“Наадмын маргааш намар” гэж хэн хэзээ хэлснийг мэдэхгүй ч монголчуудын амьдралын том философи энэ үгэнд багтдаг. Найрлаж, наадамласан ч бодолтой бай гэсэн утгатай. Бас “Зуны сар зургаа биш” гэх хэлц бий. Мөн л найр наадмыг аль болох цөөлж, өвөлдөө бэлд хэмээсэн сэрэмжлүүлэг юм. Ер нь бол монголчууд аль эртнээс л наймдугаар сард багтаад хадлан тэжээл, бүх төрлийн засвар, дулаалга гээд бэлтгэлээ базаачихдаг. Эс тэгвэл өвлийг өнтэй давах хэцүү. Ямар ч бэлтгэлгүй хүн өвөлд “өвдөг шорооддог” гэмтэй. Тэр нь байгалийн хуулиар шалгагдаж ирсэн жамтай.
Энэ жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, улсын баяр наадам амралтын өдрүүдтэй нийлээд бараг 10 хоног монголчууд бүх нийтээрээ баярлаж цэнгэв. 23 хүүхэд мориноос унаж гэмтсэн, амиа алдсан гэх мэдээлэл гарч байхад ч аль нь болохыг тодруулах сөхөөгүй наадамласаар. Хүүхэд бэртэж, гэмтэж, амиа алдаж байхад зугаацаж байдаг мөн ч зэрлэг баяр цэнгэл шүү. Наадмаас улбаалан улс даяар бүх үйл ажиллагаа зогсож, зөвхөн баярлаж цэнгэх, аялах амрахад зориулагдсан гэж болно.
Төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн олон хоног амарч, өдөр тутмын үйл ажиллагаа тасалдсанаас зарим нь цалингаа тавьж чадахгүй хямралын байдалд орсон. Гэсэн ч үүнийгээ үл тоон улсын наадам арай гэж дуусав уу, үгүй юу залгуулаад аймаг, сумдын ойн баяр, наадам, ёс уламжлалын баярууд үргэлжилж, дээр доргүй найрлан наадамлаж байна. Хажуугаар нь морь, бөхийн хэрүүл тасрахгүй. 10 настай эмэгтэй хүүхэд мориноос унаж нас барж байхад, ийм юм боллоо гэж шэйр хийж тарааж цацангаа юу ч болоогүй мэт наадсаар.
Баяр наадмын товыг харж байхад долоодугаар сараар энэ жилийн баяр наадам дуусах нь уу гэтэл харин ч болоогүй бололтой. Зүүн бүсэд гэхэд л Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, Зүүн бүсийн их хурд давхцаж, найр наадам нь өчигдрөөр дөнгөж л шувтарч байна. Гэтэл наймдугаар сарын эхээр хатагины хар сүлдний ёслол хийж, дахин морь уралдуулж, найр наадам хийх гэнэ. Хатагин хошуу нь одоогийн Дорнод, Сүхбаатар аймаг, нэлээд хэдэн сумыг хамардаг учир зүүн бүс нутгийнхан найр наадмаа хумих бус харин ч хавтгайруулан баярлаж цэнгэх бололтой. Хөвсгөл, Архангай, Завхан, Орхон аймгаас хатагинчууд зорьж очих нь лавтай.
Төвийн бүсэд улсын нийслэл Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул гээд олон аймаг, сумдыг хамруулсан Даншиг наадам өнөө маргаашгүй өндөр үүдээ өргөх гэж байна. Мөн л бөх барилдуулж, морь уралдуулж наадам цэнгээнээ хийнэ. Түүний зэрэгцээ томоохон аж ахуй нэгжүүд, үндэсний гэх тодотголтой толгой компаниуд ч ойгоо тэмдэглэнэ хэмээн бужигнаж байна. Аймаг, сумын ой, бүсийн уралдаан, наадамд хотод байгаа тухайн нутгийн иргэд, дээр нь бүх сайд дарга, УИХ-ын гишүүд очиж хөл нэмж, дуулж хуурдаж хөгжөөн цэнгэл болов. Төрийн тэргүүн нь хүртэл би яаж дутах вэ гэсэн шиг оччихсон, улаан хивс дэвсүүлж, хөшөө барималд цэцэг өргөв.
Эдийн засаг нь хямарсан, иргэдийнх нь олонх ажилгүй, орлогогүй, хүнс, хүнсний ногоо, өргөн хэрэглээний барааны үнийн хөрөөгдөлд сөхөрчихсөн атал зуны гурван сарыг нийтээрээ найр наадам хэсч, дуулж хуурдаж өнгөрүүлдэг улсыг өөдрөг гэх үү, тэнэг гэх үү. Өрөвдөм эмгэнэлтэй гэх үү, бардам баясгалантай гэмээр ч юм уу.
Сайд дарга нарын хэлж, ярьж буйг сонсвол том том амлалт өгч, удахгүй зэсийн үнэ өсөж, монголчууд сайн сайхан болно хэмээн яг л мэргэч, төлөгч шиг айлдацгаах. Ингэж айлдаж буй хүмүүсийн илбэ шидээр далдын хар малгай өмссөн, харь гаригийнхан ирээд намар, өвлийн бэлтгэлийг бэлдээд өгчихдөггүй юм бол Монгол Улс өнөөхөндөө өвөлд бэлэн биш байна. Хэн гараа хөдөлгөж, өвлийн бэлтгэлийг ямар хүмүүс базаахыг хэлж мэдэхгүй. Гэхдээ мэдээж бүгд ийм биш л дээ. “Ерөнхийлөгч нь аймгуудын наадамд хориг тавьж болохгүй юм уу”. “Наадмаа цэглэж, намартаа бэлд” хэмээн уриалж, сошиал дахь өөрийн талбарт загнаж, зандрах хүмүүс мэр сэр байна. Харин ингэж хэлсэн, бичсэн, шаардсан, уриалсан иргэд цөөнх болох шинжтэй. Өнөөдөр Монголын амьдрал ийм байна.Хойд хөршид дайн дуусаагүй. Урд хөрш Тайвань улстай амаргүй харилцаанд шилжлээ.
ОУВС-гаас манай улсыг дефолт зарлах /төлббарийн чадваргүй/ улсын тоонд орохоор байгааг мэдэгдсэн. Эдийн засаг хүндрэх, ирэх өвөл гэхэд ажилгүйдэл, ядуурал дээр өлсгөлөн нэрмэхээр байгааг эдийн засагчид анхааруулсаар байгаа. “Айлаас гуйхаар авдраа ух” гэж үгтэй. Гэтэл манай улс тариа ногоогоо ахиу авах, нөөцлөх талаар хуруугаа ч хөдөлгөхгүй сууж байна. 60-70 сая малтай гэдэг ч хэчнээн толгой мал нядалгаанд оруулж, нөөцийн мах бэлтгэх талаар тооцоо судалгаа алга.
30 хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Сургууль, цэцэрлэгүүдийн хэд нь хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон бэ гэдэг асуултад тодорхой хариулт алга. Улсын хэмжээнд цэцэрлэгт суралцах 140 мянган хүүхэд бий. Түүнээс 106 мянга нь цэцэрлэгт орох боломжтой учир үлдсэн нь сугалаагаар ордог байсныг зогсоохоо салбарын сайд амласан.
Тухайлбал, 34 мянган хүүхдийн 23 мянга нь хоёр настай хүүхэд байгаа. 3, 4, 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьтай хангаж байгаа гээд нэмэлтээр цэцэрлэгийн байр судалж байгаа гэсэн. Шаардлага хангах байр цөөн, шинээр ашиглалтад орох цэцэрлэгүүд хугацаандаа амжихгүй болсон гэх мэдээллүүд байна. ЕБС-ийн хувьд бид 760 мянган хүүхэд хүлээн авна. Үүнээс зөвхөн нэгдүгээр ангид л гэхэд 50 орчим мянган хүүхэд орохоор байгаа. Гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүссэнийг хоёр ээлж болгоно гэсэн. Гэхдээ боломжгүй гэдэг нь бодит байдалд бараг л батлагдчихаад байна. Түрээсийн байр олно, оллоо ч одоо засаагүй байгаа учир оройтно.
Өмнө нь хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байсан. Үүнээс болж авлига, хээл хахууль, урт дараалал үүсдэг байсныг цэгцэлнэ гэсэн. Одоогоор зохицуулж байгаа юм алга. Ядарсан иргэдийн хүүхэд бол гэрийнхээ хаяанд байгаа сургуульд орж чадахгүй автобусны эцсийн буудал орчим байх сургууль руу зоолттой хөөгддөг, хамран сургах тойрог чинь тэр гэж дарамталдаг байдал хэвээрээ. Жилийн жилд хөдөө орон нутгаас 20 мянган оюутан ирдэг. Дотуур байрны хүрэлцээ мөн л боломжгүй.
21 аймаг, 330 сумаас хадлан тэжээлээ бэлдчихсэн, “айдаггүйгээ авдартаа хийсэн” гэж төвдөө мэдээлсэн нэг ч газар алга. Төрийн байгууллагууд урсгал засварт бус найр наадам, ой тэмдэглэхэд төсөв гаргаснаас бус урсгал засвараа хийж дуусгасан нь хэд вэ гэдэг эргэлзээтэй.
Ирэх сарын 15 гэхэд бүх газрыг дулаанаар хангана. Цаашлаад дулааны шугам сүлжээ нь ирэх өвлийг найдвартай давах эсэхэд мэргэжлийн байгууллагын хариулт алга. Цахилгааны сүлжээ мөн адил. Долоодугаар сарын 8-нд болсон өргөтгөсөн хурлаар урсгал болон их засварын ажилд онцгой анхаарахыг үүрэгдсэн байгаа юм. Явцыг анхааралгүй цагийг нь тулгаж гэнэт үүрэгдэхээр болчихдог юм гэж үгүй баймаар. Наадамчин монголчууд намартаа иймэрхүү байдалтай орж байна. Наймдугаар сар их ажлын сар байгаасай. Наадмаа дуусгаж намартаа бэлдээсэй.
Ч.АРИУНГАНГА
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )