Манай улсын эдийн засгийн тулгуур багана нь уул уурхайн салбар. Энэ салбар уналтад орвол Монголын эдийн засаг хямарна гэсэн үг. Хамгийн гол нь уул уурхай бол шавхагддаг баялаг. Бидний үе энэ цаг хугацаандаа уул уурхайн баялгаараа амьдраад байж болох ч ирээдүй хойчийн маань эдийн засгийн тулах хүч юу байх вэ. Боломж нөөц, бодит нөхцөлөө тооцоод үзвэл аялал жуулчлал яах аргагүй Монголын хөгжлийг түүчээлэх салбар юм.
Аугаа их түүх, унаган байгаль, нүүдэлчин соёл иргэншил гээд дэлхийн зон олон Монголыг сонирхох мундахгүй олон шалтгаан бий. Дээрээс нь Монгол бол аялал жуулчлалын хувьд аюулгүй орон.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсыг аялал жуулчлалын нөөцөөр “Үнэ цэнэтэйд орох газар” хэмээн дүгнэж, Монгол орныг жуулчдад аюулгүй, найдвартай орны тоонд оруулан зарласан байдаг.
Далай тэнгис, газар хөдлөлт, галт уулсын идэвхтэй бүсээс алслагдсан учраас далайн хар шуурга, цунами, үер усны аюул зэрэг цаг уурын гэнэтийн өөрчлөлт, байгалийн гамшиг үүсэх тухайд айх аюул багатай, харьцангуй тогтвортой орон хэмээн мэргэжлийн экспертүүд дүгнэжээ. Гэвч монголчууд аялал жуулчлалын боломжоо ашиглаж чадахгүй өдийг хүрсэн.
ЕВРОПООС ИРЭХ ЖУУЛЧДЫНХАА ТАЛ ХУВИЙГ АЛДАЖ БАЙНА
Монголд аялал жуулчлалын салбарын үзүүлэлт хангалтгүй байгаа хамгийн гол шалтгаан нь дэд бүтэц муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, төрийн нэгдсэн бодлого байхгүйтэй шууд холбоотой. Агаарын, төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүйгээс Европоос ирэх жуулчдынхаа бараг тал хувийг алддаг, тээвэрлэлтийн цагийн хуваарийг эрт зарладаггүйгээс гэрээ байгуулахад хугацаа алддаг хэмээн аялал жуулчлалын компаниуд шүүмжлэлтэй ханддаг. Мөн мэргэжилтэй боловсон хүчин хомс, бакалавр ба магистрын шатны сургалтын чанар муу, дотоодын жуулчдын байгаль экологи, аялал жуулчлалын боловсрол хангалтгүй гээд тоочоод байвал түмэн зүйлийг өгүүлж болно. Үнэндээ зорьж ирсэн жуулчдаа бид үргээгээд явуулчихдаг тал ч бий. Түүний нэг тод жишээ бол жорлонгийн асуудал.
Монголд ирсэн жуулчны олонх нь хөдөөг зорьдог. Зорьж очсон газар нь нүхэн жорлонтой. Зарим нь бүр “нүх” ч үгүй. Агаарын сайханд аялж, байгалийн үзэмжинд баясахаар ирсэн гадаадынхан ганц хоноход ч бэрх нөхцөлд зутруухан аялсан болдог. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ хангалтгүй, бүс нутгийн аялал жуулчлалын үйлчилгээ, бүтээгдэхүүн нь өөр хоорондоо ялгарах онцлоггүй, ихэвчлэн ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг нь манай улсад ирсэн жуулчдын урмыг хугалдаг гэхэд хилсдэхгүй.
ЖУУЛЧДЫН ХАЛААСЫГ "СЭГСРЭХ" БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ АЛГА
Монголыг зорих гадаадын жуулчдын тоо багадаагүй. Харин тэдний халаасыг "сэгсрэх" бүтээгдэхүүн, үйлчилгээ хомс байна. Уг нь аялал жуулчлалын салбарт нэг жуулчны оруулсан мөнгө 14 салбарыг дэмждэг гэсэн тооцоо судалгаа бий.Тэгвэл бид тэрхүү боломжийг өөрсдөдөө бүрдүүлж чадаж байна уу. Бас л эргэлзээтэй. Статистик дүн мэдээнээс харахад 2021 оны эхний таван сард Монголд 8554 жуулчин ирж байсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 42 мянга 60 жуулчин иржээ. Чамлахааргүй дүн мэдээ. Цэвэр агаар, цэнгэг ус, онгон дагшин байгаль жуулчдын мөрөөсөл болсонтой холбоотойгоор Монголд ирэх гадаад иргэдийн тоо өссөн нь гарцаагүй.
Цар тахлын дараагаар манай улс руу Өмнөд Солонгос, Орос, Хятадаас жуулчид ирэх нь элбэгшсэн байна. Статистик үзүүлэлтээс харвал он гарснаас хойш Оросоос хамгийн их буюу 22 мянга 292 жуулчин, дараагаар нь Өмнөд Солонгосоос 4048, Хятадаас 2989 жуулчин тус тус иржээ. Гэхдээ тэднийг тоссон манайхны үйлчилгээ хэр байв. Сонирхлыг нь татаж, хэтэвчийг нь тэмтрүүлэх тийм гойд содон үзвэр, үйлчилгээ юу байв. Наадмын нээлтийг эс тооцвол нааштай зүйл огт алга.
Монголын хувьд аялал жуучлалын ид оргил цаг нь зургаадугаар сараас есдүгээр сар хүртэлх багахан хугацаа. Энэ богинохон хугацааг дүүрэн ашиглах хэрэгтэй байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд адаглаад л бид тохь тухтай буудал, амттай хоол, нүдийг нь хужирлах үзвэр үйлчилгээтэй байх ёстой. Гэтэл ялаа батгана шавсан жорлон, нар бороонд яажийж муудсан гэр байшин, амт муутай хоол, тохь тухгүй орчинтой амралтын газрууд аялал жуулчлалыг "алж" байна.
ТҮҮХ ДУРСГАЛЫН ӨВ СОЁЛОО АЯЛАЛ ЖУУЧЛАЛДАА АШИГЛАЯ
Гадаадын нэгэн сэтгүүлч “Монгол бол олон зуун жилийн тэртээ хүн төрөлхтөн унаган байгальтайгаа хэрхэн зохицон амьдарч байсныг эргэн дурсуулах газар нутаг юм” хэмээн хэлсэн байдаг. Үүх түүх, өв уламжлалаа сөхөөд харвал үнэхээр тийм. Гэхдээ гадныханд үзүүлээд харуулчих зүйл даанч хомс. Малчин өрхийн ахуй соёл, хөдөөгийн байгалийн сайхныг эс тооцвол хүний нүд хужирлах ордон музей дэндүү ховор. Монголд дэлхийд гайхагдах палентлогийн олдвор, Хүннүгийн үеийн булш бунхан, археологийн асар нандин олдворууд олон. Гэтэл тэднийг олны мэлмийд толилуулах, жуулчдыг татах чиглэлд хийгдсэн ажил үгүй.
Харин манайхаас бусад оронд нөхцөл байдал өөр. Хамгийн ойрын жишээ татахад Өвөрмонголд л гэхэд хаадуудын ордон музей хаа сайгүй бий. Бараг л “Тэр хаан дайн байлдаан хийж байхдаа энд буудаллаж байсан түүхтэй” хэмээн дурсаж, тэр газар нь түүх дурсгалын нүсэр том үзвэртэй ордон музей босгосон байх жишээтэй. Аятай тухтай орчинд хөтөч тайлбарлагчийн сонин содон түүхийг сонсох гэсэн эрдэмтэн судлаачдаас эхлээд энгийн нэгэн хүртэл түүнийг нь үзэх гэж тус газрыг зорих жишээтэй.
РАШААН, СУВИЛАЛААР АЯЛАЛ ЖУУЧЛАЛАА АЛДАРШУУЛЪЯ
Анзаараад байхад аялал жуулчлал хөгжсөн дэлхийн улс орнууд өөр, өөрийн гэсэн нүүр царайг тодорхойлох брэнд үйлчилгээ, үзвэртэй байдаг. Энэтхэг л гэхэд буддын соёл уламжлал, түүнийг дагасан зан үйл, залбирал мөргөлийн ордноороо алдартай. Япон “Экотуризм” гэх ойлголтыг дэлхийд түгээж, тэр жишгээрээ жуулчдыг татаж байна. Жилдээ 82 сая жуулчдыг хүлээн авдаг Франц хуучин Европын ахуй соёл, хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн гайхамшгаараа онцгойрдог. Тэгвэл манай улсад ялгарах ямар боломж байна вэ. Байгальтайгаа илүү ойрхон, техник технологиос ангид, амар амгаланг эрмэлзэх энэ эрин зууныханд чиглэсэн рашаан сувилалын үйлчилгээгээ алдаршуулбал яасан юм бэ. Байгалийн булаг шанд, рашаанд биеэ чийрэгжүүлэх, эрдэс бодисоо нөхөх бүрэн боломж байгаа тухай гадныханд суртачлан таниулах ажлыг өрнүүлье.
Алжаал тайлах амралт цогцолбороо рашаан сувилалаа дагаж хөгжүүлье. Манай орон Шаргалжуут, Хужирт, Отгонтэнгэр, Шивэрт, Цэнхэрийн халуун рашаан гээд тоочвол олон рашааны газартай. Аялал жуулчлалаа ямар чиглэлд яаж хөгжүүлэхээ нарийн төлөвлөсөн, бодлого шийдвэртэй, стандарт мөрдүүлдэг улс болох хэрэгтэй байна. Түүнээс хэн, хэзээ манай улсад ирэх бол гэсэн битүү таамаг төдий байдлаар Монголын аялал жуулчлал мөддөө хөгжихгүй нь тодорхой.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Жорлон бас дахиад жорлон...
Халаасыг сэгсрэх гэдэг үгээ болихоос л үйлчилгээ эхэлнэ дээ. Гадаадууд бид нараас дутахгүй монгол хэлтэй гэдгийг мартаж болохгүй.
yaidn muu uhsen sharil boh alchad neg nadaam turu abhad.bi ter boh hrotoi nohoini uhsene nohoini mah idulsen shuu. inegj naamamda turlj amdaral daa.bi portuna huregn husebel henig alad ahjan .yaidn neg uhsen boh hordulj alsan biz.
naadama der oshootoi boh shien zalu bohd hortoi hogzorosn amhtai huushur ogdo alahig oroldoson.
naadma der hortoi hushur idulj alsan bailaa.
naadam der hortoi mah hool higed humus alhiga zabdalaa