Цезариас Абэ хүртэл буюу халдлагаар амиа алдсан улстөрчид

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 13

Энэ сарын 8-нд сонгогчдын өмнө үг хэлж байхдаа буудуулж, амиа алдсан Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн оршуулга өчигдөр боллоо. Энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан, түүхэнд үлдсэн хамгийн том улстөрийн халдлагуудыг дурдья.

Түүхэн баримт бичигт үлдсэн хамгийн анхны улс төрийн аллага МТӨ 586 онд болжээ. Гэхдээ Вавилоны түшмэл Иудеи Гедалииг хөнөөсөн тэр хэрэг Юлий Цезарийн амийг хөнөөсөн хэрэгтэй харьцуулахад жижиг хэрэг билээ. Цезарь хэмжээлшгүй эрх мэдлийг гартаа авах гэж оролдсоноор МТӨ 44 онд алуулсан түүхээр маш олон кино, ном зохиогдсон гэдгийг уншигчид сайн мэднэ.

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольн Вашингтоны Форд театрт буудуулсан. Иргэний дайныг дуусгах шийдвэрээс зургаан хоногийн дараа Өмнөдийн талын этгээд, жүжигчин Жон Уилск Бут түүнийг буудсан юм.

Хамжлагат ёсыг халж, шүүх, газрын системийг шинэчилсэн Оросын хаан Александр II амьдралдаа арван халдлагыг эсэн мэнд давсан хүн. Гэвч Народная воля байгууллагын алан хядагчдын бөмбөгөнд өртөж амиа алджээ.

1914 оны зургаадугаар сарын 28-нд болсон энэ аллага Дэлхийн нэгдүгээр дайныг эхлүүлсэн юм. Сербийн алан хядагчид Австри-Унгарын ханхүү Франц Фердинандыг гарбуугаар буудан хороосон.

Зөвлөлт Оросын анхны удирдагч Владимир Ленинийг 1918 оны наймдугаар сарын 30-нд Эсер намын Фанни Каплан гэгч эмэгтэй буудсан. Михельсон үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлсэн Ленин машиндаа суух гэж байхад нь нэгэн эмэгтэй амьдрал муу байна гэж гомдоллон дөхөж ирснээ алчууранд нуусан буугаар гурав бууджээ. Азаар Ленин амьд үлдсэн.

Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди ч улс төрийн халдлагаар амиа алдсан хүн. Түүний амь насанд халдах гэж хоёр дахь удаагаа оролдсоноос арав хоногийн дараа дахин халдлага болж, Ганди алагдсан. Хоёр дахь халдлагын дараа Энэтхэгийн Засгийн газраас хамгаалалтыг нь чангатгах гэсэн боловч Ганди “Хэрэв би хэн нэгэн солиотны суманд үхэх ёстой юм бол инээмсэглэн үхэх болно” гэж татгалзжээ. Буудуулаад амьсгал хураахынхаа өмнө тэр алуурчныг өршөөж байна гэдгээ дохиогоор мэдэгдсэн байдаг.

Францын Үндэсний баатар, Ерөнхийлөгч Шарль де Голлийн амь насанд 32 удаа халдсан ч тэр тухай бүр эсэн мэнд гарч байв. Голль 1970 онд зуурдаар нас барсан юм.

АНУ-ын 36 дахь Ерөнхийлөгч Жон Кеннеди Далласт айлчилж байхдаа буудуулж нас барсан талаар маш их кино гарсан ч одоо болтол түүний үхэл нууцлаг хэвээр байдаг.

Харин 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейган буудуулаад амьд үлдсэн. Түүнийг бие хамгаалагч болон эмч нарын шуурхай ажиллагаа аварсан юм.

Шведийн Ерөнхий сайд Улоф Пальме эхнэрийн хамт ямар ч бие хамгаалагчгүй кино үзээд харьж явахдаа буудуулсан. Түүнийг яагаад хөнөөсөн шалтгаан одоо болтол тодорхойгүй.

XXI зууны анхны том улс төрийн аллага Сербид болсон. 2003 оны гуравдугаар сарын 12-нд Төрийн ордондоо Ерөнхий сайд Зоран Жинжич мэргэн буучийн суманд өртөж алуулсан. Сербийн цэргийнхнийг Олон улсын шүүхэд өгсөн шийдвэрт нь өс санасан Сербийн хурандаа Звездан Йованович түүнийг бууджээ.

2021 оны долоодугаар сарын 7-нд бүлэг этгээд гэрт нь нэвтрэн орж, Гаитигийн Ерөнхийлөгч Жовенель Моизийг буудан хороож, эхнэрийг нь шархдуулсан. Энэ хэргийг одоо болтол мөрдөн шалгаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top