Хятадын шинжээчид "Сибирийн хүч 2"-ыг Орос, Хятад, Монголын аль алинд нь ашигтай гэв

2022 оны 07 сарын 29

"Сибирийн хүч 2" хийн хоолой нь Орос, Хятад, Монгол Улсын аль алинд нь  ашигтай бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн  шингэрүүлсэн байгалийн хийн  (LNG) хараат байдлыг тэнцвэржүүлэхэд туслах чухал үүрэгтэй гэж  Хятадын шинжээчид онцолсон талаар Хятадын төрийн мэдлийн хэвлэл болох “Globaltimes” мэдээлжээ.

Хэдийгээр ийм хоолой барихад олон жил зарцуулагддаг ч ийм хэмжээний эрчим хүчний дэд бүтцийн төсөл нь эдийн засаг, улс төрийн асар их  эерэг үр дагавартай гэж шинжээчид үзэж байна.  Эрчим хүчний хямрал, эдийн засгийн удаашралтай тулгарсан Европын холбоо АНУ-д хандаж, байгалийн хий нийлүүлэхийг хүсээд буй. Европ анх удаа АНУ-ын хийг Оросын хийнээс илүү хэрэглэж эхлээд байгаа юм.

Европын холбоо 2027 он гэхэд Оросын чулуужсан түлшнээс бүрэн татгалзах бодолтой байгаа талаар барууны хэвлэлүүд мөн мэдээлж байна. "Сибирийн хүч 2"-ын төлөвлөлтийг олон жилийн турш хэлэлцсэн бөгөөд нэг нь Оросын Алс Дорнодоос Хятад руу орох, нөгөө нь баруун хойд Хятадын Шинжаан бүстэй холбогдох хоёр өөр маршрут байсан. Жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай бөгөөд  2030 онд ашиглалтад орох төлөвтэй байгаа "Сибирийн хүч 2" хий хоолой Хятадад олон давуу тал бий болгоно гэж ажиглагчид үзэж байна.

Бээжинд төвтэй Хятадын Газрын тосны их сургуулийн профессор Жин Лэй “Global Times” сонинд өгсөн ярилцлагадаа "Сибирийн хүч 2" нь Хятадын байгалийн хийн хангамжийг нэмэгдүүлэхээс гадна Монгол болон ОХУ-д аль алинд нь  ашигтай. Хятад улс ойрын жилүүдэд хийн импортоо нэмэгдүүлэхийн тулд газар доорх хийн агуулахуудаа системтэйгээр өргөтгөх шаардлагатай тулгарна. Орос Хятад руу дамжуулах хоолойн хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж эхлэхийн хэрээр хадгалах хүчин чадал нь асуудал болж байна. БНХАУ Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болж магадгүй талаар шинжээчид таамаг дэвшүүлж байхад АНУ, Их Британид шоолж байсан” хэмээжээ. 

Хятад нийт хэрэглэж буй байгалийн хийнийхээ тал орчим хувийг импортоор авдаг бөгөөд импортын хийн гуравны хоёр орчим нь LNG хэлбэрээр орж ирдэг. Хятадын LNG импортын 40 хувийг Австрали, 10 хувийг АНУ бүрдүүлдэг. Хятад бол дэлхийн хамгийн том байгалийн хий импортлогч орон юм.

Нүүрснээс хий рүү шилжих шилжилт үргэлжилж, Бээжин нүүрсхүчлийн хийг саармагжуулах бодлого баримталж байгаа тул 2021 онд Хятадын байгалийн хийн хэрэглээ 19.9 хувиар нэмэгдэж, 121.36 сая тонн болжээ. Үнийн дүнгээр 2021 онд байгалийн хийн импорт 360 тэрбум юань буюу 53.4 тэрбум ам.долларт хүрч, 2020 оныхоос 56.3 хувиар өссөн байна.  Хятадад нийлүүлэх Оросын байгалийн хийн экспортын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд энэ оны эхний зургаан сард 63.4 хувиар өссөн байна гэж “Sputnik” энэ  сарын 15-нд Газпромын мэдээллээс иш татан мэдээлжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mng(192.82.76.50) 2022 оны 08 сарын 01

Mongold ashiggui.

0  |  1
Brabooo(86.111.139.7) 2022 оны 08 сарын 01

Zuitei ee

1  |  0
Top