“Чөтгөрийн тойрог” буюу нийгмийн даатгалын шимтгэл

2022 оны 07 сарын 28

Монголд хөдөлмөрийн үнэлэмж бага. Бас татвар өндөр. Ийм нөхцөлд иргэдийн үүрэх ачаа улам нэмэгдэж, цалин хөлс нь амьдралдаа хүрэлцэхгүй байна.

Наад захын хэрэглээгээ цалингаараа хангаж чадахгүй байгаа иргэд зээл тавина. Тавьсан зээлээ эргүүлж төлж чадахгүй өрөнд орно. Ийм л “Чөтгөрийн тойрог”-т монголчууд нэгэнт орсон. Орохоос ч аргагүй. Олон шалтгаан байна. Түүний нэг Нийгмийн даатгалын шимтгэл. Сар бүрийн цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл нэрээр “саалгаж” суугаа хөдөлмөр эрхлэгч нэгэн иргэний жишээн дээр тайлбарлая.

Иргэн А хувийн байгууллагад сарын 900 мянган төгрөгийн цалинтай ажил хийдэг. Ажилд ороод жил гаруй хугацаанд нийгмийн даатгал төлж, өнгөрөгч зургаадугаар сард ээлжийн амралтаа авчээ. Ээлжийн амралтын мөнгө 557 мянган төгрөг бодогдож, үндсэн цалин 900 мянга дээр нь нэмж, 1 сая 457 мянган төгрөгөөс нь нийгмийн даатгалын шимтгэл авсан байна. Ингэснээр Нийгмийн даатгалын шимтгэлд 167 мянга 566 төгрөг, Хүн амын орлогын албан татварт 112 мянга 953 төгрөг суутгуулжээ. Урьдчилгаа цалин 360 мянган төгрөгөө сарын эхэнд авчихсан иргэн А сүүл цалин дээрээ амралтын мөнгөө нэмээд авсан ч гар дээрээ 800 мянган төгрөг хүрэхгүй шахам мөнгө авсан байх жишээтэй. Жилд ганц олдох амралтын мөнгөө аваад, аваад тэр шүү дээ.  Монголын цалингийн систем ийм л байна. Шимтгэлд бараг л 300 мянган төгрөгөө өгчихөж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй.

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ӨССӨӨР БАЙХ УУ

 

Нийгмийн даатгалын сангууд алдагдалтай явж байгаа. Тэр дундаа Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс 600 гаруй тэрбум төгрөгийн татаас авдаг. Татаасаа багасгахын тулд иргэдээс авах шимтгэлээ жил бүр нэмдэг. Засгийн газраас мэдээлэхдээ тэтгэврийн сан алдагдалтай, орлогоороо зарлагаа нөхөж чадахгүй байгаа учраас нэмж байгаа гэх тайлбар хийх нь мэдээж. Энэ нь иргэд бидний халаасанд ирдэг бодит орлого буурна л гэсэн үг. Та бод доо.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Тэтгэврийн даатгалын санд ажил олгогч долоон хувь, даатгуулагч долоон хувь нийтдээ 14 хувиар шимтгэл төлж байсан. Дараа жил нь буюу 2018 он гараад найман хувь болгочихоор ажил олгогч болон даатгуулагчид 16 хувийн шимтгэл төлөх болсон. Харин 2019 онд 8.5 хувь болсоор өдгөө бүр өссөн. Энэ оны хувьд Хүн амын орлогын албан татвар 10 хувь, Нийгмийн даатгалын шимтгэлд 11.5 буюу нийтдээ 21.5 хувийн шимтгэлийг сар бүрийн цалингаасаа бид суутгуулж байна. Жишээ нь нэг сая төгрөгийн цалинтай  хүн сардаа 200 гаран мянган төгрөгийг суутгуулж, гар дээрээ 800 мянга ч хүрэхгүй төгрөгийг хоёр хувааж авна гэсэн үг. Байр, машин, цалингийн зээлтэй бол бэлэн мөнгөний бараа сураг бараг л харахгүй. Ард иргэдийн нийтлэг төрх нэг иймэрхүү л байна.

 

ОРЛОГОТОЙ НЬ УЯЛДУУЛЖ, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ТОГТООЁ

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмдэг үндсэн шалтгааныг дээр дурдсан. Нөхцөл байдал хүндрээд ирэхээр төрөөс иргэдээс авах татвараа нэмж, аргацаадаг жишиг нэгэнт бий болсон. Хамгийн сонирхолтой нь манай татварынхан “Нийгмийн даатгалын шимтгэл манай улс өндөр биш. Гадаадын улс орнууд ийм л байдаг.

Жишээ нь, Япон” гээд бурж өгдөг. Бодит байдалдаа дүн шинжилгээ хийгээгүй юу эсвэл мэдэн будилдаг хэрэг үү. Үнэхээр хачирхалтай.Харьцуулаад байгаа Япон улс нь Хүн амын орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэл нь нийлээд 26 хувь. Гэхдээ тус улсын хөдөлмөрийн үнэлэмж өндөр. Дундаж цалин нь манай улсаас 4.5  дахин өндөр. Сарын дундаж цалин нь дөрвөн мянган ам .доллар. Хүн амын дундаж наслалт 84. Гэтэл манай улсын дундаж цалин нэг сая төгрөг. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66, эмэгтэйчүүд нь 72. Эрчүүдийнх нь 50 хувь нь тэтгэвэрт гарч чадахгүй нас бардаг. Ийм л болохоор монголчуудын цалин хөлс, орлоготой нь уялдуулж, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоомоор байгаа юм.

Даатгал төлөгчдийн эрх ашгийг хангах чиглэлд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй байна. Илүү шударга зарчмыг баримтлах ёстой. Талийгаачдын өр зээл үр хүүхдэд нь үлдэж байхад яагаад тэтгэврийнх нь үлдэгдэл төрд үлдэнэ гэж.

Та бүхэн Капитал банкны 234 тэрбум төгрөгийн хэргийг санаж л байгаа байх. Даатгалын мөнгөөр төрийн эрх мэдэлтнүүд яаж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж болдог жишээг энэ хэрэг сануулдаг. Иймээс л өнөөдрийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл ирээдүйд иргэдэд хэр үр өгөөжтэй байх ва гэдгийг хаана, хаанаа бодъё. Энэ хэвээр л яваад байвал иргэдийн нуруун дээрээ үүрэх ачаа улам л нэмэгдэнэ. Ядуурал, ажилгүйдэл газар авна. Өдгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төллөө гээд төрөөс хүссэн үйлчилгээгээ авч чадах байна уу. Харамсалтай нь чамлалттай. Өндөр төлж байгаагийнхаа хэрээр үйлчилгээ авдаг бол яая гэхэв. Гэвч тийм зүйл алга. Үндсэндээ энэ салбар дампуурсан гэхэд хилсдэхгүй. Иймээс л Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхийн ашиг тус үгүй. Ард иргэдэд дарамт болж байгааг өгүүлээд буй хэрэг.

С.БАЯР

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц11 М Одгариг(202.5.199.60) 2024 оны 12 сарын 17

1 Өндөр татвар төлж байгаан тэтгэврийн иргэд харин бага нь ажилгүйдэл байна\n2 Өөрт тохирсон мэдээллээ авч байгаа\n3 Ажилгүйдлийг нь бууруулж ажлын байр гаргаж цалингаа өсгөж мэдээлээ иргэдэд сайн хүргэх

2  |  0
Зочин(203.91.115.48) 2024 оны 12 сарын 17

Нийгмийн даатгал зайлшгүй. Татвар л оновчгүй байга юм. Ажилчин хүн ашиг олоогүй. Тиймээс 5 хувийн татвар л хангалттай.

1  |  0
Зочин(203.91.115.48) 2024 оны 12 сарын 17

Нийгмийн даатгал зайлшгүй. Татвар л оновчгүй байга юм. Ажилчин хүн ашиг олоогүй. Тиймээс 5 хувийн татвар л хангалттай.

1  |  0
Иргэн(66.181.182.231) 2024 оны 12 сарын 17

Ээлжийн амралтын мөнгөнөөс татвараа л авах хэрэгтай, харин НДШ-ийг зөвхөн цалингаас авах нь зөв шүү. Ингэж туйлшруулснаас болоод НДШ өндөр байна гэж хэлэхээс өөр яах юм, бараг тал сарын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгийг ээлжийн амралтын мөнгөнөөс нь шимтгэл гээд авчихаж байгаа юм чинь. \n

1  |  0
55(203.98.76.100) 2024 оны 12 сарын 17

Яг үнэндээ бол ихэнх хүн насаараа төлсөн нийгмийн даатгалын тэтгэвэрээ бараг 5-хан жилд л буцааж аваад дуусдаг. Тэглээ гээд таны төлсөн татвар дуусчихлаа тэтгэвэр өгөхгүй гэдэггүй. Хэд насална тэд хүртэл нь 10, 20, 30 жилийн улсаас тэр тэтгэврийг нь өгч байгаа. Тэтгэвэрт гарч чадахгүй эрт зуурдаар өнгөрлөө гэхэд насанд хүрээгүй хүүхдүүд нь тэжээгчээ алдсныг тэтгэмжийг авч байдаг. Нийгмийн даатгал төлж байгаагүй бол энэ тэтгэмжийг халамжийн сангаас авах гэж бөөн юм болдог гээд өчнөөн учир жанцан бий. харамсалтай нь иргэд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ судлаад мэдэж чаддаггүй. \n

2  |  0
55(203.98.76.100) 2024 оны 12 сарын 17

Ишш. Жаахан ойлгодог юмаа бич л дээ. Нийгмийн даатгалын сан алдагдалтай байгаа чинь аль, 80-90-ээд оны үед ажиллаж байсан хүмүүсийн татвар гэж бараг юм байхгүй, санд төвлөрдөггүй байснаас тэр. Тэр хүмүүсийн тэтгэврийг тэр улсын татаасаар тавьж байгаа. Тэр хүмүүс бас хамгийн бага тэтгэвэр авч байгаа. Харин ажил олгогчид нийгмийн даатгал хэрэгггүй шахуу юм ярьж ажилчдаа хохироодог. Одоо бол 2000 оноос хойш ажил хийж, нийгмийн даатгал төлж байгаа иргэд нийгмийн даатгал төлж байсан цалингаар тодорхой хувиар тэтгэврээ тогтоолгож байгаа. тэгэхээр өндөр тэтгэвэртэй хүмүүс гарч ирж байгаа юм. \n

2  |  0
Top