Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн асуудлыг судалж буй судлаач Д.Оргилболдтой ярилцлаа.
-Улаанбаатар хотыг дахин төлөвлөх шаардлагатайг бүгд л хэлдэг. Гэхдээ судалгаагаар ямар үндэслэлүүд гарч ирж байна вэ?
-Нийслэлийг дахин төлөвлөх олон шалтгаан бий. Улаанбаатар хотод тохиолдоод байгаа олон асуудлын нэг бол хүн амын нягтаршил. Жишээлбэл, XIII хорооллыг авч үзье. Энд хүн амын нягтаршил хэтэрхий их болсон. Өдрийн ихэнх цагт ойр орчмын замууд нь тасралтгүй түгжирдэг. Энэ шалтгааныг ажиглаад үзвэл тус хороололд ихэвчлэн 10 давхраас дээш олон барилгатай. Хүн амын нягтаршил огцом ихэссэн ч одоо болтол тэнд цөөхөн хэдэн зам тавигдсанаас биш хуучны замууд нь хэвэндээ байгаа.
Тиймээс тэр хавийн зам одоогийн хүн амын нягтаршлыг даах боломжгүй болж байна. Гэвч бид зам нэмж бариад түгжрэлийн асуудлыг шийдэх боломжгүй юм. Зам нэмж барилаа ч гол асуудал нь түгжрэлээс үүдэн хүмүүс дахин машин авсаар л байх болно. Түгжрэл нь яг хэвэндээ л байна. Энэ үйл явдал Улаанбаатарын замын түгжрэлд сүүлийн 10 жилийн турш тохиолдож байгаа.
Хүн амын нягтаршлын судалгаа хийж байхдаа Happy City гэх номыг уншсан юм. Энэ номд АНУ-ын хотын бүтцийн талаарх асуудыг дэлгэрэнгүй бичсэн байдаг. Энэ хотын хувьд хэтэрхий тархсан бүтэцтэй. Харамсалтай нь тэр сийрэг бүтэц нь АНУ-ын бэлгэдэл болтлоо хөгжиж байсан ч өнөө үед нийгмийн асуудлыг өдөөж байгаа талаар дурдсан. Мөн сийрэг бүтцээс шинэ бүтэц рүү шилжих ёстой гэсэн асуудал дэвшүүлсэн байсан. Тэр номыг уншиж байхад XIX зууны сүүл үед АНУ-ын хотууд хэтэрхий нягтаршилтай болж, ХХ зууны сүүлээр сийрэгжиж эхэлсэн юм билээ. Үүнээс үзэхэд Улаанбаатар хоттой төстэй зүйл цөөнгүй байсан. Учир нь Улаанбаатар хотын хүн амын нягтаршил улам ихсэж байна. Удахгүй гадагшаа тэлээд эхэлбэл хотын хүн ам буцаад сийрэг болно.
Гол асуудал нь бид хотыг сийрэгжүүлж эсвэл нягтаршуулж байхдаа иргэд амьдрахад таатай хот байгуулалт байна уу гэдгийг асуух шаардлагатай. Учир нь хэтэрхий сийрэг хот байвал сул тал нь хүмүүс нь зожиг болж хувирдаг. Жишээ нь хүмүүс найзуудтайгаа уулзахын тулд, дэлгүүр орохдоо, хурал цуглаанд явахдаа машин унах шаардлага хэтэрхий их гарна. Ялангуяа хүмүүс нас ахих тусам гэрээсээ гарахад асуудалтай байдаг. Энэ бол сийрэг хотын хамгийн том асуудал нь гэж дурдагдаж байсан. Тиймээс энэ номд дээрх асуудлыг зохицуулах, ард иргэд нь амьдрахад хамгийн тохиромжтой хотыг байгуулах ёстой гэсэн санааг хөндсөн байсан.
-Хүн амын нягтаршил ихтэй газруудад замын түгжрэлийг бууруулах боломж байна уу?
-Замын түгжрэлийн бууруулах цорын ганц арга бий. Энэ нь олон төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх аргачлал юм. Замын түгжрэл багатай хотуудын жишгийг харахад зарим хот нь сийрэг эсвэл нийтийн тээврийг сайн хөгжүүлсэн байдаг. Харин нийтийн тээвэр хөгжөөгүй нягтаршил ихтэй хотууд замын түгжрэлд орохоос аргагүй.
-Хотыг шинэчилье гэвэл нэн түрүүнд юуг нь өөрчлөх шаардлагатай вэ?
-Нэн түрүүнд хэрэгтэй зүйл гэвэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн бүтцийг шинэчлэх шаардлагатай. Учир нь нийтийн тээврийн автобус нь зам дээр машинтайгаа хамт түгжрээд байдаг. Иймээс ихэнх хүмүүс автобусаар явах дургүй ч өөр аргагүй тул явсаар байгаа. Харин нийтийн тээврийн асуудлыг шийдье гэвэл метрог автобустай хослуулан ашиглах шаардлагатай. Дэлхийн зарим хотуудын метро барьсан шалтгаан нь өмнө нь трамбай эсвэл автобусаар нийтийн тээврээ шийддэг байсан. Гэвч трамбай, автобус хоёр нь хамт түгжрээд олон асуудлыг бий болгосон учраас метро барьсан байдаг.
-Метро барихад 20-30 метрийн тунель ухаж нүх гаргах ёстой. Ингээд үзэхээр өртөг өндөр, жишээ нь 1 км метроны зам барихад 150 сая ам.доллар орчим болдог. Тэгэхээр метро манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй гэж албаны хүн хэлсэн. Үүнийг яаж шийдэх вэ?
-Улаанбаатар хотод метро барихад хэд хэдэн асуудал бий. Нэгдүгээрт, цахилгааны асуудал. Хоёрдугаарт, доргилтын асуудал хүндээр тулгарна. Жишээлбэл, хотын төвийн 40, 50 мянгатын байрнууд насжилтын хугацаа нь дууссан. Гуравдугаар, одоо байгаа автобусны системийг метротой тааруулан өөрчлөх шаардлагатай. Энэ мэт асар олон асуудлыг шийдэхийн тулд манай улсад их хэмжээний төсөв мөнгөний дарамт бий болно. Метроноос өөр LRT гэх хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх боломжтой. Энэ нь өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаарч энэ үнэ нэмэгдэнэ. Гэхдээ түүнийгээ давсан орлого олох боломжтой.
-Сүүлийн үед Улаанбаатар хотод хур тунадас их, түр зуурын бороо их орсон. Ус зайлуулах хоолой харагддаг ч усаа хангалттай зайлуулж чаддаггүйн улмаас борооны ус ил задгай муу устай холилдон хаа сайгүй зам дүүргэсэн. Энэ нь хотын төлөвлөлт муутайгаас болдог уу. Эсвэл өөр хүчин зүйлс бий юу?
-Энэ асуудлыг олон өнцгөөс харах шаардлагатай. Жишээ нь 1990-ээд оны сүүл 2000 оны эхээр борооны ус ингэж тунадаггүй байсан. Учир нь замын хоёр талд ногоон байгууламж их байсан юм. Энэ нь борооны усыг ихээр шингээж авах үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл бид замаа өргөтгөсөөр байгаад замын хоёр талын ногоон байгууламжийн ихэнх нь устаж алга болсон. Тийм болохоор борооны усыг шингээж авах ногоон байгууламж үлдээгүй. Дараагийн асуудал нь гэр хороолол газар авч, нүхэн жорлонгуудын тоо нэмэгдсэн. Үүнээс үүдэн хөрсний ус шингээх чадвар буурдаг. Бороо ороход борооны усыг ургамал ногоо ихтэй газрууд илүүтэй шингээж авдаг юм. Харин гэр хорооллын хөрс ус шингээх чадваргүй болсон. Энэ нөхцөл байдлыг шийдэхийн тулд ногоон байгууламж шаардлагатай.
-Ногоон байгууламж бариад байвал ус шингээх боломж нэмэгдэнэ гэлээ. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг тэрбум мод тарих хөтөлбөр эхлүүлсэн. Нэг тэрбум модыг 2030 он хүртэл тарих боломжтой юу?
-Мэдээж ийм их мод тарихад хүмүүсийг дэмжлэг чухал. Нэг жишээ нь 1960 оны үед БНСУ нэг ч модгүй шахам байж. Яагаад гэвэл тухайн үед Солонгос улс маш ядуу байсан юм. Мөн тухайн үед Хойд Солонгосын нутагт нүүрсний уурхай их байсан ч хоёр Солонгос салан тусгаарласны дараа Өмнөд Солонгос нүүрсний дутагдалд орсон. Тухайн үед Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт байсан нүүрсний уурхай улсынхаа хэрэглээг хангаж чадахгүйд хүрсэн. Үүнээс үүдэж энгийн иргэд нь ой руу орж мод тайрч түлснээс модгүй болж байсан юм. Харин одоо Солонгос улсын ихэнх газраар ногоон байгууламж баригдаж, мод ихтэй болсон.
Учир нь улс орон даяар мод тарих ёстойг ард иргэддээ ойлгуулж чадсан. Мод тарих хөдөлгөөн эхлүүлж, энэ өдрийг олон нийтийн амралтын өдөр болгохоос гадна орон нутгийн засаг захиргаа нь тодорхой тооны мод таривал урамшуулал олгох системийг нэвтрүүлсэн байдаг. Энэ систем нь амжилттай хэрэгжсэнээр ногоон байгууламж ихтэй болж чадсан. Мод тарьсан гэх худал мэдээллээс хамгаалахын тулд зориуд хоорондоо хол байдаг засаг захиргааны нэгжийн ажилтнууд тухайн газрыг хянадаг. Үүний дүнд худал мэдээлэл өгдөггүй байж. Энэ мэтээр Монгол Улсад нэг тэрбум модыг тарина гэвэл асар том систем шаардлагатай. Олон мод тарих ёстой гээд янз бүрийн аргыг олон улс орон хэрэгжүүлсэн ч амжилттай болсон нь ховор. Энэ системийг улсдаа нэвтрүүлбэл хүмүүсийн сайн дураар мод тарих хөдөлгөөнийг эрчимжүүлж чадна.
-Таныг зөвхөн хот төлөвлөлтөөс гадна боловсролын талаар сургалт судалгаа хийдэг гэж сонссон. Энэ талаар сонирхуулаач?
-Ковидын шуурганд олон зүйлс эмх цэгцээ алдсан. Нэг том жишээ нь ковидоос үүдэлтэй хичээлийн хоцрогдол улс даяар бий болсон. Хувийн сургуулийн хүүхдүүд илүү мөнгө төлөх, давтан сонгонд явах зэргээр хоцрогдлыг бага хохиролтой давж гарсан бол улсын сургуулийн хүүхдүүдийн хоцрогдол хавтгайрсан. Хөдөө орон нутгийн хүүхдүүд бол тун хэцүүхэн байсан. Үүнээс үүдэн хөдөө орон нутагт хоцрогдол арилгахаар багшилсан. Ганц хоцрогдол гэхгүй хөдөө орон нутагт боловсролын талаар асуудал их байсан юм.
Жишээ нь залуу боловсон хүчин муу. Яагаад гэвэл залуу хүмүүс тухайн нутагтаа үлдэх нь ховор. Явах боломж л байвал явахыг эрмэлздэг юм байна лээ. Манай багийнхны энэ сургалтаар ажигласан зүйл нь хүүхдүүд хоёр жилийн хугацаанд үзэх ёстой хичээлийнхээ 10-ны нэгийг л үзсэн байсан. Мөн үүнээс цааш ч үзээгүй хүүхдүүд байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Үүний тулд бид сургалт явуулж, үр дүнд нь боловсролын салбарт өөрчлөлт шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрсэн.Манай боловсролын системд шат дараалалсан үйл ажиллагаанууд хэрэгтэй байна.
-Хэдий хугацаанд энэ сургалт үргэлжилсэн бэ?
-Одоогоор зургаа дахь сардаа үргэлжилж байна. Манай багийнхан Эрдэнэт хотод багшилж мөн судалгаа хийж байгаа юм.
Э.ХИШИГСАЙХАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Хичээлийг өөрчлөх шаардлагатай түүх,уранзохиолын хичээлийг 11-12 ангид курац хэлбэрээр богино хугацаанд өөрсдөө бие дааж уншаад болно. Багшаар заалгаад олон цаг авах огт шаардлагагүй.Бага ангид гадаадын 2 хэл, монгол хэл, математик ,дуу хөгжим,биеийн тамир,эрүүл ахуйг заах
No LRT shuu, butgii balaaraad bai
er yum uu em xun uu?