Монголын их амар амгалан, залуу аварга, нэгдлийг төрүүлсэн наадам

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 18

Үндэсний их баяр наадам хоёр жил завсарласны эцэст Төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн цар хүрээтэй эхэлж, үзэгчдийн уухайн түрлэгээр өндөрлөлөө. Амьд явбал ирэх жилийн наадам үзнэ гэж манай ард түмэн хэлэлцсээр ирсэн. Тиймдээ ч цар тахлын оргил үеийг давсан манай ард түмний зоо тэнийж сэтгэл тэнүүн баяр наадмаа хийх болсон нь амьд байхын, энх тунх эрүүл оршихын жаргаланг мэдрүүллээ.


 

ТӨРИЙН ДУУЛЛАА ЭГШИГЛҮҮЛЖ, ГАЛАА БАДРААСНААР НААДМЫН НЭЭЛТ ЭХЛЭВ

 

 Тулгар Төрөө мандуулсны 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхт ойн үндэсний их баяр наадмын нээлт долоодугаар сарын 11-ний өдрийн 11.00 цагт ёслол төгөлдөр эхэлсэн. Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлтэд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн УДЭТ-ын Ерөнхий найруулагч Б.Наранбаатар найруулсан юм. Найруулагчийн хэлж буйгаар эрт дээр үед их гүрний нэг захаас нөгөө зах хүртэл, шуудай алт үүрсэн 18 настай охин ямар ч аюул осолгүйгээр, үүрсэн алтнаас нэг цэн пун ч дутахгүй очсон хэмээх түүхийг тэмдэглэж үлдээснийг гол санаагаа болгосон гэв.

 

Энэ нь “Pax Mongolica” буюу “Монгол хэв ёсны энх амгалан” хэмээх 150 гаруй жил үргэлжилсэн дайн байлдаангүй, амар амгалан жилүүдийг тогтоож байсан хугацааг хэлж буй аж. Ийм түүх хүн төрөлхтний түүхэнд байдаггүй учир үүгээр Монгол бахархал хэмээх ойлголтыг үзүүлэхээр зохиомжоо бэлдсэн байна. Нээлтийн ёслол үндсэн долоон том үзэгдлээс бүрдсэн ба бүгд Монголын түүх, соёл, өв эрдэнэтэй холбоотой байв.

Монголчууд эртнээс галын тахилга хийж хамаг бүхнийг ариусгадаг байсан уламжлалтай. Энэ утгаар монгол наадмын сүр хүчийг үзүүлэх, бэлгэдлийн ёсоор галын тахилгын ёслолоор наадмын нээлтийг эхлүүлэв. Үүний дараа Суут Богд Их Эзэн Чингис хааны эш хөргийг заллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд байршуулсан том тайзны хойморт байх босоо тэгш өнцөгт хэлбэрийн самбарыг буулгамагц Чингис хааны эш хөрөг болон хувирсан юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөргийг айл өрх, албан байгууллага бүр хоймортоо залж хүндэтгэхийг зарлиг болгосноо танилцуулав. Нээлтийн ёслолын дараагийн хэсэгт Нүүдэлчин соёлын эрхэмсэг оршихуй болсон дөрвөн улирлын дундах аж амьдрал, соёл түүхийн түүчээ, хүн ардын баатарлаг намтар, өв дурсгал, тэмцэл ялалт, иргэншлийн тухай өгүүлэв. Эртний хаад, хатдын хувцастай бүжигчид таван өнгийн хадаг барин бүжиглэж, хөгжимчид ордны найрал хөгжим тоглож байлаа.

Энэхүү найрал хөгжим бодитой оршин байсан бөгөөд хөлөг баатруудаа магтан дуулсан, улс монголынхоо сүр хүчийг илэрхийлсэн байдаг ажээ. Түүнчлэн хаад, хатад таван өнгийн хадаг барьсан нь эд баялаг, идээ ундаагаар тасрахгүй, гай барцдаас хол амар тайван амьдрахын бэлгэдлийг үзүүлжээ. Үүнээс гадна монгол хэл бичгийн дурсгал, бичиг зохиолын гайхамшиг, бурхан багшийн сургаал, “Өнгөрсөн, одоо, ирээдүй” гурван цагийн намтар түүхийн гайхамшгийг мэдрүүлэх зорилготой үзүүлбэрүүдийг толилуулсан юм.

 

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫГ ЗАЛУУ БӨХЧҮҮД ӨНГӨЛӨВ

 

Тэгш ой давхацсан энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглов. Баяр наадам тасалдсан ч нөгөөтэйгүүр бэлтгэлээ сайн базаах боломж бөхчүүдэд оногдсон нь энэ жилийн наадмын тавын даваанаас хойших барилдаануудад харагдаж байлаа. Хүчит бөхийн барилдааны тавын даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр, Улсын өсөх идэр начин Э. Энхбат агсны дүү, аймгийн заан Э.Энх-Амгаланг амлан барилдаж, элэг бүсээ тайлж өгсөн нь наадамчин олны сэтгэлийн утсыг хөндөв. Ийнхүү Э.Энх-Амгалан улсын наадамд анх удаа тав давж, улсын начин цолны болзол ханган, талийгаач ахынхаа цолонд хүрсэн юм.

Энэ жилийн наадмаар 14 бөх улсын начин цол хүртэж, дөрвөн бөх улсын харцага цолонд хүрлээ. Түүнчлэн долоогийн давааны дараа таван бөх улсын заан цолны болзол хангасан юм. Наадмын хүчит бөхийн барилдааны арвын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, Улсын харцага О.Хангай түрүүлж, Сэлэнгэ аймгийн харьяат, “Таван Хан” дэвжээний бөх, Улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэсэн.

Залуу бөхчүүд үзүүр түрүүнд үлдэж наадам олныг ихэд баясгасныг тэдний уухайн түрлэг гэрчилнэ. Есийн даваанд О.Хангай улсын аварга П.Бүрэнтөгсийг давж үзүүр түрүүнд үлдэхэд үзэгч олон Хангай хэмээн орилж, цэнгэлдэх хүрээлэнг тав тойрч уухайлан дэмжсэн юм. Мөн түүнийг арав давж есөн хөлт цагаан тугандаа мэхийн адис авч дэвэхэд тэнд цугласан олон бүгд биенээ тэвэрч баяраа хуваалцаж байсан нь энэ жилийн наадмын үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүд ард түмний хайртай хөвгүүд болсоныг нотолно.

Шинэ арслан Б.Орхонбаяр 1998 онд төрсөн ба шинэ цагийн залуусын төлөөлөл болж, монгол бөхийн түүхэнд нэгэн хуудсыг шинээр эхлүүлж байна. Харин шинэхэн аварга О.Хангайг улсын наадамд түрүүлнэ хэмээн бөхөд хайртай ард түмэн, бөх тайлбарлагчид нэлээд хэдэн жил ярьсаар бас дэмжсээр ирсэн юм. Монгол түмний хайрласан, итгэж дэмжсэн бөх нэг л өдөр улсын наадамд түрүүлдэг жамтай гэсэн олны яриа ортой ажээ.

 

ЭРИЙН ГУРВАН НААДМЫН НЭГЭН ЧИМЭГ НЬ СУР, ШАГАЙН ХАРВААЧИД

 

Эрийн гурван наадмын нэгээхэн хэсэг нь сур, шагайн харваа байдаг. ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвд 2015 онд бүртгэгдсэн тус спорт өдгөө үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны мэргэдээр Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ийн баг  тодорсон юм. Харин удаах байрт Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг, гуравдугаар байрт Аймгийн Гоц Мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шонхор баг тодорлоо. Баяр наадмын хоёр дахь өдөр сурын талбайд эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорьж үндэсний сурын харвааны аваргуудаа тодруулав.

Эрэгтэй харваачид дундаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн “Эрч” спорт хорооны харваач Т.Очироо “Улсын мэргэн” цол хүртжээ. Мөн 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн “Хүч” спорт хорооны харваач, спортын мастер Б.Энхтүвшин “Улсын гоц харваач” цол хүртсэн юм. 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн “Алдар” спорт хорооны харваач, спортын мастер Н.Алтантулга “Улсын онч харваач” цолоор энгэрээ мялаалаа.

Түүнчлэн 36 сум онож тавдугаар байр эзэлсэн “Андууд” клубийн харваач, спортын мастер Ж.Оюунгэрэл “Улсын тод харваач” цол хүртлээ. Эмэгтэй харваачдаас 38 сум онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их өв” клубийн харваач Б.Пунсалдулам “Улсын даян мэргэн” цол хүртэв. Удаах байрыг эзэлсэн Ц. Түвшинбат 37 сум онож “Улсын гарамгай харваач” цолоор энгэрээ мялаав. Түүнчлэн ижилхэн 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн “Хангарьд” спорт клубийн харваач, спортын мастер М.Мөнх-Амгалан “Улсын гоц харваач” цол хүртлээ. 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Б.Сүрэнжаргал “Улсын онч харваач”, 35 сум онож тавдугаар байр эзэлсэн “Дорнын сурын холбоо”-ны харваач А.Цэвэлмаа “Улсын тод харваач” цол хүртэж  тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авсан юм.

 

ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАШААН ДОТОР Юу БОЛОВ

 

Төв цэнгэлдэхэд байх асруудын дунд хувцас, хоол, сувинер, азын сугалаа, гоо сайханы бүтээгдэхүүн, ном, хүүхдийн тоглоом, гэрлэн чимэглэл гээд зарахгүй юм байсангүй. Тухайлбал, дартс шидэж шаар оновол чихмэл тоглоом, амьд туулайн бүжин зэргийг бэлэглэх гэнэ.Шуудхан хэлэхэд 2000-аад оны эхэн үеэр аймгийн төвийн наадмын талбай иймэрхүү дүр зурагтай байсныг тодхон санадаг. Хэдийн 20 жил өнгөрсөн ч улсын наадмын талбай байдаг л хэвэндээ. Харин тэр цагаас хойш өөрчлөгдсөн авууштай зүйл нь наадамчин олон хогоо ил задгай хаяхаа больжээ. Хувийн хэвшлүүд санаачилгаараа хог ангилах эко сав олноор нь байршуулж сайн дурын ажилчдаараа зөөлгөж, наадмын талбайг хоггүй цэвэр байлгахад оролцож байв.

Баянзүрх эко тохижилт үйлчилгээний газрын Зам талбайн ахлах инженер Г.Оюунцэцэг  “Манай байгууллага энэ жилийн баяр наадмаар Төв цэнгэлдэхэд 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаа. Ард түмэн маань нэг үеэ бодвол их ухамсартай, хариуцлагатай болжээ. Unitel групп наадмын талбайд хог ангилах 23 цаасан хайрцаг тавьсан. Харин нийслэлээс 10 төмөр хайрцаг байршуулсан. Ажилчид маань чөлөө завгүй ажиллаж, хогийн савнууд ч байнга дүүрч байна. Хоёр хоногийн хугацаанд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс нийтдээ таван тонн хог, хаягдал гарсныг ачиж тээвэрлэлээ” гэв.

 Хогны асуудал шийдэгдсэн бол хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн асуудал хөндөгдөх ёстой. Наадмын талбайд 346 асар хоол, хүнс борлуулах зөвшөөрөл авч ажиллажээ. Хуушуур, шорлог, плов, каз, шаржигнуур тахиа гэх мэт үргэлжлүүлээд байвал дуусахааргүй хоол энд зарж байлаа. Энэ жилийн наадмын хуушуур 2000 төгрөгөөр худалдаалагдаж байв. Олон түмэн нар гэрэлтсэн, махгүй хэмээн наадмын дугуй хуушуурыг ёгөөдөж хэлдэг. Харин энэ жилийн наадмын хуушуур нар гэрэлтхээргүй махтай, тос нь таарсан, амттай байлаа. Нэг гэм нь нэлээд дараалалтай байв. Зарим асрын хуушуурыг сураглавал 100 хуушуур хайрч дууссаны дараа гарна гэх мэтчилэн уртхан дараалалтай байсан юм.

Шорлог 10-15 мянган төгрөг, плов 13 мянган төгрөг, каз найман мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байсан нь хуушуурнаас залхсан хүмүүсийн дунд “од” болов. НМХГ-ын Дэд дарга Б.Алтантуяа “Энэ жилийн баяр наадмаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай зэрэг газарт 243 улсын байцаагц хяналт, шалгалт хийж ажиллаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд 346 хоол, хүнс борлуулах асар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газруудад бид баяр наадмаас өмнө хоол хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн талаар удирдамж, зөвлөмж хүргүүлж сургалт орсон. Хүй долоон худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд хоёр явуулын лаборатори ажиллууллаа. Энэ лабораториуд түр хугацаанд ажиллахдаа ундны ус, ундаа жүүс, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах зэрэг бүтээгдэхүүнд химийн шинжилгээ хийж газар дээр нь үр дүнг нь гаргасан. Мөн баяр наадмаас өмнө Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ундны уснаас дээж авч шинжлэхэд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан үзүүлэлттэй гарсан” гэв. Мөн энэ жилийн наадмын авууштай зүйл нь боловсон, эрэгтэй эмэгтэй нэг зэрэг 60 хүнд үйлчлэх чадамжтай цоо шинэ бие засах газрыг тохижуулсан явдал байв.

 

ЖУУЛЧИД МОНГОЛ АРДЫН ӨВ УЛАМЖЛАЛ, СОЁЛЫГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

 

Урт хугацааны дараа жуулчид манай орныг, монгол наадмыг үзэхээр хүлээлт өвөртлөн ирцгээсэн. Тиймдээ ч энэ жилийн наадмаар жуулчдыг ая тухтай байлгаж, энэ салбарыг хөгжүүлэхийн тулд оюутан цагдаа хөтөлбөрийг зохион байгуулах болсон. Наадмын талбайд ногоон хантааз, цагаан саравчтай малгай өмссөн оюутнууд наадам үзэж яваа жуулчинд чадах чинээгээ тусалж байв.

Оюутан цагдаа Г.Төгөлдөр “Би МУИС-ийн II түвшний оюутан. Зуны улиралд гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, өөрийн санхүүгийн хэрэгцээгээ хангах зэрэг ач холбогдолтой учир энэ хөтөлбөрт хамрагдсан. Энд 25 орчим оюутан цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга бүрийн хоёр талд ээлжлэн ажиллаж байгаа. Өглөөнөөс хойш над дээр 20 орчим жуулчин ирж тусламж авсан. Би англи хэлтэй. Манайд ирж буй ихэнх жуулчид англи хэл ойлгодог болохоор харилцахад асуудал гардаггүй. Цэнгэлдэх хүрээлэнд ирсэн жуулчид ихэвчлэн хаалгануудын дугаарыг лавлаж асуусан. Мөн ариун цэврийн өрөө, тамхины цэг хаана байгаа болон эндээс Хүй долоон худаг руу яаж явах талаар асууж байсан. Бид зургаадугаар сарын 20-ноос эхлэн оюутан цагдаа хийж байна. Энэ хугацаанд төөрсөн жуулчид бидэнтэй их таарсан.

Тиймээс тэд жуулчдын төвийг асууж, утасны дугаарыг нь авч байсан. Богд хан уул руу яаж гарах болон хотод өөр юу юу үзэх боломжтойг хамгийн их лавлаж асуулаа” гэв. Хуушуур идэж үзэхээр хүлээн суугаа хэсэг жуулчинтай таарлаа. Тэд Франц улсаас манай оронд анх удаа ирж байгаа аж. Тэдний нэг нь “Интернэтээс монгол гээд хайхаар хурдан морьд, тал газар л харагддаг байсан. Наадам гэж ийм зүйл байдаг шүү гэсэн тодорхой зураглал гарч ирээгүй. Өнөөдөр л ирээд монгол наадам ямар байдгийг харлаа. Монголчууд бидний төсөөлснөөс их сэтгэл хөдлөл өндөртэй, найрсаг хүмүүс байдаг юм байна. Наадмын талбайд хүний хөдөлгөөн их байна шүү. Наадмын нээлтийн ёслолыг үзэхэд үгээр хэлж боломгүй их гоё үзүүлбэрүүд байсан. Түүн дотроос монголчуудын соёл, уламжлалыг харуулсан хэсэг нь маш их таалагдлаа” гэсэн юм.

 

МОНГОЛ НААДМЫН ГОЛ УТГА УЧИР НЬ ЭРИЙН ГУРВАН НААДМААР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ

 

Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд сайн дурын уран сайханч настангууд нийтийн дуу дуулах зуур дуунд баяссан иргэд хосоороо бүжиглэж байсан нь эгээтэй л сумын төвийн клубын бүжгэнд ирчихсэн мэт дотно дулаан. Тэнд тэргэнцэртэй бүсгүй 10-15 минутанд хөрөг зурж өгч байсан нь амьдралын төлөөх тэмцэл, итгэл найдварыг ч мөн харуулж байв. Дайн дажинтай, геополитикийн ширүүхэн маргаантай энэ цаг үед урт бавгар сахалтай орос жуулчин эр гитараа барин дуулж зогсох нь бидний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болж харагдана.

Муухайгаар хэлэхэд “хар” зах шиг болсон наадмын талбайг сайн анзаараад харвал гэрэлтэй, гэгээтэй зүйлс ч гарч ирсээр байсан юм.Есөн хөлт цагаан тугаа залж, төрийн дууллаа эгшүүлэн өв уламжлалаа илэрхийлсэн үзүүлбэрээр монгол наадам эхэлж, шинэ аварга, арслангуудааргаа “Би монгол эр” хүн дуулуулж, Халуун элгэн нутаг, дроны шоугаар өндөрлүүллээ. Зохион байгуулалтын хувьд өөлж гоочлох, засаж сайжруулах түмэн зүйлс байвч энх цагийн бэлгэдэл болсон төрт ёсны уламжлалт баяр наадмаа хөлтэй, хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлж чадлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.9.46.57) 2022 оны 07 сарын 18

ХУУЧИН МОНГОЛ БИЧГЭЭР , АЛБАН ГАЗАР ,ГУАНЗ РЕСТОРАН ,БАР ДЭЛГҮҮРҮҮД НЭР ХАЯГАА БИЧИХ ЗАРЛИГ ГАРГАСАН НЬ ДЭЭР БАЙЖ ДЭЭ, ИХ ХААНЫ ХӨРӨГ БАРАГ АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТ БАЙГАА

0  |  0
Top