-Манай улс 43.7 мянган ам.доллараар медаль импортолжээ-
Саяхны нэг өдөр нийтийн унаанд суухад урд суусан хоёр өвөөгийн одон медальтай холбоотой яриа чих дэлсэв. “Манай аймагт одон медальгүй үлдсэн хүн ховор доо. Ялангуяа 30-аас дээш насныхан тэр чигтээ энгэртээ нэг төмөр зүүнэ” хэмээн нэг нь хэлэв. Нөгөөх нь “Тэнэг хүн тэмдгэнд дуртай гэдэг биз дээ” гэх. Хажуугаас нь өөр нэг хүн “Тэр чинь яагаав дээ, нэрт нийтлэлч Г.Дашрэнцэн агсны бичсэн нийтлэл биз дээ” гэв. Ийм яриа өрнөснөөр тус нийтлэлд дурдагддаг Амбаагийн тухай яриа цааш хөврөв.
“Амбаа гэж хэнд ч гэм хийдэггүй айл амьтны гар хөлийн үзүүрт зарагдсан "тэнэг" өвгөн байсан сан. Амбаад гэр орон гэж байхгүй бусдад зарагдан гэдсээ тэжээж явна. Амбаа маань элдэв өнгийн тэмдэгний хоббитой. Хөөрхийг тэмдэгэнд дуртай болохоор нь айлууд зарж зарчихаад л Амбаагаа одонгоор шагналаа гээд л элдэв зурагтай төмөр зүүгээд өгчихнө.
Өвөл ч, зун ч ганц хөвөнтэй дээлтэй. Түүнийх нь энгэр байтугай араар нь дүүрэн тэмдэг. Арьс шир цуглуулах, бой ярга хийх, хашаа хороо барих, айл нүүлгэх, ямаа самнах ажил болгонд Амбаа явна. Амбааг зарж зарчихаад л хүн болгон ямар нэг тэмдэг зүүж өгнө. Намын даргаас авахуулаад айлын авгай хүртэл Амбаагийн хөдөлмөрийг үнэлж дурыг нь дагуулаад л элдэв тэмдэг зүүж шагнана. Намайг намын дарга одонгоор шагнасан гээд бөөн хөөр болж хүүхэд бидэнд гайхуулдагсан.
Хүүхдүүд зарим нь Амбааг тэнэг юмыг энэ томчууд доромжиллоо гэж их өмөөрдөг боловч зарим нь нэрмэж цаашлуулна. Тэр үед пивоны бөглөө тэр дундаа зурагтай бөглөө их ховор. Бид бөглөө тоглохоос эхлээд мөнгө тоглож, шулж шулуулж томорсон хүмүүс. Зурагтай шармал бөглөөгөө зэс утсаар оосорлоод Амбаад одон медаль болгож шагнана. Амбаагийн энгэрт эвлэл пионерийн гишүүний паалан нь хуурсан тэмдэгнээс авахуулаад, Эрээний тэрэгний үйлдвэрийн ойн тэмдэг, пивоны бөглөө, утасны дамрын бөөрөнхий зурагтай цаасан наалт хүртэл зайгүй ярайдагсан.
Амбаа бол тийм ч тэнээд явчихаар усан тэнэг биш. Зарим үг нь их мэргэн цэцэн. Манай ээж Амбаагийн хөвөн нь гоожсон дээлийг нөхөж өгч байхдаа өнөө олон одон медальд нь уураа гаргаж, "Энэ олон төмрийг хая хая, түлчих юмсан. Энэ төмрүүдийг нь хаячих юм бол тэнэг нь Одон хаячихлаа гэж боож үхнэ биз дээ" гээд инээж байдаг сан. Амбааг ороод ирэхээр ээж одон тэмдгийг чинь бүгдийг нь галд хийчихсэн шатаад дуусчихсан гэж цаашлуулж билээ.
Амбаа "өөө өөө" гэж нэг их муухай эхэр татан орилсноо, "Ээ Дүнх худлаа хэлээд л" гээд ээжийн нуусан тэмдгүүдээ харж баярлаж байсан нь одоо ч санаанаас гардаггүй юм. Ээжийг "Тэнэг хүн тэмдгэнд дуртай" гэж хэлэхэд Амбаа "Тэгж ярих юм бол хүн бүр тэмдгэнд дуртай. Сумын дарга ч, Цэдэндаш хурандаа ч бүгдээрээ тэмдгэнд дуртай. Харин би арай илүү тэмдгэнд дуртай. Тэнэг гэх юм бол хүн бүр тэнэг, харин би арай илүү тэнэг" гэж билээ. Үнэхээр хүн болгон тэмдгэнд дуртай юм билээ.
Социализм ард иргэдээ одон тэмдгээр шагнасаар байгаад бүгдийг нь Амбаа шиг болгоод авсан юм шигээ” хэмээн өгүүлсэн байдаг. Тэгвэл дээр дурдагдсан Амбаа шиг нөхөд өдгөө Монголоор дүүрсэн. Дүүрсэн ч гэж дээ, дүүргэсэн ч гэх үү. Төрийн одон медалийн тоо хяналтаас гарч, сав л хийвэл иргэдийн энгэрт тэмдэг зүүдэг жишиг тогтоод удаж байна. Дуртай хийгээд танилтай нэгэнд төрийн медаль авах шиг амархан зүйл алга. Тогтсон дүрэм, журам ч байгаа эсэх нь тодорхойгүй.
Товчхондоо, эрх мэдэлтэй нэгний л дур зоргоор шийддэг болсон шагнал урамшуулал “нүдээ олох”-оо ч байсан. Өөрийн үзэмжээр, намын харъяаллаар шагнал өгдөг болсон гэхэд ч хилсдэхгүй. Хамгийн гол нь шагнал замбараагаа алдсан. Ерөнхийлөгч л гэхэд нэг удаагийн зарлигаар хэдэн хүнийг шагнадаг, бүрэн эрхийнхээ хугацаанд хэчнээн хүнд шагнал гардуулах эрхтэй эсэхийг тодорхойлсон хууль байхгүй, Үүнээс болж шагналын үнэ цэн ч үгүй боллоо. Хүссэн үедээ хүссэн нэгэндээ Монгол төрийн одон медалийг баруун солгойгүй тарааж суудаг Ерөнхийлөгч нар төрсөөр байна.
Та нар боддоо. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2010 оны наадмаар л гэхэд Алтангадас одонгоор 304, Хөдөлмөрийн хүндэт медалиар 428, гавьяат цолоор 32 хүнийг шагнасан байна. Ганцхан удаагийн наадмаар шүү.
Төрийн тэргүүнээр найман жил байсан түүний хувьд энэ янзаараа дээрх бүх тоог найм үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хүмүүст одон медаль тараасан байж таарах нь. Энэ жишиг ганцхан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед ч бус Х.Баттулга ерөнхийлөгчөөр үргэлжилнэ.
Тодруулбал, тэрбээр 2017-2021 онд гавьяат цолоор 412 хүнийг шагнаад амжжээ. Түүний хувьд одон медалийг ганцхан монголчуудаар тогтохгүй ОХУ, Япон, ХБНГУ, АНУ-ын иргэдийг Алтангадас одонгоор шагнаж байсан гэх. Энэ мэтчилэн одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч одон медалийг ой гутмаар тараах болсон. Ямар сайндаа л дөрөвхөн сарын дотор 6000 гаруй иргэнд Алтангадас одон тараасан амжилтын эзэн болох вэ дээ. Гэхдээ дээрх статистик дүн мэдээ энэ оны эхний улирлынх шүү. Саяхан болж өнгөрсөн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор тараасан тэмдгийг нийлүүлээд тооцвол чамгүй өндөр тоо гарах биз ээ.
Шагналтай холбоотой шүүмжлэлүүд тоо ихэдсэн гэхээс илүүтэй “Эзнээ олоогүй” гэдэг дээр ихээхэн төвлөрдөг. Үүнийг үгүйсгэх ч аргагүй. Түүнээс гадна жилд хэдэн мянгаар тоологдох энэ их одон тэмдгийн ард багагүй хэмжээний мөнгө эргэлдэж байгаа.
Төрийн дээд одон, медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын захиалгаар “Зоос гоёл” ХК-ийн охин компани болох “Хаан зоос” компанид үйлдвэрлэдэг гэх мэдээлэл бий. Гэхдээ тус компани ачааллаа дийлдэггүй. Тиймээс урд хөршөөс захиалгаар хийлгүүлдэг аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар 2021 онд л гэхэд 30 мянга гаруй ширхэг буюу 43.7 мянган ам.доллараар медаль импортолсон гэх дүн мэдээ байна. Баяр ёслол багатай ковидын жил шүү дээ. Өнөө жил шиг тэгш ой, наадам ихээр тэмдэглэсэн жил бол медальд хэдэн зуун мянган ам.доллар гадагшаа урсгасан бол. Багагүй л дүн гарах байх. Медальд бялуурсан монголчуудын бодит байдал ийм л байна. Бас болоогүй одон медалиар энгэрээ цоолсон хэмээн цайллага дайллага тасрахгүй. Түүнийг дагасан архидалт намжихгүй явсаар жилийн дөрвөн улирлыг өнгөрүүлж байна даа.
С.БАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Гаднаас ийм мөнгөөр захиалдаг байж дотроо тодорхойлдог анхны ларга сугалж Е чид өгдөг тамгын хүмүүс одон болгонд ханш тогтоосон сурагийг атаархасан нэгэн ам алдсан зарам нь \nГадааур сул яриа үер мэт боллоо . Е ийн нэр хүндийг газарт унагаад дэвсэлж байна .\n
Одон медалын оронд мөнгөөр шагнах нь амьдралд хэрэгтэй.
Sportiin tamirchid bas bugdeeree teneg yum baina. Bayanmunh avarga judogiin Uranchimeg hoer hamgiin teneg n boloh baihdaa.
Сумын сургуулийн бүр цэцэрлэгийн гээд замбараагаа алдсан хурган дарга нарын эрээнд хөрөнгө оруулалт юм даа
элбэгдоржийн үед тамгийн газрын дэд дарга гэх авгай хонконгд хийлгэнэ гэж дундаас нь мөн их мөнгө цохисон доо дарга нартаа хувь өгнө маажиг гуталтай анх хөдөөнөөс ирээд магнаг хөнжилтэй болоод буцаж байв