Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ажлын хэсэг байгуулсан нь маш чухал

2022 оны 08 сарын 15

Монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодрууллаа. Тэрээр Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа юм. Тус Ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж байгаа билээ.


-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай өнгөрсөн хаврын чуулганаар хүчтэй яригдсан. Дөрвөн том өөрчлөлт хийхээр ярьж, Ажлын хэсэг ч байгуулсан. Тус Ажлын хэсэг ямар ямар өөрчлөлт хийхээр ажиллаж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлт яригдсантай холбоотойгоор эрх барьж байгаа МАН болоод парламентын гишүүд орон даяар иргэдийн санаа бодол, нийгэм хэрхэн хүлээж авч байгаа, ямар өөрчлөлтийг хийлгэхийг хүсэж байгаа зэргийг тандах маягийн уулзалтуудыг хийсэн. Харин би болоод Монголын үндэсний ардчилсан нам /МҮАН/ одоогийн яригдаж байгаа нэмэлт, өөрчлөлтийн төслийн хайрцаганд баригдаж хэрэггүй гэж үзэж байгаа. Одоо УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байж болох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох,  төрийн сүлдийг өөрчлөх гэсэн дөрвөн зүйлийг ярьж байна.

Зөвхөн энэ дөрвөн асуудалд баригдах бус илүү нээлттэй, задгай асуудалд хандаач гэдгийг би төр нийгмийн зүтгэлтнүүд, гишүүдэд хэлсэн. Учир нь энэ дөрвийг ярьснаар Монголын нийгэмд бугшсан асуудлууд алга болохгүй. Авлига хээл хахууль арилж, төгрөгийн ханш тогтвортой болж, намчирхал арилахгүй. Тиймээс л энэ дөрвөөс гадна ямар өөрчлөлтийг хийвэл шинжлэх ухаан, нийгэм судлалын үүднээс илүү ашигтай байх вэ гэдэг дээр тогтож харах хэрэгтэй.

Мөн үндэсний эдийн засаг нь тогтвортой, бодлоготой хөгжих суурь нөхцлийг хангахын тулд зайлшгүй эдийн засгийн бүлэг орох ёстой. Авлига хээл хахуулийг таслан зогсоож, иддэг уудаг байдлыг арилгаж, төрийн сангийн цоорхойг бөглөх хэрэгтэй байна. Ингэхийн тулд гарцаагүй хууль хяналтын байгууллагуудын хараат бусаар ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой юм. Иргэний нийгэм, жижиг дунд үйлдвэрлэл, салбарын мэргэжлийн холбоод хөгжихгүй, хүмүүнлэг иргэний нийгмээ байгуулж чадахгүй байгаагийн цаад шалтгаан нь намчирхал, талцал хуваагдал. Намчирхал их байсан цагт бизнесийн тогтвортой орчин огт бүрддэггүйг дэлхийн бусад улсуудын түүх, жишээнээс бэлхэн харж болно.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсгийн гишүүн. Тэгэхээр өөрийнхөө энэ ярьж байгаа өөрчлөлтийг хийлгэх тал дээр хэр ажиллаж байгаа юм бэ. Бусад нь хэр дэмжиж байна вэ?

-Би өнгөрсөн удаагийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Ажлын хэсэгт мөн ажиллаж байсан. Их хуралд суудалгүй намуудаас ганцаараа ажилласан. Тэр үедээ ч гэсэн энэ байр сууриа илэрхийлж байсан ч харамсалтай нь оруулаагүй. Түүнийгээ одоо ч гэсэн ярьж байгаа.

Бид АТГ, шүүх, прокурорыг хараат бус байлгах тухай их ярьдаг. Гэтэл үүн дээр Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Монголбанк зэргийг ч гэсэн хараат бус болгох хэрэгтэй. Тэгэхгүй болохоор ялсан намаас юм уу, томилсон хүнээсээ хараат болчихоод байгаа юм. Ингэхгүй бол Монгол Улс урт хугацаандаа хууль бус байдал, авлигаас ангижирч чадахгүй. Дээрээс нь энэ яриад байгаа Ажлын хэсэг бол Ерөнхий сайдын зүгээс  Үндсэн хуулийн гэсэн үзэл санаа, баримтлалтай, судалгаатай боловсруулсан намуудын материалыг нэгтье гэсэн үүднээс байгуулсан юм.

Үүнээсээ үнэхээр чухал гэсэн зүйл, заалтыг нь аваад намуудыг нэг байр сууринд аваачих боломж хайх зорилготой. Энэ Ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж байгаа. Энэ бол маш зөв зүйл гэж би бодож байгаа. Тухайлбал, МҮАН 2006 онд байгуулагдсан цагаасаа хойш шинэ Үндсэн хуулийг батлахын төлөө явж ирсэн. Үүнийг олон түмэн ойлгоод дэмждэг ч төр нь ойлгохгүй өдий хүрлээ.

-Ажлын хэсгээс нэг шийдэлд хүрээд нэгдсэн төсөлтэй болсон ч гэсэн дэмжигдэх магадлал байгаа юу?

-Ямар ч байсан Ерөнхий сайдын захирамж гараад Ажлын хэсэг байгуулагдсан нь сайн хэрэг. Эрх барьж байгаа намын даргын хувьд бидний боловсруулсан төслийг Удирдах зөвлөл, Бага хурал дээрээ танилцуулаад болно гэж үзвэл бүх ард тмүний санал асуулга, эсхүл олонхоороо батлаад явах боломжтой. Үгүй бол одоо дэвшүүлж байгаа дөрвөн гол өөрчлөлт дээрээ бусад намынхаа саналуудаас тусгаад явж ч магадгүй. Үүнийг зөвхөн эрх барьж байгаа нам л шийднэ.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.104.98) 2022 оны 08 сарын 15

мал

0  |  0
Top