Наймдугаар сард томуугийн вакцин хийлгэвэл дархлаа тогтоно

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 01

Сүхбаатар дүүргийн Нярайн эмч Н.Эрдэнэчимэгтэй томуу, томуу төст өвчний цаг үеийн байдал, хэрхэн урьдчилан сэргийлэх болон коронавирусний халдвараар өвчилсөн хүүхдүүд ханиад хүрэхэд хэр хүндэрч байгаа талаар ярилцлаа.


-Сүүлийн жилүүдэд зуны улиралд ханиад хүрч, халуурах хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Энэ нь юунаас болж байгаа вэ?

-Үзүүлж буй хүүхдүүдийн асуумжийг сонсохоор ихэнх нь хөдөө яваад даарсны улмаас халуурч ирж байгаа хүүхдүүд байна. Мөн хоолой нь өвдсөн хүүхдүүд ирдэг. Наадмын дараагийн хэдэн өдрүүдэд бөөлжих шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж байсан. Энэ нь хорхог, боодог, амттан болон идэж буй хоол хүнснээс нь шалтгаалсан. Одоогийн байдлаар бол хоолой өвдөлтийн шинж тэмдэг л их илэрч байна.

-Нярайн тасгаар өдөрт хэчнээн хүүхдүүд ирж эмчилгээ авдаг вэ?

-Өвлийн улиралд өдөртөө 100-120 хүүхэд үйлчлүүлдэг. Харин зуны улиралд өдөртөө 40-50 хүүхэд үйлчлүүлж байна. Орны хүрэлцээ бол хангалттай байгаа. Одоо ихэвчлэн лакунарная ангина гээд хоолойны идээт үрэвслийн хүндэрсэн хэлбэрээр өвчилсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.

-Зуны улиралд хүрч буй ханиад, өвлийн улирлын ханиаднаас ялгаатай юу?

-Өвлийн улиралд томуу нь вирусийн гаралтай байдаг учраас вирусийн идэвхжилээсээ шалтгаалаад өнгөрсөн өвлийн ханиад хүндээр тусаж байсан. Одоо ихэвчлэн харшлын гаралтай ханиад байна. Вирусийн гаралтай ханиад тун цөөхөн, ихэвчлэн хамрын ханиад туссан хүүхдүүд байгаа юм.

-Ханиад хүрэхэд хүнд, хөнгөн хэлбэрээр илэрч байна. Энэ нь ямар шалтгаантай байдаг вэ?

-Вирусний идэвхжилээс шалтгаалдаг. Их хэмжээний вирус ам, хамраар ороод, хурдан хугацаанд үржил нь явагдах тусам хүүхдийн өвчлөлийн байдал хүндэрдэг. Ямар халдвараар өвчилсөн гэдгээс мөн шалтгаална.

-Хүний идэж уудаг бүтээгдэхүүнээс ханиадыг сэдрээх, илүү хүндрүүлэх зүйл байдаг уу?

-Тухайн хүний харшлаас л хамаарна. Харшилдаг бүтээгдэхүүнээ идэхэд л ханиаж, найтаалгана. Тэрнээс томуугийн вируст идэж, ууж буй бүтээгдэхүүн хамаарахгүй.

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой томуу, томуу төст өвчин ихэссэн үү?

-Хөл хориотой байх үед томуугийн вирус бага байсан. Харин хөл хорио тавигдсанаас хойш өвчлөл ихэссэн. Учир нь хөл хорионы үед манайхан амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж ариун цэврийн дэглэм маш сайн барьж байсан. Тэр дэглэмээс харахад томуугийн вирусийг эцэг, эх, асран хамгаалагчид өөрсдөө тээж ирдэг. Одоо бол энэ дэглэм багасаж, эргээд томуугийн вирус ихсэх хандлагатай байна. Уг нь бол энэ цар тахлаас суралцах ёстой хамгийн том сургамж нь “халдвар хамгааллын дэглэм” гэдэг зүйл байсан. Цар тахлын нөхцөл байдлын хоёр жилийн хугацаанд хүүхэд томуугийн вирусээр ер нь өвдөөгүй. Яагаад гэвэл нийгмийн харилцаанд байнга оролцдог аав, ээж, ах, эгч нь хөл хорионд байж, ариун цэврийн дэглэмийг сайн сахилаа шүү дээ. 

-Менингит халдварын талаар тодруулбал?

-Менингит халдвар нь менингит, менингококцемия гэсэн хоёр янз байдаг. Менингококцемия халдварыг монголчилбол цахилгаан менингит гэдэг. Үүний хоруу чанар нь юу вэ гэхээр маш богино хугацаанд хүүхдийн амь насыг авч оддог. Энэ халдвар нь энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт, тавдугаар сард Чингэлтэй дүүрэгт бүртгэгдсэн. Тус хоёр өвчтөн эмчлэгдээд гарсан байгаа. Гэхдээ менингит өвчнийг тусаад эдгэхэд заавал хүүхдийн биед үлдэц үлддэг. Жишээлбэл, хэлгүй, дүлий, саа саажилт үүсэх, аль нэг эрхтэнд нөлөөлдөг маш хоруу чанартай халдварт өвчин юм.

-Коронавирусний халдвараар өвчилсөн хүүхдүүд томуу, томуу төст өвчин тусахад хэр хүндрэлтэй байна вэ?

-Коронавирусний халдвар анх уушгины хэлбэрээр явагдаж байгаад дараа нь омикрон хэлбэрийн хоолой барих, бачуурах шинж тэмдэгтэй байсан. Уушгины хэлбэрээр үүссэн коронавирусний халдвараар хүүхдүүд бага өвчилсөн. Энэ нь хүүхдийн уушгины физиологийн онцлогоос шалтгаалсан. Яагаад гэвэл хүүхдийн уушгины намираа хөвчлүүр гэдэг эс маш идэвхтэй байдаг учраас гаднаас орж ирсэн вирусийг намирч байгаад л гаргачихдаг. Гэхдээ хүүхдийн аав, ээж нь уушгины хэлбэрээр нэлээд хүнд өвдсөн тохиолдолд вирусийн идэвхжилт өндөр байгаагаас хамаарч хүүхэд уушгины хэлбэрээр өвчилсөн. Энэ хүүхдүүдэд уушгины наалдац их үүссэн. Тэгэхээр энэ хүүхдүүд томуу, томуу төст халдвараар хүнд өвчилж байна.

-Ханиад, томууны дэгдэлтийн үе мөдхөн ирлээ. Эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө өгнө үү.

-Өнгөрсөн гуравдугаар сард цэцэрлэгт гурван настай хүүхдүүдийг авч эхэлсэнтэй холбоотой томуугийн дэгдэлт ихэссэн. Томуугийн вакцин хийлгэсэн хүүхдүүд харьцангуй бага өртсөн. Наймдугаар сар гэхэд л томуугийн эсрэг вакциныг хүүхдүүддээ сайн дураараа хийлэгчээсэй гэж хүсэж байна. Томуугийн дэгдэлтийн үе болох аравдугаар сард вакциныг нэгдсэн журмаар хийдэг. Гэхдээ наймдугаар сард хийлгэчихвэл томуугийн дэгдэлтийн үед тэр хүүхдэд дархлаа тогтсон байх учраас өвчлөх магадлал бага байна. Мөн зуны дэлгэр цагийг ашиглаад хүүхдүүдээ чийрэгжүүлээсэй гэж боддог. Уламжлалт сайхан аргууд байна. Жишээлбэл, ясны шөл, шар сүү, хар цайнд оруулах. Хоолой нь их өвддөг бол шүүдэр дээр явуулах зэрэг чийрэгжүүлэлт хийвэл өвлийн улиралд томуугийн вирус тусах нь багасна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top