Н.Орчлон: Эрэгтэй, эмэгтэй сүрчиг гэдэг ойлголт зар сурталчилгаанаас үүссэн

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

“Үнэртэй усанд дурлагчдын” группээр дамжуулан үнэртний соёлыг түгээж буй олон улсын хуульч Н.Орчлонтой ярилцлаа.


-Та үнэртэй усны соёлыг өөрийн группээр дамжуулан түгээдэг. Үнэртний соёл гэж юу юм бэ. Та энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үнэртний соёл орчин үеийн хүн бүрт байх ёстой соёлуудын нэг юм. Хүн орчиндоо тохируулж хувцасладаг шиг үнэртнээ зөв сонгож байнга хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ үнэртний соёлд суралцана гэдэг нь заавал өндөр үнэтэй брэндийн сүрчиг олноор худалдаж авна гэсэн үг биш. Зүгээр л үнэртний тухай мэдлэгтэй, үнэртнийг урлагийн хувьд нь ойлгож бусдын мэдрэмжийг хүндэтгэж өөртөө зөв тохируулж хэрэглэдэг хүнийг хэлнэ.

-Өөрт тохирсон үнэртэй усыг хэрхэн сонгох вэ?

-Үнэндээ өөрт тохирох сайн үнэртэн сонгоно гэдэг тийм ч амархан зүйл биш. Хүний мэдрэмжүүдээс хамгийн субьектив буюу өвөрмөц, биеэ даасан нь үнэрлэх мэдрэмж байдаг. Иймд танд таалагдах үнэр бусдынхаас өөр байхад гайхах зүйлгүй. Заримдаа найз нөхөд, таньдаг хүмүүсийн хэрэглэдэг эсвэл маш өндөр үнэтэй, алдартай, борлуулалт сайтай сүрчиг таалагдаад байдаггүй шүү дээ. Та зөвхөн өөртөө л таалагдсан сүрчгээ түрхэж байж тэр анхилуун үнэрээс таашаал авч бас таны үнэр бусдад таалагдана гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Хэрвээ та ямар нэг сүрчгийг анх үнэртсэнийхээ дараа өөрийн эрхгүй дахин дахин үнэрлээд, хамраа салгаж чадахгүй бол өөрийнхөө үнэртнийг олсон гэсэн үг шүү. 

-Үнэртэй усыг сонгохдоо өөрийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлогийг юун түрүүнд харгалзаж үзэх ёстой юу. Эсвэл тухайн үйл явдал, цаг үед тааруулан хэрэглэх ёстой юу?

-Үнэртнийг маш олон зүйлд тааруулж болно. Жишээ нь 2015 онд Францын “Guerlain” үнэртний ордноос гаргасан “Le Bouquet de la Mariée” бол зөвхөн хуримын өдөр сүйт бүсгүйн түрхэх сүрчиг юм. Энэ сүрчгийг өөр газар,  өөр үед түрхэнэ гэж лав санаанд буухгүй байна.  Тиймээс сүрчгийг тодорхой цаг, үйл ажиллагаанд тааруулах мэдлэг мэдрэмжтэй болохын тулд үнэртний соёлд суралцах зайлшгүй хэрэгтэй.

-Үнэртэй усыг зөөлөн, чихэрлэг, нялуун, хурц гэж хүмүүс олон янзаар ангилан нэрлэдэг. Эдгээрийг яг ямар голлох найрлагууд бий болгоод байна вэ?

-Үүнийг хэлэх боломжгүй зүйл. Учир нь үнэртний ертөнц өөрийн гэсэн үгийн сантай. Эдгээр зөөлөн хурц гэсэн үгнүүд бол маш ерөнхий утгатай болохоор үнэртнийг тодорхойлоход бүдүүлэг ойлголтууд юм. Сүрчигний үнэрийг тодорхойлох хамгийн оновчтой зүйл бол тухайн сүрчигний бүтэц буюу пирамид ба нотууд юм.

-Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ. Хүмүүс яагаад үнэртнийг заримдаа арьсан дээр заримдаа хувцсан дээр түрхдэг вэ?

-Сүрчгийг заавал арьс эсвэл хувцсан дээр тусгайлан түрхэхээр зориулан гаргасан албан ёсны ангилал байдаггүй. Гэхдээ маш цөөн тохиолдолд зарим сүрчгийг өөр зориулалтаар түрхэхээр бүтээж болно. Жишээ нь, Chanel-ийн "COCO MADEMOISELLE -PARFUM POUR LES CHEVEUX" гэсэн сүрчиг нь зөвхөн үсэнд цацахаар бүтээгдсэн байна. Тиймээс үнэртэй усны бортого дээр тусгайлан тэмдэглээгүй бол ерөнхийдөө тухайн сүрчгийг нийтлэг маягаар хэрэглэнэ. Гэхдээ үнэртнийг арьс эсвэл хувцсан дээр түрхэхийн хамгийн гол шалгуур бол тухайн сүрчигний нягтрал байдаг. Иймээс үнэртний нягтралуудыг бүлгээр авч үзэх хэрэгтэй.

-Хуурамч үнэртэй усыг хэрхэн ялгах вэ. Ер нь үнэртэй ус худалдан авахдаа юунд анхаарах вэ?

-Та хуурамч бүтээгдэхүүн авснаар нэгдүгээрт мөнгөө үр ашиггүй зүйлд үрнэ. Хоёрдугаарт тэрхүү хуурамч бүтээгдэхүүнд ямар ч чанарын баталгаагүй химийн бодисууд орсон байх тул арьс түлэх, харшил өгдөг. Мөн хүн түрхсэн үнэртнээрээ амьсгалж байдаг тул та хорт химийн бодисоор амьсгалах аюултай. Европ болон Хойд Америкад албан ёсны үнэртэй ус хийдэг компаниуд бүгд бүтээгдэхүүнээ маш өндөр эрүүл ахуйн стандартаар шалгуулж худалдаанд гаргадаг.Тиймээс хэзээ ч битгий хуурамч үнэртэй ус худалдаж ав.

-Үнэртэй усны хадгалах хугацааны тухай тайлбарлана уу. Тэмдэглэгээг хэрхэн таньж унших вэ?

-Үнэртэй усанд хүнсний бүтээгдэхүүн шиг нарийн хадгалах хугацаа гэж байхгүй. Учир нь сүрчигний орцонд маш олон төрлийн химийн болон байгалийн гаралтай материал ордог. Удаан хадгалснаас болж хоол хүнс шиг мууддаггүй. Ер нь үнэртнийг ойролцоогоор нэг жил хагасаас гурван жил орчим хадгалах хугацаатай гэсэн ерөнхий ойлголт бий. Ихэнх сүрчигний бортого дээр нээлттэй таг шиг тэмдэглэгээний хажууд сарын тоо бичсэн байдаг. Энэ нь тухайн сүрчигний тагийг нээснээс хойш тэдэн сар хадгалж болохыг илэрхийлдэг. Гэхдээ мэдээж энэ хугацаа бол тухайн сүрчгийг зориулалтын буюу харанхуй, хуурай, сэрүүн газар хадгална гэж тооцоолсон хугацаа шүү дээ.

Миний хувийн бодол бол ерөнхийдөө тухайн сүрчигний бортого дээр ийм тэмдэглэгээ байгаа бол тэрхүү хугацаанд нь хэрэглэсэн нь дээр, хэрэв тийм тэмдэглэгээ байхгүй бол ойролцоогоор гурван жил гээд тооцож болно. Харин чанар муутай хямдхан болон буруу хадгалсан сүрчигнүүд үнэрээ хурдан алддаг. Бас үйлдвэрлэлээс шууд гарсан үнэртэн худалдан авч цуглуулахаас гадна маш олон жилийн өмнө, жишээ нь 20, 30 жилийн өмнө худалдаанд гарсан хуучны сүрчиг цуглуулж хэрэглэдэг дурлагчид бий. Ийм сүрчгийг англиар "vintage" гэж нэрлэнэ. Сайн чанарын ийм сүрчиг өдийг хүртэл маш сайхан үнэрээ огт алдаагүй байдаг. Энэ юуг хэлж байна гэхээр яг үнэндээ сүрчгийг хэр удаан хадгалах нь нэгдүгээрт тухайн үнэртний чанар, хоёрдугаарт та сүрчигнийхээ цуглуулгыг яаж, ямар нөхцөлд хадгалахаас л бүрэн хамаарна гэсэн үг. Хэрэв та сүрчгээ гэрэл шууд туссан, халуун эсвэл уур савссан чийгтэй газар хадгалбал хэдэн жил байтугай хэдхэн хоногийн дотор тухайн үнэртэй усанд агуулагдсан үнэт тоснууд шарагдаж дуусна. Тиймээс цонхны тавцан дээр эсвэл ванны өрөөнд толины өмнө сүрчигнүүдээ хадгалах нь буруу юм. Иймд та өөрийнхөө үнэртнүүдийг урт хугацаагаар хадгалахын тулд харанхуй, хуурай, сэрүүн газар байрлуулах хэрэгтэй. Хайрцагтай нь хамт хадгалбал сайн.

-Эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан үнэртэй усны ялгаа нь юу вэ. Найрлагад нь ямар өөрчлөлт байдаг вэ?

-Үнэндээ эрэгтэй ба эмэгтэй сүрчигний хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин хүйсээр ялган зар сурталчилгааг хийж, эрэгтэй эмэгтэй тасагт хуваан зардаг учраас л бид үнэртэй усыг хүйсээр хоёр хуваагаад сурсан байх. Сайхан үнэр бол сайхан л үнэр, үнэрт хүйс байхгүй. Эрт дээр үеэс үнэртэй усыг ямар ч хүйсний тодорхойлолтгүйгээр эрэгтэй ч эмэгтэй ч хүмүүс зэрэг хэрэглэхээр "unisex" хэлбэрээр бүтээж ирсэн. Харин сүүлийн хэдэн арван жилд л үнэртэй усны бортого, саван дээр "pour homme/for men" гэх мэт бичилтүүд гарч ирсэн байна. Энэ үзэгдлийг үнэртэй усны олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шүүмжлэгч Чандлер Бур их сонирхолтойгоор тайлбарласан байдаг.

Зарим үнэртэй усыг "pour homme" буюу "эрэгтэйчүүдэд зориулав" гэж албан ёсоор хаяглах болсон учир нь 1970-аад оноос дэлхийн зарим оронд үнэртэн түрхдэг эрчүүд ижил хүйстэн гэж харагдах вий гэсэн бодит айдас бий болсон ба энэ нь тухайн үеийн нийгмийн сэтгэл зүйг давж гарахын тулд сүрчиг хийдэг компаниудын хэрэглэсэн зар сурталчилгааны арга байсан. Үнэндээ үнэртэй ус бүтээдэг мастерууд ч гэсэн үнэртэн бүтээхдээ анхнаасаа нэг сүрчгийг эрэгтэй эмэгтэй гэж тэр болгон ялгадаггүй. Жишээ нь, эрэгтэй эмэгтэй хос үнэртэн гаргалаа гэхэд тэд ихэвчлэн нэг сүрчиг хийснийхээ дараа түүнийгээ дахин хуулбарууд дээр нь цөөхөн хэдэн үнэрний нот нэмэх эсвэл агуулгаас нь зарим үнэртний нотыг хасаад л эр эсвэл эм хувилбарыг гаргаж ирдэг. Дүгнэж хэлэхэд таны түрхэж буй үнэртэн таныг эр эм гэж мэдэхгүй харин яаж сайхан үнэртэхээ л мэднэ шүү дээ. Мэдээж зарим сүрчиг таны бодлоор эрэгтэй эсвэл эмэгтэй хүнд зохихоор илүү "эрэгтэйлэг/эмэгтэйлэг" үнэртэж байж болох юм. Гэхдээ та өөрөө яг ямар үнэртнээс таашаал авах нь таны л шийдэх асуудал.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.17) 2022 оны 08 сарын 03

mini duug abgaig shachal ingel sujinuu umhi jingeree

0  |  0
zochin(66.181.186.17) 2022 оны 08 сарын 03

yag yachial ged ungad aiga uhtel bee umhi jingeree

0  |  0
Top