Өлзий энд Ко Капитал ҮЦК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяртай хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн талаар ярилцлаа.
-Санхүү, хөрөнгийн зах зээл бол эрчүүд зонхилдог салбар. Та яагаад энэ салбар руу орох болсон талаар ярилцаж, ярилцлагаа эхлүүлцгээе?
-Энэ салбар руу орох болсон шалтгаан нь хувийн бизнес хийж, өөрийгөө сорьж үзэхийг хүссэнээс үүсэлтэй. Ямар салбарт, юу хийж чадах вэ гэдгээ их судалсан. Улмаар Монголын нөхцөл байдлыг судлахад хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байгаа нь хамгийн ихээр анхаарал татсан юм. Улс орны хөгжил хөрөнгийн зах зээлтэй шууд холбоотой байдаг. Гэтэл манай улсын санхүүгийн зах зээлд банк давамгайлсан учраас хөрөнгийн зах зээл хөгжих маш том боломж харагдсан хэрэг. Ийм боломжийг харсан учраас брокерын компани худалдан авч, хөрөнгийн зах зээлд орсон.
Хөрөнгийн зах зээлд ороход чулуун зэвсгийн үед байгаа мэт хэтэрхий хоцрогдсон салбар угтсан л даа. Брокеруудын нэр хүнд шалдаа унасан, зохицуулалтгүй тараасан цэнхэр тасалбарын өмч хувьчлал үр дүнгээ өгөөгүй байсан юм.
Иргэн бүрд өмч хувьчлалын 7000 төгрөгийн эрхийн бичиг тарааснаараа маш богино хугацаанд хувийн хэвшил, хувьцаат компаниудыг бий болгож чадсан атлаа 2.5 сая иргэн бүрд тараасан баялгийн хуваарилалт болох цэнхэр тасалбар иргэн бүрд наалдаагүй.
Хүмүүсийг хөрөнгийн зах зээл, хувьцаа гэх ямар ч ойлголтгүй байх үед нь эрхийн бичиг өгсөн. Хувьцаат компаниудынх нь хувьцаа төвлөрсөн, том компаниуд нь Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдсан, брокеруудын нэр хүнд унасан, ямар ч цахим систем байхгүй, Хөрөнгийн бирж нь өдөрт нэг сая төгрөгийн арилжаа хийдэг, тийм л цаг үед орсон байж таарсан юм. Тиймээс энэ салбар бүхэлдээ өөрчлөгдөхгүй бол болохгүй юм байна гэдгийг харсан. Би нэг жижигхэн брокерын компанийн захирал байгаад асуудлыг шийдэж чадахгүй учраас салбарын мэргэжилтнүүд нь холбоо байгуулж, зах зээлийнхээ төлөө бодлогоо тодорхойлох хэрэгтэй юм байна хэмээн бодож, компанийн захирлын ажлаасаа илүүг хийхээр болсон юм.
Тухайн үед манай зах зээлд 3-4 холбоо байсан. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоон доор бүгд нэгдсэн юм. Үүнд ч миний үүрэг хамгийн их байсан гэж боддог. Салбарын мэргэжилтнүүд нь хоорондоо нэгдээд, саналаа солилцож, нэгдсэн байр сууриа төрийн зохицуулах байгууллагуудад санал хүсэлт, үзэл бодол, санаачилга байдлаар хүргэх боломжийг бий болгож чадсан. Үүний үр дүнг сүүлийн жилүүдэд харж болно. Дуугүй байсан зах зээл олны анхаарлыг татаж, хүмүүсийн сонирхлыг өдөөж эхэлсэн. Өнөөгийн зах зээлийг хувийн хэвшил, төрийн байгууллага, бодлого тодорхойлогчид нь хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байгаагийн үр дүн хэмээн харж байгаа.
-Хөрөнгийн бирж өмнөх үеийг бодвол хөгжиж байгаа нь үнэн. Тэгвэл Хөрөнгийн биржид хэчнээн бүтээгдэхүүн арилжаалж байгааг мэдэхгүй хүмүүс бий шүү дээ. Энэ талаар яривал?
-Хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаа санал болгож буй зах зээл бий. Нөгөө талд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны дэргэд биржийн бус зах зээлийг бий болгосон. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан юм. Одоогоор ийм хоёр төрлийн зах зээл байгаа. Гол бүтээгдэхүүнүүд нь хувьцаа, компанийн бондууд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хамтын хөрөнгө оруулалтын сан юм.
Сүүлийн үед дотоодын зах зээл дээр Засгийн газрын бонд гарахгүй байгаа.Гэвч Сангийн яамнаас дотоодын зах зээлд Засгийн газрын бонд гаргана хэмээн мэдэгдсэн. Засгийн газрын бондыг гаргаснаар өгөөжийн муруй, хүүгийн хэлбэлзэл дээр зах зээлийн хүүгийн түвшинг тогтоох юм. Засгийн газрын бондыг энэ жилдээ багтааж гаргана хэмээн мэдэгдсэн.
-Биржийн бус зах зээлд ямар хүмүүс оролцож байгаа вэ. Энэ зах зээл дээр ямар бүтээгдэхүүнийг арилжаалж байгаа бол?
-Биржийн бус зах зээл нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан хэмээн өмнө нь хэлсэн. Мэргэжлийн хөрөнгө оруулагч гэдэг нь нэгдүгээрт, санхүүгийн байгууллагууд, банк, банк бус санхүүгийн байгууллагууд, даатгалын компаниуд, жилийн борлуулалтын орлого нь хоёр тэрбум төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс юм. Хувь хүмүүсийг 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй, эсвэл сарын орлого нь 10 сая төгрөгөөс дээш хүмүүсийг энэ ангилалд оруулдаг. Биржийн бус зах зээлд одоогийн байдлаар дандаа компанийн бондууд гарч байгаа. Удахгүй нэг их наяд төгрөгийн бондыг энэ зах зээлд бүртгэх гэж байна. Ганцхан жилийн дотор шүү дээ. Хорооноос биржийн бус зах зээлийг зохицуулах эрхийг мэргэжлийн холбоонд өгсөн.
Өөрөөр хэлбэл төр зарим нэг зохицуулах үүргээ мэргэжлийн холбоонд өгч байгаа юм. Мэргэжлийн сургалт, түүнийг зохион байгуулах мэргэжиллтэнд эрх олгох эрх, үүн дээр нэмээд зах зээлээ зохицуулах эрхийг өгч байгаа. Ингэснээр манай салбар бусад салбараа манлайлж яваа хэмээн харж байна. Биржийн бус зах зээл дээр гаргах бондын зөвшөөрлийг холбоо өгч байгаа.
-Тэгэхээр дундаж орлоготой иргэн хүн биржийн бус зах зээлд оролцох боломжгүй хэрэг үү?
-Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй олон нийтэд нээлттэй зах зээлээс бонд болон бусад бүтээгдэхүүнийг худалдаж авч болно. Хөрөнгийн бирж дээр арилжаалж буй бүтээгдэхүүнүүдийн эрсдэлийг хаасан учраас олон нийтийг энд хөрөнгө оруулахыг санал болгодог. Өөрөөр хэлбэл аудитын шалгалт, үнэлгээ орсон, хуулийн дүгнэлт, Монголын хөрөнгийн бирж болон Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл нь гарсан бүтээгдэхүүнүүд юм. Биржийн бус зах зээл гэдэг нь тэр олон мэргэжлийн байгууллагууд оролцоогүй гэсэн үг. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагууд оролцоогүй, зөвхөн аудитын тайлантай учраас бүтээгдэхүүнээ мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгодог. Эрсдэлээ даах чадвартай хүмүүс оролцох ёстой. Банк, даатгал, банк бус санхүүгийн байгууллагууд тайлан уншиж, дүн шинжилгээ хийж, эрсдэлээ дааж чадах хүмүүс учраас тэдэнд санал болгоод байгаа юм.
-Бид үндэсний үйлдвэрлэл, компаниудад хөрөнгө оруулах нь нэмэгдсэн. Гаднын жишээнээс дурдахад, Японы Тоёота мотор корпорацийг 1937 онд байгуулсан байдаг. Тус корпорацид иргэд хөрөнгө оруулснаар тухайн үндэсний үйлдвэрлэл хөгжиж, нөгөө талаас одоо ч гэсэн хувьцааныхаа ногдол ашгийг авч амьдардаг хүмүүс олон байдаг шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хамгийн гол ач холбогдлыг ийм байдлаар ойлгож болох уу?
-Тийм ээ. Үнэгүй юм гэж байхгүй. Үнэгүй зүйл хавханд л байдаг. Цэнхэр тасалбарыг иргэдэд өгөхөд юу болсон бэ гээд харвал юу ч болоогүй. Эрдэнэс тавантолгойн хувьцааг мөнгө болгож болно гэхийг сонсоод л дорхноо зарж байсан. Эдгээр нь улс төрийн шийдвэр юм. Бидэнд үр дүн чухал. Улс төрийн шийдвэр байсан ч гэсэн үүнд үр дүн байх ёстой. Мэдээж хэрэг Эрдэнэс тавантолгойн хувьцаагаа хадгалж байгаа хүмүүс бий. Харин энэ хувьцаа цэнхэр тасалбарын араас орчих вий хэмээн санаа зовж байгаа учраас олон нийтэд мэдээлэл хүргээд байгаа юм. Энэ хувьцааг урт хугацаанд хадгалснаар өгөөжөө өгдөг гэх ойлголтыг авч байна. Улстөрчид маань Эрдэнэс тавантолгойн хувьцаатай адил попорсон шийдвэрийг дахин битгий гаргаасай хэмээн хүсэж байгаа.
Тоёота мотор корпораци, Солонгосын Самсунг, LG гэх мэт компаниудтай ижил чиглэл рүү явах хэрэгтэй. УИХ-аас хуульд өөрчлөлт оруулж, банкуудын IPO-г гаргахаар болсон. Банкуудыг олон нийтэд нээлттэй болгох нь зөв зүйл. Үүний гол зүйл нь баялгийн хуваарилалт юм. Компанийн хувьд олон нийтээс хөрөнгө татах, борлуулалт нэмэгдэх, засаглал сайжрах, маркетингийн сурталчилгаа, улс төрийн хамгаалалт гэх мэт олон ач холбогдолтой.
Мөн санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж, олон нийтээс хадгаламж хэлбэрээр мөнгө татаж байгаа, улмаар иргэдийн мөнгөөр санхүүгийн туслах үйлчилгээ үзүүлж байгаа компани нээлттэй байх ёстой. Ганц хүний өмч байж болохгүй. Тэр тусмаа хамгийн их мэдээлэл цуглардаг газар учраас. Бүхий л аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний тайлан, бизнестэй холбоотой нууц мэдээллүүд цуглардаг. Банкны эзэд нь зээл горилогч бизнес эрхлэгчидтэйгээ зэрэгцээд бизнес хийдэг. Бусдын бизнес санааг далдуур булаан хийж болохгүй. Санхүүгийн байгууллагын хувьд ч, мэргэжлийн ёс зүйн хувьд ч байж болохгүй зүйл юм. Тухайлбал, Голомт банкны хөрөнгө 1000 дахин нэмэгдсэн. 1000 дахин нэмэгдсэн баялгаас хэн хүртэж байгаа вэ гэвэл компанийн хувьцаа эзэмшиж буй ганц хүн хүртэж байгаа. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, ажилчдын хамтарлаас энэ их хөрөнгө бий болж байгаа учраас л тэр баялгийг ганц хүн бус олон хүн хүртэх хэрэгтэй юм.
-Нөгөө талаас хувийн хэвшлийг хүчээр олон нийтэд гаргах гэж байна гэх хандлага ч бас байгаа?
-Бусад улсад иймэрхүү жишээ маш олон бий. Тухайлбал, Солонгос улс 1971 онд IPO-ийн тухай хуулиа баталсан. Ингэж томоохон компаниудыг хуулиараа олон нийтэд нээлттэй болгож, хувьцааг нь гаргуулсан байдаг. Олон нийтэд нээлттэй хувьцаа гаргаагүй компаниудыг татварын шалгалт, хяналтын шалгуурыг өндөр болгох, төрөөс дэмжихээ болих гэх мэт арга хэмжээ авсан. Компаниуд нээлттэй болно гэдэг нь далд эдийн засаггүй, хуйвалдаангүй, нэг банкны эзэн улстөрчийн халаасанд орохгүй, баялгийг зөвхөн өөрсөддөө авахын тулд бүлгэм бий болохгүй зэрэг эерэг талуудтай. Тиймээс банкуудын IPO-ийн дараа томоохон компаниуд ч энэ жишиг рүү явах хэрэгтэй. Хэд хэдэн үндэсний компани ч энэ жишиг рүү орох төлөвтэй байна.
-Хөрөнгийн биржийн хамгийн том боломжийн нэг бол компани олон бүтээгдэхүүн гаргаж болдог явдал гэж ойлгож болох уу?
-Компаниудын хувьд хөрөнгийн зах зээлд маш их боломж байдаг. Компани эхлээд хувьцаагаа олон нийтэд санал болгоно. Дараа нь бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, сүүлд нь нэмэлт хувьцаа гаргаж болдог. Үүний хамгийн том жишээ бол Инвескор ББСБ хувьцаат компани юм. Анх хувьцаагаа гаргахад 1800 төгрөгөөр гаргаж байсан бол нэмэлт хувьцаа гаргах үеэр ханш нь 2-3 дахин өссөн. Компанийн, хувьцаа эзэмшигчдийн үнэ цэн ингэж өссөн байгаа юм. Энэ хэрээр нэмэлт санхүүжилт олох боломж нэмэгдэнэ. Компаниуд байгаа бүх өмч хөрөнгөө барьцаанд тавьж, зээл авч байснаас хөрөнгийн зах зээл дээрх энэ боломжийг ашиглах хэрэгтэй.
-Би 10, 20, 30 мянган төгрөгөөр хувьцаа авсан ч тэр бол хөрөнгө оруулалт. Хүмүүсийн хувьд хувьцаа аваад л дараад орхичихдог. Учир нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг хомс, нөгөө талаас хэтэрхий нэрэлхүү учраас тэр л дээ. Хэрэв би хөрөнгийн зах зээлийн мэдлэг дутмаг хэдий ч хөрөнгө оруулмаар байгаа бол мөнгөн хөрөнгөө Хөрөнгө оруулалтын санд өгчихвөл найдвартай гэж ойлгож болох уу?
-Би хүмүүст хичээл заахдаа байнга хэлдэг. Мөнгөн дээр нэрэлхүү зан ёстой хэрэггүй. Монголчууд нэрэлхэж байгаад мөнгөө алдсан тохиолдлууд олон байдаг. “Тамирын голыг долоож долоож олсон” мөнгөөрөө хөрөнгө оруулчихаад нэрэлхэж болохгүй шүү дээ. Жишээ нь, койнд хөрөнгө оруулсан хүмүүс байна. Ташраараа нэрэлхүү хүмүүс. Эрсдэлийг нь ойлгуулаад байхад хэдэн зуун саяар шатчихаад, урт хугацаандаа харж байна хэмээн нэрэлхээд сууж байдаг. Шуналын сэдэл, мэдлэггүй байдал, найз нөхдийн хүрээлэл, бусдын буруу нөлөөллөөс болж хохирч байгаа юм.
Би Уоррен Баффеттын ном уншиж байсан. Тэр номонд Баффет хүүхэдтэй болсныхоо дараа шургуулганд унтуулж байсан гэдэг. Хөрөнгө оруулагч хүн тийм болдог. Хөрөнгө оруулалтын үнэ цэнийг мэдрээд эхэлдэг юм. Тиймээс хүмүүсийн хөрөнгийг удирддаг хүн хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй машин унаж, том байранд амьдарч, олон нийтэд цахим сүлжээгээрээ попорч мэдээллийг түгээдэггүй. Ажилдаа мэргэжлийн ханддаг хүн хэзээ ч ийм үйлдэл хийхгүй. Иргэд хөрөнгөө удирдуулах хүнийхээ санхүүгийн сахилга бат, ажлын туршлагыг харах хэрэгтэй. Нэгдүгээрт ийм байна.
Хоёрдугаарт, хувьцаанд хөрөнгө оруулж буйг хуримтлалтай адил гэж ойлгох хэрэгтэй. Хувьцаа авсан компанийнхаа ногдол ашиг буух үеэр дахиад л тус компанийн хувьцааг худалдаж авдаг. Сүүлийн үед ийм хүмүүс олон болсон. Энэ бол маш сайн жишиг. Сар бүрийн хүүхдийн 100 мянган төгрөгөөр хувьцаа эсвэл бонд авах гэх мэтээр харилцагчид санхүүгээ зохицуулдаг болж байна. Тодорхой хэмжээнд хадгаламжид мөнгө байх ёстой. Хэрэв тухайн хүн эрсдэлээ тооцож чадахгүй, цаг зав хомс, мэдлэг дутуу гэх мэт олон шалтгаантай бол Хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулах хэрэгтэй. Учир нь тухайн газар мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учраас таны мөнгийг өсгөөд өгөх боломжтой. Арилжааны сэтгэл зүй сул хүмүүс ч энэ санд хандахад тохиромжтой байдаг.
-Хөрөнгө оруулалтын сангаас гадна Тэтгэврийн сан гэх нэршил бас байна. Бид буурай орны дундаж цалинтай тэнцэхүйц цалин авч, хөгжингүй орны жишгээр татвар төлдөг. Гэтэл Монголд иргэн тэтгэвэрт гарахаар амьжиргааны түвшний эрсдэлтэй, эмзэг бүлэг рүү ордог. Харин Тэтгэврийн сан үүнээс сэргийлэх зүйл байж чадах уу?
-Манай улсад хамгийн хэрэгтэй сан бол Тэтгэврийн сан. Манайх шиг дампуурсан нийгмийн даатгалын тогтолцоотой улс орон байхгүй. Улсад төлж буй нийгмийн даатгалын шимтгэл 24 хувь байдаг. Энэ 24 хувийн 17 хувь нь Тэтгэврийн даатгалын сан руу ордог. Даатгал шүү. Хэрэв чи тэтгэвэрт гарч чадвал энэ сангаас мөнгө авна гэсэн утгатай юм. Манай улсын эрчүүдийн дундаж наслалт 64 шүү дээ. Тэгэхээр тэтгэвэрт 60 настайдаа гараад дөрөвхөн жил л тэтгэвэрийн мөнгө аваад нас барж байгаа юм.
Гэтэл тэтгэвэртээ гарч чадалгүй нас барж байгаа хүмүүс ч бий. Насаараа хөдөлмөрлөж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлчихөөд 59 настайдаа нас барвал тэтгэврээ авч чадахгүй гэсэн үг. Тэр хүмүүсийн ар гэр, үр хүүхдэд нь ч өвлөгдөж үлдэхгүй. Тэр хүн хохироод л үлдэж байгаа хэрэг. Тэтгэврийн мөнгөө авсан ч амьжиргааны наад захын хэрэглээгээ хангах л хэмжээний мөнгө өгч байгаа юм. Улсаас нийгмийн даатгалын шимтгэлийг удирдаж чадахгүй байгаа учраас Тэтгэврийн даатгалын сан ашиггүй ажиллаж байгаа.
Тэтгэврийн даатгалын санд их хэмжээний мөнгийг биднээс авдаг атлаа, даатгалын сан нь алдагдалтай ажилладаг. Тэнд хуримтлал үүсэхгүй байна. Тэр мөнгөө дампуурах гэж байгаа Капитал, Чингис, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд хийж, алдаад байна. Яагаад гэвэл мэргэжлийн биш хүмүүс буюу улстөрчид удирдаж байгаа болохоор тэр. Ямар ч мэргэжлийн хүн тэр их мөнгийг Капитал банканд байршуулахгүй. Гэтэл улстөрчид тэнд байршуулж, тэр их мөнгийг алдаад байгаа юм.
Нэгдүгээрт, энэ асуудлыг байхгүй болгохын тулд мэргэжлийн хүмүүсээр удирдуулдаг хувийн Тэтгэврийн санг бий болгох хэрэгтэй. Олон хүний тэтгэврийн мөнгийг улстөрчдөөр бус мэргэжлийн хүмүүсээр удирдуулах ёстой. Мэргэжлийн хүмүүс эрсдэлээ тооцож, мэргэжлийн ур чадвараар удирдаж явах юм.
Хоёрдугаарт, хуримтлал үүсдэг Тэтгэврийн сан бидэнд хэрэгтэй. Хүн тэтгэвэртээ гарахдаа бэлддэг. Тэгэхээр хувийн Тэтгэрийн сан бий болсноор иргэний сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хувь нь өөрийнх нь нэр дээр хуримтлагдаж, өгөөж нь нэмэгддэг тогтолцоо руу бид орох ёстой. Өнөөдрийн нийгмийн даатгалын тогтолцоо хуваарилдаг тогтолцоотой. Үүнийг хуримтлалын тогтолцоо руу оруулах хэрэгтэй байна.
Гуравдугаарт, Тэтгэврийн сан нь эргээд хөрөнгийн зах зээл рүү хөрөнгө оруулж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, өргөн хүрээнд харвал эдийн засгаа дэмжих юм. Намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэх байх гэж хүлээж байна. Энэ багц хуульд Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль байгаа. Энэ хууль батлагдвал хуваарилдаг тогтолцоо руу бага багаар орох байх гэсэн хүлээлттэй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Дампуурсан тэтгэвэрийн тогтолцоотой гэдгийгээ мэдсээр байж эсэргүүцээд засаж чаддаггүй ард иргэд бас л арчаагүйнх л даа. Тэтгэвэрийн санг нь төрийн луйварчид нь луйвардаад идчихсэн тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцдог шудрага шүүх, төр гэж Монголд алга. Иргэд нь одоо ч НДШ ээ өгсөөр байгаа ч ямар ч тэтгэвэрийн тогтолцоо нь ямар ч нэмэргүй өгсөнийг нь шууд л тэтгэвэр авагчдад өгдөг тогтолцоогоо нийтээрээ эсэргүүцээд өөрчлөө ч мэдсээр байж өөрсдийнхөө мөнгө хөрөнгийг луйварчдад зүгээр л алдаад байх юм...
gutsna biz
Ганцхан өгүүлбэрийг тойроод л тайлбарлаад байх юм. Эрдмийн зэрэг дутмаг юмаа даа