Д.Батчулуун: Хоёр аймгийн гурван суманд шүлхийн хориотой байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 05

Баруун бүсийн зарим аймгийн нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдлээ гэх мэдээлэл гарсан. Тиймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Малын их эмч Д.Батчулуунтай шүлхий өвчний дэгдэлтийн өнөөгийн байдал, өнгөрсөн хавар нийт үхэр сүрэгт хийсэн дархлаажуулалтын  талаар ярилцлаа. Ташрамд хэлэхэд манай улсад өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар хоёр аймгийн гурван сумын нутагт, зарим малчны хотонд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, хорио цээрийн дэглэмтэй байгаа ажээ.  


-Баян-Өлгий болон Ховд аймагт шүлхий өвчин дэгдлээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү. Нөхцөл байдал ямар байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ховд аймагт саяхан баруун таван аймгийн удирдлагуудыг оролцуулсан энэ намар, өвлийн бэлтгэл хангах зөвлөгөөн болсон. Засгийн газраас баруун таван аймгийн намар, өвлийн байдлыг хангах тогтоол гарсны дагуу энэ зөвлөгөөнд миний бие долоодугаар сарын 28-нд очиж оролцсон. Ингэхдээ би өөрөө малын эмч мэргэжилтэй хүн учраас өвчлөл яг хаана гараад байна гэдгийг газар дээр нь очиж үзсэн. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын зарим малчны хотонд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Үүний дагуу хорио цээр үргэлжилж байгаа.

Мөн мал эмнэлгийн угаалга, туулгалт, боловсруулалтын ажлууд үргэлжилж байна. Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан даалгавар гарсан учраас холбогдох арга хэмжээнүүдийг эмч, мэргэжилтнүүд цаг алдалгүй авч ажиллаж байгаа. Өнөөдөр /өчигдөр/ ч гэсэн би өөрөө энэ асуудлаар Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын дарга нартай ярилцаж, тодорхой хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Мал эмнэлгийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногийн ням гараг буюу долоодугаар сарын 31-ний өдрөөс эхлэн эрсдэлтэй бүсэд байгаа малчдын малыг дархлаажуулж эхэлсэн. Энэ бүс нутагт нийтдээ 93 өрхийн малчдын 62 мянга орчим мал байгаа бөгөөд тэднийг нэгбүрчлэн вакцинжуулна. Харин шүлхий өвчний шинж тэмдэг бол Баяннуур сумын 4-5 малчин өрхийн хотонд л илэрсэн юм билээ.

-Хэдийгээр цөөхөн өрхийн бага малд илэрсэн ч гэсэн учирч болох, цаашид гарч болзошгүй эрсдэл бий юу?

-Байлгүй яахав, шүлхий өвчин бол мал, амьтны гоц халдварт өвчин шүү дээ. Мөн тус аймгийн Баяннуур сумын нутаг орчимд энэ жилийн зуншлага тааруу байгаа учраас айлууд Ховд голын ай сав руу нүүхээр бэлдэж байгаа юм билээ. Тийм болохоор эрсдэлтэй бүс нутгаас эрүүл бүс рүү нүүж шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд халдварын голомтыг нэмэх эрсдэлтэй байдаг. Ер нь шүлхий өвчний тараадаг гол зүйлс өвчтэй бүсээс эрүүл бүс рүү шилжилт хөдөлгөөн хийх байдаг юм.

Энэ эрсдлээс сэргийлэхийн тулд бүрэн вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Маргааш /өнөөдөр/ гэхэд дархлаажуулалтын ажил бүрэн дуусна. Үүний дараагаар 14 хоногийн хугацаанд тухайн айл нүүдэл, суудал, шилжилт хөдөлгөөн хийхгүй байх тухай хариуцлагын гэрээг мал эмнэлгийн байгууллага, малчин хоёр байгуулж байгаа. Уг гэрээний хугацаа дууссаны дараа мал эмнэлгийн байгууллагаасаа нүүж болох тухай заасан гарал үүслийн гэрчилгээгээ аваад эрүүл бүс рүү нүүх боломжтой болно. Ховд аймгийн тухайд одоогоор харьцангуй тайван, эрүүл байгаа. Өнгөрсөн хавар шүлхий өвчний шинж тэмдэг илэрснийг богино хугацаанд арга хэмжээ авч хөл хорио тогтоож ажилласан. Одоо бол ямар нэгэн өвчингүй, хорио цээр тогтоосон зүйлгүй байгаа. Увс аймаг ч гэсэн адилхан байна.

-Увс аймгийн хэмжээнд жижиг, том баяр наадмууд хийхийг хориглосон шийдвэрийг Засаг дарга нь гаргасан юм билээ. Энэ нь шүлхий өвчнийг тархаахгүй, халдварыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн арга хэмжээ юм уу?

-Энэ бол шүлхий өвчний халдвар тархах, нэмж гарахаас урьдчилан сэргийлж байгаа үйлдэл юм. Увс аймгийн тухайд зөвхөн энэ удаад ч ийм шийдвэр гаргаж байгаа юм биш. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 18-наас тавдугаар сарын 10-ны хооронд Монгол Улс даяар шүлхий өвчний эсрэг дархлаажуулалт Улсын онцгой комиссын тогтоолоор хийгдсэн. Тэр үед Увс аймагт зохион байгуулагдах байсан хурдан морины томоохон гурван уралдааныг Засаг даргын тогтоол, шийдвэрээр хориглож байсан.

Энэ жилийн тухайд зуншлага муу байгаа. Дээр нь одоо шүлхий өвчний эрсдэл байна. Увс аймгийн баруун талын сумдаас мөн л Баян-Өлгийнх шиг Ховд голын ай сав руу нүүх гэж байгаа. цаад талаас нь Баян-Өлгийн малчид, наад талаас нь Увс аймгийн малчид гантай, зуншлага тааруу бүс нутгаа орхин очиж, эрүүл, өвчтэй мал сүрэг нь холилдох магадлал их байгаа гэсэн үг. Тиймээс би өөрөө өнгөрсөн сарын 31-ний өдөр Увс аймгийн Засаг даргатай очиж уулзсан. Харин тус аймгийн Засаг дарга маш богино хугацаанд шийдвэр гаргаж, найр, наадмыг хориглосон байна лээ. Энэ бол халдварт өвчин гарах, бусад аймаг сумдад халдах, өргөн газар нутгийг хамрахаас урьдчилан сэргийлж байгаа нэг л арга хэлбэр юм.

-Манай улсын хэмжээнд одоо малын гоц халдварт өвчин ямар байдалтай байгаа вэ?

-Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар шүлхий өвчин хоёр аймгийн гурван суманд гарсан байна. Энэ нь дээр дурдсан Баян-Өлгийн аймгийн Баяннуур сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ханхонгор сумдын нутагт бог мал доголох шинж тэмдэг илэрч, улмаар лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Тиймээс дээрх сумдын нутагт вакцинжуулалт болон бусад ажлуудыг нэн яаралтай хийж, одоо хорио цээрийн дэглэмтэй байна. Хонь доголох нь маш олон шалтгаантай байдаг. Ялангуяа гантай газар хонины туруу шархалж, гэмтсэнээс их доголдог.

Тийм ч учраас өөрөө Баяннуур суманд зорьж очиж үзсэн юм. Өнгөрсөн жил манай улсад гарсан хонины цэцэг өвчин одоогоор харьцангуй тайван байна. Бог малын мялзан өвчин Өмнөговь, Дорноговь зэрэг таван аймгийн зургаан суманд гарч, дархлаажуулах ажил хийгдэж байгаа. Харин үхрийн арьс товруутах өвчин хавраас хойш тайван байсан ч одооноос Дорнод аймгийн Баянтүмэн, Халхгол сумдад гарсан. Өвчин илэрсэн малыг устгах, эрүүл хэсгийг нь дархлаажуулах зэрэг ажлуудыг авч хэрэгжүүлээд явж байна.

-Үхрийн арьс товруутах өвчинд хонины цэцэг өвчний тунг нэмж тарьж байгаа тухай хавар ярьж байсан?

-Энэ жил ОХУ-аас үхрийн арьс товруутах өвчний вакциныг худалдан авч үхрийг дархлаажуулах ажил хийгдсэн. Энэ хүрээнд эрсдэлтэй буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн аймгуудын нэг сая 70 мянга гаруй үхрийг хамруулсан. Зүүн гурван аймагт тэр үед энэ өвчин гарчихсан байсан учраас хамруулсан бол Сэлэнгэ, Дархан-Уул гэсэн гол зам дагуух, ОХУ-тай хиллэдэг аймгуудыг сонгон дархлаажуулсан нь үр дүнгээ өгсөн. 

-Манай улс энэ хавар үхэр сүрэгтээ шүлхийн вакцин бас тарьсан. Энэ ажлын үр дүн нь юу вэ?

-Миний бие энэ оны хоёрдугаар сарын 16-нд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар томилогдсон. Тэр үед нийтдээ 180 орчим суманд шүлхийн хорио цээр, дэглэмтэй байсан бол одоо гурван суманд л хорио цээртэй байна. Тиймээс бид бүхэн улс орон даяар шүлхий өвчний тандалтын ажлыг нэн яаралтай хийсэн. Дараа нь тандалт судалгааны дүндээ суурилж шүлхийн эсрэг богино болон дунд хугацааны тактик боловсруулсан. Мөн 20 аймгийн 180 суманд үүссэн голомтуудыг хумих, цагариг хэлбэрийн дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Ингэснээр уг өвчний голомтууд хумигдаж, цөөрч эхэлсэн юм. Үүний дараагаар УОК-ийн тогтоол гарч Монгол Улсын бүх үхэр сүрэг, гахай, цаа бугыг вакцинжуулсан. Энэ бол шүлхий өвчний гаралтыг богино хугацаанд багасгах, хумьж авах бодитой ажил болсон.

-Энэ жил нийтдээ хэдий хэр вакцин гаднаас худалдан авсан бэ?

-Манай улс гурван төрлийн вакциныг л гаднаас худалдаж авдаг. Өмнө нь вакцин худалдан авахдаа тендер зарладаг байсан бол одоо үйлдвэрлэгчтэй нь шууд гэрээ байгуулах замаар худалдан авч байна. Вакциныг авахын тулд хэд хэдэн зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, тухайн вакцины омог нь манай улсад гарч байгаа омгийн эсрэг хамгаалах маш сайн идэвхтэй байх ёстой. Үүнийг мэргэжлийн хэллэгээр омог нийцэх, таарах гэдэг юм. Хоёрдугаарт, вакцины дархлааны идэвх сайн, үргэлжлэх хугацаа их байх хэрэгтэй.

Манай улсын хувьд улсын төсвийн хөрөнгөөр жил бүр шүлхий өвчний эсрэг вакциныг 12 сая тун ширхэгийг худалдан авахад ес орчим тэрбум төгрөг шаардагддаг. Энэ жилийн хувьд шаардлагатай вакцины худалдан авалтаа хийсэн. Мөн татан авалтаа ч хийгээд дууссан байгаа.

-Шүлхий өвчний вакцины ирэх жилийн нөөц худалдан авахад ямар нэгэн асуудал үүсэх болов уу. Учир нь хоёр хөршийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас нөөцөө эрт бүрдүүлж болдоггүй юм болов уу гэсэн хүмүүс байна л даа?

-Шүлхий өвчинтэй тэмцэх богино болон дунд хугацааны стратеги, дархлаажуулах тактикуудыг боловсруулсан гэж дээр хэлсэн. Энэ маань дор хаяж хоёр жил үргэлжилнэ байх. Тиймээс энэ стратегид заасан шаардлагатай вакциныг ирэх жилийн төсөвт тусгаж, худалдан авалтыг нь хийх ёстой. Ер нь ирэх жил ямар омгоор өвчилсөн шүлхий манай улсад гарахыг урьдчилан тааж мэдэх аргагүй байдаг. Тийм болохоор өнөөдөр, маргааш шууд худалдан авалт хийгээд нөөцөлчихөж болдоггүй юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(66.181.185.250) 2022 оны 08 сарын 05

Хаа сайгүй малын өвчин гарч байна хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй талаар тодорхой мэдээлэл алга хүнсний маханд шалгалт хийж хяналт тавьж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн малын гоц халдварт өвчний бүс нутгаас малын мах идшинд хэрэглэхгүй байх сум аймаг хотын хүнсний маханд авч байгаа арга хэмжээний талаар тодорхой мэдээлмээр юмаа.

0  |  0
Top