Т.Баярхүү: Зээлийн хүү, татвар, авлигаас болж, олон компани дефолт болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 02

Энэ удаагийн “Өглөөний зочин” буландаа эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүг урилаа. Түүнтэй эдийн засгийн тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцсан юм.


-Олон улсын валютын сангаас дараагийн дөрвөн жилд дефолт зарлах улсуудын нэгээр манай улсыг нэрлэсэн. Гэтэл манай улс зарлаагүй л болохоос хэдийн дефолт болоод олон арван жил өнгөрсөн гэж ярих хүмүүс ч байна. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Дефолт зарлах гэдэг нь санхүүгийн чадваргүй болж, дампуурлаа зарлаж байна гэсэн утгатай юм. Манай улсад бүхий л бизнес хийж буй компани дефолт болсон. Банк хэзээ ч тухайн бизнест таатай зээл олгодоггүй. Тухайлбал, би банкнаас 100 сая төгрөгийн зээл авахаар төлөвлөсөн гэж бодъё. Гэтэл банкны зүгээс хэзээ ч 100 сая төгрөгийг олгодоггүй. Зээл хүсэгчээс олон барьцаа авсны эцэст 60-70 сая төгрөгийг нь өгдөг. Тэгэхээр нөгөө бизнес эрхлэгч үлдсэн 30-40 сая төгрөгийг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ломбарднаас зээлж эхэлнэ. Ингэхдээ ах дүү, хамаатнууд нь хүртэл хүүтэй зээлнэ. Мөн авлигагүй бол бизнес хөгжихгүй.

Хамгийн аюултай зүйл нь бизнес эрхлэгч бизнес төлөвлөгөөгөө төгрөгөөр тооцоод, 100 сая төгрөгийг төсөвлөнө. Гэтэл банкны 20 хувийн хүү дээр ломбард, хувь хүнээс зээлсэн мөнгөний хүү нэмэгдээд зээлийн хүү багадаа 30 хувь болж байгаа юм. Товчхондоо банкны хүү, бусад зээлийн хүү, нэмээд авлига өгөх замаар бизнес эрхлэхийн тулд багадаа 40-50 хувийн хүү төлнө гэсэн үг. Тухайн компани ашиг олохоос үл хамаараад Засгийн газрын татварууд нэмэгдэнэ. Ингээд л нэг компани бизнес хийх гэтэл шууд л дампуурч байгаа юм.

Зээлийн өндөр хүү, ашиг олсон эсэхээс үл хамааран авдаг Засгийн газрын татвар болон авлига гурав сүүлийн 30 жилийн турш компани, үйлдвэрлэгчдийг дефолт болгож буй зүйл юм. Мөн Монголд бизнес эрхэлж буй санхүүгийн өртөг болдог. Монгол Улсад сүүлийн 30 жил бизнес хийсэн иргэн, компани буюу хуулийн этгээдүүд бүгд дефолт болсон. Тухайн бизнесийг хийж буй хүн буруугүй. Санхүүгийн тогтолцоогоор биднийг дампууруулж байгаа юм. Дефолт гэдэг бол санхүүгийн системийн өөрийнх нь гажгийг илэрхийлж байгаа зүйл.

Манай улс Олон улсын валютын сангийн зөвшөөрөлтэйгөөр хандивлагч, туслан дэмжигч орнууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банк, ЖАЙКА тусламжийн байгууллага, UCAD байгууллага гэх мэт олон гоё нэртэй, бүхий л төрлийн долларын эзэд захирдаг бүтцээс зээл авдаг. Яг л өмнө дурдсан жишээтэй ижил. Хэрэв манай улсад 100 сая ам.доллар хэрэгтэй байсан бол Олон улсын валютын сан хэзээ ч 100 сая ам.доллар өгөхгүй. Харин 70 сая ам.долларыг нь өгнө. Үлдсэн мөнгийг нь бид бусад улс орноос зээлэх жишээтэй. Долларын эздийн энэхүү үйлдлийг неоколончлол хэмээн нэрлэдэг.

-Бид яагаад зээлээ төлж чадахгүй байна вэ?

-Сая дурдсан хоёр жишээ хоорондоо ялгаатай. Нэгдүгээрт, дотооддоо бизнес хийж буй иргэн болон компани өндөр хүүнд дарлуулдаг. Харин Олон улсын валютын сангийн зуучлалаар авсан бүх төрлийн зээлийг жилийн 5-10 хувийн хүүтэй авлаа гэж бодъё. Гэтэл Олон улсын валютын сан Монголбанкийг хянаж байгаад тухайн зээлийн мөнгийг төгрөг рүү шилжүүлж, зээл олгохдоо 20 хувийн хүүтэйгээр дутуу зээл өгнө. Улмаар Монголбанк дотоодын бизнес эрхлэгчдэд өндөр хүүтэй дутуу зээл олгоно. Монголбанк ам.долларыг 1000 төгрөг байхад олон улсаас зээл аваад бизнес эрхлэгчдэд тараасан. Эргээд 2-3 жилийн дараа дотоодын бизнес эрхлэгчид зээлээ төлөх гэхээр 1000 төгрөгөөр авч байсан долларын ханш нь 1300 төгрөг болсноор илүү алдагдалд орж байгаа хэрэг.

-Тиймээс л компаниуд хөлөө олоход хэцүү байдаг байх нээ?

-Бид төгрөгөөр орлогоо олдог бизнес хийдэг. Төгрөгийн доллартой харьцах ханш унасан тохиолдолд зээлээ долларын ханш руу шилжүүлэхээр зээлийн хүү нь 30-40 хувь болж өсөж байгаа юм. Банкны зээлийн хүү гэдэг бол хүмүүсээс авч буй татвар. Тэгэхээр үйлдвэрлэл эрхэлснийхээ 40 хувийн хүүн дээр нэмээд ханшийн алдагдлын 30 хувийг үүрдэг гэсэн үг. Ингэж л 70 хувийн хүүгийн ачааллыг үүрчихээр ямар ч хүн, компани өндийх боломжгүй болно. Гаднаас бага хүүтэй их хэмжээний зээл авч байгаа боловч төгрөгийн ханш уначихаар төгрөгийн ханшийн уналтын хэмжээ нь хүүн дээр нэмэгдээд бас дахиад дефолт болно гэсэн үг. Дефолт болно гэдэг нь 100 хувь төрийн алдаа болохоос биш ажил амьдралынхаа төлөө зүтгэж буй жирийн иргэд, компаниудын буруу хумсын төдий ч байхгүй.  Үүнийг манай иргэд ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл дефолтоос зугтах зам нь юу вэ?

-Эдийн засгийн гол амин судас нь мөнгөний бодлого юм. Мөнгөний бодлого, санхүүгийн бодлого, татварын бодлого гурав нийлж нэг үр дүнд хүрч буйг эдийн засаг гэдэг. Энэ гурвыг цэгцлээгүй цагт үеийн үед гадныханд дефолт гэдэг нэрийдлээр дарамтлуулна. Монголбанкнаас явуулж буй мөнгөний буруу бодлого, Санхүүгийн зохицуулах хорооноос явуулж буйгаа буруу санхүүгийн бодлого, Засгийн газраас явуулж буй буруу татварын бодлого гурав өнөөдөр төгрөгийн ханшийг унагаж, барааны үнийг өсгөөд байна. Иргэд төрөөсөө зөв зүйлээ нэхэх хэрэгтэй. Хэрэв төгрөгийн доллартой харьцах ханш 10 хувь хүртэл унавал Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал болон холбогдох хүмүүс ажлаа өгөх ёстой. Төгрөгийн доллартой харьцах ханш нь 20 хувь хүртэл унавал Монголбанкны захирал нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хэрэгтэй юм. Монголбанк төгрөгийн доллартой харьцах ханшийг барьж чадахгүй байгаа бол хариуцаж байгаа УИХ нь Засгийн газартайгаа тарах хэрэгтэй.

-Манай улс компани, үйлдвэрүүдээ дэмжинэ хэмээн зээл олгодог. Гэтэл дундаас нь татварын болон санхүүгийн буруу механизмын улмаас төр их хэмжээний ашиг хүртэж, компаниуд дампуураад байна гэж ярилаа. Товчхондоо бизнесээ дэмжих нэрийдлээр төр дундаас нь ашиг олж байна гэж ойлголоо л доо?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнсний үйлдвэрүүдээ дэмжинэ хэмээн хүү багатай их хэмжээний санхүүжилтийн хөтөлбөрийг ярьсан. Хэрэв төр төрөл бүрийн хүүтэй зээл олгоно гэж байгаа бол тэр төр худлаа гэсэн үг. Хүүгээр баян хоосныг бий болгож болохгүй. Хэзээ ч аль ч салбарт хүүний өөр өөр бодлогыг боловсруулж болохгүй юм.

Мөнгөний хүү бүгдэд нь жигд байх ёстой. Зөвхөн үнийн дүнгээрээ өөр байх ёстой юм. Харин татвараар зохицуулах ёстой зүйлийг хүүгээр зохицуулаад байдаг буруу механизмтай байна, нэгдүгээрт. Хоёрдугаарт, хүнсний үйлдвэрүүдэд бага хүүтэй зээл өгөх үед үйлдвэрлэсэн хүнсийг нь худалдаж авч байгаа иргэн би тэр зээлийг төлөөд байна. Гуравдугаарт, тухайн хүнсийг худалдаж авахгүй байгаа ч татвар төлж, төсөв бүрдүүлж буй иргэн тухайн зээлийг төлж байгаа юм. Учир нь зөрүү мөнгийг Засгийн газар төсвөөс төлдөг. Тэгэхээр монголчууд бүгд тэр зээлийг төлж буй хэрэг. Ерөнхийлөгч биш төсөв бүрдүүлж буй ард түмэн зээлийг төлж байгаа юм. Энгийнээр жишээгээр тайлбарлая.

Чингис бондын мөнгө орж ирэх үед нэг салбарт зорилуж 300 тэрбум төгрөгийг арилжааны банк руу шилжүүлж байгаа юм. Тухайн салбарынхан хүү багатай зээл авч, бусад нь авахгүй мөртлөө арилжааны банканд мөнгө өгөх үедээ долоон хувийн хүүтэй өгнө. Гэтэл арилжааны банк нь иргэддээ 15 хувийн хүүтэйгээр зээл өгснөөр найман хувийн хүүгийн зөрүүг төр төсвөөс төлдөг. Ингэж банк дундаас нь ашигтай ажиллаж байгаа юм. Харин бизнес эрхлэгч иргэн, компанид шаардлагатай мөнгө нь очихгүйгээс гадна гаргасан зээлийн хүсэлтээс дутуу санхүүжилт авна. Тиймээс зээлийн хүүг жигд болгож, төрийн банкаар дамжуулан олгохгүй бол, арилжааны хувийн банкууд дундаас нь энэ мэт ашиг хожоод байна.

-Улсын төсөв маань зээлээ төлж чадахгүй, өрийн тааз тулсан нөхцөлд байгаа. Тэгэхээр зээлж авсан өрөө төлж чадахгүй бол газар нутгаа алдах эрсдэл үүсээд байгаа гэсэн үг үү. Төрөөс эдийн засгийн хямралаа дэлхий даяар өрнөөд буй цар тахлын дараах хямралтай холбон тайлбарлаж буй нь нэг талаараа өрөөсгөл ойлголт мэт?

-Гаднаас зээл авахын тулд улсынхаа газар нутгийн 70 хувийг тавьчихсан. Дефолт гэж нэрлээд байгаагийн цаана барьцаанд тавьсан 70 хувийн газрыг зээлдэгчид аваад, цааш нь өөрсдийн хүслээр захиран зарцуулах үйлдэл юм. Бид үүнийг зөвшөөрч болохгүй. Дэлхий дахинаа өрнөж буй хямрал, эдийн засгийн хямрал юу ч гэж нэрлэж болно. Гол буруутан бол төр. Манай улс маш их нөөцтэй. Сингапураас ч их хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй улс. Хөрөнгүүдээ Сингапур улсаас илүү үнэлэх боломжтой. Бидэнд таван том хөрөнгө бий. Байгалийн баялаг, мал сүрэг, бүхий л үл хөдлөх хөрөнгө /Улаанбаатар, Дархан гэх мэт том хот болон түүн доторх хөрөнгүүд/, нэг хүнд ногдох хамгийн том газар нутаг, гурван сая хүнд хүрэлцээтэй Засгийн газрын томоохон төсөв юм. Эдгээрт зөв менежмент хийж чадахгүй байгаа төрийг шахаж ажиллах хэрэгтэй. Ядаж л шатахууны үнэ өсөхөд цалин дагаад өсөж байх хэрэгтэй юм шүү дээ. Гадаад зах зээл дээр нефтийн үнэ өсөж байсан ч манайд шатахууны үнэ өсөх ёсгүй. Төрөөс түүнийг нь барих хэрэгтэй.

-Шатахууны үнэ өсөхөд цалин дагаж өсдөг жишиг манайд ер байгаагүй шүү дээ?

-Монголчууд ажиллах чадваргүй, арчаагүй, хөдөлмөрлөдөггүй, өдрийн 50-100 мянган төгрөгөөр ажил хийлгэнэ гэхээр хүн ирэхгүй байна хэмээн марзан зүйл ярьж л байдаг. Үгүй шүү дээ. Монголчуудын авч буй цалин гадаад орнуудын авч буй цалинтай ижил биш. Манай улсын дундаж цалингийн хэмжээ хөгжингүй орны дундаж цалингийн хэмжээтэй ижил байна гэж байгаа боловч авч буй цалингийн зарлагын задаргааг харвал монголчууд эрүүл мэнд, боловсролд өндөр төлбөр төлдөг. Бусад улс орон өөрийн улсын иргэдэд эрүүл мэнд, боловсролыг нь үнэгүй олгодог атлаа бусад улсын иргэдээс мөнгө аваад зардлаа нөхчихдөг. Ийм зальтай тогтолцоотой байхад манай улсын хувьд эсрэгээрээ байдаг. Иргэд төрөөсөө зөв зүйлээ нэхэх хэрэгтэй. Нэг сая төгрөгийн цалинтай байхад миний цалинг 1.2 сая төгрөг болгоогүй атал шатахуун, талхны үнэ 20 хувиар нэмэгдэж болохгүй.

-Та иргэдийг төрөөсөө олон зүйлийг шаардаж, тэмцэх хэрэгтэй талаар дурдаж байна. Иргэд яг юуны төлөө тэмцвэл тэр нь зөв тэмцэл болох вэ?

-Иргэд юуны төлөө тэмцэхээ ойлговол дараа нь яаж шийдэхээ олно. Нэгдүгээрт, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Хоёрдугаарт, төгрөгийн ханшийг дархлаажуулах юм. Гуравдугаарт, төгрөгийг өндөр ханштай, сайн мөнгө болгох. Төр төгрөг дээр тогтохгүй, харин Монголын ард түмний амьдрал төгрөг дээр тогтоно. Мөн ямарваа нэгэн шаардлага тавихдаа аливаа асуудалд гурвалын онолоор хандах нь зүйтэй. Нэгдүгээрт, геополитикийн буюу гадаад хүчин зүйл, хоёрдугаарт, макро түвшний буюу төр засгийн хэрэгжүүлж буй хууль эрх зүй болон бусад бодлогын алдаа юм. Гуравдугаарт, микро буюу хөдөлмөрлөж, зүтгэж буй хүмүүсийн өөрсдийнх нь алдаа хэмээн гурван шатанд зөв харах хэрэгтэй.

-Манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлах гэж байна. Нийгмийн зарим хэсэг Гадаад хэргийн сайдыг манай улсын эдийн засгийг сэргэхэд том тус болно хэмээн харж байх шиг ээ?

-Манай үндэстэн яагаад агуу байдаг вэ гэвэл мөнх тэнгэрийн шүтлэг буюу орчлон ертөнцийн мөнхийн зүй тогтлыг маш сайн мэддэг. Нөгөө талдаа маш прагматив хүмүүс. Гадаад худалдааны 65 хувийг эзэлдэг БНХАУ-тай манай улс яаж хэлцэх, Орос Украины дайныг ашиглаж ямар ашигтай боломжийг бий болгох, бараа бүтээгдэхүүнийг хэрхэн татвар багатайгаар экспортлох, Орос, Хятадаас татсан мөнгөний зөрүүнд малын гаралтай бүтээгдэхүүн өгөх, уул уурхайн бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох гэх мэт олон зүйлийг манай төр бодож, сэтгэж, ажиллах ёстой. Тэгэхгүйгээр прагматив амьдрал дээр худлаа, үнэн онол ярьж иргэдээ өлсгөж, нийгмээ ядууруулж болохгүй. Тиймээс Хятад, Орос, Олон улсын валютын сан аль нь ч байлаа гэсэн бүгдэнтэй ч прагматив, эвээр харьцах хэрэгтэй.

-Энэ удаагийн айлчлалаар манай улсыг ШХАБ дахь байр сууриа нэмэгдүүлэхийг санал болгох талаар ярих магадлалтай гэх таамаг ч бас олны дунд байна?

-Манайд ШХАБ-ын талаар барууныг баримтлагчид буруу ойлголт тараадаг. Орос болон Хятадын зүгээс ШХАБ дахь манай улсын статус өөрчлөгдөх тал дээр төдийлөн шахаад байдаггүй. Эсрэгээрээ манай улсад гажигтай хүмүүс бий. 30 жилийн турш өрөнд оруулаад байгаа тогтолцооноос салъя гэхээр ШХАБ-д элсэж байснаас өртэй байсан нь дээр хэмээн үздэг. Гэвч гол зүйл нь гадаад худалдаа ба гадаад харилцаа юм. Бид дотроо эхэлж асуудлаа шийдсэний дараа гадаад бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаад бодлого маань дотоод бодлогоо 100 хувь хянаж байгааг болиулах хэрэгтэй юм. Гадаад бодлого нь дотоод бодлогоо хянадаггүй, сайндаа 30 хувийн нөлөөтэй байхад хангалттай.

-Бид өнөөдөр эдийн засгийн ямар нөхцөлд байгаа талаараа тодорхой ойлголттой боллоо. Тэгвэл бидэнд ямар гарц, шийдэл байна вэ?

-Маш энгийн. Зээлийн хүүг буулга гэвэл Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар хуулиараа надад хамаагүй хэмээн хариулна. Гэвч тэд хуулийг нь өөрчилж чадна. Одоогийн УИХ-ын олонхыг МАН бүрдүүлж байгаа учраас Үндсэн хуулийг ч өөрчлөх боломжтой байна шүү дээ. Монголбанкны тухай хууль, Банкны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Гадаад худалдааны тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хуулийг өөрчлөх ёстой. Иргэд харьяаллын дагуу сонгосон гишүүдээс эдгээр хуульд өөрчлөлт оруулахыг шахах хэрэгтэй. Эдгээр хуулиудыг өөрчилж, төгрөгийн ханшийг тогтвортой болгож, мөнгө хүүлэхийг болиулах зэргийг шаардах нь зүйтэй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Баяжаргал(66.181.160.73) 2022 оны 08 сарын 06

2 танхимтай улс төрийн тогтолцоон /төрийн байгуулалт/ -нд шилжиж байж мөнгө, санхүү, татварийн бодлогоо зөв тогтоож чадна. Үндсэн хуулиндаа хүссэн эс хүссэнээс үл хамаарч өөрчилөхөөс өөр арга зам байхгүйг 32 жилийн түүхэн замнал хэлээд байна шүүдээ.Үүнийг одоогын 76 гишүүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа.Ганцхан ашиг сонирхолдоо хөтлөгдөж байгаа шүү.

0  |  0
Зочин(103.26.194.108) 2022 оны 08 сарын 06

Либерал тогтолцоо байгаа цагт, либералууд төрд байгаа цаг (баруунаас мөнгө,алдар нэр, гэр бүл нь гадаадад ) -т бодит эдийн засаг хэзээ ч босохгүй. Зүгээр л зууч, бодит хөдөлмөргүйгээр мөнгө ологчид л түр зуур мөнгө олсон насгүй эдийн засаг байгаад бна.

1  |  0
Эгхээ(66.181.161.26) 2022 оны 08 сарын 06

Төрийн тогтолцооны гажуудлыг засан харилцан хяналттай 2 танхимтай парламенттай, гүйцэтгэх засаглалын тэргүүн нь ерөнхийлөгч болж байж л Монгол улс зөв зам руугаа явах бололтой \n\n

2  |  0
22000(66.181.160.105) 2022 оны 08 сарын 05

төрийн эргэлт хийх хэрэгтэй

1  |  0
эзэн монгол (122.201.24.41) 2022 оны 08 сарын 05

есүст итгүүлж хооллох тэд итгэгч нараар нь бас сонгууль өгүүлж хууль тогтоомж батлуулж УИХ гишүүн болгож бгаа тэд телевиз сонин сэтгүүл сэтгүүлч пасторууд тусламжийн хандивын байгууллагын сүлжээтэй мөн тэжээдэг сүмүүдтэй хар масстай тагнуулч нартай мөнгөний гуйланчлалаар биднийг тархийг угаадаг мөнгөөр дэлхийг эзлэх адийн бодолтой маш том мафи \n

1  |  0
Haha(66.181.161.111) 2022 оны 08 сарын 02

Uursduu umhii alnuud songoo biz dee gohi chin

0  |  0
Иргэн(192.82.88.17) 2022 оны 08 сарын 02

МАН ын хулгайч луйварчингууд төрд байгаа цагт энэ улс, эдийн засаг улам л муудна

1  |  0
Top