Сүүлийн хоёр жил наадаж чадаагүй түмэн олон баяр наадмаа угтан уухайлж байхад АН-ынхан Их хурлаа хийж, С.Эрдэнэ даргыгаа индэр дээр балбаж орхив. Энэ нь наадамчин түмэн хэдийгээр баярын уухайд автсан ч олны анхаарлын төвд орохоор увайгүй үйлдэл байв. Үүний өмнө УИХ дахь АН-ын бүлэг даргыгаа унагаах, бүлгээ тараах хуулийн төсөл өргөн барьсан нь бас л увайгүй үйлдэл байв.
Энэ мэт үйл явдал нь баяр наадам угтсан уухайд дарагдаад түмний сонорт дүүрэн хүрэхгүй байгаа ч хүмүүс байр сууриа илэрхийлсээр байна.
Ялангуяа тамгатай тамгагүй хоёр АН-д дарга хэмээх сэтэр зүүсэн нөхөд АН-ын бүлэг тарахдаа тулсан бурууг хэн нэгнээс эрэх аж.
Тэр ч бүү хэл С.Эрдэнэ даргынхаа зодуулсан бурууг ч хэн нэгнээс хайна. Улс төрд 30 гаруй жил явахдаа УИХ-ын гишүүн, сайдын зиндаанд морилж, өдгөө тарсан ч том намын бутархай сүүдэрт дарга сэтэр зүүсэн хүн Их хурлынхаа индэр дээр захын нэг нөхөрт нүдүүлж байна гэдэг цааш явах боломжгүй болсноо харууллаа. Нөгөө талаар АН дотор С.Эрдэнийг гэх маш том үзэн ядалт байгаа бөгөөд яахаас ч буцахгүйг харуулсан явдал. Энэ увайгүй явдлын дараах уур амьсгал ч бататган харууллаа.
Улс төрийн ноён нуруутай гэгддэг УИХ-ын гишүүн асан Я.Санжмятавын тэвчээр алдрав бололтой. Тэрбээр “Намаа хагалчихсан, одоо УИХ дахь бүтцийн байгууллагаа үгүй хийж болохгүй. Д.Ганбат өөрийн улс төрийн карьерт цэг хатгалаа. С.Эрдэнэ ээ, Д.Ганбат аа одоо больж үз. С.Эрдэнэ ээ, монголын ард түмэн, чамд дуртай хүн гэж үгүй боллоо. Эцэг эх, ах дүү чинь л үлдлээ” хэмээсэн. Одоо АН яах вэ гэх асуулт.
АН-ын бүлэг тарахдаа тулсан, С.Эрдэнийн зодуулсан бурууг хэн нэгнээсээ хайх цаг биш. Гагцхүү өөрсдөөсөө хайх цаг аль эрт өнгөрөөд мухардалд орсныг ойрын хоёрхон жишээ харууллаа. Өнгөрөгч 2016 оноос хойш АН УИХ-д сөрөг хүчний байр суурь байж чадаагүй. Ардчилсан зарчмаар бол УИХ сөрөг хүчингүй байна гэдэг том алдаа. Тэдний хувьд 2016 оноос хойш ийнхүү хоёр дахь удаагаа УИХ-д бүлэггүй болох гэж байна.
Тодотговол, 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус намын бүлэг хуралдаж, албан ёсоор УИХ-д бүлэггүй болж байгаагаа хуулийн дагуу чуулганы хуралдаан дээр мэдэгдэн, улмаар УИХ-ын даргад албан тоот хүргүүлж байв. Энэ үеэр хувийн ашиг хонжоо хөөсөн гишүүн асан Л.Болд, Ж.Батзандан нар “Шударга ёс” нэрийн дор АН-аас гарч байгаагаа мэдэгдсэн учраас татан буугдсан. Хуулийн дагуу УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо найм хүрэхээ больсон учраас ийн тарсан. АН-ын бүлгийн гишүүд Д.Ганбат даргаа огцруулах ажиллагааг эртнээс зохион байгуулж, удаа дараа үзсэн ч огцруулж чадаагүй учраас УИХ-ын дарга, парламентын хэмжээнд хандаад байгаа. Ингэхдээ УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нар өнгөрөгч сард УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан.
Ямар учраас гэхээр зөвхөн Бүлгийн дарга Д.Ганбатыг огцруулах замаар хууль хөндөхдөө тулж байна. Чухам ямар заалт оруулсан гэхээр “Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхийн саналаар шийдэж, шийдвэрээ УИХ-ын даргад бичгээр ирүүлнэ. УИХ-ын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд сонсгоно” гэх нэмэлт өөрчлөлт аж.
Уг хуулийн төслийг өнгөрөгч пүрэв гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд хойшлуулж, завсарлага авах санал гаргасан ч гишүүд дэмжээгүй учраас нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтсон дагуу нэгдсэн хуралдаанаар уг асуудал орсон ч хурлын босго давсангүй. Уг асуудал нь УИХ-ын чуулганы босго давах эсэх нь өөрөө томоохон агуулгатай. УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэр бүхий гишүүдийн оруулсан заалтыг дэмжээд оруулж болох ч парламент өөрөө мэдсээр байж нэг намын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон мэт харагдана. Тодотговол, олонхын бүлэг тарж бутарсан намын асуудалд хөндлөнгөөс орж, хууль эрх зүйн хүрээнд дээрэлхсэн болно.
Дэмжихгүй гэхээр нэр бүхий УИХ-ын гишүүд хуулийн төсөл өргөн бариад байхад авч хэлэлцээгүй гэх асуудал үүснэ. Хоёр талтай асуудал. Хууль эрх зүй, парламентын хүрээнд гэхээсээ илүүтэй улс төрийн намын дотоодын асуудал. Шуудхан хэлэхэд АН дотоод зодооноо зохицуулж чадахгүйд хүрч эцэстээ парламентаас хууль зүйн дэмжлэг хүссэн хэрэг болж байна.
Ямар сайндаа энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид Үндсэн хууль дээр гараа тавьж, төрийн сүлдэндээ тангараг өргөж, монгол төрийн далбаанд мөргөсөн монгол төрийн төлөөлөгчид. Тиймээс АН-наас хичээнгүйлэн хүсье. Энд улс орны язгуур эрх ашиг яригдаж байна. Ийм учраас парламент нь аливаа асуудлыг олон ургальч үзлээр үзэл бодлоо чөлөөтэй хэлэлцэхийн тулд сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байв. Цэрэггүй жанжин байж болохгүй. Бид нэгдэж байж парламентаа төлөвшүүлнэ. Тэгэхгүй бол ард түмэн сөрөг хүчин болно. Парламентын зарчим нь цөөнхөө хүндэтгэх байдаг. АН хуваагдах хэрэггүй, жижиг эрх ашиг, амбицаа хойшоо тавьж, намаа, бүлгээ нэтгэж, ард түмэн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө асуудлаа шийдэхийг хүсэж байна” хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөл гэж байхаар АН дотроо учраа ол гэдгийг ухуулан тайлбарлаж өгч байна гэсэн үг.
Энэ мэт АН дотор удаан үргэлжилсэн зодооныг зохицуулж нэгэн зорилго дор л нэгдэх үлдсэн. Түүнээс С.Эрдэнийг яаж ч зодоод АН-ын асуудал шийдэхгүй. УИХ-д намаа даргагүй, бүлэггүй болгоод ч жигдрэхгүй. Энэ тухай хүмүүс мөн ч олон удаа хөндсөн. Тус намын хагарал бол ахмадуудын шунал тачаал, өчүүхэн хувийн эрх ашгаас үүдэлтэй гэдгийг хүн бүхэн мэдэх болжээ.
Хамгийн наад зах нь АН-ыг МАН-д дагаар оруулсан гэх нэр зүүгээд байгаа С.Эрдэнэ индэр дээр зодуулах хүртэл тамгатай зууралдаж байгаагийн цаана маш том шалтгаан байж таарна. Нөгөө талаас Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үхэн хатан тэмцэж байгаагийн цаана ч шалтгаан бий. Гэхдээ аль аль нь хувийн өчүүхэн эрх ашиг. Толгойдоо тулсан хэрэг өдүүлсэн энэ мэт нөхөд өөрийгөө хаацайлж үлдэх сүүлчийн ганц цайз нь АН учраас ийнхүү үхэн хатан тэмцэхийн хэрээр энэ нам туйлдаж байна. Өөрөөр хэлбэл намаар дамжуулан ял завших, хөрөнгө завших зэрэг улс төрийн тохиролцоо хийх боломж харагдаж байгаа нь улайрах гол шалтгаан боллоо.
Нөгөө талаас хэрүүл өдөөчихөөд гал дүрэлзээд ирэхээр нь сүүлээ хавчаад зугтах УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, гишүүн асан З.Энхболд нарын олон хүн зодооны эцэст энэ намыг гартаа хийх тухай л бодож байгаагаас жинхэнэ ардчилал, намын суурь үзэл санаанд нөлөөлж явсан түүх байхгүй. Н.Алтанхуягаас эхлээд хэрүүлийн гал өдөөхдөө “Намаа цэвэрлэнэ” гэх лоозон үг хэрэглээд ид үймээд ирэхээр нь алга болдог. Үнэнийг хэлэхэд АН түүхэндээ С.Эрдэнийг дарга байх үед УИХ-д хоёр удаа бүлэггүй болсноо албан ёсоор зарлахдаа туллаа. Бүтэн хоёр парламентын хугацаанд эв эеэ ололгүй явж ирнэ гэдэг байж боломгүй асуудал. Энэ бол нэг намд бүү хэл нэг улстөрчид байж боломгүй түүхэн муу үзүүлэлт. Өнөөх “Хар толбо болж үлдлээ” гэдэг л ёстой энэ байх. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг дээ. Аль ч талаасаа айдастай хэдэн өвгөн энэ намын хувь заяаг нэг мөр эргүүлж орхисон. Үүнийг залуучууд нь яагаад зохицуулж чадахгүй байгаа юм. АН-ын сэтэртэй залуу үеийнхэн гарч ирэхээрээ л эрх баригчдаа муулахаас үл хэтэрнэ. Тэд та бүхнийг мууллаа гээд хөдлөх ч хүмүүс биш. Өөрсдийгөө л мундаг сөрөг хүчний төлөөлөл гэж ойлгоод байх шиг. Огт тийм биш. Ингэснээрээ тэд олны доог тохуу болох аж.
Тухайлбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяраас сэтгүүлч “АН бүлэггүй боллоо. Цаашид яах вэ” хэмээн АН дотоодын асуулт тавихад “Бүлэг тарсан. Гэхдээ би эрх баригчдыг гайхаж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байж Дарханы зам дээр гүйж очиж жижгэрлээ. Салбарынх нь сайд ажлаа хийж чадахгүй. Эрээний хилийг нээлгэх гэж сайд нь гүйж очих боллоо. Монголын төр ингэж жижгэрч болохгүй” хэмээн хадуурна. Уг нь Ч.Өнөрбаяр энд эрх баригчдын тухай бус С.Эрдэнэ дарга нь яагаад индэр дээр нүдүүлэх болов, яагаад АН-ын бүлэг тарахдаа тулсан тухай, яагаад АН удаан хугацаанд зөрчилтэй байна, цаашид яах вэ гэх мэт зүйл ярих ёстой. Гэтэл хаа хамаагүй зүйл ярьж хална.
Тэр Ерөнхий сайд нь Дарханы зам дээр явна уу, ордондоо бүгнэ үү Ч.Өнөрбаярт ямар ч хамаагүй асуудал. Урьд хил нээх асуудалд салбарын сайд очих нь бүү хэл Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчөө, УИХ-ын даргаа дагуулж очоод ч манай тааллаар болох асуудал биш гэдэг нь нэгэнт тодорхой зүйл. Энэ мэт өөртөө ямар ч хамаагүй асуудалд хутгаж, хүнд харагдах гэж байхаар АН-ын дотоод асуудалд анхаарах ёстой л доо. Залуу халаа нь ч гэж таарсан буруу иштэй нөхөд хүлээж байхаар өвгөд нь ч шүлсээ үсчүүлэхгүй яах юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
Эд нарын яриад,хийгээд байгаа зүйлийг ”Ардчилал” гэдэг юм бол үй татай холуур яваг.Албан тушаал нь том эрх ашиг өгдөг гэдгийг 1996 онд ойлгож аваад Элбэгдорж,Батүүл,Зика вирус-Энхболд,Сосорбарам,Алтанхуяг,Гончигдорж,Баярцогт гээд хэсэг ноход хоорондоо үзэлцээд Зоригийгоо нухаад одоо Эрдэнээгээ зодоод эрх мэдлийн төлөө үхэлдэн тэмцэж байна.Дэлхийд байхгүй ардчилал гээчийг харуулав. 2 удаа УИХ-д олонхи болж Засгийн эрх барьж байна гэж байсныг идэж бараад, баахан зээл авч хувааж хүртэв.Эдний ардчиллын хөдөлгөгч хүч нь ШУНАЛ ажээ. Одоо хэнийгээ ”тэнгэрт”илгээх гэж байгаа бол,удахгүй дуулдана
Эд нарын яриад,хийгээд байгаа зүйлийг ”Ардчилал” гэдэг юм бол үй татай холуур яваг.Албан тушаал нь том эрх ашиг өгдөг гэдгийг 1996 онд ойлгож аваад Элбэгдорж,Батүүл,Зика вирус-Энхболд,Сосорбарам,Алтанхуяг,Гончигдорж,Баярцогт гээд хэсэг ноход хоорондоо үзэлцээд Зоригийгоо нухаад одоо Эрдэнээгээ зодоод эрх мэдлийн төлөө үхэлдэн тэмцэж байна.Дэлхийд байхгүй ардчилал гээчийг харуулав. 2 удаа УИХ-д олонхи болж Засгийн эрх барьж байна гэж байсныг идэж бараад, баахан зээл авч хувааж хүртэв.Эдний ардчиллын хөдөлгөгч хүч нь ШУНАЛ ажээ. Одоо хэнийгээ ”тэнгэрт”илгээх гэж байгаа бол,удахгүй дуулдана
Одоо ахмадууд нь дур тавьж чадахаа байсан шүү дээ. Дур тачаал нь байхгүй болоод цэвэршсэн шүү дээ.
Ардчилагчид.хэзээ.буруугаа.бусок.бодад.тоххоо.болсон.цагт.ок.болох.байх
Эрдэнэ Жонхууд намаа өгөхгүй гэж тэмцэх нь зөв. Жонхуу маш аюултай мөнгөөр яаж ч мэджх луйварчин дурак болохын монголчууд мэддэг болсон. АН - ын ахмад гээд бгаа анхдагчид алдаа оноотой ч өнөөгийн мулгуу залуусаам хамаагүй дээр. АН нэгдэж ахмадуудаа хүлээн зөвшөөрч бж намаа авч үлдэнэ. Өмнөх үеэ үгүйсгэвэл хэн ч биш новшнууд гэдгээ ойлгох хэрэштэй ш дээ.Жонхуу бол анхнаасаа ардчилагч биш, зүгээр л наймаачин, хулгайч. Тэр л хэвээрээ үлдэнэ
Эрдэнэ олигарх идэж ууж ханасан одоо улс төрөөс зайлах хэрэгтэй тэгэхгүй бол удахгүй шоронруугаа очино шүү
МАН ч бас 32 , 33 бүлгээрээ салж УИХын даргаа зайлуулах гээд хэрэлдэж зодолдож бүр хутга шөвөгний асуудал яригдаж л байсан нь саяхан даа.Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болж байна даа
Шийдэгднээ
С.Эрдэнэ ээ, монголын ард түмэн, чамд дуртай хүн гэж үгүй боллоо. Эцэг эх, ах дүү чинь л үлдлээ”
ЗОДООН ЗЭРГИЙН ЮМ БАЙХ БАЙХ НАНЧИЛДААНГҮЙ НАЙР ГЭЖ ЮУ БАЙХАВ ...
тэгээд молиго санжмятавт дуртай байна уу? санжмятав гэгч баттулгат таалагдах гэж тийм зүйл бичсэнийг чи сайн мэдэж байгаа шүүдээ? бодсоноосоо зөрүүтэй юм бичдэг чи ч гэсэн долоогч байж таарна
zailtsgaa