-Өрийн дэвтэр зузаарч, өрхийн орлого буурсаар-
Хавтгайрсан их амралт, баяр цэнгэлийн дараа ээлжит гэнэтийн бэлгүүд ар араасаа цувсаар. АИ 95 автобензин литр нь 4210 төгрөг, дизель түлш 4030 төгрөг болон нэмэгдсэн нь иргэдийг ихэд бухимдуулав. Өргөн хэрэглээний барааны нэг болох төмс кг нь 4500 төгрөгт хүрлээ. Дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой төмсний үнэ хүртэл өссөн нь иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг ард иргэд нь үүрч, бүсээ чардайтал чангалаад л байх шиг. Чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үнийн өсөлт ирэх намар өндөр түвшинд хүрэх магадлалтайг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж байна” гэсэн нь биелэлээ олоод эхлэв ээ.
Өдрийнхөө хоолыг 3000 төгрөгөөр ч аргацааж амьдардаг өрх олон байдаг
Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, өрхийн орлого буурсаар. Гэр хороололын иргэдийн олонх нь ядруухан амьдарч байгааг хэрэглээнээс нь харж болохоор байгаа юм. Мөн хотын захын дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй бараанаас харахад ч нүднээ ил. Мах, сүү, өндөг, хиам, нарийн боов тансаг хэрэглээ болж, олон өрх талх элэгний нухаш, таван цулаар хоногийн хоолоо аргацаах болжээ. Дэнжийн мянгад байрлах “Худгийн улаан” хүнсний дэлгүүрийн үүдэнд зургаагаас долоон хүн дундаа нэг шил архи тойруулан сууцгааж буйтай таарав. Дотогш орвол хижээл насны эмэгтэй нэгэн залууд “Хурдан төлөөрэй” хэмээн хэлээд, бал дэвтрээ хурааж харагдлаа.
Худалдагч эмэгтэйгээс өрийн дэвтэр байдаг эсэхийг нь лавлахад “Байлгүй яах вэ” гээд үзүүлэв. Түүний нэрийг Д.Баагий гэдэг. Дэлгүүрээ нээгээд хоёр сар болж байгаа талаараа ярив. 12 хуудастай дэвтэрт өрийн тэмдэглэл бичээд талдаа оржээ. Хүмүүс багадаа л 20 мянган төгрөгт бараа зээлдэг аж. Өдрийнхөө хоолыг 3000 төгрөгөөр ч аргацааж амьдардаг өрх олон байдаг талаар худалдагч ярьж халаглаж байлаа. Эндэхийн амьдрал тун тааруу талаар мөн хэлж байв.
Тэрбээр “Иргэд ихэвчлэн хоолны материалаа л зээлээр авдаг. Архи уудаг хүмүүс энэ хавиар олон бий. Эдгээр хүнд архи зээлээр өгөхөөр давраад шөнө орой хаалга нүдээд тайван байлгадаггүй. Тиймээс зээлээр архи өгдөггүй. Гэхдээ дэлгүүрийн ашгийн дийлэнх нь архины худалдан авалтаас ордог. Дэлгүүртээ атар талхнаас ихдээ л 10 ширхгийг авдаг боловч хоёр гурав хонож байж зарагдаж дуусдаг. Тэгэхээр иргэд талхаа ч авч идэж чадахааргүй тарчиг амьдралтай байгаа юм. Нарийн боовыг цөөхнөөр авсан ч зарагдахгүй удаж хөгцөрдөг. Баяр наадам өнгөрсөн тул иргэд зээл авахаар л их орж ирж байна. Таньдаг хүмүүстээ барьцаагүй зээл өгчихдөг. Харин танихгүй хүмүүсийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, банкны карт зэргийг барьцаанд авч үлддэг ч зээлээ төлөхгүй сар орчим болж байна. Төмсийг килограммаар нь авчихдаг байсан одоо хоёр гуравхан ширхгээр авч байна. Өнөөдөр би захаас очиж таван килограмм төмс авсан. Үнэ нь тэнгэрт хаджээ. Одоо энийгээ хүмүүст яаж зарна даа” хэмээн халаглаж байлаа. Тус дэлгүүрт Улаанбаатар I гурил нэг килограмм нь 1800 төгрөг, Алтантариа гоймон 1500 төгрөг, хонины цул мах 11 мянган төгрөг, хиам 12 мянган төгрөг, өндөг 450 төгрөгийн үнэтэй байна.
“Хүчит шонхор” захад төмс 4500 төгрөг болжээ
“Хүчит шонхор” худалдааны төвд үд дундын үед ирэхэд дотогш орох машинууд үүдэнд овоорч, зогсоолын хүн зогсоо зайгүй ажиллаж байлаа. Төмс болон бусад хүнсний ногооны үнийг мэдэхээр цааш явлаа. Лангуу бүрд худалдан авагчид байв. Тэдгээр хүн ногоо тус бүрийн үнийг нарийвчлан асууж, тооцоо гарган авч байлаа. Төмс килограмм нь 4500 төгрөг, байцаа, манжин 2500 төгрөг, лууван, сонгино 3500 төгрөгийн үнэтэй байна. Худалдагчаас хүнсний ногооны үнэ яагаад нэмэгдсэн талаар асуувал “Жил бүр энэ үед нэмэгдчихдэг. Эрт ургацын ногоо гарахаар үнэ бууна гэж найдаж байна. Цаанаасаа л ийм үнэтэй буусан болохоор энэ үнээр нь л зарж байна. Бид нарт үнэ нэмсэн асуудал байхгүй” гэлээ. Ногоо худалдан аваад гарч буй иргэн Э-ээс үнийн өсөлттэй холбоотой сэтгэгдлийг нь асуулаа. Тэрбээр “Ямартай ч дэлгүүрээс авснаас арай хямд байна. Гэхдээ төмсний үнэ өсөөд импортоор орж ирдэг нарийн ногооны үнэтэй дүйцэхүйц болжээ” гэв.
Мах, гурил, будааны үнэ тогтвортой байна
Хүчит шонхор зах мөн л хөл хөдөлгөөнтэй байлаа. Энд гулууз мах килограмм нь 7500, 7800, 8000 төгрөгийн үнэтэй байна. Нэг жижгэвтэр гулууз мах тавихад 18 килограмм болж байв. Дорнод, Хэнтий, Архангай зэрэг аймгаас ирсэн мах хэмээн худалдаачид ам уралдан тайлбарлаж байсан юм. Хүмүүс аялал зугаалгад авч явж, хорхог хийнэ гэдгээ учирлаж байв. Гулууз махыг эвдэж өгдөг хүмүүс ч мөн байлаа. Үнийн хувьд 3000 төгрөг гэнэ. Гулууз мах худалдан авсан хүн бүхэн махаа эвдүүлнэ гэцгээж байв. Жижиглэн мах худалдаалдаг лангуунд үхрийн цул мах 14 мянга, ястай мах нь 11500 төгрөг, хонины цул мах 11500 төгрөг бол ястай мах 9300 төгрөгийн үнэтэй байна. Харин нэг литр ургамлын тос төрлөөсөө хамаарч 8500, 9000, 10000 төгрөг, таван литртэй нь 42 мянган төгрөгийн үнэтэй байв. Будаа нэг килограмм нь 3000, 3500, Улаанбаатар I гурил 1600 төгрөг, килограммын гоймон 3500 төгрөгний үнэтэй байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар, иргэдийн дундаж цалин 1.3 сая. Харин бодит амьдрал дээр гар дээр авч буй цалин 500-800 мянган төгрөг байна. 100 мянган төгрөгтэй хүн дэлгүүр ороод тор дүүрэхгүй хүнс авдаг. Хуруу хумсаа хугалан байж олсон цалин нь хаанаа ч хүрэхгүй ийм байхад иргэд зээлээс зээлийн хооронд өдөр хоногийг аргацааж дэнжгэнэхээс өөр аргагүй байдалтай байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
muu ah rmala uhed dlad orodh doo bid uhere bulad ogodh geel uilad dairal.
muu husran jingerte uhed ogooro ged uhne uhne udahgui chi uhne uhed bululna. geel genuu geh shige dairal mongo nehed zodloo.
malaa malaa hure chirhuled ogoldoo.tegbel chi udahgui uhtel bolno inegj haraaj dairal zodoloo
muu har jinger malaa alaad hajna shuu.suireed ogloo.
muu har malaa alad hjan shuu
Юмны үнэ зохиомлоор нэмэгдэж, төгрөгийн ханш уналтад орж байхад ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа ЗГ огцрох хэрэгтэй. Ковид ч нэмэгдсээр.
Тогтвортой байна гэж санаа амрах юм ер нь алга боллоо. Юм юмны үнэ өдөр ирэх тусам өссөөр л байх юм төр засаг ямар ч арга хэмжээ авч чадахгүй байна. Төгрөгний худалдан авах чадвар уналаа зүгээр цаас болчихлоо. Цалин тэтгэвэр хаанаа ч хүрэлцдэггүй зүгээр л нэг цалин тэтгэвэр гэсэн нэр оронцог болж хувирч байна. Ард түмнээ ядууралд оруулсан УИХ, ЗГ нь энэ чигээрээ баярлаад л байх юм уу яамаар юм бэ...