Монголын өнөөгийн нийгмийн зарим асуудлаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.
-Он гарснаас хойш хоёр дахь хагас жил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хийгээд сүүлийн хагас жилийн хугацаанд манай улсын эдийн засгийг ямар төлөвтэй байна хэмээн харж байгаа вэ?
-Том зургаар нь яривал манай улсын эдийн засаг маш хүнд нөхцөлд байна. Тэр тусмаа энэ оны эцсээр эдийн засгийн хүндрэл ихээхэн мэдрэгдэнэ. Учир нь эдийн засгийн “цусны эргэлт” тасарсан. Цусны эргэлтийг бий болгодог байсан ганц зүйл нь нүүрсний экспорт юм. Нүүрсний экспортыг зогссон хэмээн тодорхойлохоос илүүтэй урд хөрш рүү удаан нэвтрүүлж байгаа гэх нь оновчтой. Нэг жилд 30 сая тонн нүүрс гаргана хэмээн төлөвлөсөн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар есөн сая тонн нүүрс гаргасан байна. Ийм байдлаар жилийн эцэс гэхэд энэ жилийн нүүрсний экспортынхоо тооцооны хаана нь ч хүрэхгүй.
Нүүрсний экспортын орлого тасарвал Монгол Улс тэр чигтээ хямрах нөхцөл байдал үүсээд байгаа юм. Бусад улс орон орлогын хэд хэдэн эх үүсвэртэй байдаг. Мал, мах, машин, вино хийж зардаг байх жишээтэй. Эдгээр үйлдвэрлэлийн нэг нь зогсоход бусад нь орлодог байх жишээтэй. Манай улсын экспорт зөвхөн уул уурхайд түшиглэсэн. Тэгсэн атлаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд асуудлаа олж харахгүйгээр баяр наадам тэмдэглэлээ. Одоо бол аймаг, сумдын баяр наадмаар үргэлжилж байна. Мэдээж хэрэг ард түмэн эдийн засгийн энэ асуудлыг олж харах шаардлагагүй. Харин төр засаг олж харах ёстой. Төр засаг үүнд ямар ч арга хэмжээ авахгүй байна. Тиймээс л манай улсын эдийн засаг энэ оны эцэс, ирэх оны эхээр хүнд нөхцөл байдалтай байна гэсэн тооцоололтой байгаа.
-Энэ оны эцэс, ирэх оны эхээр эдийн засгийн хүндрэл илүүтэй мэдэгдэнэ гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү. Ямар байдлууд үүснэ гэж таамаглаж байгаа вэ?
-Нэгдүгээрт, энэ оны эцсээр иргэдийн хувьд өлсгөлөн бий болох эрсдэлтэй хэмээн харж байгаа. Манай улсад өлсгөлөн ер байгаагүй. Социалист болон ардчиллын цаг хугацаанд ч өлсгөлөн байгаагүй. Харин ядуурал байсан. Гэсэн ч энэ жилийн хувьд өлсгөлөн бий болох аюул нүүрлээд байгаа юм. Шалтгаан нь инфляцтай холбоотой. Статистик мэдээллээр инфляцыг 15 хувь хэмээн мэдээлж байгаа. Гэтэл бодит инфляц 30-35 хувь байгаа болов уу гэсэн төсөөлөл байна. Иргэдийн орлогын эх үүсвэр хэвээр байгаа. Ялангуяа тэтгэвэр, нийгмийн халамж, бага цалинтай амьдарч буй хүмүүсийн цалин орлого хэвээрээ байгаа атал хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ 30-40 хувиар өсөхөөр хүнсний суурь хэрэгцээгээ санхүүжүүлж чадахаа больж байгаа юм. Тиймээс миний зүгээс энэ оны эцсээр Монгол Улсад өлсгөлөн бий болно хэмээн харж байна.
Хоёрдугаарт, ирэх он буюу 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс улс даяар ипотекийн зээлээ төлж эхэлнэ. Өмнө нь ипотекийн зээлээ төлнө гэдэг нь иргэдийн амьдралын дадал, зуршил болсон үйлдэл байлаа. Цалингийнхаа тодорхой хэсгийг зээлдээ өгч, үлдсэн мөнгөө амьдралд шаардлагатай зүйлсэд зарцуулдаг байсан. Харин одоо бол ипотекийн зээлийн төлөлтөд өгч байсан мөнгө үнийн өсөлтөд зарцуулагддаг болоод байгаа юм. Тэгэхээр ирэх жилээс банкууд иргэдийг ипотекийн зээлээ төлөхийг шаардана. Энэ нь банкны системд ихээхэн чичиргээ үүсгэнэ хэмээн таамаглаж байна.
-Барааны үнийн өсөлт одоо ч байсаар байна. Хамгийн сүүлийн жишээ бол төмс, хүнсний ногооны үнийн өсөлт. Хэдийгээр иргэдийн зүгээс ногоочдыг зохиомлоор үнэ өсгөж байгаа гэх боловч өөр хүчин зүйл нөлөөлж байх шиг ээ?
-Бид импортын бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс зугатаж чадахгүй. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй зүйлээ гаднаас авдаг. Жишээлбэл, нимбэг, алим, усан үзэм гэх мэт. Нэгэнт цаг агаарын болон бусад хүчин зүйлээс болж дотооддоо үйлдвэрлэх боломжгүй зүйлээ гаднаас худалдан авч буй бол асуудал байхгүй. Ямар ч улс оронд ийм л байдаг. Үүнийг ярихын тулд давхар инфляцын талаар дурдах хэрэгтэй. Монгол Улсад гэлтгүй дэлхий даяар инфляцын хувь өссөн. Инфляц АНУ-д гэхэд л 8-9 хувь, Европын орнуудад 10 хувь хүрч байх жишээтэй. Инфляцын өсөлтийг сүүлийн 50 жилийн турш мэдэрч байгаагүй Япон улсад ч нөлөөлж байна. Тэгэхээр гадаадын улсад инфляцын хувь нөлөөлсөн бүтээгдэхүүнийг монголчууд худалдаж авах үед бараагаар нь дамжуулж, гаднын улс орны инфляцын нөлөөг оруулж ирж буй хэрэг.
Мөн импортын бүтээгдэхүүн их байх тусам төгрөгийн ханш суларч, төгрөгийн тэнцвэрт ачаалал ирдэг. Ханш суларсан үед гаднаас бараа бүтээгдэхүүнийг худалдаж авснаар давхар инфляц бий болж байгаа юм. Давхар инфляцаас гарахын тулд дотооддоо үйлдвэрлэх боломжтой зүйлсийг бүгдийг нь үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж гэмээн инфляцын дарамтаас гарах юм. Үүний хүрээнд УИХ зарим арга хэмжээг авсан. Жишээлбэл, УИХ-аас импортын төмсөнд 35 хувийн өндөр татвар ногдуулсан. Үүний улмаас төмс тасарч 5000 төгрөгт хүрсэн хэрэг. Үүнийг би маш зөв алхам хэмээн дүгнэж байгаа. Төмсний импортод өндөр татвар ногдуулсан нь сүүлийн 32 жилийн хугацаанд гаргасан 10 зөв шийдвэрийн нэг хэмээн хэлж болно. Одоогийн нөхцөл байдал бол үүнээс үүссэн түр зуурын шок юм. Энэ үеийг давж гарах хэрэгтэй. Дотооддоо төмсөө 100 хувь үйлдвэрлэхийн тулд тодорхой хэмжээний давааг улсаараа давах ёстой. Эрт ургацын төмс гарснаар төмсний үнэ эргээд бууж байна. Удахгүй эрт ургацын гэлтгүй төмсний үнэ улсын хэмжээнд багасах учраас асуудалгүй.
Харин зоорины асуудлын улмаас 3-4 дүгээр сараас эхэлж төмс тасардаг. Тэр үед урд хөршөөсөө төмс авдаг. Гэтэл татвараас болоод урд хөршөөс төмс авах нь багассан, бүр тасалдсан учраас л үнэ өсөж буй хэрэг. Тэгэхээр энэ үйл явц нь зооринд хөрөнгө оруулах, төмс тарих дохиог илгээж буй хэрэг юм. Иргэд хүртэл төмс хаана ч ургах учраас өөрсдөө тарих боломжтой, тэр нь жилийн хэрэгцээгээ ч хангах боломжтой юм байна гэх санааг өгч байна. Энэхүү жишээг импортын хуурай сүүн дээр ч ашиглавал зохилтой.
-Импортын хуурай сүүнд ч гэсэн өндөр татвар ногдуулах нь оновчтой шийдвэр гэж үзэж байгаа байх нээ?
-Манай улс 60-70 сая малтай хэмээн ярьсаар л. Тэгсэн атлаа Шинэ Зеланд улсаас хуурай сүү импортоор авч хэрэглэдэг. Хэрэв импортын сүүнд өндөр татвар ногдуулбал тодорхой хэмжээнд сүүний нийлүүлт багасна. Гэвч нөгөө талд сүүний үйлдвэрлэл нэмэгдэх боломж дотоодын зах зээлд бий болох юм. Фермер, эрчимжсэн сүүний аж ахуй, сүү хатаах технологид хөрөнгө оруулах гэх мэт. Дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд хүссэн хүсээгүй импортын бараанд өндөр татвар ногдуулах хэрэгтэй.
-Яагаад өрсөлдөөнийг хязгаарлаж, дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй вэ?
-Манай улс бүх талаараа залуу улс. Бизнес эрхлэгч болон зах зээл нь залуу улс юм. Хөрөнгө оруулалт, туршлага, тэр бүү хэл боловсон хүчин ч байхгүй. Тэгэхээр сүүний болон төмсний аж ахуй эрхэлж буй хүмүүс маань Хятадын хэдэн үеэрээ тарьсан, жилдээ 2-3 удаа хураадаг ургац, Шинэ Зеландын 100 гаруй жилийн турш хөгжүүлсэн мал аж ахуйн технологитой хэрхэн өрсөлдөх вэ. Гарц нь импортын бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулж, тэр хугацаанд нь аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгч маань туршлагатай, хөрөнгөтэй болох явдал юм.
Манай улс үрэлгэн эдийн засагтай. Товчоор бол байгалийн баялгаа зарж амьдарч буй хэрэг. Байгалийн баялгаа ухаж, зарж буй явдлыг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна хэмээн хэлж болохгүй. Ашигт малтмалаа зарж, олсон мөнгөөрөө ганц өдөр хэрэглэх импортын бүтээгдэхүүн авдаг. Товчхондоо манай улс эдийн засаггүй гэсэн үг.
Төрөөс эдийн засагт авч буй арга хэмжээ нь томоохон уул уурхай, цементийн компанид төвлөрсөн байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг тэдгээр үйлдвэр бүрдүүлж байгаа юу гэвэл тийм. Гэвч томоохон үйлдвэрээс илүүтэй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ажил олгогчид байдаг. Төмсөөрөө жишээ авъя л даа. Төмсний импортыг би ганцаараа хийх боломжтой. Төмс худалдаж авах компанитайгаа гэрээгээ байгуулаад, вагоноор 10 мянган тонн төмс ачиж аваад, нэг худалдааны төвд бөөндөхөд хангалттай. Харин 10 мянган тонн төмсийг дотооддоо тарихад хэдэн мянган ажлын байр бий болно. Ингэснээр ажилгүйдэл буурах боломжтой. Томоохон компаниуд төсвийн орлогыг бүрдүүлж болох ч гэлээ эдийн засгийн “цусны эргэлт”-ийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгоод байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо ажиллах хэрэгтэй. Харамсалтай нь тус хороо үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлээр барагтай бол хуралдаагүй. Хуралдаанаар гаргасан шийдвэрээ Засгийн газартаа танилцуулж, авч хэрэгжүүлж байх хэрэгтэй боловч хангалттай хэмжээнд ажиллахгүй байна.
-Та манай улсад өлсгөлөн бий болох магадлалтай хэмээн хэллээ. Ядуурал нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр дундаж давхаргынхан багасна гэсэн үг үү?
-Мэдээж хэрэг хүн болгон ядууралтай нүүр тулна гэсэн үг биш. Ядуу гэх ангилалд орох эрсдэлтэй бүлгийн талаар ярьж байгаа юм. Ядуу ангилалд байсан хүмүүс маань хамгийн түрүүнд өлсгөлөнд нэрвэгдэх аюултай. Хэрэв өлсгөлөн бий болж, ядуурал нэмэгдэх аваас олон улсад манай улсын талаарх сөрөг мэдээлэл тархаж эхэлнэ. Мөн цалин нь нэмэгдээгүй иргэдийн хувьд үнийн өсөлтийн улмаас ядуу гэх ангилалд орох эрсдэлтэй. Ингэснээр дундаж давхарга багасах юм.
-Өмнө нь гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд байсан. Тэгэхээр таны таамаглалаар бол..?
-Миний харж байгаагаар хоёр хүн тутмын нэг нь ядуу болно хэмээн таамаглаж байгаа. Ядуу хэсгийн зарим нь өлсгөлөнд нэрвэгдэнэ л гэж үзэж байна. Эдийн засаг руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол нийгмийн хүн амын 50-аас дээш хувь нь ядууралд өртөх юм.
-Эргээд халамж нэмэгдэх нь ээ?
-Ядуурал өсөх тусам халамж нэмэгдэнэ. Улсын төсөв үүнийг даахгүй. Жил бүрийн алдагдал нэмэгдсээр л байгаа. Манай Засгийн газар өр тавьж, алдагдлаа санхүүжүүлсээр байна. Товчхондоо өвчин намдаах эм ууж байгаа юм. Түр зуур л өвчинг намдааж буй хэрэг шүү дээ.
-Эргээд ярилцлагынхаа эхлэл хэсэгтэй холбоход үнийн өсөлт нефтийн бүтээгдэхүүнтэй шууд хамааралтай нөхцөл байдал манайд бий. Сүүлийн үеийн жишээ болохоор төмсөн дээр энэ талаар ярилцахад баяр наадмын өдрүүдэд АИ-95 шатахууны болон түлшний үнэ нэмэгдсэн нь ногооны үнэ өсөхөд нөлөөлсөн шүү дээ. Тэгэхээр нефть боловсруулах үйлдвэртэй болох хүртлээ бид энэ нөхцөл байдлаас гарах боломжгүй гэсэн үг үү?
-Нефтийн талаар ярихад Монгол Улс бодлогогүй байсныхаа горыг амсаж байгаа юм. 32 жилийн турш бодлогогүй явсан учраас үйлийн үрээ эдэлж буй хэрэг. Нефть боловсруулах үйлдвэрийг ядаж 2000-аад оны эхээр барьсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байлаа. Ардчилсан нийгэм болсноос хойш олон төрлийн зээл авсан. Чингис, Самурай гэх мэт бондоороо ч босгож чадсангүй. Бэлэн түлшээ гаднаас авч буй нь төр бодлогогүй байсныг харуулж байгаа юм. Хамгийн гол нь эдийн засгийн сөрөг нөлөө эрх баригчдад бус иргэдэд илүүтэй нөлөөлдөг. Төрд гарч удирдаж буй хүмүүсийн бодлогогүй байдал, буруу шийдвэр, лай ланчгийг ард түмэн л үүрч байна. Нефть боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй яаралтай барих хэрэгтэй. Яагаад гацаж байгаа нь хүртэл тодорхойгүй. Төрийг хүний биеэр илэрхийлбэл тархи гэсэн үг. Тэгэхээр тархи нь ажиллахгүй байгаа учраас бие нь ажиллахгүй гэсэн үг.
-Тун удахгүй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчлах гэж байгаа. Эдийн засагч хүний хувьд та энэхүү айлчлалд ямар хүлээлттэй байгаа вэ?
-Хятад улс бол манай ард түмний дайсан биш гэдгийг ойлгох ёстой. Манай улсын мөнхийн хөршөөс гадна худалдан авалтын хамгийн том байр суурийг эзэлдэг худалдан авагч. Өмнө нь хэлсэнчлэн манай улс нүүрсний экспортод тулгуурладаг. Манай улсын валютын гол урсгал Хятадаас орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар юу ярилцахыг нь сайн мэдэхгүй ч одоо тулгамдаад буй нүүрсний асуудлаа даруй шийдээсэй хэмээн бодож байгаа. Манай улс хүссэн хүсээгүй ирэх 10-15 жилийн хугацаанд нүүрсээ зарж амьдарна. Бидэнд өөр өрсөлдөх чадвар байхгүй. Тиймээс нүүрсний төмөр замын нарийн царигийн асуудлыг яаралтай шийдээсэй хэмээн хүсэж байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 11 )
хэний буруугаас ард иргэд ядуурал руу орж байгаа нь ойлгомжтой төрт байгаа эргүүнүүдээс болж байгаа тэр тэнгүүд бодлогоо аргалгаа зөв боловсруулж чадахгүй эргүүтээд мөнгө яаж зээлэх вэ тэгээд хувьдаа яаж завших вэ гэж бодож суугаа ш дээ новшнууд
хэний буруугаас ард иргэд ядуурал руу орж байгаа нь ойлгомжтой төрт байгаа эргүүнүүдээс болж байгаа тэр тэнгүүд бодлогоо аргалгаа зөв боловсруулж чадахгүй эргүүтээд мөнгө яаж зээлэх вэ тэгээд хувьдаа яаж завших вэ гэж бодож суугаа ш дээ новшнууд
Чи одоо өөрөө төмсөө тариад махаа үйлдвэрлээд яваач дээ. Дандаа сөрөг мэдээлэл цацаж явах юм. Зээлгүй улс, ард түмэн гэж байдаггүй юм. Яаж энэ байгаа байдлаас гарах гаргалгааг ард иргэддээ хүргэ. Төр засгаас бүү горьд. Сонгуулиар МАН, АН хоёрыг дахиж бүү сонго гээд хашгираад яваач.
Iim bdald orson ni ard tumen ymarch buruugyu , deeguuree l buh yumaa huvaagaad idej bn , ergerf ard tumen buh hundiig uurch bn , manai mongol ylzatsan bn doo.
Өөрө юу ч гийгүүлэх байж дандаа муу амлаж суудаг нөр дөө
Тийм дээ,өмнөх засгийн арчаагүй байдал одоо ч нөлөөгөө үзүүлж байгаа.Оюун-Эрдэнэ шантралгүй энэ хэвээрээ ажиллавал дээрдэнэ,гол нь иргэдийн оролцоо шүү.Одоо бол зөвхөн өөрсдөөс шалтгаална,аль нэг улс бидэнд туслах өргүй .Дор хаяж амин чухал хэрэгцээгүй гадаадын зайрмаг,жигнэмэгт өндөр татвар тогтоохоос эхлээсэй
Бид тэгэх байлаа гэж одоо яриад яах вэ. Цаашид яах ёстой гэвэл хамгийн түрүүнд Оюунэрдэнэ гээч хоосон хонгио толгойтой новшийг зайлуулах хэрэгтэй. Улс орны хоол хүнс амьдралыг авч явах ёстой хүн нь бакалаврын боловсролгүй эдийн засгийн мэдлэггүй байж болохгүй ээ. Зөвхөн таамгаар л ажил хийсэн болоод байна. Амьдралын ухаан ч алга .фсда гэж...
НЭГ ӨРХИЙГ ТОЛГОЙЛОГЧ ААВ АРЧААТАЙ БОЛ БҮХ ЮМАА УРЬДЧИЛЖ ХАРСАН БАЙДАГ,АМЬДРАЛ НЬ ТОГТВОРТОЙ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ АЖИЛ ТӨРӨЛ, СУРЛАГТАЙ, ЭРҮҮЛ. АРЧААГҮЙ БОЛ АРХИ УУГААД ЭРХЭЛСЭН Ч АЖИЛГҮЙ,ХҮҮХДҮҮД НЬ ӨЛМӨН ЗӨЛМӨН, ХООЛ ХУВЦАС ХУНАР , ХИЧЭЭЛ СУРЛАГА НЬТААРУУ, БАС ЭРҮҮЛ МЭНД НЬ САЙН БИШ ЭМЧИД ОГТ ҮЗҮҮЛДЭГГҮЙ, ХУДЛАА ЯРЬДАГ, ЗАРИМДАА ХУЛГАЙ ХИЙЧИХДЭГ ХҮҮХДҮҮТЭЙ БАЙДАГ ШИГ МАНАЙ ТӨР 30 ГАРУЙ ЖИЛИЙН ХУГАЦААНД ИЙМ Л ЯВЖ ИРЛЭЭ.
Хятадын хурдны галт тэргэнд суучихсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг 2014 онд барьсан бол Монгол улс өнөөдөр девольт зарлахаар Лаосын дараа дэлхийд яригадахгүй байсан даа. Хөршийн харилцаанд тулгуурлаж эдийн засагаа хөгжүүлэхгүй төмөр зам баривал танк орж ирнэ гээд хэсэг ард түмэн алга ташаад байсан төлөөсийг өдөр бүр үнийн өсөлтөөр өгч байна даа
Mонголчууд бид нар Oрос Xятад гэсэн 2 хон хөршөөр хүрээлэгдсэн байрлалтай. Hэг хөрш маань жаахан үхэр хонины мах авдагыг л эс тооцвол биднээс бараг юу ч худалдан авдаггүй хирнээ жижигхээн Mонголд жил болгон 1,5 тэрбум $-ын бензин түлш, тог цахилгаанаа шахдаг гэж байгаа. Hөгөө хөрш нь биднээр муу хэлүүлэн хэлүүлэн манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээ дөхдөг гэж байгаа бас...кк
hha