Ойрх дорнодын очир шигтгээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 27

Хэн бүхэнд нээлттэй хэрнээ этгээд нууцлагдмал, тэр хэрээрээ сонирхол татам орон бол Арабын Нэгдсэн Эмират Улс. Ойрх Дорнодын зүрхэнд, зах хязгааргүй үргэлжлэх элсэн дунд хөгжлийн хурд, орчин үеийн өнгө төрхөө гайхуулан очир шигтгээ мэт гялалзавч лалын ертөнцийн иргэншлийг өнөөг хүртэл тээн хадгалсаар яваад гол нууц нь оршдог.

Булангийн орнуудын баянбүрд болсон тус улс руу аялах боломж урт удаан хөл хорионы дараа тохиож, миний бие “Зиндаа” сэтгүүлээ төлөөлөн дөрвөн жил тутамд нэг удаа зохиогддог Дэлхийн ЭКСПО 2020-г үзэж сонирхохоор Персийн булан тийш хөлгийн жолоог заллаа. Дэлхийн орнууд хөгжил дэвшил, онцлох бүтээгдэхүүн, технологиороо өрсөлддөг, үзэсгэлэнгүүдийн охь гэгддэг уг ЭКСПО нь Дубай хотноо 2020 онд зохиогдох байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, 2021 оны 10 дугаар сард нээлт хийсэн юм. Интернэтээс энгийн хайлт хийгээд олоод уншчихаж болох мэдээллээс илүүтэй, гадны хүний нүдээр төрсөн анхны сэтгэгдэл, таньж мэдсэн онцлох зүйлсээсээ энэхүү нийтлэлээр хуваалцахыг зорилоо.

 

 

БАЙГАЛИЙГ ЭРХШЭЭГЧ ХОТ

Монголдоо төдийгүй олон улсад үйл ажиллагаагаараа танигдсан, аялал жуулчлалын анхдагчдын нэг “Нью Жуулчин” компанийн аяллын бүрэлдэхүүнд багтсан миний бие МИАТ компанийн шууд нислэгээр 18 цаг тасралтгүй (дундаа хоёр удаа түр буудаллан шатахуунаа цэнэглэсэн) нисэж, АНЭУ ын Дубай хотноо газардлаа. Аялсан үе маань 11 дүгээр сарын дунд хэдий ч тэнд +30 хэмийн дулаан, халуун орны бүгчим уур амьсгал бүчиж авав. Буунгуут л өндөр хөгжилтэй баян оронд ирсэн маань юухнаас ч андашгүй байв. Онгоцны буудлын тансаг байгууламжууд, алтадсан хаалганы бариул, нэртэй бүх брэнд цугласан аварга Duty free дэлгүүр, алхам тутамд шахуу таарах уран зураг, урлагийн бүтээлүүд гээд л... Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хэдэн зуун хүн нэг дор хөлхөлдөх нь “Оддын дайн” киноны Татиун гэх гарагийг санагдуулна.

Энд бүх зүйл дэг журам, ёс жаягтай хэрнээ жуулчдад зориулсан бүх үйлчилгээг төвөггүй, ухаалаг шийджээ. PCR шинжилгээг л гэхэд хамрын үзүүрт хүрэх төдий хөнгөхөн авч, паспорт дээр QR код нааж өгч байв. 24 цагийн дараа тэр кодыг уншуулаад хариугаа утсан дээрээ хадгалаад л болох юм. Гаалийн бүртгэл, тээш олголт, утасны дугаар авах гэх мэт үйлчилгээ нь явдал чирэгдэл, дараалал багатай нь цаанаа нэг тав тух мэдрүүлж байлаа.

 

 

Арабын Нэгдсэн Эмират Улс нь тус бүрдээ Эмир(хаан)-тэй долоон хот улсаас бүрддэг. Эдгээрээс газрын тосоороо Абу Даби, аялал жуулчлалаараа Дубай хот тэргүүлдэг бөгөөд аяллын хугацаанд энэ хоёр хотын аль алийг нь үзэх хөтөлбөр багтсан нь олзуурхууштай. Нүд алдам Дубай хот... Зарим талаар галзуу хүмүүс энэ хотыг төлөвлөсөн юм болов уу гэмээр. Элсэн дээр нуур цэлийлгэж, дал модоор арал зангидаж, хог хаягдал, хоолны үлдэгдлээр хот босгосон зэрэг нь эрхгүй ингэж бодогдуулна.

Арваад гүүр давхарлаж сүлжсэн зам, тэнгэр баганадсан барилгуудынх нь оройд мэлтэлзэх усан сан, шонхорт зориулсан эмнэлэг, эрвээхэйн арал гээд хүний санаанд оромгүй юм олон байлаа. Цагдаа нар нь л гэхэд хамгийн сүүлийн үеийн үнэтэй машин хөлөглөнө. Байгалийн өвөрмөц тогтоцтой хэдий ч байгаль тэдэнд өгөөгүй зүйл элбэг. Ер нь эд нарт байгалийг эрхшээх хүсэл их байх шиг. Халуун зунаар цас “шуурах” ч юм уу, хотоор явахад элсэн цөл дээр байгаа гэдгээ мартчихна.

Жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдаг 830 м-ийн өндөртэй Бүрж Халифа цамхгийн толин тусгалтай шилэн гадаргуу нь гадаа дулаахан цэлмэг байвал цэнхэр, харин бүрхэг өдөр хар бараан өнгөтэй харагдана. Энэ мэт аяллын хөтөлбөрт багтсан газруудын танилцуулгыг та “Нью Жуулчин” компанийн цахим хуудаснаас харчих боломжтой тул би энд давхардуулсангүй. Товчхондоо Германд байгаа мэт цанаар гулгаж, канадууд шиг байгальд амарч, АНУ-д очсон мэт шоппинг хийж, шейх шиг тансаглая гэвэл энэ хотыг зоримоор.

 

 

АЯЛАХАД УРИАЛАГХАН, АМЬДРАХАД ДУРАМЖХАН

Дубай нь Арабын Эмират дотроо хамгийн олон буюу 10 сая хүн амтай, эдгээрийн нэг хувь буюу сая нь л уугуул арабууд байдаг. Цэвэрхэн засаж янзалсан үс сахал, цардаж толийлгосон цав цагаан өмсгөл, ихэмсэг алхаа нь тэднийг яг адилхан хувцасласан цагаачдаас ч ялгаруулна. Ердөө хагас жарны өмнө цөлийн тэмээн жинчид байсан гэхэд итгэмгүй ихэмсэг. Эмэгтэйчүүд нь харин лалын ертөнцийн заншил ёсоор даруухан, нэлмэгэр хар бурка (абая ч гэнэ) ныхаа цаана нууцлагхан амьдарна. Тэдний амьдралын хэв маягийг гаднаас нь хараад тааварлашгүй, гадаадынхантай ч нээлттэй биш. Уугуулуудаас бусад есөн сая нь энд тэндээс ирсэн хөлсний ажилчид, мөн цөөн хувийг цагаачид эзэлдэг.

Хараад байхад цэвэрлэгээний ажилд голдуу энэтхэгчүүд, үйлчилгээнд филиппин, тайландчууд, бизнесийн байгууллагад европчууд, төрийн албанд арабчууд өөрсдөө ажилладаг. Ажлынхаа зэрэглэлээс хамаарч цалингийн шатлал янз бүр. Арабад гадаадын иргэн бизнес эрхэллээ гэхэд уугуул иргэний хувь, оролцоо заавал байх ёстой. Нэг ёсондоо зах зээлээ, үндэстнээ хатуу хамгаалдаг газар аж.

Абу Даби хот Дубайг бодвол нийслэл гэдгээрээ арай уламжлалт тал руугаа, гэхдээ дэд бүтэц, хөгжлөөрөө дутах юмгүй. АНЭУ-ын бүх нефтийн 96 хувь нь энд харьяалагддаг юм билээ. Нэг хотынхоо баялгаар нөгөө хотоо хөгжүүлж, эдийн засгийн альтернатив хувилбар болгож чадсанаараа жишиг тогтоосон. Араб үндэстэн хоорондоо л гэрлэдэг, цөөн тохиолдолд энэтхэг, парси, бусад үндэстэнтэй гэрлэдэг ч арабын иргэн болдоггүй, харин тэнд төрсөн хүүхдэд ийм боломж бий.

Цагаачдад иргэншил авна гэсэн ойлголт бараг л байхгүй. Ажлын хөлс өндөр гэгддэг ч амьдрах өртөг, байрны түрээс, бусад зардал нь тэр хэрээр үнэтэй, хууль дүрэм маш чанга, өчүүхэн л зөрчвөл улсаасаа албадан гаргахаас эхлээд шоронд хорих шийтгэлтэй.

Зугаа цэнгэл нээлттэй боловч согтууруулах ундааны хориг чанга, тусгай цэгүүдээр л худалдаалдаг, гэртээ үдэшлэг зохиоё гэвэл заавал засаг захиргаанаасаа зөвшөөрөл авдаг гэх мэтийн “хүнд суртал” ч бий.

Хамгийн тааламжгүй нь, таны хэр чинээлэг, бас хаанахын иргэн гэсэн статусыг чинь үргэлж сануулна. Машины дугаар чинь 2-3 оронтой бол баян, олон тоотой бол ядуу гэх мэт. Нүдэн дээр “хэн нь хэн бэ” гэдгийг харуулах учир яг нийгмийн харилцаанд орвол баян хоосны болоод арьс өнгөний ялгаа мэдрэгдээд дарамттай байж магадгүй санагдсан. Товчхондоо Дубай хот аялахад туйлын таатай хэрнээ амьдрах хүсэлтэй хүмүүст төдий л найрсаг биш аж.

 

 

КРИПТО ҮНДЭСТЭН БУЮУ ИЛҮҮРХЭХ “ШУНАЛ”

“Байгалийн баялаг нэг л өдөр шавхагдана, харин Дубайг зүглэх жуулчдын цуваа хэзээ ч татрахгүй. Учир нь бид дэлхийг гайхашруулсаар байх болно” Энэ бол Дубайн Эмирийн ЭКСПО-2020 арга хэмжээнд хэлсэн үг. Үнэхээр тэд бүх зүйлийг энтертайнмент, шоу, урлаг, үйлчилгээ болгож чадсан. Элсээ хүртэл сафари аялал болгохдоо Ланд крузерын дрифттэй хослуулна.

Тухайн мөчид яавал сэтгэл хөдөлгөж, дараа нь тод дурсамж үлдээхээ сайн мэднэ. Мэдээж бодлогыг нь араб хүн гаргаж, үйлчилгээг бусад үндэстэн үзүүлнэ. Газар нутаг дутвал далайгаасаа элс гаргаж аваад ч юм уу, ахуйн хаягдлаар ядах юмгүй арал босгочихно. Технологи, мөнгө дутагдахын зовлон ч алга. Сүүлийн жилүүдэд Дубай хотын удирдлагууд өөр нэг брэнд бүтээхээр зорьж байгаагаа мөн л Дэлхийн ЭКСПО-2020 арга хэмжээний үеэр мэдэгдсэн. Энэ нь ойрын 20 жилийн дотор криптовалют-блокчейн хосолсон крипто үндэстэн болох юм. Зарим улс крипто валютаас жийрхэж байхад АНЭУ Блокчейний зөвлөл байгуулж, Эрчим хүч, Эрүүл мэнд, Зам тээврийн яамдыг бүхэлд нь блокчейн технологид холбож байна. Хэсэг хугацааны дараа технологио зарах нь аялал жуулчлалаас ч илүү ашигтай байх магадлалтай.

 

 

Хөгжил дэвшлийн олимп гэгддэг Дэлхийн ЭКСПО арга хэмжээ тус улсад хагас жилийн хугацаанд үргэлжлээд тун удахгүй өндөрлөнө. Энэ үеэр 190 гаруй орон байгальд ээлтэй технологи, тогтвортой хөгжлийн бодлогоороо өрсөлдөж байна. Дэлхий нийт угаас эдийн засагт дарамтгүй интерактив хөгжлийн төлөө явж буй. Монгол Улс маань ч уул уурхайн болоод технологийн хэд хэдэн төсөл танилцуулсан. Энэ талаар тухайн цаг мөчид мэдээлсэн билээ. Бүх зүйл хоёр талтай.

Хаантай улс гэдэг харах үзэмж бахдам ч эрх чөлөө, сонголтын хувьд хязгаарлагдмал. Бас хатуу чанга лалын ертөнцөд жендерийн тэгш байдал, сонгох сонгогдох эрх мэтийг яриад ч хэрэггүй. Бидний бичих нийтлэх, үг хэлэх эрх тэдний хувьд хаалттай. Харин тэдний амьдралын ердийн хэмнэл бидний хувьд мөрөөдөл. Гэхдээ байгалийн баялагтай улсад ижил төстэй тал бий. Энэ нь зөв бодлогоор удирдаж чадвал баялгийн ерөөл авна, эс чадвал хараал хүрнэ. Бусдын гял цялаас тээж ирсэн цээжний хөндүүр яг энэ хэсэг дээр л зангирч байна.

“Дубайгаас явсны дараа Та юуг ч гайхахаа болино” гэсэн аяллын компанийн слоганыг хараад “за арай ч дээ” гэж бодож байснаа нуух юун. Гэвч тэнд хүний гараар бүтэж болох бүх гайхамшгийг төдийгүй жилийн дөрвөн улирлыг нэг дор, хүн төрөлхтний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээсийг ч хамтад нь харж болох аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Масс(66.181.160.112) 2022 оны 07 сарын 27

Эггдүүүтэй хүүхэн бэ

0  |  0
Top