Ургац хураах нь намрын том ажлуудын нэг. Мартагдашгүй намар гэх киног үзэж л намрын ургац хураах залуусын дүр зургийг төсөөлдөг байсан цаг үе саяхныг хүртэл үргэлжилсэн. Атрын аян дахин эхэлснээс хойш ургац хураалтад явах залуусын цуваа ч тасраагүй.
Гэтэл холбогдох яамны сайд нь ургац хураавал кредитийг нь дүйцүүлнэ хэмээн олон нийтэд мэдээллээ. Кредит дүйцүүлнэ гэвэл тухайн оюутан сургалтын төлбөрөө төлчихөөд ургац хураахаар явах хэрэг үү. Аль эсвэл кредит дүйцүүлэх нэрийдлээр оюутан залуусын хөдөлмөрийг мөлжиж, цалингүй ажиллуулах уу. Цалинтай байлаа ч гэсэн хичээл, эрдэм мэдлэгээс дээгүүр үнэлэгдэх ургац хураалт гэж байж болох уу.
Нийгэмд хувь нэмрээ оруулах зүйл хэмээн энэхүү үйлдлийг зөвтгөх хүн бий. Хэдийгээр олон нийтийн сайн сайхны төлөө, энэхүү ургац нь иргэдийн хэрэглээний төлөө байсан ч гэлээ кредитийн мөнгө төлж, ургац хураах нь байж боломгүй явдал юм. Учир нь цар тахлын хоёр жилийн турш хангалттай мэдлэг, мэдээлэл сурч чадаагүй оюутнууд кредитээ дүйцүүлэхээр ургац хураахаар явбал их сургуулийн мэдлэг мэдээлэл олж авах бүхий л цаг хугацаа тэр чигтээ урсана.
Энэ нь дипломын нэрний цаана орших боловсролгүй, мэдлэггүй ажилчдыг хөдөлмөрийн зах зээлд олноор төрүүлэх асуудлыг үүсгэж байгаа юм. Нөгөө талаас хувийн аж ахуй эрхлэгч үү, улсын хамаарал бүхий талбайн ургац уу гэдэг нь тодорхойгүй. Хэрэв тухайн талбай хувийн аж ахуй бол улсын сургуульд мөнгөө төлөөд сурч байгаа оюутан залуусыг дайчлах, тэдэнд ийм сонголтыг гаргаж өгөх ямар ч эрх яаманд байж болохгүй зүйл юм. Бид боловсролыг сурах цагтаа сурч, ахуйн хөдөлмөрийг хөдөлмөрлөх цагтаа хийх ёстой. Хичээлийн багц цагийг ургац тариалж, хураагаад цуглуулдаг бол бүхий л тариалангийн аж ахуй эрхлэгчид маань хэд хэдэн дипломтой, бүр докторын зэргээ ч хамгаалсан бус уу.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )