухал ажээ.
ШИНЭ ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГТ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БАЙНА
Манай улсад сүүлийн үед импортоор орж ирж буй Суррон маркийн цахилгаан дугуй “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” /MNS 4598:2020/ стандартын 13-д заасан мотоциклд тавих техникийн шаардлагыг хангахгүй байгаа аж. Тиймээс уг тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах боломжгүй бөгөөд зөвхөн зориулалтын тусгай талбайд унах боломжтой байна. Гэсэн ч урин дулааны улирал эхэлснээс хойш хаа сайгүй энэ төрлийн цахилгаан дугуйг унасан хүүхэд залуус олширчээ.
Нийслэлд гэмт хэргийн шинжтэй 980 гомдол, мэдээлэл хүлээн авснаас мотоцикл, мопед, Суррон /цахилгаан дугуй/, унадаг дугуй, скүүтертэй хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осолд өртсөн гэх гомдол, мэдээлэл 57 бүртгэгдсэн байна. Мөн хүүхэд зам тээврийн ослын улмаас хохирсон тохиолдлын 4.9 хувь нь унадаг болон цахилгаан дугуйгаар замын хөдөлгөөнд зорчигч эзэлсэн. Угтаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.1.“Тээврийн хэрэгсэл” гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг ойлгоно гэж заасан байдаг.
Техникийн хүчин чадал нь мопедоос их буюу дөрвөн кВт-аас их чадалтай цахилгаан хөдөлгүүртэй бол уг тээврийн хэрэгслийг мотоцикл гэж үздэг байна. Харин манай улсад сүүлийн үед импортоор орж ирж, хүүхэд залуусын дунд “тренд” болж буй Суррон дугуйн техникийн хүчин чадал нь 5.4 кВт аж. Тиймээс уг тээврийн хэрэгслийг мотоцикл хэмээн үзэх юм бол жолоодож буй этгээд нь “А” ангиллын үнэмлэхтэй, 18 насанд хүрсэн байхыг шаардах юм. Гэвч хуулийн хариуцлага хүлээх 16 насанд ч хүрээгүй хүүхэд залуус суррон дугуй унаж яваад осолдох, бусдыг гэмтээх явдал бүртгэгдсээр байна. Үүнд хүүхэддээ тээврийн хэрэгсэл авч өгсөн бол жолооны сургалтад суулгах, насанд хүрсэн үед нь жолоодуулах гэх мэт асуудлыг зохицууулаагүй, хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байгаа эцэг эхчүүдийг буруутгаж, торгоод өнгөрөх зохицуулалт л байгаа аж.
Харин Суррон дугуй нь техникийн хүчин чадал бага буюу мопедтой адил бол 16 насанд хүрсэн иргэн жолоодох зөвшөөрөлгүй унах эрхтэй ба ингэхдээ авто замын хөдөлгөөнд оролцохгүйгээр зөвхөн дугуйн замаар явах ёстой байна. Түүнчлэн унадаг дугуй, мопед, скүүтэр, Суррон дугуй зэргийг унаж байхдаа гарцаар гарах бол тээврийн хэрэгслээ түрж өөрөө явганаар зорчих ёстойг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан байдгыг иргэд тэр бүрчлэн мэдээд байдаггүй гэнэ. Үүнээс болж гарцаар гарах үедээ өөрөө машинд мөргүүлэх, бусад явган зорчигчдыг гэмтээх тохиолдол гардаг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Жолооч нар хэтэрхий анхааралгүй юм аа намайг гэр лүүгээ явахад 1-р ангийн хүүхэд ганцаараа сургууль руугаа явж байдаг яагааад ганцаараа явж байгаа юм бэ гэхэд ээж аав маань намайг яв гэдэг юм гэж хэлсэн би гэр лүүгээ явж байсан ч тэр хүүхдийг сургууль руу хүргэж өгсөн