Нударга оруулж оёсон дээл энэ жилийн тренд болжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд дээл, үндэсний хувцас худалдан авах гэсэн иргэдийн цуваа  зах, худалдааны төвүүдээр дүүрэн байна. Сар шинийн баяраас ялгагдах онцлог нь хүмүүс нимгэн, хөнгөн материалтай агаад өнгөлөг дээл өмсөх сонирхолтой байдаг. Хоёр жилийн хугацаанд үндэсний их баяр наадмаа алгасаж, хөл хорионд суусан иргэд өнөө жилийн наадмын гоёлоо ихэд онцлон зэхэж байгаа бололтой юм. Наадмын уур амьсгал эхэлсэн энэ өдрүүдэд гоёлын дээл, хувцас хэрэглэл хэр олдоцтой, ямар үнэ ханштай байгаа талаар сурвалжиллаа.


Дүнжингарав худалдааны төвд дээл худалдаалах лангуу олон. Тэр ч утгаараа тус төвийг аль ч баяр ёслолын үеэр хүмүүс зорих нь элбэг. Саяхан их, дээд сургуулиудын хонхны баяр бужигнаж дууссан, залгуулаад баяр наадам болох гэж буй тул худалдаачид ихэд ачаалалтай байгаагаа ярьсан юм. Тэд хүнтэй үг ч солих сөхөөгүй худалдаа наймаагаа эрхэлж байгаа харагдана.

ДҮНЖИНГАРАВТ ДЭЭЛ 60-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙНА

Тус худалдааны төвд худалдаалж буй хамгийн хямд үнэтэй дээл 60 мянган төгрөгийн ханштай байна. Материал, хийц, хэмжээ зэргээс хамаарч  үнэ дээшилж 250-300 мянган төгрөг хүртэлх үнэтэй болж байлаа. Зуны улирал тул хүмүүс аль болох хөнгөн, нимгэн тэрлэг сонирхож байгааг худалдаачид хэлж байсан юм. Даавуу, нийлэг, торго, илгэн гэх мэт материалаас огт өөр хэрнээ нимгэн сэрүүхэн материалаар хийсэн дан дээлийг залуу охид ихээр сонирхож байлаа.

Дээлийн худалдаачны хэлж буйгаар “Сүүлийн үед 20 гаруй насны залуу охид, бүсгүйчүүд торгон, элдэв хээ хуартай дээл сонирхохоо больсон. Хантааз, юбканы хослол болон донж оруулсан загварын дээл ч сонирхохгүй байгаа. Минимал зүйлийг шинэ үеийнхэн эрэлхийлж байгаа гээд буй нь эндээс харагдах юм. Тэдний шаардлагаар бол хөнгөн, тод өнгийн бус, цулгуй дан дээл л хамгийн зохимжтой байх шиг” гэв.

Мөн ташаанаас арай доогуур татах урттай, бүстэй монгол цамцыг урт банзал, төрөл бүрийн өмдөн дээр зохицуулж өмсөх сонирхолтой залуус олширсон байна. Эдгээр цамцнууд 60 мянган төгрөгөөс эхэлж материал, уртаас хамаарч үнэ нь дээшилж байв. Харин эрэгтэй монгол цамц ихэвчлэн 150 мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан юм. Хүүхдийн дээлний тухайд гэвэл хямгийн хямддаа 50 мянган төгрөгийн ханштай байсан ба мөн л материалаас хамаарч үнэ нь өссөөр 140 мянган төгрөг хүрч байв.  Мөн хос дээлний хувьд тус худалдааны төвд 600 мянган төгрөгөөр борлуулж байсан ба нэг нэгээр нь салгаж авбал 280-300 мянган төгрөгөөр авч болох ажээ.

ЦАХИМ СУРТАЛЧИЛГААГАА ТУЛТАЛ НЬ ХИЙЖ БОРЛУУЛАЛТАА ӨСГӨСӨН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД

 

 Дээл, үндэсний хувцас үйлдвэрлэлээр дагнасан үндэсний брэнд, томоохон цехүүд олширчээ. Дээлтэй Монгол наадмыг зохион байгуулах болсноос хойш энэ төрлийн бизнес ашигтай төрлийн наймаа болж эхэлсэн тул үндэсний гэх тодотголтой баяр бүхнийг тохиолдуулан тус газрууд шинэ загваруудаа толилуулах болсон. Сүүлийн үед хүмүүс үндэсний дээл хувцсаараа гангарах дуртай болсон.

Тэдний гол онцлог нь хүн бүрийн хүссэн загварыг нэг бүрчлэн захиалга авч хийлгүй, өөрсдийн дизайнерийн гаргасан загварын дээлийг бөөнд нь үйлдвэрлэхдээ өнгө, хэмжээний сонголттойгоор хийдэгт оршино. Энэ ч үүднээс зах, худалдааны төвөөр явж амжихгүй, материалаа сонгоод хэмжээгээ өгч оёдолчинд очих завгүй хүмүүс цахимаар сурталчилгааг нь хармагцаа захиалж, хүргүүлж авах боломжийг эдгээр газрууд олгож буй. Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч Ивээл, Deer, Борголжин, Өв зэрэг брэндүүд сурталчилгаагаа цахим орчинд түгээж, хүргэлтээр бараагаа борлуулдаг. Ивээл брэндийн торгон дээл 175-300 мянган төгрөгийн ханштай байгаа бол зуны өнгөтэй нимгэн дан дээл 85 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Мөн уламжлалт загварын тэрлэг 155 мянган төгрөгийн ханштай байна. Харин Борголжин брэндийн хувьд эмэгтэй дан дээл 130-145 мянган төгрөг, эмэгтэй монгол цамц 65-110 мянган төгрөг, хантааз 65 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Түүнчлэн Өв брэндийн дээлнүүд 290-795 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Тус газрын дээлнүүдийн хийц, торгоны чанар болон чимэглэл зэрэг нь бусад газраас үнэтэй байх шалтгаан болдог аж. Өв брэндийн дэлгүүрт торгон ууж, торон материалтай монгол цамц, даашинзан загварын дээл зэргийг ч борлуулж байна.

 

ТОРГО, ХИЙЦЭЭС ШАЛТГААЛЖ ДЭЭЛИЙН ҮНЭ ХЭДЭН САЯАР ЯРИГДАЖ БАЙВ

 

Монгол хувцасны загвар, хийц хөгжжээ. Үнийн хувьд ч өргөн сонголттой. Үндэснийхээ  хувцсаар дагнан урладаг салон ч олон болж. Ур ундрах, Урлахуй, We, Шүр урлан, Алдармаа брэнд гээд дурдаад байвал урт үргэлжилнэ. Тус салонуудын хувьд ямар торгоор, ямар хийцээр хийхээс шалтгаалаад дээлнийх нь үнэ хэлбэлзэнэ. Жишээ нь, япон торго сонгож, гар урлалаар чимсэн чамин хийцтэй бол 750 мянгаас гурван сая 500 мянган төгрөгийн ханштай байх аж. Мөн зөвхөн дээл урлаад зогсохгүй дагалдах хэрэгсэл болох бүс, үсний гэр, хөөрөгний даалин, толгойн гоёл зэргийг урлах болжээ. Тухайлбал, энэ жилийн хувьд бүсгүйчүүд үсний гэрийг ихэд сонирхон худалдан авч байгаа гэнэ. Урлахуй брэндийнхэн үсний гэрээ 80 мянган төгрөгөөр борлуулж байгаа аж. Хувцас загварын дизайнеруудын хэлж буйгаар энэ жил нударга оруулж оёсон дээл тренд болж байгаа гэнэ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.80.210.183) 2022 оны 07 сарын 07

тэнэг хүүхнүүд нь дагаад хуйларчихна аа ёстой малны доор байх ёстой хүмүүс шүү.

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 07 сарын 07

багшийн дээдийн интерном багшийн дээдийн сонор плазагийн амар ном мир номын дэлгүүрүүдээр хайрыг хүснэ онц сонирхолтой ном худалдаалагдаж бн хямд бас чанартай ном

1  |  1
Top