М.Оюунгэрэл: Бүдүүн ширхэгтэй ноосыг бүтээгдэхүүн болгох процесс манайхаас өөр оронд байхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Монгол хонины ноосыг боловсруулж, цоо шинэ материал хийж буй  М.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр найзуудтайгаа хамт Эйрий фэлт компанийг байгуулан ажиллаж байгаа билээ. Хүрээлэн буй орчны судлаач мэргэжилтэй түүнтэй хонины ноосноос гаргаж авч буй материал, түүгээр ямар бизнес хийж болох, гарааны бизнес эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл болон бусад холбогдох сэдвийн талаар ярилцсан юм.


-Хүрээлэн буй орчин судлаач мэргэжилтэй юм билээ. Яагаад энэ мэргэжлийг сонгосон хийгээд Эйрий фэлт компанийг байгуулах болсон талаар ярилцаж, ярилцлагаа эхлүүлье?

-Намайг ахлах ангиа төгсөх үеэр байгаль орчны салбарын мэргэжлүүд тренд болж байлаа. Тиймээс энэ салбарын мэргэжлүүдийг сонирхож байсан ч баттай шийдээгүй байсан юм. Нэг өдөр Скай Ресортод гэрийнхэнтэйгээ явж байхдаа Улаанбаатар хотыг харсан. Яагаад ч юм би тухайн үедээ Налайхын уурхай дэлбэрч дээ гэж бодож билээ. Учир нь утаа суунагласан хав хар хөндийд хот үзэгдэхтэй үгүйтэй л байсан юм. Гэтэл аав маань тэр газрыг бидний амьдардаг хот хэмээн хэлж билээ. Бага байсан болохоор яагаад ч юм тухайн үед шоконд орсон.

Би багадаа гэр хороололд амьдарч байсан. Гэр хороололд амьдрах үед утаан дунд алхаж байхдаа нийгэм, агаар нь тийм л байх ёстой юм байна гэх хүүхдийн гэнэн бодолтой байсан маань Скай Ресортод явж байх үед замхарсан юм. Тиймээс би агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн зүйл хийе хэмээн шийдсэн. Тухайн үед агаарын бохирдолд хэн ч санаа зовж, сэтгэл гаргахгүй байгаа нь ч мөн нөлөөлсөн болов уу. Тэгж л 2014 онд оюутан болохдоо хүрээлэн буй орчны судлаач мэргэжилтэй болсон доо.

Хүмүүс багахан ч атугай мэдлэг мэдээлэлтэй байсан бол агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг авна даа хэмээн гэнэн бодолтой байсан. Оюутан болох үедээ “Breath Mongolia” ТББ-ыг байгуулж, хүмүүст мэдээлэл өгөх сургалт зохион байгуулж байлаа. Агаарын бохирдлын талаар сонинд ч нийтлэл бичиж байсан юм. Их сургуулиа төгссөний дараа үнэлгээний компанид орж, дараа нь Тогтвортой санхүүгийн албанд ажилласан. Тус байгууллагад ногоон зээл, ногоон санхүүжилттэй холбоотойгоор төслийн менежерээр гурав гаруй жил ажилласан. Улмаар өнгөрсөн жилийн есдүгээр сард Эйрий Фэелт компанийг байгуулан ажиллаж байгаа.

-Ногоон зээл авсан айл өрх байсан уу?

-Тогтвортой санхүүгийн албанд эрчим хүчний хэмнэлттэй байшинг ипотекийн зээлээр хэрхэн өгөх талаарх төслийн туршилтыг хийсэн. Төсөл маань туршилтын хувьд амжилттай болсон. Мөн BBC телевизээр баримтат кино болж гарч байлаа. Өмнө нь Засгийн газар болон банкууд, Уур амьсгалын ногоон сан олон улсын байгууллага хамтран 50 сая ам.долларын ногоон сан байгуулж, түүнийг эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр банкуудаар дамжуулан олон нийтэд зээл олгохоор ярьж байсан юм.

Гэтэл хөрөнгө оруулагчдын зүгээс хэзээ ч байгаагүй байгууллага, мөн үйл ажиллагаа нь эхэллээ гэхэд зээлээ гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй гэх шалтгааныг хөндсөн. Гэсэн ч зээлийг туршилтаар гаргаж, үр дүнд нь 30 орчим айл эрчим хүчний хэмнэлтийн байртай болсон. Зарим өрх 37 хэмийн хүйтэнд ямар ч пааргүй атлаа дулаан алдагдалт багатай, эрчим хүчний хэмнэлттэй, гэр хороололд шүршүүртэй байрыг өөрийн эзэмшил газар дээр тохижуулан амьдрах боломж бүрдсэн. Энэ нь агаарын бохирдолтой шууд холбоотой. Дэд бүтэц сайтай, хот төлөвлөлт оновчтой байгаагүй хэдий ч одоо ч ямарваа нэгэн гарц, шийдэл байгаа. Нүүрс түлдэг байруудыг эрчим хүчний хэмнэлттэй байраар солих гэх мэт төрөл бүрийн зүйлийг туршиж чадвал агаарын бохирдол буурах боломжтой. Хамгийн гол нь дотоод агаарын чанар сайжирснаар иргэдийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ.

-Тэгэхээр энэ бүхэн таныг агаарын бохирдлын эсрэг ямарваа нэгэн зүйл хийхэд хүргэсэн байх нээ?

-Би өмнө нь Лантуун дохио ТББ-ын Ид шидийн уут аянаар гэр хорооллын айлуудаар явж байсан юм. Гудамжинд хөөрхөн, хүүхдүүд тоглож байлаа. Тэд биднийг гэртээ дагуулж очсон юм л даа. Улмаар гал өрдөхөд маш их тоосонцор, утаа бургиж, амьсгалахад хүндрэлтэй болов. Гадаа гараад зогсоход гэрийнх нь гадаа ч маш их утаатайн улмаас амьсгалахад бэрхшээлтэй болж билээ.

Тэр үед надад ингэж мэдрэгдэж байхад тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа бол гэж бодоход л айдас төрсөн. Саяхан нэг судалгаа уншихад ураг эхийн хэвлийд байх үедээ утаанаас болж аутизмтай болдог талаар бичсэн байлаа. Мөн хүүхэд төрсний дараа утаанаас болж аутизмтай болох магадлал хоёр дахь жилдээ 87 хувь, гурав дахь жилдээ 76 хувиар нэмэгддэг гэсэн тооцоо байсан. Зөвхөн агаарын бохирдлоос болоод шүү дээ. Энэ бол их гунигтай зүйл. Тиймээс л бид агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй юм.

-Тэгвэл Эйрий фэлт компанийн бүтээгдэхүүнүүд нь агаарын бохирдолтой холбоотой юу?

-Шийдэж буй асуудал нь агаарын бохирдолтой шууд холбоогүй. Бид ажил, гэртээ агаар цэвэршүүлэгч байрлуулдаг шүү дээ. Хүний биед хортой нарийн тоосонцруудыг тус агаар цэвэршүүлэгчдийн фильтр шүүхээ больдог. Гэтэл фильтр л гэхэд агаар цэвэршүүлэгчтэй ижил хэмжээний үнэтэй. Тооцоод үзвэл гурван фильтр авах мөнгөөр нэг агаар цэвэршүүлэгч авна гэсэн үг. Агаар цэвэршүүлэгч ашигладаг хүмүүст хэд хэдэн бэрхшээл тулгардаг л даа. Нэгдүгээрт, хэрэглэж буй агаар цэвэршүүлэгчийнх нь фильтр орж ирдэггүй. Хоёрдугаарт, тухайн фильтр нь импортоор орж ирсэн ч үнэ өртгийн хувьд үнэтэй. Тэгэхээр агаар цэвэршүүлэгчийг авсан, аваагүй нь чанарын хувьд ялгаагүй болж байгаа юм. Агаар цэвэршүүлэгч ашигладаг хүмүүст зориулж дундаж үнэтэйгээс гадна, зай талбай бага эзэлдэг, мөн хямд фильтртэй бүтээгдэхүүнийг зохиосон нь шууд бусаар агаарын бохирдолтой холбогдоно.

Харин манай бүтээгдэхүүнүү-дийн шийдэж буй асуудал нь хуванцар юм. Фильтрийг синтетик материалаар хийдэг. Энэ материалыг тайлбарлаж өгье. Газрын тосны үлдэгдэл шаар болох дайвар бүтээгдэхүүнийг их хэмжээний эрчим хүч зарцуулж, зүүгээр хэрээсэлж материал болгож, улмаар бүтээгдэхүүн болгон гаргадаг. Бид тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснийхээ дараа хаях, газарт булах, шатааснаар бохирдлыг илүү ихээр бий болгож байгаа юм. Бохирдлыг ихээр бий болгож буй шалтгаан нь газрын тосны үлдэгдэлд агуулагдаж буй нэгдлээс болдог. Тэрхүү нэгдэл нь агаарт ууршвал хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй болгодог. Тиймээс хуванцрын хаягдлыг багасгахын тулд ноосоор фильтр хийсэн.

-Ноосоор материал хийх талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Нэгдүгээрт, ноос бол байгальд амархан шингэдэг материал. Хоёрдугаарт, ноос маш ихээр хаягддаг материал юм. Ноос ихээр хаягддаг учраас малчид өөрсдөө ч үүнийг ашиглаж чаддаггүй. Тогтвортой санхүүгийн албанд ажиллах үеэр барилгын төслөөс гадна ноолуурын төслийн ажлыг хийж байсан. Ноолуурын төслийн гол агуулга нь ноолуурыг үнэд хүргэж, үнэд хүргэхдээ нүүрстөрөгчийг бууруулах шат дамжлагатай учраас брэндүүдэд илүү үнэтэйгээр зарах боломжтой гэдэгт оршиж байсан. Энэ бол малчдыг малын тоогоо багасгасан ч орлого нь өөрчлөгдөхгүй, харин ч нэмэгдэх боломжтой гэх утгатай байсан юм. Үүнтэй ижлээр хаягдаж буй ноосыг нь үнэ цэн нэмсэн экспортын бүтээгдэхүүн болгож гаргах боломжтой.

-Ноос үнэд хүрэхгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Монгол хонины ноос үнэд хүрэхгүй байгаа шалтгаан нь бүдүүн ширхэгтэйгээс болдог. Мөн бүтээгдэхүүн болгох хэрэгцээг хангаж чадахгүй байгаа юм. Хивс, углааш хийхэд ашиглаж чадахгүй ноос гэсэн үг. Бид бүдүүн ширхэгтэй уг ноосыг физик химийн урвалаар материал болгон гаргадгаар инновац бүхий бүтээгдэхүүн болж байгаа юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох энэхүү хэсэг нь дэлхий дээр өөр ямар ч улсад байхгүй.

-Танай компанийн хувьд хонины ноосоор фильтр хийдэг. Дэлхий дээр хонины ноосон фильтр хэр өрсөлдөөнтэй байж чаддаг бол?

-Дэлхийн ноосоор бүтээгдэхүүн хийдэг газрууд нарийн ширхэгтэй ноосыг ашигладаг. Нарийн ноос хэрэглээ өндөртэй учраас үнэтэй байдаг юм. Хонины ноосон фильтрийг нарийн ноос ашиглаж хийдэг тул бүтээгдэхүүнийн ханш үнэтэй. Тиймээс л дэлхийн зах зээл дээр хуванцартай өрсөлдөж чаддаггүй.

Манай улсад хямдхан ноос байгаа нь бидний хувьд давуу тал юм. Хоёр ханган нийлүүлэгчээс угаасан ноос авч, туршилт хийхэд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц түвшний бүтээгдэхүүн гарч ирээгүй ч маш амжилттай болж чадсан. Бид эхний байдлаар өөрсдөө хөрөнгө гаргаж, бүтээгдэхүүнээ гаргасан. Одоо нэмэлт хөрөнгө оруулагч хайж байгаа. Бидний хувьд зөвхөн агаар цэвэршүүлэгч гаргана, ингэхдээ фильтрийг нь хонины ноосоор хийнэ гэх төлөвлөгөөтэй байсан. Одоо бол бүтээгдэхүүнүүдээ борлуулж эхэлсэн. Бүтээгдэхүүн маань агаарыг 92 хувь цэвэршүүлнэ. Гэвч өмнө нь дурдсан синтетик материалын шүүх чадвар 99.9 хувь байдаг. Бид агаар цэвэршүүлэгчээ энэ түвшинд аваачихын тулд үйлдвэр барих хэрэгтэй болсон.

-Үйлдвэр барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй вэ?

-Үйлдвэрийн объект түрээслэх нөхцөлтэйгөөр 700 сая төгрөг болно гэх тооцоо бий. Харин газар авч, үйлдвэрээ барина гэвэл хоёр дахин их буюу 1.4 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Гэвч эхний ээлжид газар худалдаж авах шаардлага байхгүй хэмээн үзэж байгаа.

-Хонины ноос яагаад сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татах болов?

-Ноосоор фильтр хийх талаар олон улсын судалгаа сүүлийн жилүүдэд эрчимжсэн. Учир нь хуванцрын эсрэг аян, эко хэрэглээний төлөө дэлхий дахинаа дахин боловсруулах, байгальд шингэх бүтээгдэхүүн, материалыг чухалчилж байгаа нь ноосны судалгааг нэмэгдүүлж байгаа.

-Ноосыг бүтээгдэхүүнийхээ түүхий эд болгон ашиглах санаагаа хэрхэн олж байсан бэ?

-Манай хамтран үүсгэн байгуулагч биотехнологич мэргэжилтэй. Бид өнгөрсөн жил Даян дэлхийн ногоон хөгжлийн институтаас зохиосон тэмцээнд замгаар хүчилтөрөгч ялгаруулах төхөөрөмж хийхээр болсон юм. Гол нь дахин боловсруулах, байгальд ээлтэй бүтээгдэхүүн байх ёстой гэх зарчимтай. Замгаар хүчилтөрөгч ялгаруулах агаар цэвэршүүлэгчийнхээ шүүх хэсгийг хэрхэх талаар судалсан. Ингэхдээ синтетик материалыг хэрхэн орлуулж болохыг судалж, улам боловсронгуй болсоор хонины ноосыг сонгосон. Импортоос хамааралтай манай улсын хувьд хилээр орж буй түүхий эд багассан, худалдан авалт буурсан, эдийн засгийн хүндрэлтэй үед бизнес эхлүүлсэн нь эрсдэлтэй алхам болсон ч өөдрөгөөр төсөөлөхөд ирэх жилээс үйлдвэртэй болно хэмээн харж байгаа. Мөн манай машины фильтрт худалдан авагчдын зүгээс ам сайтай байгаа. Мэдээж хэрэг харшил үүсгэхгүй учраас ямар нэгэн эрсдэлгүй гэсэн үг.

-Гол түүхий эд болох хонины ноосны онцлогийн талаар ярилцацгаая?

-Нэгдүгээрт, ноос бол цахилгаан соронзон шинж чанартай материал. Би дипломын ажлаараа РМ2.5-ын найрлагыг судалж байсан. Түүний найрлагын 80 орчим хувь нь нэмэх, хасах цэнэгтэй, тоосонцрууд байдаг. Тэдгээр цэнэгүүд нь хийн болон шингэн төлөвт ээлжилж оршдог. Ноос тэрхүү цэнэгтэй хэсгийг сорж авахдаа сайн байдаг. Хоёрдугаарт, дэгдэмхий органик нэгдэл буюу VOC нь түлшнээс ялгардаг. Автобус, том оврын тэрэгнээс, мөн тамхи татах, хог шатаах, цэвэрлэгээний бодис зэргээс гэх мэт. Компьютерийн процессороос хүртэл ялгардаг. Уг ялгарч буй хийгээр хүн удаан хугацаанд амьсгалвал хорт хавдар үүсэх эрсдэлтэй болдог.

Харин түлшнээс ялгарч буй хийгээр амьсгалвал хүний биеэс гадагшилдаггүй. РМ2.5 хүний биенээс барагтай бол гардаггүй ч замаг тэргүүтэй зарим бэлдмэлийг хэрэглэснээр биеэс гадагшлах боломжтой болдог. Хийн нэгдэл нь их байх тусам хүний биед үзүүлэх хоруу чанар нэмэгдэнэ гэсэн үг. Харин ноос нь VOC-г сайн шүүж чаддаг.

-Ноосыг материал болгохоос гадна бизнес эрхлэхэд тулгарч буй хамгийн том бэрхшээл нь юу вэ?

-Манай улсад судалгааны лаборатори дутмаг. Бид суурь туршилтуудаа МУИС дээр хийдэг. Харин туршилт, баталгаажуулалтаа гаднын улсын лабораторид хийлгэдэг. Бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээ, туршилтад оруулахад нэг удаадаа л 1500 ам.доллар зарцуулдаг. Үр дүнгээ авахын тулд багадаа хоёр сарыг зарцуулдаг байх жишээтэй. Мэдээж нэг удаа туршилт хийгээд хангалтгүй учир хөрөнгө мөнгө, цаг хугацаа ихээр алддаг. Ам.долларын ханш нэмэгдэх, хил хаагдах зэрэг асуудлууд ч нөлөөлнө. Энэ мэтээр суурь шинжлэх ухааны салбартаа хөрөнгө оруулахгүйгээр үйлдвэрлэл хөгжүүлэх, экспортоо нэмэх гэсэн зорилтууд хэр биелдэг талаар сайн мэдэхгүй юм.

Манай улсад гарааны бизнесийн экосистем дөнгөж л бий болж байна. Магадгүй экосистем нь бүрдсэн газар бизнес эхэлбэл өөр байна байх. Гэхдээ энэ бол хөгжлийн үе шат. Олон гарааны бизнес бий болсноор экосистем хөгжинө. Ингэснээр хөгжих процесст нь нэмэр болж байгаа гэж найдаж байна. Мэдээж асуудал, бэрхшээл дуусахгүй. Харин энэ бүхнийг даваад гадаад зах зээлд гарах Монгол компанийн тоог нэгээр нэмэгдүүлэх юмсан л гэж бодож байна даа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bajuna(202.126.89.213) 2023 оны 10 сарын 20

Noosiig material bolgoh technologio huvaaltsaj boloh yum. Manaikh mun esgii material hiih uildveriin tusul innovatsiin uildverlel ged hurungu oruulalt avch bsn.

1  |  0
Уншигч(202.55.188.35) 2022 оны 08 сарын 16

Ажилд нь амжилт хүсье. Зөв зүйтэй ажлыг эхлүүлэсэн байнаа.\n

1  |  0
Top