Ц.Доржсүрэн: Хурдан, сайн адуутай хүн бусдын морь уях хэцүү

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 07

“Даян түмний эх” хурдан хээрээс эхлээд олон цуутай ажнайг өдгөө цагт цоллуулж яваа Монгол Улсын Манлай уяач Ц.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр тэмдэглэх гэж улс даяараа хөл болж байна. Уяа эвлэг, морь хурдан байна уу?

-Морь хурдан, уяа эвлэг сайхан байна. Улсын наадмаас өмнө Партизаны наадам болж, сайхан уралдлаа. Манай Партизаны наадам эртнээсээ босго өндөр, чансаатай наадам болдог. Сүүлийн хоёр жил наадам болоогүй, морьд ч олон ирсэн. Манай наадамд тархины тавд орж байгаа адуу бол улсын наадамд очиход түрүүлнэ, айрагдана л гэж ярьдаг байлаа. Би зургаан насны морь сойсон, бас давхарласан нас ч байгаа. Эндээсээ улсын наадмынхаа өнгө, морьдынхоо баримжааг хардаг. Энэ жил Хэнтий аймагт болсон “Цэцэн ханы хурд”-д хонгор даага түрүүлгэж уяаныхаа гарааг эхлүүлсэн. 

-Саяхан Баяр наадмын тухай хуулийг баталлаа. Олон жил хүлэг сойсон Манлай уяачийн хувьд ямар бодолтой байна? 

-Баяр наадмаа хэрүүл маргаангүй, сайхан хийх юм сан гэж боддог ч санаснаар болохгүй юм. Энэ жил ахиад л нэг хэрүүл маргаантай зүйл хийлээ гэж харж байна. Үүлдэрлэг байдлыг харж уралдуулна гэдэг хэрүүл маргааны эх үүсвэр шүү дээ. Харин Үндэсний баяр наадам зохион байгуулах хороо хуралдаад “Адууны удмын санг бүрдүүлж дуустал сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах”-аар болжээ. Би олон жил адууны захад байсан, эрлийз монголыг ялгана гэж бардам боддог ч ялгадаггүй юм билээ

 Залуучууд “Доржоо ах аа энэ ямар адуу байна” гээд үзүүлэхээр нь харж харж “Яах аргагүй Монгол адуу” гэхэд “Ахаа наадхи чинь 50 хувийн цустай эрлийз адуу” гэж байна лээ. Ялгах аргагүй. Надад эх, эцэг нь хаашаа ч үгүй монгол, даага шүдлэндээ айраг түрүү алдаагүй сайн хавчиг морь байна. Даанч сэрвээний өндөр таардаггүй, улсын наадамд ч хасуулсан, Борнуурын 90 жилийн баяраар ч хасуулсан. Одоо нэг сайхан унааны морь л байна. 

-Олон жил маргаан дагуулж байгаа энэ асуудлыг одоо яах ёстой вэ?

-Манайхан эртнээсээ л адууныхаа цусыг сэлбэж сайжруулж ирсэн, одоо сайжруулъя гээд явж байгаа нь ч зөв. Морин тойруулга, Жаргалант адуу гээд дандаа цус сэлбэж сайжуулсан адуу амжилттай уралдаж ирсэн. Англи, Араб гээд бусад газраас цус сэлбэж байгааг буруутгах аргагүй. Тиймээс Морин тойруулгатай болж эрлийз нь тэндээ уралдаж, наадамдаа монгол нь уралдах замаар зохицуулалт хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулах нь хамгийн бодит зүйл. Баяр наадмын тухай хууль батлагдаж, эрдэмтэд нь Монголын бүх адууны удмын санг судлахад таван жилийн хугацаа орно гэсэн. Үүний дараа удмын санг баталгаажуулна гэж байгаа.

Өөрөөр хэлбэл, удмын сангийн үнэмлэхтэй болгож байж сая энэ тухай ярина. Үүнээс харахад энэ жилийн наадам бас л ихээхэн маргаантай болно гэж бодож суулаа. Ямартай ч наадмын комисс нэг шийдвэр гаргаж. Би ч уясан морио үүлдэрлэг байдал гээд хасуулж байсан. Манлай уяач Д.Онон найз маань надад нэг үрээ бэлэглэсэн юм. Гэтэл морины комисс “Д.Ононгийн тамгатай юм байна” гээд шууд хассан. Д.Онон эрлийз адуутай гэсэн таамгаар л шууд хасаж байгаа хэрэг шүү дээ. Үүлдэрлэг байдал гэхээр хэрүүл маргаанаас эхлээд энэ мэт нугалаа гарна. Хэн ч мэдэхгүй учраас санаан зоргоороо танил талын хүрээнд морьдоо мордуулна, үүнийг дагасан авлигын асуудал үүснэ. Уг нь төр, засгаас уяачиддаа таарах, ард түмэнд таалагдах, адуундаа тохирох сайн хууль гаргаж болмоор санагдах юм. Төрөөс нэгэнт хууль гаргачихвал хэн зөрчих билээ.

-Таны уугуул нутаг хаана вэ, Улаанбаатар хотын хүүхэд гэж сонссон юм байна, үнэн үү?

-Аав, ээж маань Завхан аймгийн Алдархаан сумын хүмүүс. Би өөрөө хотод төрж өссөн. Аав маань Гачууртын САА-д адуучин байлаа. Партизан бол сувай малын нутаг учраас сувай адуугаа энд маллана, ингэж л адуутай холбогдсон. Би Сонгинохайрханы 21 дүгээр сургуульд 1969 онд орсон ч манайх Чингэлтэй рүү нүүж, Хайлаастын 49 дүгээр сургуульд наймдугаар анги төгсөөд хөдөө гарсан. Аавыгаа дагаж таван настайгаасаа хурдны морь унаж, долоон наснаас эхлэн морь уясан гэхэд хэтэрсэн хэрэг болохгүй. Учир нь аав маань адуучин хүн учраас эрэл сурал гээд гэрт тогтохгүй, долоон настай хүүхэд түрийндээ хусууртай, морио унаад хөлслөөд тарлаад бүх л ажлыг бие даан хийнэ. Уралдаж ирээд бууж хөлсөө хусаад, уяа эргээд явна.

-Аавыгаа дагаж явсан хүү хэдийд бие даан морь уяж, анхны айраг амсав?

-Би 1980 онд цэрэгт татагдаж, Ховдын хороонд очоод адууны цэрэг болсон. Манай анги Ховдын хэмжээнд хурдан адуутай, айраг исгэнэ. Октябрын райноос цэрэгт татагдсан болохоор Төв аймгийнх гээд айраг исгэж бэлдүүлэх зорилгоор адуу руу явуулсан хэрэг. Ингээд зогсохгүй “Морь уя” гэсний дагуу хязаалан үрээ аймгийн наадамд айргийн гуравт хурдлуулж, анхны айраг хүртсэн. Ховд аймгийн Дуут сумын Хөтөл ус гэдэг газар морь уялаа. Үргэлжилсэн их уул хад болохоор морины ажил хийх газар олдохгүй. Нэг хэсэгхэн жалга дагуулан өдөрт хоёр ажил хийнэ. Тэр нь ердөө 1.8 километр орчим газар.

Тухайн үед Ховдынхон морины нэмнээ гэж мэдэхгүй, намайг үрээгээ нэмнээд хөлслөхөөр айлын хүмүүс ихэд гайхна, гарч харна. Морины хүүхэд гэж байх биш, хонины цэргүүдээс хөнгөн жинтэйгээс нь морины ажил хийлгэнэ. Намайг цэрэгт байхад Ардын хувьсгалын 60 жилийн ой болж, Партизанаас Д.Түвдэн гуай гурван морь түрүүлгэж, манай бригадын саальчин С.Хандсүрэн гуай Хөдөлмөрийн баатар, Ч.Амартүвшин ах Улсын заан болж сайхан наадсан. Сэтгэл ихэд хөдөлж байж билээ. Зурагт байх биш,  радиогоор чагнасан. Манайхан ийн сайхан наадаж байхад би шагайгаар татсан цасан дунд наадмын мэдээ сонсоод догдолж явлаа даа. Ингэж л цэргийн гурван жил өнгөрч, халагдаж ирээд жинхэнэ утгаараа морь руугаа орсон.

-“Даян түмний эх” хурдан хээр морьгүйгээр таны амжилт, алдрыг төсөөлөх аргагүй. Ямар удам угшилтай хаанах адуу байв. Хээр морины амжилтын талаар дурдахгүй юу?

-Төв аймгийн Жаргалант угшлын адуу. Би хээр морио 1989 онд хавчиг соёолон үрээ авч байсан. Тэр жил би адууныхаа цусыг сайжруулах зорилготой  Жаргалантын морин заводоос ганц үрээ олоод авчих санаатай явж байх замдаа хээр морио олж харсан. Олон адуун дундаас шууд л нүдэнд туссан. Ингээд эзнийг нь хайж байтал Жаргалантын Дэмбэрэлнямбуу гэж залуу байсан. Нэлээд явдал суудал болж байж наймаа тохиролцсон. Тухайн үед 10 мянган төгрөгөөр морь худалдаж авна гэдэг маш өндөр өртөг байсан учраас хүмүүс шуугиж, янз бүрээр хүлээн авч байсан. Хээр морь надад ирэхээс өмнө шүдлэн, хязаалан, соёолондоо Жаргалантдаа түрүүлж, цаашаа Цээлд очиж түрүүлдэг тийм л адуу байсан.

Атарын 40 жилийн ойд тарган уралдаад ганцаараа орж ирээд хүмүүсийн дундуур орж нэг удаа дөрөвт орсноос бусдад нь түрүүлсэн морь байсан. Би 1989 оноос уяад бас өөдтэй хурдлуулж чадаагүй, харин 1992 онд анх улсын наадамд түрүүлгэсэн, 1993 онд аман хүзүүдэж, 1994, 1995, 1996 онд айрагдаад 1996 онд дахин түрүүлсэн. Үүний дараа өнөөх далан гэж зүйл хийгээд 1997, 1998 онд наадам будилсан учраас амжилт үзүүлээгүй. Тэр жилүүдэд айраг түрүү алдахааргүй хурдан байсан. Мөн 1998 онд “Их хурд”-д айрагдсан. Ингээд хоёр жил наадам будилаад үндсэндээ зодог тайлсан даа. Хэрэв будилаагүй бол миний хээр морь 10 жил айраг түрүү алдахгүй байсан гэж боддог. Тэр үед их ч будилаан гардаг байсан, сүүлд төхөөрөмжтэй болж л гайгүй болсон.

-Саяхан л газрынхаа гарцыг идэж, элдэв тэжээлгүй уралдаж байлаа. Анх тэжээл рүү орж байхад яав, Та?

-Манай энэ хавийнхан чинь эртнээсээ л тэжээлтэй байсан. Уяачид тэжээл өгөх гээд шинэ тутам сүйд болж байхад манайхны хувьд өдөр тутмын хэвийн ажил байлаа. Ямар сайндаа Тод Манлай уяач Ц.Хэнмэдэх, Манлай уяач Х.Сүрэнхор гуай нар надад “Моринд яаж тэжээл өгдөг юм, хүү минь зааж өг” гэж байхав дээ. Моринд тэжээл өгөхийг заана гэвэл урт хугацаа орно биз дээ. Би тэгээд ингэж өг гээд хэлж өгч байсан. Одоо бол тэжээлгүй адуу явахгүй. Тэжээлээс гадна янз бүрийн тамир тэнхээ сэргээх тариа хийж, бэлдмэл өгөх болсон. Эдгээрийнх нь үнийг мань мэт нь дийлэхгүй юм билээ. Уламжлалт морин спорт ч хөгжихийн хэрээр морь дагасан бизнес ч хөгжлөө. Морь нь зарим нэгний нэрд гарах хэрэгсэл ч болжээ. Үүнээс үүдсэн нэг алдаа бий.

Тэр нь анхнаасаа морь мэдэхгүй улстөрчид, бизнесмэнүүд удам угшил сайтай, өндөр үнэтэй адуу авчихаад уяад аль гэдэг. Тэгээд шууд улсын наадамд айраг, түрүү авна гэдэг. Зарим нь бүр хүчтэй эм тариа хэрэглүүлнэ. Үүнээс болж, адуу хөлөө авахаас гадна эмгэгтэй болдог. Тэдний хувьд бол нэг удаа л нэрээ гаргаж байвал тэр амьтны үхэх сэхэх хамаагүй. Ялангуяа битүү адуу аваад улсад айрагдуулна гэж юу байхав. Өмнө нь уяж байсан хүний уяа, миний уяаны арга барил өөр, тухайн морь шинэ газар, өөр уяанд дасахаас эхлээд цаг хугацаа шаардах ажил. Гэтэл нэг их үнэтэй адуу авчихаад шахаад байх бололтой. Тиймээс миний хувьд хүмүүсийн морь нэг их уяагүй. Хэцүү байдаг юм, өөрөө сайн адуутай хүн, хүний морь уях хэцүү.

-Нэртэй зүстэй уяачидтай холбоотой байж таарна. Үүнээс гадна нэр зүстэй шавь нар юу байна?

-Шавь нар олон бий. Нутгийн залуус бол бүгд л хандана. Одоогоор дүүрэг, нийслэлийн Алдарт уяач шавь олон байна. Улсын цол чимэгт арай хүрээгүй, ид сайхан ч уяж, морьд нь хурдан байна. Тэгэхээр эд нар мөд том цолонд хүрнэ. Партизаны уяачдын холбоог 2013 онд байгуулж, уяачдаа зангидаж эхэлснээр нийслэлийн “Шилдэг холбоо” боллоо. Одоо өөр болсон. Хүү маань Дүнжингаравт морь айрагдуулсан, нийслэлийн Алдарт уяач болсон. Энэ маань надад хань болж байна. Улсад их морь түрүүлгээд ирэхээр бүх л алдартай уяачидтай ойр болдог. Түүнээс өмнө ч Морин тойруулгын дарга Т.Даваадорж гуай, нэрт уяач Д.Даваахүү ах нартай ойр байдаг. Тэд ч эртнээсээ аавтай минь их ойрхон байсан даа. Миний хувьд талийгаач, Манлай уяач Ц.Аюушаас эхлээд  “Дааган” Ганаа,  Д.Онон, Г.Батчулуун гээд олон сайхан уяачтай ойр дотно нөхөрлөж явна.

-Улсын нэртэй уяачид өөрийн гэсэн нэг арга барил байдаг даа. Таны арга барил юу байна?

-Би эртнээсээ цагийн дөрвөн эргэлтэд мориноос салдаггүй. Мотоцикль ч унаж үзээгүй. Адууг намрын хяруу унахаар 21 хоног уяж эдэлнэ. Шөнө барьж уяж хоноод өдөр тавиад зөөлөн эдлээд тавина. Өвөл гурван ес эхлэхээр нэг барьж унаад цантуулаад уяж хоноод тавьдаг. Хавар Цагаан сар өнгөрөхөөр эрт онгойлгохоор уяхад амар, хөнгөн. Азаргыг гүү хураахын үед оторт явуулаад хавар эрт ирэхээр нь тэжээл өгнө. Өвөл отор дээр хорыг нь гаргадаг. Ороо нь орохоос өмнө хөнгөн эдэлдэг, ороо нь гарахаар зөөлөн хөлсдөг. Ерөөсөө адууг анхнаасаа зөв онгойлгох хэрэгтэй. Уяаны эхний бөгөөд сүүлийн алдаа хэцүү байдаг. Дунд үед бол алдааг засаж болдог. Тэгэхээр анхнаасаа ядаргаа зүдэргээ суулгахгүй зөв уях хэрэгтэй. Миний арга барил нь цагийн дөрвөн улиралд тохирсон эдэлгээ хийх юм даа.

-Энэ олон жил морь уяхад “Миний морь энэ наадамд гарцаагүй айраг түрүү авна, ийм сайн байсан ч ингэж алдлаа даа” гэж харамсаж байсан зүйл олон бий байх. Үүнээс онцлон дурдвал?

-Хээр морио 1990 онд нэг сарын турш уясан ч уяа нь багталгүй, улсад мордуулаад 302-т орчихлоо. Тухайн үеийн наадамд олон морь мордоно, хойшоо бүгдийг нь дугаарлаж барьдаг байсан. Хүмүүс мөнгө хатуу цагт үнэтэй авсан болохоор “Арван мянгын хээр” гээд наана цаана дамшиглаад болдоггүй. Наадмын дараа “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн баяр болж, энд л уралдана гээд морио гурван хоног адуунд нь гүйлгээд бариад уячихсан. Дэлгэрхаанд очоод сунгаад үзэхэд гуравт орж, овоо урам орлоо. Хамт явсан нэртэй том уяачид ойр орчмын сунгаа тооцож үзээд “Хээр морь эхний 10-т бол орно, илүү ч уралдана” гэж тооцсон. Наадмын эхний өдөр морио мордуултал айргийн гуравт хурдалж ирлээ. Бөөн баяр болж байтал “Дааганы пайзнаас эргэсэн, дахин уралдана” гэх зэргээр бөөн хэрүүл.

Том наадамд анх морь айрагдуулсан хүн “хасна, дахина” гээд байхаар муухай царайлна. Ийнхүү дахин уралдахаар болж, уяан дээрээ уруу царайтай ирэхэд манай нэг хашир уяач өвгөн “За ашгүй, ашгүй” гэж байна. Миний ч дургүй хүрч байлаа. Харин өвгөн “Хээр морь сая уралдахдаа жаахан дутуу байсан, одоо бол ид сайхан байна, түрүүлнэ гэж ярина шүү. Хоолон дээр нь алдав” гэхээр хээр морио харлаа, үнэхээр сайхан харагдана. Би нэг муу морь тэрэг, жижиг майхантай наадамд очсон. Манай гал дээр заан Ц.Амартүвшин ах, Ш.Чанарав гуай нарын бөхчүүд ирж шуугиад хөл хөдөлгөөн их.

Миний хувьд мориныхоо хоолыг алдахгүй гэсэн ганц бодолтой байв. Манай том хүү Д.Ууганбат долоон настай морь унаж явсан, хүүхдээ ч анхаарсангүй. Хүмүүс шуугиад унтах ч газар байхгүй. Бүр шөнөөр хажуу айлын майханд унтууллаа. Гагцхүү морины хоол, маргаашийн уралдаан бодож байснаас хүүхдээ мартаж орхиж. Их морио мордуулчихаад бид ч ирэх болоогүй гээд хүлээж байтал юу юугүй морьд барианд орлоо шүү. Тэгэхэд би гурван их морьтой явсан. Хоёр морь маань давхиад ирсэн, хээр морь байдаггүй. Морь хүүхдээ эрээд олсонгүй. Гэтэл цагаан хоолойгоор зарлаж байна, “Сая барианд орсон морьд дутуу эргэсэн учраас барихгүй. Энд үлдсэн морьдыг аваад цааш явж байна” гэж зарлахаар ямартай ч хээр морь үлдэж гээд тайвширлаа. Миний нөгөө хоёр морийг унасан хашир хүүхдүүд болохоор хээр морь тархинд гарсан гээд байдаг.

-Тэгээд яасан байх уу?

-Хээр морь угаасаа тархинд гардгаараа гарсан юм билээ. Гэтэл олон хоногийн зам туулсан хүүхэд, урьд шөнө нь нойр, хоол муу учраас цанх нь татаад морин дээрээ эвхэрч явсаар байгаад сүүлдээ тэсэхээ болиод бууж, түргэний тэрэг аваад ирж л дээ. Ингэж бөөн эрэл сурал болсны эцэст эмнэлэг дээр очоод хүүдээ “Чи жаахан тэсээд явчихгүй яав даа” гэхэд эмч “Та чинь хүний хүүхдээр морио унуулчихаад яасан хүн бэ” гээд зад загнаж байна. Тэгэлгүй яахав. Эмчийг очиход атиралдаад хэвтэж байсан гэнэ лээ. Тэгэхэд хээр морь бүр хол тасраад гараад явчихсан байсан, хол түрүүлэх байсан даа гэж харамсдаг. Түүнээс хойш мориныхоо хүүхдэд их анхаардаг болсон. Маш том сургамж болсон доо. Залуу ч байж.

Үүнээс гадна Ардын хувьсгалын 70 жилийн баяраар хээр морь хурдан байсан ч уралдаан будилсан. Аанай л хүмүүс “Арван мянгын хээр” гээд дамшиглана. Дараа жил нь 71 жилийн ойн баяраар хээр морь ч газар усандаа даслаа, уяа ч сайн, хүүхэд ч дассан, хол ч түрүүллээ. Ингэж л хүн амьтны хэл амнаас нэг гаргаж өгсөн дөө.

-Морины уяа зөв сайхан, хурдан, хүүхэд гээд бүхий л талаараа тэгш байхад наадмын үзүүр дээр бас л аль зүйл тохиолдохыг хэлэх вэ. Танд тийм зүйл тохиолдоо биз?

-Бүх талаараа тэгш гэж бодож явтал 1994 онд нэг зүйл боллоо. Морь маань улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн, энэ жил алдана гэж байхгүй, найдвартай түрүүлнэ гээд бодчихсон. Сунгаа бүрд том уяачдын аварга морьдоос нэг километр хэртэй тасархай. Хээр мориноос гадна хулгар даага, хонгор хязаалан хоёр их хурдан байсан. Ингээд хээр морио түрүүлнэ, хоёр бага насаа айрагдана гэсэн том тооцоотой байлаа. Гэтэл гэнэт бөөр татаад хэвтэрт орчихлоо. Босож чаддаггүй. Хүүхэддээ зааж өгөөд ажлыг нь хийлгэж байтал өөдөөс нь хүйтэн бороо орж цохиулаад хээр морь мултарчихлаа. Хэвтэрт байгаа хүний хийморь үхдэг юм байлгүй гэх мэтээр элдвийн зүйл бодно.

Тэгэхээр нь хоёр гурван хоног ижилд нь тавьж гүйлгэж байгаад үзүүрийн ажил хийгээд наадамд аваад явлаа. Тэр үед засмал зам байсан биш, машинаар явах аргагүй, морь тэргэн дээр нэмнээ хөнжил гудас давхарлаж тавиад гарч өгөв. Эмч “Аминдаа хайргүй яачихсан хүн бэ” гээд загнаад явуулахгүй болохоор “Үхсэн ч гомдолгүй” гэсэн бичиг хийж өгөөд өвчин намдаагаад явлаа. Буянт-Ухаад очсон гайгүй хийморь сэргэж байна. Эгч ч хотоос өвчин намдаах явуулж, түүнийг боодлоор нь уучихаар хоёр цаг нам болно, тэгээд өвдөнө. Морио мордохоос өмнө тулгаж байгаад нэг хөлс авчихлаа. Их морьд гарааны зурхайгаас эргэчихсэн, Түргэний гол, Айцын даваа гээд морьд ч цувж байгаа бололтой. Цагаан хоолойгоор миний хээр морийг тав зургаад орж гараад явааг зарлаад байдаг. За айрагдахгүй юм байна гэж бодож байтал хүүхдийн хашраар нэг айрагдсан даа. Дараа даагаа мордуулсан хол түрүүлж, нэг өдөр нэг түрүү, нэг айраг авлаа.

-Тэгээд юу бодогдож байх юм?

-Морь хурдан байх, тэр тусмаа Төрийн баяр наадамд олон морь түрүүлгэж айрагдуулсан хүнд хэл ам ч байдаг бололтой, хатуу хөтүү ч зүйл тохиолдож магадгүй юм байна гэж бодсон. Би огт лам шүтдэггүй байсан. Түүнээс хойш лам лам гэх болсон доо. Тэр жилийн наадмаар манай найз хамт морь уяж байгаад “Хоёулаа лам дээр очоод ирье” гэхэд нь би “Чи яв яв” гээд явуулсан, ирэхээр нь асуусан чинь “Та хоёрын морьд хурдан, бараг медалиа өвөртөлчихсөн хүмүүс юм, харин жаахан саад байна” гэхэд би огтхон ч тоосонгүй, “Чи бид хоёр морио л алдахгүй бол юуных нь саад байдаг юм” гэж байв. Залуу ч байсан, одоо бол өөр болсон шүү.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (213.142.96.180) 2023 оны 07 сарын 19

Төөрсөөр байгаад буцаад нутагтаа малчин болоод буцдаг юм байна. Баян сэхээтнүүдээр хэдэн үеэрээ үлдэхийн тулд ухаан шаарддаг гэдгийг улстөрчид ба монголын бизнесменүүд мэддэггүй юм байна.

0  |  0
Top