Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, Монгол Шевро компанийн бөх, Их Богд дэвжээний багш, дасгалжуулагч Монгол Улсын харцага Д.Батболдыг “Миний ээж” булангийн зочноор урилаа.
-Наадам дөхсөн цаг зав хомс үед бидний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжийн нэг нь ээжтэйгээ хамт үзсэн наадам гэж олон хүн хэлдэг. Ээжтэйгээ хамт үзсэн анхны наадмынхаа тухай дурсахгүй юу?
-Юуны өмнө танай редакцын хамт олон, уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Ээжийнхээ тухай ярьдаг танай сонины энэ сайхан буланд уригдсандаа баяртай байна. Би сонин, сэтгүүл, телевиз гээд хэвлэлийнхэнд олон удаа ярилцлага өгч байсан. Ээжийнхээ талаар төдийлөн ярьж байгаагүй юм байна. Тэд ч бас асууж байсангүй. Ээжийн минь тухай ярилцана гэдгийг сонсоод дуртай зөвшөөрлөө. Миний ээж хүн болгоны ээжтэй адил үр хүүхэд бидэндээ агуу, сайхан, бурхан ээж.
Биднийг төрүүлж өсгөж, өдий зэрэгт хүргэсэн ачтан буянтан. Анх удаа ээжтэйгээ үзсэн наадам бол манай сумын наадам. Тухайн үед аав минь сумынхаа бөхийн барилдааныг тайлбарладаг, наадмаар бөхийн асар руу ороод суучихдаг сан. Бид аавын наагуур, цаагуур гүйлдэж, ээждээ хөтлүүлээд хуушуур, ундаа, чихэр жимс эргүүлж явсан нь санаанд үлджээ.
-Танай аав, ээж хоёр Баянхонгорын Баянбулаг сумын хүмүүс үү?
-Аавыг маань Дэмбэрэлийн Даш-Очир гэдэг Бууцагаан сумын хүн. Ээж минь Баянбулаг сумын уугуул Сандагийн Оюун гэж хүн бий. Тухайн үед аав маань Бууцагаан сумандаа долоон жилийн сургууль дүүргэж, хотод ирж холбооны чиглэлээр суралцан мэргэжил эзэмшиж, цэргийн алба хаасан. Социалист нийгмийн үед ямар нэг мэргэжил эзэмшсэн боловсон хүчин, алба хаагчдыг хуваарь өгч томилж явуулдаг байсны дагуу Баянбулаг сумд очиж холбооны салбарт ажиллаж байхдаа ээжтэй танилцаж гэр бүл болсон гэдэг.
Тийм болохоор бид Баянбулаг суманд төрсөн. Тэр үед сум болгонд Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар гэж одоогоор бол цогц үйлчилгээний төв байсан. Монгол гутал хийнэ, хүүхэд том хүний хувцас оёно. Дотроо гуталчин, үсчин, гэрэл зурагчин ажиллана. Ээж минь тэнд эсгүүрчин, оёдолчин хийж байсан. Ээжийнхээ ажил мэргэжлийн буянаар бид дандаа шинэ дээл өмсөж өссөн. Түрүүчийн дээл хуучраагүй байхад дараагийнхыг нь оёж өгнө.
Манайх аавын ажлыг дагаж, хаашаа томилогдоно тийшээ нүүдэг байсан болохоор бид Баян-Овоо, Бууцагаан гээд аймгийнхаа гурван ч сумыг дамжиж өссөн. Баян-Овоо суманд байх үед ээж минь нэгдлийн сүү, цагаан идээг боловсруулдаг “Үйлдэхүүний тасаг”-т ажилладаг байлаа. Айлуудаар явж сүүгээ татаж авчраад, түүнийгээ борлуулан сумын иргэдэд худалдаж, мөнгийг нь нэгдэлд тушаана. Бид хичээл тараад ээжийн ажил руу гүйж очно. Тэнд чихэртэй, чихэргүй ааруул, өрөм, ээзгий, сүү тараг бялхаастай. Гол нь тэр рүү нь бид гүйлддэг байлаа.
-Аав, ээжээс хэдүүлээ вэ?
-Бид аав ээжээс зургуулаа, тав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Би дээрээ нэг ахтай, дороо дөрвөн дүүтэй, айлын хоёр дахь хүү. Ээж минь дөрвөн хүү дараалан төрүүлсэн, тэгээд охин дүү маань мэндэлсэн бол отгон нь хүү төрсөн.
-Бөхийн удам аав, ээж хоёрын чинь хэнийх нь талд байна?
-Манай ээжийн талд давамгай бий шүү. Хамаатан, садангууд нь тэр чигээрээ бөхчүүд. Ээжийн аав, бидний өвөө Дамдинсүрэнгийн Сандаг гэж сумын заан хүн байсан. Зарим нь “Агент” Сандаг гэлцдэг. Сумын агент буюу одоогоор бол малчдад зориулсан нүүдлийн худалдааг олон жил хариуцсан. Залуудаа барилдаж байгаад сүүлдээ морь уядаг болсон. Би өвөөгийн хурдан морийг олон жил унаж айраг, түрүү авсан. Ээжийн ээж буюу бидний эмээгийн төрсөн ах нар аймаг, сумын цолтой дөрвөн бөх байсан. Сумын наадам болоход тэр дөрөв шөвгийн дөрөвт үлддэг. Эдэн дээр ээжийн төрсөн, ах дүүс мөн дөрвөн бөх байсан. Бид тэдний яг хажууд барилдах, ноцолдохоос эхлээд бүгдийг харж, мэдэрч өссөн. Аавын тал арай цөөвтөр гэхдээ бөхийн удамтай, аймаг, сумын цолтой бөхчүүд бий. Тийм болохоор бид удам залгасан бөх. Таван эрэгтэйгийн гурав нь бөх болсон. Хоёр дүү маань аймгийн арслан Д.Энхбат, аймгийн харцага Д.Батсүмбэр гэж бөхчүүд бий. Энэ жил зодоглоно. Д.Энхбат дүү маань надтай насаар ойролцоо. Тийм болохоор олон жил хамт барилдлаа. Бид хоёр заал, танхимын олон барилдаанд хамт шөвгөрч, сайхан барилдаж ирсэн дээ.
-Хэдэн настайгаас үндэсний бөхөөр хичээллэв?
-Би 18 настайдаа бөхийн спортод хөл тавьсан. Аравдугаар анги төгссөн намар аав гэртээ ажил төрлөө хийж үлдээд, ээж намайг дагуулан хотод ирсэн юм. Тэгээд намайг хөтлөн анхны дэвжээн дээр минь аваачиж өгсөн. Тэр бол Баянзүрх дүүргийн биеийн тамир, спорт хороо. Тэнд аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэв гэж миний анхны багш намайг тосож авсан. Хүүгээ шавь оруулж өгөөд, хүн хийгээд “Үүнийг зараадхаарай” гэж багшид өгсөн байсан болов уу шинэ зодог шуудаг байсныг 15 мянган төгрөгөөр худалдаж авч өгчихөөд нутаг руугаа буцсан. Тэгэхээр намайг бөхийн замд оруулж өгсөн хүн ээж минь юм даа.
-Бөх рүү орохоос өмнө юу сонирхдог байв?
-Хүүхэд байхдаа бурхны ном үздэг байлаа. Дөрөвдүгээр ангиас аравдугаар анги төгстлөө сумынхаа хийдэд зургаан жил шавилсан. Хичээлдээ явахын зэрэгцээ давхар ном, судар цээжилнэ. Өглөө зургаан цагт ээж минь намайг дуудаж сэрээгээд хоёулаа ном, судраа тэврэн нуурын эрэг, эсвэл сургуулийн биеийн тамирын талбай дээр очно. Ээж минь миний номыг уншуулж, цээжлүүлж, давтуулж шамдуулна. Түүгээр хүүгийнхээ ухааныг нэлээд тэлж өгсөн байх. Хичээлээ хийгээд хажуугаар нь бурхны ном судалж, цээжлэхээр ядардаг байсан шиг байгаа юм. Хааяа “Миний хүүгийн нүдний доогуур хөхөрчихөж” гээд шар тосонд хуушуур хайрч өгч, бүлээн жин тавьж асарч тойлно.
Номтой хүн болгох гэж, ухаантай хүн болгох гэж, зөв хүн болгох гэж их л хичээсэн байх. Би тэр үед юу мэдэх вэ, жаахан байсан болохоор ингэх л ёстой юм байна гэж бодож явсан. Аравдугаар анги төгссөн намар хотод анх ирэхдээ уг нь Шашны дээд сургуульд орох байснаа үндэсний бөх рүү орчихсон юм шүү дээ.
-Урам авсан анхны барилдаан, наадам хаана, хэдэн оных байв?
-1997 оноос анх бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн. Эхлээд хэцүү байсан. Бөхийн амьдрал мэдэхгүй, бэлтгэл сургуулилт хийж үзээгүй тул их ч ядарна. Тэр үед надаас дүү хүүхдүүд ч, үе тэнгийнхэн ч олон байсан. Надаас өмнө орсон сайн барилддаг хүүхдүүд ч бас байсан. Тэдэн дунд нэг л дасаж өгөхгүй жил тойрсон. Гэхдээ эхний үеийг бодвол сайжирсан. Ямар ч байсан энэ замаар явахад болох юм байна гэж өөрийгөө мэдэрч, ойлгож, сумандаа очоод барилдахад цол авчих хэмжээнд очсон. 1998 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургууль нээлтээ хийхэд элсэн орсон. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, аймгийн арслан Т.Занданбат бид нэг анги, нэг төгсөлтийнхөн.
Яривал олон сайхан бөх бий. Манай дээд болон доод талд хэн байв гэвэл улсын харцага М.Батжаргал, Улсын начин Б.Сэр-Од гээд нэрлэвэл “Шонхор”-ынхон зөндөө. Бүгдтэй нь бэлтгэл дээр ч, заал танхимын барилдаанд хамт барилдаж, хамтдаа өсөцгөөсөн. “Шонхор” сургуулийн босгоор анх ороход жүдо бөхийн спортын мастер Н.Дорждагва багш биднийг тосож авсан юм. Манай үеийнхэн Дагваа багшийн бүсний амтаар нэлээд хүмүүжсэн, их ч юм сурсан. Нэгдүгээр курст байнгын дасгал сургуулилт хийсэн учраас тэр үү, би зуны амралтаар сумандаа очиж 1999 оны долоодугаар сарын 8-нд I багийн наадамд барилдан үзүүрлэсэн юм. Хаячихаар юман дээр жижигхэн алдаа гаргаснаас унасан. Уг нь түрүүлчихээр байсан. Тэндээс өөртөө дүгнэлт хийж, гурав хоногийн дараа сумынхаа наадамд түрүүлж заан болсон. Энэ бол анхны урам авсан наадам. 2000 онд аймгийнхаа наадамд үзүүрлэж, аймгийн заан болж байлаа.
-Тэр үеийн заал, танхимын барилдаануудад сайн барилдаж байсан. Тэр тухай дурсвал?
-Тэр үед Анагаахын дээд сургуулийн зааланд аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болдог. Спортын төв ордонд улс, аймгийн цолтнуудын барилдаан болдог байсан. Удалгүй Бөхийн өргөө баригдаж, бүх барилдаан тэнд болдог болсон. “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд суралцаж байх явцад Бөхийн өргөө рүү очиж аймаг, цэргийн болон улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд барилдахаас гадна сар бүр сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг байсан 256 бөхийн барилдаанд зодоглодог байсан.
Бөхийн чиглэлийн сургууль учраас цолтой бөхчүүд олон. Ид барилдаж байгаа аймгийн цолтой бөхчүүд олноороо суралцаж байсан үе. Аймаг, цэргийн цолтнуудын Бөхийн өргөөнд болдог барилдаанаас дутахааргүй чансаатай барилдаан болно. Түүнд би олон түрүүлж, үзүүрлэсэн. Манайх тэр үед Дэнжийн мянгад байсан юм. Маргааш ийм хичээлтэй, тэнд барилдаантай, орой төдөн цагт ирнэ гээд ээждээ хэлнэ. Өглөө босоход хоол хийгээд тавьчихсан байна. Тэрийг нь идээд, үлдсэнийг нь саванд хийгээд явдаг байлаа.
-Улсын наадамд анх зодоглохдоо гурав давж, дараа жил нь дөрөв давж даваагаа бататгасныг санаж байна. Ямар сургамж, туршлага авч байв?
-Анх улсын наадам 2001 онд их сүр дуулиантай, олон том бөхчүүд барилдаж, сүрдэж сандарсан байдалтай болсон. Би аймгийн заан цолтой барилдаж гурав давсан. Дөрвийн даваанд Улсын дархан аварга Г.Өсөхбаярт унасан. Аварга тэр үед улсын заан цолтой байсан юм. Тэр наадамд А.Сүхбат аварга түрүүлж байлаа. Улсын наадмын дараа манай аймгийн 60 жилийн ой тохиож, би түрүүлж арслан цолд хүрсэн.
Дараа жил нь аймгийн арслан цолтой улсад зодоглож дөрөв давсан. Тавын даваанд М.Жамъянпүрэв начинд унаж байлаа. Тэндээс өөрийгөө улсын цолтой бөх болох юм байна. Надад тийм боломж бүрэн дүүрэн байгаа юм байна. Болох болохдоо улсын өндөр цолтой бөх болох боломж надад байна гэдгийг ойлгож, мэдэрч, урамшихын зэрэгцээ бас жаахан шар хөдөлсөн. Яагаад гэвэл би 1999 онд сумын заан, 2000 онд аймгийн заан, 2001 онд аймгийн арслан, 2002 онд улсад дөрөв давж начны даваанд тулж очсон.
-Тэр бол Монголын үндэсний бөхөд “Зургаан залуу зааны үе” гэж ид мандаж явсан он жилүүд мөн биз?
-Тэгэлгүй яах вэ, зургаан зааны ид гарч ирж, хэн нь түрүүлэх вэ гэж хүч үзэж байсан үе.
-Улсын цолд их удалгүй хүрэхэд юу бодогдсон бэ?
-2005 оны наадмаар улсын начин цолд, 2009 оны наадмаар улсын харцага цолд хүрсэн. Тэр үед би улсын заан болно гэж хүсэж явсан. Гэвч улсын харцага цолд хүрлээ. Үүнд хүнд бэртэл гэмтэл авсан минь нөлөөлсөн. Эмчилгээ хийлгэж, мэс засалд орж нэлээд удаан явсан. Тэр хооронд нас ч явлаа. Одоо бол ид барилддаг үе бараг л өнгөрөөд, багш, дасгалжуулагчийнхаа ажлыг түлхүү хийгээд явж байна.
-МҮБХ-нд ямар чиглэлээр сонгуульт алба хашиж байгаа вэ?
-МҮБХ-нд тэргүүлэгч гишүүнээр 2021 онд сонгогдсон. Мөн МҮБХ-ны барилдааны жаяг дэгийн багт орж, барилдааны ерөнхий цэцээр ажиллаж, үндэсний бөхийн халуун тогоон дотор бүхий л ажлыг нь хийгээд явж байна.
-Дээр нь та Баянхонгор аймгийнхаа бөхийн дэвжээг тэргүүлж, жил болгон наадмын галыг ахлан бөхчүүд, шавь нартаа зааж зөвлөж ирсэн. Энэ ажлаа үргэлжлүүлж байна уу?
-Баянхонгор аймгийн бөхийн гал одоогоос 20 жилийн өмнө буюу 2002 оны зургаадугаар сарын 18-ны өдөр анх үүссэн түүхтэй. Анх үүсгэн байгуулсан хүн нь самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн нэрт тайлбарлагч, Улсын начин Ш.Чанарав гэж гайхамшигтай сайхан бөх байлаа. Ш.Чанарав багш маань тэр үед “Баянхонгорын бөхчүүд нэгдэж гал болж гарах цаг болсон” гээд зургаадугаар сарын 18-нд бүгд Тэрэлж рүү явна. Өглөө 09.00 цагт Спортын төв ордны гадаа ирээрэй гэсэн үүрэг чиглэл өгсөн.
Тэр үед Хонгор нутгийн 10-аад бөх цугласан. Улсын гарьд П.Сүхбат, улсын начин Д.Доржбат, аймгийн арслан Л.Жанцандорж болон миний бие, аймгийн заан Б.Батгэрэл, Т.Эрдэнэтуул, залуу бөх Д.Энхбат, Г.Мөнхбаяр, Д.Батбаяр, Р.Дамдин гэсэн бүрэлдэхүүнтэй. Ингээд бид Тэрэлжид байрладаг, Баянхонгорын Заг сумын уугуул Н.Бямбасүрэн захирлын “Тэрэлж жуулчин” амралтын газарт нэгдэж нийлсэн түүхтэй. Багшийнхаа анх санаачилж, үүсгэн байгуулсан бөхийн энэ галыг таслалгүй үргэлжлүүлэн авч явна гэсэн итгэл сэтгэлээр 20 жил зүтгэж байна.
Энэ хугацаанд манай галаас олон сайхан цолтой бөхчүүд төрсөн. Улсын харцага цолтон гэхэд надаас гадна Н.Золбоо байна. Улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү, улсын начин Ж.Чулуунбат, Д.Цэрэнтогтох нар байна. Түүнээс урагшаа 2006 онд улсын начин цол хүртсэн Б.Сэр-Од, Б.Баянжаргал нар байна. Аймгийн заан, начин, сумын цолтонгууд бол жил болгон нэмэгдэж ирсэн. Би бөхийн галыг яг өөрөө ахалж эхэлсэн нь 2006 оноос эхтэй. 2005 онд улсын начин болж, тэр цагаас эхлэн бөхийн галыг ахалсан. Тэр үед манай аймгийн том цолтой бөх П.Сүхбат ах маань АНУ-д ажиллаж, амьдрахаар явчихсан байсан юм. Сүүлд эх орондоо ирээд хэсэг хугацаанд галаа ахалсан. Харамсалтай нь бурхны оронд одож, орон зай нь одоо ч бидэндээ үгүйлэгдсээр байна.
-Бөхчүүд бол монгол ёс заншил, үндэсний өв уламжлалын дархлааг хадгалж ирсэн хүмүүс. Үүн дээр аав, ээжийн чинь захиас сургаал том ухаан, ухаарал болж шингэсэн байх?
-Таван бандитай айл гэдэг чанга. Тоглож байна гээд гэр орныг бол буулгаж өснө шүү дээ. Сумын төвд таван ханатай гэрт байлаа. Аав, ээж хоёрыг ажилдаа явахтай зэрэг хичээлдээ гүйцгээнэ. Ээж өглөө явахдаа өдөр хичээл тарж ирээд идэх хоол, ундыг бэлдээд орхино. Хагас, бүтэн сайн өдөр боорцог хайраад 10 литрийн хувин дүүргэж, том цагаан түмпэнд овоолон хийгээд тавьчихна. Өнөөхийг нь дараагийн хагас, бүтэн сайн хүргэлгүй дуусгана. Орж ирээд цайнд хөшиглөж иднэ, өвөртөлж гараад тоглохоор явна. Аав, ээжийн эзгүйд хоймрын ширээг холдуулж тавьж байгаад гэрийнхээ хойморт түчигнэтэл барилдана. Олон дээлний суга ханзалж, орос бакал олныг урсан.
Ээлжилж хашааны үүд рүү гүйгээд аав, ээж хоёрын ирж яваа эсэхийг харж байгаад гудамжны үзүүр ороогоод ирж явна гэвэл бушуухан гэрээ цэгцлээд, хоймрын дэвсгэрийг ус шүршиж байгаад тоос манартал шүүрдчихнэ. Аав ээж хоёр минь “Та нар баахан үймүүлж байгаад бид хоёрын бараанаар юм хийж байгаа дүр үзүүлжээ дээ” гэсээр орж ирдэгсэн. Ээж бол биднийг болон айлын хүүхдүүдийг огт загнахгүй, алгадаж гар хүрнэ гэж үгүй. Дандаа аргадаж, ухааруулж сургаж өсгөсөн. Юм асуухаар “Тэг ээ, миний хүү. Харин ингэвэл зүгээр дээ” гэж зөвлөж чиглүүлнэ. Одоо ч бидний үр, хүүхдүүдийг яг түүгээрээ л өсгөөд явж байна. Харин аав бол хааяа бидэнд таван салаа боов өгдөг байлаа. Арга ч үгүй биз, хөвгүүд болсон хойно сахилгагүйтнэ шүү дээ. Аав, ээж хоёр минь намайг бага байхад “Миний хүү чи жаахан хурцдуу хүн шүү. Тайван дөлгөөн байгаарай. Юманд ухаалаг хандаж бай. Зөөлөн бай” гэж их захина. Сүүлд ухаан сууж эхлэхэд “Миний хүү ухаантай. Хийе гэснээ хийдэг. Өөрөө шийдэж бай” гэдэг болсон.
-Ээж чинь наадмаар таны барилдааныг зорьж үздэг үү, эсвэл телевизээр хардаг уу?
-Манайх ах бид хоёрыг хотод ирэнгүүт дагаад Улаанбаатар руу шилжээд ирсэн. 2000 онд хотод ирснээс хойш хамт амьдарч байна. Ээж минь миний барилдааныг үзэж чаддаггүй. Яаж байна гэж асуучихаад сууж байдаг гэдэг юм.
-Ханьтайгаа хэзээ танилцаж гэр бүл болсон бэ?
-“Шонхор” дээд сургуульд сурч байхдаа хувийн хөөрхөн төлөвлөгөөтэй байлаа. Найз охинтой болох болоогүй, эхлээд зорьсондоо хүрэх ёстой. Тодорхой амжилтад хүрч, амьдралаа аваад явчих хэмжээнд хүрсэн үедээ гэр бүл зохионо гэж бодсон. Тэр дагуу гуравдугаар курс төгссөн жилээ аймгийн арслан Р.Дамдин найздаа энэ тухайгаа ярьж, нутаг чигийн бүсгүйтэй гэрлэх бодолтойгоо хэлэхэд найз минь надад 10 жилийн нэг төгсөлтийн найзаа танилцуулна гээд нэг өдөр бэлтгэлийн дараа хөөрхөн охин дагуулаад ирсэн. Тэр нь манай гэргий Ж.Амаржаргал юм. Тухайн үед МУБИС-ийн сэтгүүлзүйн ангийн хоёрдугаар курсийн оюутан байсан. Би тэр үед аймгийн арслан цолтой, сургуулиа төгсөх дөхсөн үе. Анхны уулзалтаар таалагдахыг хичээж, бас нэг барьцны сэжүүр олчих санаатай сургууль хамт төгсөгчдийнхөө тухай яриад байлаа.
Гэтэл би хөдөө суманд 10 жил төгссөн, Амараа маань аймгийн төвийнх, 10 жилийн олон сургуультай, олон төгсөгчтэй тэднийгээ сайн танилгүй яах вэ. Будилсан ч гэсэн ярьсаар байгаад танилцсан. Тэр цагаас хойш зөвхөн гэр, сургууль, бөхийн өргөө, бэлтгэлийн заал, эргээд гэр гэсэн маршруттай байсан хүн дунд нь МУБИС руу гүйдэг болсон. Ээждээ танилцуулахаар очиход юу ч асуугаагүй, харин маш их баярлаж, хацар дээр нь үнсээд надад “Миний хүү ухаантай. Хүнээ таньж нөхөрлөж байгаа байх. Бүх юмаа өөрөө шийд” гэсэн.
Аав бол юм дуугараагүй, явцын дунд ойлгож, зөвшөөрсөн байх. Ингээд тэр жилийнхээ өвөл 2002 оны арванхоёрдугаар сарын 29-нд тусгаар тогтнолын баяраар, одоогоор бол Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан явагддаг өдөр хамт амьдрахаар тусдаа гарч байлаа. Түүнээс хойш 20 жил өнгөрч, гурван сайхан үрийн ээж, аав боллоо. Хоёр охин түрүүчээсээ оюутан болж байна. Хамгийн бага нь хүү, хавар нэгдүгээр ангиа төгсөөд өвөө, эмээ рүүгээ явсан. Ээж минь утсаар ярихдаа “Хүү чинь яг чи юм. Миний хүү багадаа ямар байсан, бие хаа, царай зүс, ааш аяг бүх юм нь адилхан. Яг л чамайг дахиад өсгөж байгаа юм шиг санагдаж байна” гэсэн.
-Ингэхэд аав, ээж хоёрынхоо сургаалиас юуг нь онцолж, амьдралынхаа зарчим болгож ирэв?
-Миний аав, ээж хоёр надад бүрэн дүүрэн итгэдэг. Ээж минь “Миний хүү ухаантай шүү, аливааг дандаа зөв талаас нь хардаг, зөвийг санаачилдаг. Хийе гэснээ хийж чаддаг шүү” гэж дандаа урам өгч, хайрладаг. Ижий минь намайг ингэж урмаар өсгөсөн. Тэр их хайр, надад итгэж байгаа тэр их итгэл, ээжийнхээ над руу харж байгаа итгэл дүүрэн тэр харцыг нь алдчихгүй юмсан. Буруу явж, буруу зөрүү юм ярьж, ээжийнхээ итгэлийг нь алдчих вий, гомдоочих вий гэж алхам тутамдаа бодож, хичээж явдаг. Энэ л миний зарчим юм даа.
-Ижийгээ баярлуулсан мөчүүдийг яривал сайхан дурсамж олон байгаа даа?
-Анх улсын цол аваад гэртээ ирэхэд ээж минь хөл нь газар хүрэхгүй баярлаж, “Овоо доо, миний хүү” гээд үнсэж билээ. Баярын тэр л халуун нулимс, хөөр баяр дүүрэн сайхан мөч одоо хүртэл мартагддаггүй. Тэр л үед би ээжийгээ баярлууллаа даа гэж бодож байсан. Одоо ч гэсэн хүүхдүүд биднийгээ зөв хүн болсныг, зөв зүйтэй явааг хараад ижий минь дотроо баярлаж л суугаа байх.
-Наадмын босгон дээр манай уншигчдад, монголчууддаа хандаж юу хэлэх бол?
-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам болох гэж байна. Амаргүй цаг хугацааг туулсан монголчууд өргөн дэлгэр наадах нь. Өнгөрсөн жил бөхчүүд бэлтгэл сургуулилтаа хийж, баяр наадамдаа зодоглоно гэж бэлдэж байсан. Цаг үеийн байдлаас шалтгаалан наадам жилээр хойшлох Засгийн газрын шийдвэр гарсан. Олон жил энэ спортод сэтгэл зүрхээ өгч барилдаж, жил болгоны наадамд өөрийгөө болон шавь нараа сойж ирсэн хүнд наадамгүй өнжих хэцүү юм билээ. Тэр тусмаа ид барилдаж байгаа сайхан залуус хүнд цохилтод орсон, сэтгэлзүйн хувьд ч хэцүү байдалтай байсан. Өнөөдөр нийтээрээ цар тахлын ард гарч , энх цаг ирлээ.
Монгол түмэн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоо хамтатган хийж, өргөн дэлгэр сайхан наадах гэж байна. Удахгүй болох төрийн их баяр наадамдаа сум, аймаг, улсынхаа түвшинд монгол түмэн минь дэлгэр сайхан наадаж, энх тунх сайн сайхан байхыг ерөөе. Хонгор нутгийнхаа ард түмэнд монгол наадмын сайхан мэндийг өргөн дэвшүүлье. Нутгийн чинь хүү өөрөө барилдахаас гадна нутгаасаа олон сайн бөх төрүүлэхийн төлөө хичээж яваа шүү.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
зөв хүмүүжилтэй өсгөжээ. Заан авахад хэн байг гэхэв шийдсэн ганц мэхээ нууж яваад бэргэж хулгалгүй маш хурдтай шийдэмгий хийхэд хийсэхгүй бөх гэж байдаггүй юм шүү
bayr hurgie
BAYR HURGIE