Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг Монголд анх удаа хүрэлцэн ирж тоглолтоо толилуулж байгаа билээ. Тус хамтлаг нь 35 жилийн түүхтэй бөгөөд ах, дүү хоёр гишүүнтэй юм. Өөрсдийн зохиосон болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг тоглож дэлхий дахинаа танигдсан тус хамтлагийн гишүүд болох Фернандо Санаялан, Жулио Санаялан нартай ярилцлаа.
-Та бүхэн Монголд хзээ ирсэн бэ. Ирээд төрсөн хамгийн анхны сэтгэгдэлээ хуваалцана уу?
С.Фернандо: -Бид анх удаа Монголд ирж байна. Наадмын өмнөхөн ирсэн. Намайг Фернандо гэдэг. Миний зүрх сэтгэл Монгол орон руу татагдаж өөрсдийн соёл урлагаа танилцуулах, та бүхний соёл урлагтай танилцах чин хүсэл тээж байсан. Хоёр үндэстэнг дуу хөгжмөөр холбож нэгэн зүрх сэтгэлээр нэгдэн нийлж цэнгэн жаргахыг мэдрэх маш сайхан байна. Монголчууд тун найрсаг, сайхан сэтгэлтэй, тайван амгалан хүмүүс юм. Хаа очсон газар биднийг хүндэлж сайхан хүлээж авч байгаад баяртай байна.
-Та хоёр манай орны үзэсгэлэнт сайхан байгальтай газруудаар аялж тоглолтоо хийж байна. Хэдий хугацаанд ирэв дээ?
-Хамтлаг маань 35 жилийн өмнө байгуулагдсан ч “Qirwa Anka” нэрээ 2006 онд шинэчилж өгсөн. Бид Орхоны хүрхрээ, Тэрхийн цагаан нуур, Хяргас нууранд очиж тоглолоо. Монгол орны ариун дагшин байгаль бидний зүрх сэтгэлийг үнэхээр сайхан хөглөж байна. Ирсэн гийчин буцдаг жамтай. Удахгүй буцна даа. Ийм сайхан уудам тэнүүн цэнгэг агаартай, тунгалаг устай оронд удаан байхыг хүсэж байна. Ташрамд хэлэхэд бид “Bambuu adventure” аялал жуулжлалын компанийн урилгаар, тэдний зочломтгой зангаар аялан тоглолт маань маш сайхан болж байна. Мөн тус компанийн захирал Б.Бадрах буюу олны нэрлэж заншсанаар Бамбуугийн хүсэлтээр “Хөх тэнгэрийн орон” хэмээх Чингис хааны тухай дуугаа толилуулж байгаадаа баяртай байна.
-Танай хамтлагийн нэр ямар утгатай вэ. Өөрийн эх орныхоо өв уламжлал, ёс заншлын талаар яриач. Та бүхний нүүр будалт, өмссөн хувцас, хөгжим сэлт нь маш өвөрмөц юм.
-Бид инка үндэстэний пүрүха ястангууд. Өөрийн үндэстэн ястаны дуу хөгжим, бүжиг, хувцас өмсгөлийг буй биеэрээ таниулан сурталчилж яваадаа бахархалтай санагддаг. Нутгийн уугуул индианчууд улам цөөрч буй учир соёлын биет бус өвийг өөрсдөө тээж, үүнийгээ дэлхий дахинд таниулж яваа маань үндэсний маш том дархлааг дэмжиж буй явдал гэж үздэг. Энэ утгаараа Европын орнууд болон олон улсаас талархал хүртэж, шагнуулж явлаа. Манай орон маш сайхан өвөрмөц байгалийн тогтоцтой, хүмүүс нь сайхан сэтгэлтэй. Бидний өмссөн хувцас нь Хойд болон Төв Америкийн бүх соёл бэлгэдлийг агуулсан. Бидний нүүр будалт эр зориг, уян зөөлөн сэтгэл, дайчин чанарыг илтгэсэн. Бид Эквадор улсын болон Латин Америкийн олон төрлийн үлээвэр хөгжмөөр хөгжимдөж, бүжиглэж, дуулдаг. Хөгжим бүхэн өөрийн характертай, зарим нь уянгалаг зөөлөн хэмнэлтэй байхад зарим нь хурц дайчин шинжтэй.
-Манай улс төрт ёсны үндэсний их баяр наадмаа хийж өндөрлөлөө. Та бүхэн наадмын нээлт үзсэн үү. Монгол орны язгуур урлагийн талаар ямар сэтгэгдэл төрсөн бэ?
С.Жулио: -Хөгжим гэдэг үггүй ойлголцдог дэлхийн хэл учраас хүн төрөлхтөн ямар ч үндэстэний хөг эгшгийг өөр өөрийн мэдрэмжээр таашаан мэдэрдэг. Монгол орны язгуур урлаг маш тансаг, гайхамшигтай баялаг санагдсан. Хувцас өмсгөл, хөгжим сэлт нь олон зуун жилийн түүхтэй, улам боловсронгуй болж ирсэн нь бахдууштай. Наадмын нээлт үзнэ гэдэг маш ховор хувь тохиол байсан. Монголчуудын эх оронч үзэл, ёс заншил, соёл урлагийн тоглолтыг хараад өөрийн эрхгүй бахдан биширсэн. Олон ястаны хувцас, олон зуун жилийн түүхийг үзүүлбэрээс үзээд аргагүй л дэлхийн талыг эзэлсэн агуу үндэстэн юм даа гэж сүрдсэн. Хувцас хэрэглэл нь биднийхтэй төстэй өнгөлөг тод харагдсан учраас бид ямар нэг сэжмээр холбоотой ч юм шиг санагдсанаа нуух юун.
-Танай хамтлаг дэлхийн хэдэн орноор аялан тоглож байсан бэ. Тэр дундаас манай орон юугаараа ялгарч, онцгой санагдаж байна вэ?
-Бид Франц, Герман, Польш, Нидерланд зэрэг Европын холбооны бүх орноор аялан тоглож байсан. Азид анх удаа танай сайхан орноор зочлон ирж байна. Эх орондоо урьж бидний бүх зардлыг дааж байгаа “Bambuu adventure” аялал жуулжлалын компанийн захирал Б.Бадрах буюу Бамбуу болон “Аргамаг туур” компанийн захирал Б.Бахатгүл, Монголын анхны бодибилдингийн дэлхийн аварга Ж.Нурлан, дэмжин ажилласан МИАТ компани, Соёлын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг нартаа гүнээ талархаж байна. Тэднээс онцлон хэлэхэд Бамбуу бол дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд маш их хувь нэмэр оруулж буй хүн. Эх орныхоо нэрийг гадаадын аялал жуулчлалын салбарт өндөрт өргөж хоёргүй сэтгэлээр ажиллаж байдагт нь үнэлж хүндэтгэж явдаг.
-Монгол хоол ямар санагдав?
-Монгол хоол маш амттай. Манай нутгийн хоолтой маш төстэй санагдсан. Бамбуу маань маш тансаг хоолоор үйлчилж, ая тухтай байхад минь анхаарч байгаа. Тэр дундаа хорхог, шөл, сүүтэй цай сайхан санагдсан. Бас манай нутагт байдаг өрөм байгаад маш гайхаж бас их идсэн дээ. /инээв/
А.СҮЛЕНА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Аль ч талаар гадаад гадаад ертөнцтэй энэ мэтээр нээлттэй харилцаад байвал ч хүн ардын нүд нээгдэж, сэтгэлгээ шал өөрөөр эргэнэ, улс орны хөгжилд ч тун хэрэгтэй дээ