“South China Morning post”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Хятад улс Монгол Улстай худалдааны харилцаагаа эрчимжүүлж, хойд хөршийнх нь төмөр замын дэд бүтцийг сайжруулахад оруулсан хөрөнгө оруулалт нь Бээжингийн байгалийн нэн чухал нөөц баялгийн хүртээмжийг сайжруулж, хориг арга хэмжээнд нэрвэгдсэн Оростой худалдаа хийх боломжийг сайжруулах болно гэж шинжээчид үзэж байна.
Хятадын Гадаад харилцааны сайд Ван И өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгтэй уулзсаны дараа Монгол, Хятад хоёр хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн.
Хоёр тал үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой, саадгүй байлгахын тулд төмөр замыг хурдны замтай холбож, хилийн боомтуудыг дахин нээхээр тохиролцсон гэж мэдэгдэлд дурджээ. 4630 км хуурай газраар хиллэдэг хоёр улс хоосон цөл, уулсаар үргэлжилдэг бөгөөд дэлхийн хамгийн урт төмөр замын Транссибирийн нэг хэсэг юм.
“Capital Economics”-ийн ахлах эдийн засагч Жулиан Эванс-Причард Хятад улс импортын бараа бүтээгдэхүүнд найдах нь үндэсний аюулгүй байдлын эрсдэл, эдийн засгийн эмзэг байдал гэж үзэж байна. Импортыг дотоодын үйлдвэрлэлээр амархан орлуулах боломжгүй байгаа Хятад улс импортынхоо эх үүсвэрийг Монгол гэх мэт найрсаг орнууд руу шилжүүлэхийг хичээж байна.
Хятад улс АНУ, Австралитай худалдааны маргаантай байгаа, мөн Хятадын технологийн пүүсүүдийн үйл ажиллагааг хязгаарлах Вашингтоны хүчин чармайлтаас үүдэлтэйгээр Бээжин импортоо төрөлжүүлэх, ялангуяа эдийн засгаа тэтгэх шаардлагатай болж байна. Нүүрс, зэс нь Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийн "түлхүүр" мөн Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсэг гэж Эванс-Причард онцолжээ.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнд алт, дараа нь нүүрс, төмрийн хүдэр орж байгаа талаар “Observatory of Economic Compexity” онцолжээ. Нүүрс нь эрчим хүчний эх үүсвэр болдог бол зэсийн хүдрийг утас болон бусад металл хайлш хийхэд ашигладаг. 3.3 сая хүн амтай тус улс 20 жилийн өмнө ашигт малтмалын хурдацтай хөгжиж буй халуун цэг болж байсан ч Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширч байгаагаас эдийн засгийн өсөлт нь буурчээ.
2001 онд Дэлхийн худалдааны байгууллагад элссэнээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон БНХАУ-д Монголын экспортын 95 орчим хувийг импортоор авдаг. 2020 онд Монгол Улс БНХАУ-д 5.4 тэрбум ам.долларын экспорт хийсэн байна. Эванс-Причард “Хятадын Монгол дахь дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол зорилго нь Монгол Улсын нүүрс, зэсийн хүдэр нийлүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх явдал юм.
БНХАУ-тай байгуулсан нэг санамж бичиг нь Ганц модны боомтоор дамжин хил дамнасан төмөр замын тээврийг сайжруулахад чиглэгдэж байгаа бол Ван И-гийн айлчлалын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр тал тохиролцсон гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.
Хятад улс коронавирусний улмаас олон улсын харилцаа өөрчлөгдөж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсан энэ үед түүхий эд, тэр дундаа эрчим хүчний салбарт өөрийгөө хангах стратеги боловсруулжээ. Хятад, Оросын худалдааны дийлэнх нь Монголоор дамждаг бөгөөд энэ онд хоёр улсын худалдаа эрчимтэй хөгжиж байгаа тул дэд бүтцийг сайжруулснаар энэ худалдааг хөнгөвчлөхөд тусална.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, тавдугаар сард Хятад Оросын нефтийн тээвэрлэлт 50 гаруй хувиар нэмэгдүүлж, хоёр талын худалдааны хэмжээ 2022 оны эхний долоон сард өмнөх оны мөн үеийнхээс 21.8 хувиар нэмэгдэж, 134 тэрбум ам.долларт хүрсэн байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр, Хятад, ОХУ-ын хоорондох ачаа тээврийн 90 орчим хувь нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг байна.
“Moody's Analytics” агентлагийн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Стив Кочрейн "Хятад, Оросын худалдааны дийлэнх нь Монголоор дамждаг бөгөөд энэ онд хоёр улсын хоорондын худалдаа хурдацтай хөгжиж байгаа тул дэд бүтэц сайжирсан нь энэ худалдааг хөнгөвчлөхөд тусална" гэж мэдэгдэв. Хятадаас оруулж ирэх хөрөнгө оруулалт нь Монгол Улсыг Зөвлөлтийн үеийн хуучин төмөр замын систем, ачааны тээврийн хэрэгслээс ангижрахад тусална гэж “Moody's Analytics”-ийн туслах эдийн засагч Эрик Чианг мөн онцоллоо. Шинэчлэлтүүд нь эргээд гурван талын худалдааг хурдасгах болно. Учир нь, энэ холболт нь гурван улсад ашигтай байх болно гэж тэрбээр онцлов.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )