ӨНӨӨДРИЙН СЭДЭВ: Ван И-гийн АЙЛЧЛАЛ ба ХҮЛЭЭЛТ

2022 оны 08 сарын 08

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-гийн манай улсад хийх хоёр хоногийн айлчлал өчигдөр / 2022.08.07 /албан ёсоор эхэллээ.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн асуудлаар санал солилцох юм.

Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхана. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын манай улсад хийж байгаа айлчлалаас гарах үр дүн, шийдвэрүүд олны анхаарлын төвд байна. Хоёр жилийн өмнө айлчилж байсан Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 5-ны өдөр ирэх байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж ийнхүү өчигдөр орой хүрэлцэн ирлээ.

Түүний айлчлал манай улсын хувьд эерэг хүлээлт үүсгээд буй гэдгийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй Ерөнхий сайд өөрөө онцолсон.

Өнгөрсөн долоо хоногт болсон Эрчим хүчний хуримтлуурын шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ энэ талаар дурдаж, эрчим хүчний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх, урагшлуулах боломж бүрдэнэ гэсэн итгэлтэй байгаагаа хэлж байсан.

Мөн айлчлалын үеэр Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийн хүрээнд хилийн төмөр замын техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурах хөтөлбөр бий. Ингэснээр хоёр улсын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд тус бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудлыг талуудын төмөр замын суурь бүтэц эзэмшигч аж ахуйн нэгжүүд хариуцаж, ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Үүнээс гадна олон хүчин зүйлээс шалтгаалан хойшлогдоод байгаа Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцыг барьснаар баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарах бөгөөд одоо ОХУ-аас өндөр үнэтэй эрчим хүч худалдан авч байгаа байдлыг халж, дотоодын найдвартай, хямд эрчим хүчний эх үүсвэртэй болох юм.

Усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Power Construction Corporation of China Ltd” болон “POWERCHINA Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарч, Эрчим хүчний яамтай  түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээг байгуулсан. 

Ван И-ийн айлчлалын үеэр санхүүжилтийг нь тохирч чадвал төслийг 61 сарын хугацаанд барьж дуусган, шинээр усан сан үүсгэж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр буюу 271.48 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх бөгөөд хөрөнгө оруулалтаа 19.5 жилд нөхөхөөр тооцсон байна.

 Энэхүү цахилгаан станцыг улстөржүүлж эсэргүүцэх хүмүүс ч цөөнгүй байгаа. Тэр ч бүү хэл Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн дарга Г.Цэдэнбал Монгол Улсад суугаа Хятадын Элчин сайдад хандаж, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжүүлэлтийг гацаах захидал бичсэн байдаг.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Мөн алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлыг хэсгийг байгуулахаар болсон. Энэ ажлын хэсэг сүүлийн 20-иод жил стратегийн бүтээн байгуулалт донор орнуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн түвшинд тасалдаж, гэрээний үүргээ биелүүлж чаддаггүй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй. Энэ үйлдлийг иргэний нийгмийн байгууллагын нэр барьсан, ард түмний өмнөөс тооцоо судалгаа хийлгүй тасалдуулж байгаа нь Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэсэн юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Айлчлалаас хүлээж байгаа бас нэгэн томоохон төсөл бол Багануурын цахилгаан станц юм. Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагаа болон төвийн бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах Багануурын цахилгаан станц төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр болсон. Чойр-Нялгын нүүрсний ордыг түшиглэн 700 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий энэхүү станцыг барих концессын гэрээг 2015 онд байгуулсан ч тодорхой шалтгаануудын улмаас өнөөдрийг хүртэл гацаад байгаа. Энэ төсөл хэрэгжсэнээр 300 гаруй тогтмол ажлын байр, 2500 орчим ажлын байр шинээр бий болох тооцоо бий.

Ийнхүү БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалаас хүлээх хүлээлт нь өдөр бүр өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдэх томоохон төслүүд болон боомтуудын төмөр замын асуудал болоод байгаа юм. Хэрэв энэ айлчлалын үеэр асуудлыг нааштайгаар шийдэж чадвал манай улсад ирэх эдийн засгийн болоод бусад салбарын нөлөөлөл нь асар их гэдгийг судлаачид онцолж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.47.18) 2022 оны 08 сарын 08

ХОЁР ХӨРШ УЛС, ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОДЛОГЫГ ЭН ТЭНЦҮҮ БАРИМТАЛЖ БАЙЖ МОНГОЛ ХӨГЖИНӨ. ХӨРШӨӨ МУУЛЖ, ДАЙСАГНАН БАЙЖ ХӨГЖИЖ БОЛДОГГҮЙГ УКРАЙНЫ ЖИШЭЭ БЭЛХНЭЭ ХАРУУЛЖ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН ХӨРШИЙН БОДЛОГО БОЛ ” АЙЛ ХҮНИЙ АМЬ НЭГ, СААХАЛТ АЙЛЫН САНАА НЭГ” ГЭСЭН НҮҮДЭЛЧДИЙН ФИЛОСОФИ ЮМ.

0  |  0
Top