Улаанбаатарын иргэд өвлийн улиралд утаа үнэрлэдэг бол зуны улиралд өмхий агаараар амьсгалдаг. Үүнийг Улаанбаатарын үнэртэй "сүрчиг" хэмээн нэрлэж болмоор. Учир нь хөдөөгөөс хот руу хүлгийн жолоо залах, гадаадаас онгоцны буудал дээр буух үеэс л өнөөх "сүрчиг" бүх хүнд шингээстэй. Улаанбаатар хотод амьдрах нь нэг бодлын тэсвэр тэвчээр, хатуужил, амьдралын шалгарал гэлтэй. Нөгөө талаасаа Улаанбаатарын үнэр нь хотын иргэний эгнээнд нэгдэж чадах эсэхийг тань тодорхойлох шалгуур үзүүлэлт мэт. Уушги нь чулуужиж, бие нь ширэм болсон хүмүүс бол Улаанбаатарын оршин суугчид. Үнэрлэх эрхтэн нь ч тодорхой хэмжээнд чадвараа алдсан байдгийг үгүйсгэхгүй. Халуун, дулааны улирал ирэх бүрд нийгмийн тулгамдсан асуудал болдог сэдэв бол өмхий үнэр юм. Хотод амьдардаг хүмүүс ч үнэрлэх эрхтнийх нь чадвар багассан учраас өмхийг үнэрлэхгүй байна уу, эсвэл тал нутгийн тэмээ шиг тайван амгалан, хүлцэнгүй байдлаар асуудалтай эвлэрч амьдраад байна уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ удаагийн дугаартаа Улаанбаатар хотын “брэнд” болсон үнэрийн талаар сурвалжилга бэлтгэн хүргэж байна.
ХОТООС ҮНЭРТДЭГ ӨМХИЙГ ХЭМЖИХ БОЛОМЖГҮЙ
Улаанбаатарын брэнд үнэртэн нь агаараар дамжиж бидэнд үнэртдэг, биднээс ч үнэртдэг. Энэ нь агаарын бохирдлын нэгээхэн хэсэг бөгөөд хөрсний бохирдолтой нягт холбоотой байдаг. Хөрсний бохирдол нь ганц улирлаас үүсдэг зүйл биш. Жилийн дөрвөн улирлын эргэх холбооноос үүсэлтэй. Өвлийн улиралд утааг бүрдүүлэх хүнд элементүүд газарт унасан байдаг. Хаврын улиралд тэрхүү элементүүд цастай холилдож, нэг хэсэг нь хөрсөндөө тунаж, нөгөө хэсэг нь агаарт ууршдаг. Агаарт ууршсан хэсэг хүний амьсгалын замаар халдаж өвчин үүсгэх бол, хөрсөнд тунасан хэсэг нь хүрээлэн буй орчинг бохирдуулж, эрүүл мэндэд нөлөөлдөг юм. Хотын өмхий үнэрийг хэн, хэрхэн судалж, юугаар хэмждэг нь тодорхойгүй байдаг аж.
Энэ талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Ганболд “Манай улсад энэ төрлийн бохирдол буюу агаарт ууршиж, өмхий үнэртэж буйг хэмжих багаж байхгүй. Тиймээс үүнийг хэмжих боломжгүй. Сүүлд шатахуун түгээх станцуудын дэргэдэх бүсээс албан бус судалгаа авсан. Тэгэхээр үүнээс өөр агаарын бохирдолтой холбоотой мэдээлэл байхгүй” гэв. Мөн тус газрын Агаарын чанарын хэлтэс ч энэ талаар мэдээлэл бүү хэл судалгаа ч байхгүй хэмээв. Тэгэхээр хотын өмхий үнэр нь агаарын бохирдол мөн гэдэг нь баттай зүйл болж байгаа юм. Харин агаарын чанарыг зөвхөн тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, озоны агууламж зэргээр тодорхойлж байгаа учраас энэхүү өмхий үнэр нь ямар найрлагатай хийгээд юугаар хэмжиж болох талаарх ойлголт олон нийтэд байхгүй байна.
БОРООНЫ УСААР БОХИРДСОН ХӨРСНИЙ НЯН ДАМЖИЖ, ӨВЧИН ҮҮСГЭЖ БАЙНА ГЭВ
Өмхий үнэр үнэртэж буй нэг шалтгаан нь хөрс юм. Нянгийн болон хөрсний бохирдол хамгийн их хэсэг бол гэр хороолол болон хүнсний зах байдаг ажээ. Нийслэл хотод томоохон зах болох Нарантуул, Да хүрээ, 100 айл гэх мэт газруудыг дурдаж болох юм. Харин хамгийн гол асуудал бол гэр хорооллын нүхэн жорлон. Хог хаягдлаас илүүтэй гэр хороололд байрлах нүхэн жорлон нийслэлийн хөрсийг хамгийн ихээр бохирдуулдаг зүйл юм. Өнөөдрийн байдлаар 145.900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган нүхэн жорлон бий гэх судалгаа бий. Харин үүнээс 21 мянган нүхэн жорлонг яаралтай буулгах хэрэгтэй байгаа аж. Иргэдийн зүгээс өмхий үнэрээс болж эрүүл аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгааг хамгийн ихээр онцолж байсан юм.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн Л.Бат-Уянга “Бороо орсны дараа зарим гуу жалганд тогтсон уснаас өмхий үнэртдэг. Энэ нь уснаас болдог уу, хөрснөөс болдог уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нүхэн жорлон бүхий хөрстэй өндөрлөг хэсгээс хотын төв рүү борооны ус урсдаг нь уур хүрмээр биш гэж үү. Хотын хаана ч эрүүл, аюулгүй амьдрах арга алга. Нүхэн жорлонтой хэсгийн хөрсний ус төв рүү урссанаар бохирдсон хөрсний нян өвчин дагаад л урсаж байгаа. Халуунд нь тэр ус ууршина. Тэгээд л өвчин. Олон ч жил хотод энэ асуудал үргэлжилж байна. Өмхий үнэр, хөрсний асуудал зэрэг яаралтай шийдэх зүйлс их байхад бидний төлдөг татварын мөнгийг хэдэн арван тэрбумаар үргүй зарлагадаж байгааг харах дэндүү харамсалтай юм” гэлээ.
Харин Хан-Уул дүүргийн 20-р хорооны иргэн Б.А “Энд цонхоо онгойлгоход ч хэцүү байдаг. Арьс ширний үйлдвэрийн үнэр гэж айхавтар зүйл бий. Тэр хэсэг газрын хөрс ямар байгааг ч мэдэхгүй юм. Ямартай ч арьс, ширний үйлдвэрийг хотоос гаргаасай хэмээн хүсдэг” гэсэн юм. “Долоон буудалд манайх бий. Тэнд зарим хэсгээрээ өмхий үнэртдэг л юм. Хөрс гэж авах юмгүй газар. Тэнд гүний худаг барьж болохгүй гэсэн. Тэгэхээр тэр хэмжээний хөрс нь бохирдсон гэсэн үг шүү дээ. Цэвэр ус ч уух эрх бидэнд байхгүй байна” хэмээн Чингэлтэй дүүргийн иргэн Б.Ганзориг хэлэв.
ХӨРСНИЙ БОХИРДОЛ 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД БУУРСАНГҮЙ
Хотын хөрсний бохирдлын судалгааг 1990-ээд оноос хойш хийж эхэлсэн байдаг.
ШУА-ийн Газарзүйн хүрээлэнгийн Хөрс судлалын салбарын 2012 онд хийсэн судалгаагаар хотын хүн амын 60 хувь буюу 185 мянган өрх гэр хороололд амьдарч, нүхэн жорлон ашигладаг байжээ.
Бохирдолд ороогүй бэлчээрийн хөрстэй харьцуулахад судалгааны хөрсний дээжний 26.7-77.2 хувь нь хүнд металлын агууламж өндөр байсан аж. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан MNS 5850:2008 хөрсний бохирдлын стандартаас их бохирдолтой хэмээн гарсан байна. Харин судалгаа авсан хөрсний дээжний 72 хувь нь нянгийн бохирдолтой. Эдгээр нян нь гэр хорооллын нүхэн жорлон, хогийн цэг орчмын хэсгээс хамгийн ихээр илэрчээ.
Ингэснээр Улаанбаатар хотод хөрсний нянгийн бохирдолтын түвшин өндөр, хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин зарим газруудаар их байсан ажээ. Тухайлбал, арьс ширний үйлдвэр, Ногоон нуур, 100 айл, томоохон захууд болон гэр хороолол зэрэг газруудаар хөрсний бохирдолт их байна гэж гарчээ. Харин 2017 онд хийсэн судалгаагаар нийслэлийн зарим хэсгээс хөрсний дээж авч, бохирдлын тархалтыг судалсан байна.
Ингэхэд Чингэлтэй дүүргийн 12-р хороонд хөрсний бохирдол долоон метр, Сэлбэ голын татамд есөн метр, Тахилт орчимд долоон метрийн гүнд бохирдолтой байсан ажээ. Судалгааны дүнгээр Улаанбаатар хотын гэр хорооллын хөрсний хамгийн их нянгийн бохирдолт илрэх дундаж гүн 2.8 метр байсан нь гэр хорооллын дундаж нүхэн жорлонгийн гүн аж. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хөрсний 90 орчим хувь нь бохирдсон байна. Мөн яаралтай буулгах шаардлагатай 21 мянган нүхэн жорлон байгаа ажээ. Өнгөрсөн онд 2000 орчим жорлонг буулгах болон био жорлон болгож өөрчилсөн аж. Ингэснээр хөрсний бохирдол хөрсний гүнд 6-10 метр хүртэл гүн нэвчсэн байна. Ингээд харвал сүүлийн 10 жилийн хугацаанд хөрсний бохирдол хөрсний гүн рүү 10 метр хүртэл нэвчсэн ажээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Үхэр монголчуудын амьдрах орчин өөрсөдтэй нь адилхан байдаг.