Г.Нарантуяа: Зөвхөн тунхагласнаар хүний эрх, эрх чөлөө бодитой хэрэгжихгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 08

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө хангагдаж байгаа эсэх, хүний эрхийн тогтолцооны асуудал ямар хэмжээнд байгаа, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаж, цуглах эрх чөлөөний эрх зүйн зохицуулалт болон цаг үеийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Г.Нарантуяатай ярилцлаа.


-Хуульчдын холбооны хуульч, өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлсэн. Учир нь Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр хүнийг санаатай болон санамсаргүй үйлдсэн хэрэгт шууд яллагдагчаар татаж, хөөн хэлэлцэх хугацаа байхгүйгээр ял, шийтгэл оноодог болсон байна. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрхэд шууд халдсан явдал мөн үү?

-Зарим хуульчид 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” гаргах тухай Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах болсон тухай хэвлэлийн хурал хийсэн байна лээ. Эрүүгийн хуулийн 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр хүнийг санаатай болон санамсаргүй үйлдсэн хэрэгт шууд яллагдагчаар татаж, хөөн хэлэлцэх хугацаа байхгүйгээр ял, шийтгэл оноодог болсон гэдэг бол ташаа ойлголт байна. Гол маргаан нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолдог байсныг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолдог болгосон заалтыг ямар хугацаанаас эхлэн дагаж мөрдөх вэ гэх асуудал юм. Хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон болон ингэж тогтоох журмыг тоочсон энэ хуулийн заалт Эрүүгийн хуульд тусгагдсан боловч мөн чанарын хувьд ялгаатай. Нэг нь материаллаг, нөгөө нь процессын шинжтэй гэж үзээд Улсын дээд шүүх уг заалтыг хууль хүчин төгөлдөр өдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж үйлчилнэ гэж тайлбарласан юм байна лээ. Нэгэнтээ хуульчид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан тул Улсын дээд шүүх ба хуульчдын аль нь зөв болох талаар өөрийн үзэл бодлоо хуваалцах нь зохимжгүй. Гэхдээ хууль хэрэглээний энэ мэт чухал асуудлаар хуульчид цэцэд мэдээлэл гаргаж, эрх зүйг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгааг эрүүл үйл явц, сайн жишиг гэж үзэж байна.

-Манай улсад эрүүгийн хэрэг шалгаж байна хэмээн тухайн иргэнийг хэдэн жилээр цаг наргүй шалгаж, өдөр бүр цагдаагийн үүд сахиулж, заримдаа цагдан хорьдог. Мөн гадагш хилийн хориг тавьж, эмчилгээ үйлчилгээ авах, ажилд орж чадахгүй болох, банкны данс, хөрөнгөө хаалгаснаар зарцуулж чадахгүй байх тохиолдол олон гардаг байна. Үүнд ХЭҮК ямар байр суурьтай байдаг вэ?

-Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа бол гэмт үйлдэл гарсан эсэх, хувь хүн хуулийн этгээд гэм буруутай эсэхийг тогтоох замаар нийгмийн аюулгүй байдал, олон нийтийн эрх ашгийг хамгаалж, шударга ёсыг тогтоодог механизм юм. Энэ ажиллагаанд төрийн албан хаагчийн хүч нөлөө их учраас хүний эрхийн баримт бичгүүдэд халдашгүй чөлөөтэй байх, хэргээ шударгаар шүүлгэх, эрүү шүүлт, хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг доромжилсон харьцаа, шийтгэлээс ангид байх эрхийг баталгаажуулсан. ХЭҮК-т иргэдээс ирүүлдэг нийт гомдлын 30 орчим хувь нь эдгээр эрх зөрчигдсөн тухай байдаг нь нэг талаас асуудал хэр тулгамдсан болохыг харуулдаг. Хэргээ боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэх нь шударгаар шүүлгэх эрхийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд гэм буруутай нь хуулийн дагуу нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруугүйд тооцох зарчим хэрэгжих үндсэн нөхцөл юм. Эрүүгийн хэрэгт холбогдуулж, олон жил шалгасан боловч эцэстээ хэрэг нь хэрэгсэхгүй болсон, хуульд заасны дагуу мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай ажиллагааны улмаас эрх нь зөрчигдсөн тул хохирлоо нөхөн төлүүлэхэд дэмжлэг хүссэн, хохирлоо нөхөн төлүүлэх эрх нь зөрчигдсөн талаар гомдол, мэдээлэл Комисст ирдэг, зохих арга хэмжээ авдаг. Гэхдээ ийм байдалд орсон олон хүн эрүүгийн хэргээс салсандаа баярлаж, хэргийг нь сэргээж шалгахаас эмээж, гомдол гаргаж, хохирлоо нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргадаггүй нь нууц биш. Гэм бурууг тогтоож, нийтийн аюулгүй байдал, хүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг гэмт этгээдээс хамгаалдаг учраас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор ажлаа хараат бусаар явуулах боломжтой байх, албадлагын арга хэмжээ авах бүрэн эрхийг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэвч нөгөө талаас ийм бүрэн эрхийг хэрхэн хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийн, тодорхой хуульчлахгүйгээр хэнд, хэрхэн хэрэглэх нь албан тушаалтны дур зоргын асуудал болох эрсдэлтэй. Монгол Улсын хууль тогтоомжоор прокурорын эдлэх бүрэн эрх хэт өргөн хүрээтэй, нээлттэй бус, мөн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө хөндөгдөж болзошгүй үйл явцыг горимлосон байдлыг хангалтгүй гэж үздэг.

-ХЭҮК-т эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг яаж шийдвэрлэдэг юм бэ?

-Эрүүгийн хэргийг цагдаа шалгаж, прокурор, шүүх уг ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавьж, шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шатанд байгаа болон хянан шийдвэрлэгдсэн эрүү, зөрчил, иргэн, захиргааны хэргийг ХЭҮК хянан хэлэлцэхгүй байхыг хуулиар тогтоосон. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын хараат бус байдлыг хамгаалах зорилготой энэ зарчмыг Комисс хүндэтгэн сахиж, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрх зөрчигдсөн талаарх гомдлын нөхцөл байдлыг тодруулдаг. Хүний эрхийн зөрчил байж болзошгүй гэсэн асуудалд эрх бүхий байгууллагын анхаарлыг эхний ээлжид хандуулж, механизм өөрөө арга хэмжээ авах, алдаа гарсан бол залруулах боломжийг бүрдүүлдэг. Харин эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хувь хүний эдлэх эрх, эрх чөлөө ноцтой зөрчигдсөн бол, эрх бүхий байгууллагууд тухайн асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхгүй байгаа бодитой үндэслэл байвал хэрэг, маргааны үндсэн асуудлын талаар шийдвэр гаргах шүүх эрх мэдлийн байгууллагуудын бүрэн эрхэд халдахгүйгээр Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавьж, арга хэмжээ авдаг.

-ХЭҮК-т хэр их гомдол, мэдээлэл ирдэг вэ?

-ХЭҮК үйл ажиллагаагаа явуулсан 21 жилийн хугацаанд шийдвэрлэдэг гомдол, мэдээллийн тоо жилээс жилд өссөн. Комисс байгуулагдсан эхний жилд 120 орчим гомдол ирдэг байсан. Харин 10 жилийн дараа нэг жилд 500-600 орчим болж өссөн. Энэ оны зургаадугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 414 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Өнгөрсөн жил цар тахлын нөхцөл байдалтай холбоотой 1200 гаруй гомдол, мэдээлэл ирж, шалгах, тодруулах ажиллагаа хийсэн байдаг. Иргэдийн хүний эрхийн мэдлэг, эрхээ шаардах байдал нэмэгдэж байгааг энэ тоо илтгэж байгаа болов уу. Гомдол, мэдээллийн тоо ихсэхийн хирээр ХЭҮК-ын гомдол шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй, хурдан шуурхай болгох, нөгөө талаас чанарыг сайжруулах шаардлага бий. Энэ талаар нэлээдгүй ажлыг хийж байгаа, үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байна.

-Монгол Улсад хүний эрх өнөөдрийн байдлаар бүрэн хангагдаж чаддаг уу?

-Дэлхийн ямар ч улс оронд хүний эрхийн асуудал байдаг. Тухайлбал, Баруун Европын орнууд болон Америк, Австрали зэрэг харьцангуй эдийн засаг, нийгмийн хөгжлийн хувьд өндөрт тооцогддог улс орнуудад ч хүний эрх зөрчигддөг. Гэхдээ улс орнууд хүний эрх, эрх чөлөөг хангах талаар хамгийн дээд хүчин чармайлт гаргах ёстой. Энэ нь ч улс орны хэтийн ирээдүйд илүү зохистой. Үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх, хэвлэн нийтлэх, халдашгүй чөлөөтэй байх зэрэг эрхийг хэрэгжүүлэхэд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжид хамрагдах зэрэг эрхүүдтэй харьцуулахад материаллаг нөхцөл бага шаардана. Төр энэ орон зайд зүй бусаар халдахгүй байх л шаардлагатай. Эдгээр хүний эрхийг хангахад улс төр, нийгмийн хүсэл зориг, шийдвэр чухал. Харамсалтай нь Монгол Улс иргэний, улс төрийн эрх, эрх чөлөөг эдлүүлэх талаар хүрч чадах боломжит төвшнөөс доогуур байна. Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргаж, хариуцлага нэхдэг хүмүүст хэрхэн хандаж байна вэ. Ардчилсан үнэт зүйлсийг хамгаалж байгаа идэвхтэй иргэн гэж харж байна уу, эсвэл заргач, хэл амтай хүн гэж харж байна уу. Хуулиар ил болгох мэдээллийг бүрэн дүүрэн ил болгосон, наад захын ардчилсан эрх болох иргэдийн мэдэх эрхийг төрийн байгууллага хэрхэн хангаж байна вэ гээд бодоод үз дээ.

-Тэгвэл яаж хүний эрх, эрх чөлөөг эдлүүлдэг болох вэ?

-Хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарладгаараа Монгол Улс дэлхийд тэргүүлж байгаа. Гэхдээ хүний эрх, эрх чөлөөг ингэж эдлүүлнэ, төрийн байгууллага, албан тушаалтан үүргээ энэ горимоор хэрэгжүүлнэ гэсэн үйл ажиллагааг бий болгохгүйгээр хүний эрх цаасан дээр үлдэнэ. Дараа нь хүний эрх зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх, нийгмийн шударга ёсыг тогтоох тогтолцоо үр дүнтэй ажиллах ёстой. Өнгөрсөн хугацаанд бид шүүх, Үндсэн хуулийн цэц, ХЭҮК зэрэг хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тогтоож, сэргээх чиг үүрэгтэй байгууллагуудыг байгууллаа. Инстүүц бодитой байна гэдэг чухал дэвшил. Гэхдээ эдгээр байгууллагууд зүй нь симфони найрал хөгжим шиг зохицон ажиллаж, хүний эрхийн үр дүнтэй хамгаалалтыг бий болгох ёстой. Ингэж чадаагүй л байна. Нэг ёсондоо симфони найрал хөгжим маань тэнд хуучир, энд шанз дуугаргаж, удирдаачгүй явна. Хүний эрхийг хамгаалах тогтолцоо учир начраа олохын тулд хохирлыг нөхөн төлүүлдэг тогтолцоо бас хөгжих ёстой. Шүүхийн шийдвэр гарсан ч биелэгдэхгүй олон жил болдог, бүүр замхардаг бол эцсийн дүндээ шударга ёсыг тогтоох уу.

-Та хүний эрхийг хамгаалах тогтолцоо, энэ чиглэлийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?

-Шүүмжлэх үедээ шүүмжилнэ. Яагаад гэвэл ХЭҮК хүний эрх зөрчигдсөн тухай гомдлыг хүлээн авч шалгаж шийдвэрлэдэг, хүний эрхийг хамгаалдаг байгууллага, хамгийн түрүүнд болохгүй байгаа асуудлуудтай нүүр тулдаг. Үүний зэрэгцээ сайн ажиллаж, хичээж байгаа байгууллагуудыг олж харахыг хичээдэг. Төрийн байгууллагуудыг нийтээр нь сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Үндсэн хуулиар хүмүүнлэг, ардчилсан нийгэмд амьдаръя гэдэг сонголт хийснээс хойших 30 жилд Монгол Улс хүнээс бага хамааралтай ажиллах систем тогтоож чадаагүй учраас ямар ч албыг хэн удирдаж байна вэ гэдгээс олон зүйл шалтгаалдаг. Одоогоор төрийн голлох албыг удирдаж, өнгийг тодорхойлж байгаа хүмүүс социалист дэглэмийн үед бэлтгэгдсэн, үгүйдээ ардчилсан үнэт зүйлс боловсролын тогтолцоонд нэвтэрч, биежихээс өмнө бэлтгэгдсэн. Одоо ч манай боловсролын агуулга социалист ул мөрөө тээсээр байгаа. Тэгэхээр ардчилсан төр ямар байх ёстой вэ гэдэг мөн чанарыг ухаж ойлгодог хүн хэд байна вэ. Гэхдээ бидэнд нэг сайн тал байна гэж боддог. Төр, иргэний нийгмийн байгууллагууд ямар ч байсан нэг ширээний ард цугларч, асуудал ярьж болдог. Зарим улс орнуудад ийм нөхцөл байдаггүй.

-Сайн ажиллаж байгаа хэмээн дүгнэж байгаа байгууллагуудаасаа дурдвал?

-Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд чармайж байна гэж боддог. Энэ асуудал тулгамдсан болохыг нийгэм хүлээн зөвшөөрч, хот, хөдөө хаана ч явсан хэрэг, тохиолдлууд яригдаж байна. Асуудал байсан, гэхдээ мэддэг, ярьдаг, арга хэмжээ авахыг хичээдэг болсон нь саяхнаас юм. Энэ бол дэвшил. Хууль сахиулах байгууллагууд, ялангуяа цагдаагийн байгууллага хүний эрхийг зөрчдөг гэж цоллуулдаг. Жагсаал, цуглаанаар жишээ авъя л даа. “Нийгмийн хэв журам” гэж юу болох, ардчилсан нийгэм оршихын үндэс болсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба нийгмийн хэв журмын тэнцвэрийг хэрхэн сахиулах тухай ихэнх цагдаагийн алба хаагчдад ойлголт байхгүй, хүнээс бага хамаарах систем тогтоож чадаагүйгээс идэвхтэй иргэд, цагдаагийн хооронд ихэнхдээ сөргөлдөөн үүсдэг. Ардчилсан үнэт зүйл, хүний эрхийн талаарх цагдаагийн хандлага, соёл өөрчлөгдөх шаардлагатай. Гэхдээ цагдаагийн байгууллага хүний эрхийг хамгаалахад маш чухал, эрсдэлтэй үүрэг гүйцэтгэдэг, хамгийн “халуун цэгт” тэд ажиллаж, хүний амь насыг хамгаалдаг. Цагдаагийн байгууллага хэрхэн хичээн ажиллаж байгааг олж харахыг хичээдэг. Дэмжиж туслахыг боддог. Цагдаа үүргээ биелүүлэх орон зайг бас хамгаалах ёстой. Эцсийн эцэст, үймээн самуунгүй дэг журамтай нийгэмд л хүн хамгийн их эрх чөлөөтэй байх боломжтой. Энэ үзэл санааг Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 28, 29 дүгээр зүйлд баталгаажуулсан.

-Эрх зүйн зохицуулалтын улмаас ХЭҮК-ын зарим боломж, чадавх хязгаарлагддаг уу?

-Маш чухал асуулт байна. ХЭҮК-ыг хүчтэй байхыг нийгэм хүсдэг, зарим улстөрч анхааруулдаг. ХЭҮК-ыг сайнаар хэлбэл хүлээцтэй, намжуу, муугаар хэлбэл сул дорой байлгадаг хүнээс хамаарахгүй хоёр нөхцөл бий. Нэгдүгээрт, Хүний эрхийн үндэсний байгууллагын ажиллах зарчим. Хоёрдугаарт, ХЭҮК-ын гомдол шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтын дутуу байдал. Хүний эрхийг хангах нь төрийн үүрэг. Төр энэ үүргээ биелүүлж байгаа эсэхийг хараат бусаар хянах нь ХЭҮК-ын үүрэг юм. Өөрөөр хэлбэл, ХЭҮК хүний эрх, эрх чөлөөг хангах байгууллагууд, салбаруудыг хянах ёстой. Салбар бүрд гүйцэтгэх, хянах тогтолцоо бий. Эдгээр нь эхний ээлжид ажиллах ёстой, ажиллаж чадаж байгаа эсэхийг ХЭҮК хянах ёстой, энэ зарчмыг мөрдөх нь зүй юм. Хоёрдугаарт, гомдол, мэдээллийг хэрхэн хүлээн авахаас эхлээд яаж шалгах, эцэст нь хэрхэн шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт ихээхэн учир дутагдалтай. Ганц жишээ хэлье. ХЭҮК-ын гишүүн хүний эрхийн зөрчлийг таслан зогсоохоор шаардлага, урьдчилан сэргийлэх үүднээс зөвлөмж гэдэг эрх зүйн актуудыг гаргадаг бөгөөд тэдгээрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэхдээ шаардлага, зөвлөмжийг заавал биелүүлнэ гэж хуульчилснаар хүчтэй баримт бичиг болохгүй, үйл баримтыг маш сайн тогтоож, эрх зүйн дүн шинжилгээг мэргэжлийн түвшинд хийсэн эрх зүйн акт биелэгдэх дотоод хүчин чадлыг олдог. Үйл баримтыг хөдөлшгүй тогтооно гэдэг Комисст хүний эрхийн зөрчлийг шалгах, мөрдөх бүрэн эрх байх ёстой гэсэн үг. Гэтэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар тогтоосон гомдол шалгах хүрээнд Комиссын гишүүний хэрэгжүүлэх бүрэн эрх хязгаартайн дээр үйл ажиллагааны зохицуулалт байхгүй, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдаагүй. Комиссын гишүүн шинжээч томилох эрхтэй боловч Шүүхийн шинжилгээний хуульд энэ бүрэн эрхийн талаар тусгагдаагүй байх жишээтэй. Комиссын гомдол шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулахын тулд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бид УИХ-д 2023 онд хүргүүлнэ.

-Монгол төр хэр хүнлэг гэж боддог вэ?

-Төрийн нэн тэргүүний үүрэг хүний эрх, эрх чөлөө гэдгийг дээр, дооргүй ярьж байна. Энэ бол сайн зүйл. Гэхдээ ярьж байгаа нь итгэл үнэмшил мөн үү. Хүний эрхийг дээдэлнэ, хүнийг хүндэтгэнэ гэж юу болох, яагаад энэ зүйл чухал болохыг тэр бүр ухаж мэдэж байна уу. Хүнлэг төр гэж иргэнээ, хүний эрхийн эрх зүйн ойлголтоор бол нутаг дэвсгэртээ байгаа бүх хувь хүнийг хүн ёсоор амьдрах боломжоор хангах, хүний амь хэн байхаасаа үл хамаарч, ижил үнэ цэнтэй болохыг ухамсарлаж, нийгмийн харилцаанд биежүүлнэ гэсэн үг. Төрийн байгууллага, албан тушаалтнууд дарга хүн, баян хүн, алдар нэртэй хүн, жирийн иргэнтэй адил харилцаж байна уу. Бичсэн хууль, босгосон тогтолцоо маань хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнх, гадаадын иргэд, бэлгийн цөөнх, эмэгтэйчүүдэд тэгш боломж олгож чадаж байна уу. Эрүүл хүмүүст зориулсан барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст, ахмад настнуудад хүн ёсоор амьдрах тэгш нөхцөлийг бүрдүүлж чадаж байна уу. Хот маань машинтай хүнд зориулагдаад байна уу, тэрэг түрсэн ээж, хүүхдүүд, гэр бүлүүдэд зориулагдаж байна уу. Энэ бүгд бол төр хэр хүнлэг байгаагийн энгийн жишээ юм. Монгол төр хэр хүнлэг байгаад уншигч дүгнэлтээ өгөх биз ээ.

-Таны сэтгэлийг хамгийн ихээр өвтгөдөг, хүний эрхийн ямар асуудал байна вэ?

-Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг 18 дэд хэсэгт багцалж, хуульчилсан. Эдгээрийн аль ч үндсэн эрх, эрх чөлөөний ангилал ноцтой зөрчигдөж байгаа нь хүний эрхийг нэрлэх боломжтой. Гэхдээ сүүлийн үед анхаарал хандуулж, чухалчилж байгаа асуудал бол технологиос үүдэлтэй хүний эрхийн асуудал байна. Технологийн хөгжил дэлхий ертөнцийг, хүнийг өөрийг нь өөрчилж байна. Хүн төрөлхтний түүхэнд бий болсон бүх зэвсгийн нэг адил технологи сайн ч, саар ч үр дагаврын аль алийг дагуулдаг. Харин амьдралын уламжлалт хэв маягаасаа шалтгаалж, хувийн нууц, хувийн мэдээлэл, хувийн орон зайгаа хамгаалах нь нийгэмшиж амьдарч байгаа хувь хүнд ямар чухал болох тухай ойлголт монголчуудад дутмаг. Ухаалаг гар утас, нийгмийн сүлжээний апплейкшнүүд хүнд мэдээлэл авах, бусадтай харилцах, сурч боловсрох өргөн боломж олгож байгаагийнхаа хэрээр хүний сонголт, оюун санааг удирдах, хувийн мэдээллийг хууль бусаар цуглаах эрсдэл дагуулдаг. Үүнийг олон нийтэд ойлгуулж, технологийн эрин үед өөрийгөө хамгаалах мэдлэг, дадал эзэмшүүлэх, цаашилбал, технологийг хүнд ээлтэй байдлаар хөгжүүлэх, ашиглахад оролцох нь энэ цаг үеийн тулгамдсан асуудал юм. -Ардчилсан нийгэмд хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд эрх нь нээлттэй болсон. Гэвч хүмүүс эрхээ эдэлж байна гээд хэтрүүлээд байгаа юм шиг санагддаг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? -Юуны өмнө, хүний эрхийн эрх зүйн хууль зүйн хэрэглээ төлөвшөөгүйгээс эрх чөлөөг туйлын буюу абсолют утгаар ярих, хэрэглэх байдал түгээмэл байна гэж үзэж байна. Угтаа бол хүний эрхийн эрх зүй нь тэнцвэрийн эрх зүй юм шүү дээ. Амьд явах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлтээс ангид байхаас бусад хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосон үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, нийтийн эрүүл мэнд, нийтийн ёс суртахуун, бусад хүний эрх, эрх чөлөө зэрэг үндэслэлүүдээс хязгаарлаж болдог, хязгаарлах нөхцөл нь тодорхой тогтоосон, хязгаарлахад үйлчилдэг дүрэм журамтай эрх зүй. Төр ба иргэн гэдэг субъектүүдийн хооронд үүсдэг, Үндсэн хууль зэрэг хуулиар хамгаалагдсан эрх ашгийн хүрээнд үүсдэг эрх зүйн харилцаа юм. Гэтэл хууль зүйн бүх эрхийг хүний эрх гэж ойлгосноос болж манай эрх зүйн тогтолцоонд хүний эрхийн эрх зүй ба эрүү, иргэн, хөдөлмөр, захиргааны эрх зүйн ялгаа заагийг хуульчид хүртэл төдийлөн мэдэхгүй байгаа юм. Жишээлбэл, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх бол ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон хүний эрх. Гэхдээ энэ эрхийг онцгой үүрэг хариуцлага дагалдах бөгөөд тодорхой нөхцөлөөр хязгаарлаж болохыг хуулиар тогтоосон. Ямар ч үзэл бодлыг ямар ч хязгаарлалтгүй илэрхийлж болох бол хүний хувийн нууц, нэр төр, амьдрал хамгаалалтгүй үлдэж, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн, үзэн ядалтыг сурталчилбал үндэсний аюулгүй байдалд эрсдэл учирч, шүүх шийдвэр гаргахаас өмнө хүнийг гэмт хэрэгтэн болохыг нийгэмд зарлавал шударга ёс гажуудна. Хүний эрх, эрх зүйг хууль зүйн утгаар нь хэрэглэх мэргэжлийн чадавхыг бий болгож, албан ба албан бус боловсролын тогтолцоо, урлаг, соёлын бүтээлүүдээрээ дамжуулж хүнлэг соёлыг түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй байгаа юм даа.

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль цаг үетэйгээ хэр нийцэж байна вэ. Шинэчлэх шаардлагатай юу?

-Энэ хуулийг нэмж өөрчлөөд зогсохгүй шинэчлэн найруулах ёстой болохыг би олон удаа тайлбарласан. ХЭҮК таван чиглэлд хуулийг сайжруулах ёстой гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, тайван хуран чуулах эрхтэй холбоотой ойлголтуудыг тодорхой болгох. Юуны өмнө хүний эрхийн эрх зүйгээр тайван жагсаал цуглааныг хамгаалдаг. Тайван бус, хүчирхийллийн шинжтэй жагсаал цуглаан хийх бол хуулиар хамгаалагдсан эрх чөлөө биш. Гэхдээ тайван байдал гэдгийг олон улсын эрх зүйгээр өргөн хүрээтэй тогтоосон. Тээврийн хэрэгсэл, хүний урсгал, эдийн засгийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах зэрэг иргэний үл захирагдахуйн шинжтэй эсэргүүцлийн үйл ажиллагаа, арга хэмжээг, улс үндэстний хувьд эмгэнэлт, эмзэг дурсамж, нөхцөл байдлыг сэдрээхүйц эд зүйл, зурвас хэрэгсэл, бэлэг тэмдэг ашиглах гэх мэт олон нийтэд бага хэмжээний тааламжгүй байдал үүсгэхүйц нөхцөлийг тайван, хэвийн гэж үзэх зохицуулалт бий. Энэ мэтчилэн хуран чуулах эрх чөлөөгөө тайван, хүчирхийллийн бус аргаар хэрэгжүүлэх гэж юу болох, жагсаал, цуглаан, суулт, өлсгөлөн гэх мэт үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээний төрлүүд, биеэр болон цахимаар хуран чуулах арга хэлбэрүүдийг тодорхойлох шаардлагатай.

Хоёрдугаарт, тайван жагсаал цуглаан эрх чөлөөг гарцаагүй тохиолдолд хязгаарлах үндэслэл, нөхцөл, журмыг маш тодорхой хуульчлах шаардлагатай. Тайван жагсаж цуглах эрх чөлөөг үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах, бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах эрх ашгийн үүднээс ардчилсан нийгэмд шаардлагатай хүрээ хязгаарт, гагцхүү хуулиар хязгаарлах үндэслэлийг тогтоосон. Тайван хуран чуулах эрх чөлөө бол ардчилсан нийгмийн үнэт зүйл, хүн бусад эрхээ хамгаалах арга зам мөн. Гэхдээ жагсаал, цуглаан нь бухимдал, гомдол, цөхрөл зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх үйл явц болох нь цөөнгүй. Заримдаа жагсаал цуглаан хяналтаас гарч, тайван бус үйл явдал руу хөтлөх ч тохиолдол бий. Жишээлбэл, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр эхэлсэн “No Naadam” цуглаан байна. Энэ цуглаан ихэнх хугацаанд тайван өрнөсөн боловч долоодугаар сарын хоёрны шөнийн хоёр цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэсэн зарим жагсагчид бусдыгаа хүчирхийлэлд уриалж, автомашины цонх хагалах зэрэг үйлдэл гаргасныг зохион байгуулагчид хянан зохицуулахад бэрхшээлтэй байдалд хүрч байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний сургамжийг бид мартах ёсгүй. Тийм учраас тайван хуран чуулах эрх чөлөөнд хязгаарлалт тогтоодог бөгөөд хязгаарлах нөхцөлүүд, үндэслэл, журмыг хуулиар сайтар зохицуулах хэрэгтэй юм. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах орон зайг илүү өргөн байлгахын тулд эрсдэлээс хамгаалах, хязгаарлах нөхцөлийг тодорхой болгож өгөх ёстой юм.

Гуравдугаарт, жагсаал цуглааныг төрийн байгууллагад мэдэгдэх механизмыг боловсронгуй болгох шаардлагатай. Хэдийгээр хуульд мэдэгдэл гэж нэрлэсэн боловч үнэн хэрэгтээ зөвшөөрөл өгөх механизм манай улсад үйлчилж байгаа. Жагсаал цуглааныг урьдчилан мэдэгдэх зохицуулалт нь эрх чөлөөгөө эдлэх боломжийг бий болгоход, замын хөдөлгөөнийг зохицуулах зэрэг шаардлагатай зохицуулалт хийх үндсэн зорилготой юм. Мөн мэдэгдэх боломжгүй тайван үзэл бодлоо илэрхийлэх арга хэмжээг албан тараадаггүй байх зохицуулалт хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, тайван жагсаал, цуглааны үйл явцыг цогцоор нь хамгаалах шаардлагатай. Өнөөгийн Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд жагсаал цуглаан гэж зөвхөн хүмүүс цугларч, шаардлага тавьж байгаа үйл явцыг ойлгож байгаа. Гэтэл жагсаал цуглааны мөн чанар нь хамтаараа хэрэгжүүлдэг, олноороо оролцдог, үүний тулд бэлтгэл болон дараах үе шат байдаг онцлогтой. Хөрөнгө босгох, цуглааныг төлөвлөх, үйл явдлын талаар мэдээлэл түгээх, харилцах, арга хэмжээнд бэлтгэх, хүрэлцэн очих, цуглааны үйл явцыг баримт­жуулах, дамжуулах, цуглааныг орхин явах үе шатууд хамгаалагдаж байж тайван хуран чуулах эрх чөлөөг эдлэх баталгаа бүрддэг. Мөн жагсаж цуглах талаар нийгмийн сүлжээнд уриалах, санал солилцох, харил­цах үйл ажиллагааг хамгаалах ёстой. Ийм хамгаалалтгүйгээр хууль бусаар жагсаал цуглаан зохион байгуулсан, хуйвалдсан, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах зэрэг ноцтой гэмт хэрэгт үзэл бодлоо идэвхтэй илэрхийлдэг иргэдийг холбогдуулж шалгах нөхцөл байдал үүсэж байна.

Тавдугаарт, тайван жагсаал, цуглааны үеэр үйл явц, оролцогчдыг хамгаалах, эсвэл хэсэгчилсэн эмх замбараагүй байдал үүссэн бол жагсаал цуглааныг бүхэлд тараахгүйгээр хэсэгчилсэн арга хэмжээ авах, жагсаал цуглаан тайван биш болсон тохиолдолд нийгмийн хэв журмыг сахиулах үйл ажиллагааны үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах шаардлагатай. Жагсаал, цуглаан тайван биш болоход хүч, албадлагыг хэрхэн хэрэглэхийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиас гадна Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн байгууллагын дотоодын кодууд, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжид тусгах шаардлагатай юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.91) 2022 оны 07 сарын 10

Lmedelj uurgee bieluulj haruytslagataisaihan amidrahiin bee

0  |  0
ЗОЧИН(66.181.160.94) 2022 оны 07 сарын 10

Хүний эрх нь : жам ёсны эрх , хууль ёсны эрх гэдэг л 2 ойлголтын дунд байх ёстой болохоос биш хэн юу дуртайгаа хийх , хэлэхийг огт хэлэхгүй , Ж,НЬ : МИНИЙ : хувьд бохир заваан , аюултай тээглэж уначих гээд , эсхүл цүнх кармаа суйлчихгээд , бүдүүлэг үг хэллэг хэлсэн , бие биенээ доромжилсон ,явган хүн нь зам хөндлөн гарахдаа дүрэм зөрчдөг , машин техник нь хөдөлгөөнд оролцохдоо бүрэн бүтэн биш зөрчилтэй гудамжаар явмааргүй байна .. гээд энэ хүний эрхийн наад захын зөрчил мөн үү , түүнээс биш том том тунхаглал зарлаад нэмэргүй л дээ түүнийгээ ягштал нь биелүүлэх түүнийг нь мөрдүүлж чаддаг л

1  |  0
Top