Засгийн газрын өнөөдрийн /2022.07.20/ ээлжит хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Өнөөдрийн хуралдааны гол хэлэлцсэн асуудлуудыг салбарын сайд нар танилцуулав.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байна. Үүнээс Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байгаа. Эдгээр хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг. Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн байгаа.
Одоо 2 настай 2000 хүүхдийг хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ гэдэг шийдлүүдийг хайж байна.
Өнгөрсөн жилүүдэд хамран сурах тойргийг зарлахдаа буруу төлөвлөдөг байсан алдааг олж харсан. Үүнээс сугалаа, авлигын асуудал зэрэг үүсдэг учраас энэ системийг бүр мөсөн зогсооно.
Хамран сургах тойргийг төрийн болон төрийн бус цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний газруудыг нэгтгэн шинээр төлөвлөж байна. Ингэснээр хүүхэд оршин суугаа газрынхаа орчимд суралцах боломжтой болж байгаа.
Түүнчлэн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нд зэрэг эхлүүлэхгүйгээр хичээлийн шинэ жилийг үе шаттайгаар зохион байгуулах төлөвлөлт хийж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн тухайд энэ жил 37 шинэ сургууль, 36 цэцэрлэг, долоон дотуур байрыг шинээр ашиглалтад хүлээлгэн өгөх гэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )