УИХ намрын ээлжит чуулганы эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийг өөрчлөх асуудлаар намуудын байр суурийг цувралаар хүргэж байна. Энэ удаа ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, АН-ын гишүүн С.Одонтуяа, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, Бодлогод залуусын хяналт ТББ-ын захирал Т.Амарзаяа нарын байр суурийг хүргэж байна.
С.ОДОНТУЯА: МАЖОРИТАР ТОГТОЛЦОО ХЯМРАЛЫН ГОЛ СУУРЬ
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт улс орны хөгжлийн бодит шаардлага, дотоод гадаад хүчин зүйлээс шалтгаалж цаг ямагт яригдаж байдаг асуудал. Монгол Улсад хэрэгжсэн дөрвөн үндсэн хууль бүгд л тухайн цаг үетэйгээ уялдан боловсруулагдсан байдаг. Хамгийн сүүлд 1990 оны Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын түүхэн ялалтын үр дүнд бий болсон нийгэм, улс төр, эдийн засгийн харилцааны өөрчлөлттэй уялдан 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан. Түүнээс хойш 2000, 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон.
Харамсалтай нь нэмэлт, өөрчлөлтийг батлах явцад улс төрийн намууд зөвшилцөж чадаагүй. Иргэний гомдол саналаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлт гишүүдийг талцуулсан. Тухайн үеийн парламент асуудалд дутуу дулимаг хандсан зэрэг хүчин зүйлээс болж Үндсэн хуулийг нэг мөр боловсронгуй болгож чадахгүй байна. Тухайлбал 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хоёр парламент дамжиж батлагдаж байсан. 2019 онд ч ялгаагүй олон янзын маргаан үүссэн учраас дутуу хагас хийгдсэн. Тиймээс дахин нэмэлт өөрчлөлтийн тухай ярьж байна. Үнэхээр асуудлаа цогцоор нь шийдвэрлэе гэж улс төрийн зориг гаргаж байгаа бол өнгөрсөн 30 жилийн алдаа оноо, сургамж дээр суурилж улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаа иж бүрэн тусгасан том асуудлаа бүрэн дүүрэн тусгаж Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулмаар байгаа юм.
Ц.ГАНХУЯГ: СОНГУУЛИЙН ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМ ЗӨВ
-Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Тухайлбал, улс төрийн намыг идэвхтэй, идэвхгүй гэж ангилах, улс төрийн намын гишүүнчлэлд доод хязгаар тавихыг хүчингүй болгох, дотоод ардчилал, хариуцлагын тогтолцоог сайжруулах, санхүүжилтийг ил тод, тодорхой ойлгомжтой болгох, УИХ-ын сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулах гээд дэмжих олон заалтыг ярьж байгаа.
Энэ систем сонгогчдын төлөөллийг сайн хангаж өгдөг. Өнөөгийн мажоритар системээр хэдэн зуун мянган санал орхигдож, тэр хэмжээгээр сонгогчид хохирч байна. Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг бодитойгоор хэрэгжүүлэхэд сонгуулийн одоогийн систем том саад болж байгаа.
Хувь тэнцүүлсэн систем нь тойргийн эрх ашигт явцуурахаас зайлсхийж улс орны хэмжээний хөгжлийн бодлого, чиг шугамыг тодорхойлдгоороо давуу талтай. Тойрогтоо зам тавих, цахилгаан дамжуулах шон татах гэх мэтээр улсын сан, хөрөнгийг хөгжилд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулах боломж бүрдүүлэхгүй бол эдийн засгийн үр ашиг муутай бодлого хэвээр үйлчилсээр байх болно. Өнөөдөр парламентын дээд, доод танхим бүрдүүлэхэд бэлэн биш байна гэвэл УИХ-ын одоогийн нэг гишүүнд ногдох эрх дархыг багасгах, төрийн шийдвэр гаргахад аль болох олон гишүүнийг хамруулах нь нэг шийдэл мөн гэж үзэж байна.
Т.АМАРЗАЯА: НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ БОДИТ БАЙДАЛТАЙ НИЙЦЭХГҮЙ БАЙНА
-Үндсэн хууль хүссэн үедээ оролдож, засаж өөрчилж болдог дурын нэг хууль биш. Хамгийн тогтвортой, хамгийн удаан хугацаанд үнэ цэнэтэйгээр хэрэгждэг бидний гол зарчим, жанжин шугам болсон хууль байх учиртай. Иймээс 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үйл явцыг иргэн хүний хувиар анхааралтай ажиглаж, зарим чухал заалтыг дэмжиж, залуучуудад иргэний нийгмийн байгууллагуудад энгийншүүлж таниулах, тайлбарлах ажлыг манай байгууллага, бусад иргэний нийгмийн залуустай хамтран сайн дурын үндсэнд хийсэн. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон нийт сонгогчдын нэг хувьтай тэнцэх гишүүнээр нам байгуулах тухай заалт бол үнэхээр бодит амьдралд нийцэхгүй. Одоогийн эрх барьж байгаа хоёр гуравхан том намтайгаа цаашид мөнхөрцгөөе гэж байгаагаас өөрцгүй. Ер нь төрийн зүгээс улс төрийн намуудад, иргэний нийгмийн байгууллагуудад ч чөлөөтэй, ямар нэгэн саад шахалт, дарамтгүйгээр эвлэлдэн нэгдэх эрхийг нь баталгаажуулж өгөх нь чухал. Энэ нь хэт өндөр босготой болоод ирэхээр л асуудал үүсээд байгаа юм. Улс төрийн намын хувьд төрийн эрх мэдэлд хүрэхээс өмнө иргэний нийгмийн талбарын нэг тоглогч буюу улс төрийн үзэл баримтлалаараа нэгдсэн хэсэг хүмүүс л байдаг. Харин аль нэг гишүүн нь сонгуульд нэр дэвшээд УИХ-д суудал авчихвал төрийн нэг хэсэг болж хувирдаг онцлогтой.
Б.ЦОГТГЭРЭЛ: “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ БАГА ХУРАЛ БАЙЖ БОЛНО
-УИХ-ын 76 гишүүнтэй болсон нь 30 жилийн өмнөх үйл явц. Тэр үед манай улсын хүн ам 1.7-1.8 сая байсан байх. Тэр утгаараа өнөөдөр төлөөллийн зарчмыг авч үзвэл бараг 150 гишүүнтэй байх нөхцөл байдал үүсээд байгаа. Мөн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц нэг асуудал байгаа нь манай улс хоёр том хөршийн дунд оршдог, жижиг эдийн засагтай, хүчирхэг биш орон. Энэ байдал нь гаднын нөлөөнд автах аюултай. Цөөхөн гишүүнтэй, нэг байнгын хороонд 14-15 гишүүний бүрэлдэхүүнтэй, ийм байхад таван хүн нэгдмэл байр суурьтайгаар ямар ч хуулийг аваад гарчих жишээтэй. Хоёр нь гадаадад томилолттой, гурав нь чөлөөтэй байхад ийм юм болохоор байгаа юм.
УИХ дээр гэхэд 20 гишүүн нэгдээд ямар ч хуулийг батлуулчих ийм аюултай. Энэ нь аажимдаа үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж болохуйц байгаа. Тиймээс ийм нөлөөллийг бууруулах үүднээс зайлшгүй парламентын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. Нөгөөтэйгүүр, эрх барьж байгаа намын зүгээс парламентын гаднаас үйл ажиллагаа явуулаад байх нь үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна. Парламент дотроо бодлогоо хамгаалж чадахгүй байна гэдэг үүднээс олон жил ярьж ирсэн “Давхар дээл” –ний асуудлыг сүүлийн үед ихээхэн хөндөж байна. Ийм байдлаар УИХ-ын гишүүд давхар Засгийн газрын гишүүн байх юм бол Засгийн газрын УИХ-д нөлөөлөх нөлөөллийг бууруулах үүднээс зайлшгүй парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
УИХ- Н ГИШҮҮДТЙГ ТООГ НЭМЭХИЙГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ХЭРЭВ ХҮЧЭЭР НЭМБЭЛ МАН 2024 ОНЫ СОНГУУЛЬД НАВСАЙТЛАА ЯЛАГДАХ БОЛНО ГЭДГЭЭ МЭДЭЖ АВБАЛ ЗОХИНО.
ҮХНӨ-өөр холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмж, хүчтэй парламент бий болгохыг хүсэж байна. Одоогийн 76 гэдэг тоо бол 1 сая 50 мянган иргэнтэй байсан Монгол Улсад зориулсан тоо байсан шүү.
Гишүүдийн тоог нэмэхийг ард түмэн эсэргүүцсэн учраас ҮХНӨ-ийг больсон шүү дээ. Ард түмнээс санал авч чадахгүй хэдэн гарууд гишүүн болох гээд л элдэв юм ярьсаар л байх шив.