Хүн худалдаалах болон түүнтэй төстэй гэмт хэргийн хохирогч болсон “даван туулагч”-дад зориулав. /Судлаач П.Намуун/
“Би яг өөрийгөө юунд дуртайг, юунд уурладгаа, эсвэл юунд гомддог, юунд баярладаг, хүний сэтгэл хөдлөл гэж юу байдаг вэ гэдгийг мартталаа харанхуй дунд амьдарсан”
“Даван туулагчийн түүх” баримтат киноны хэсгээс ...
Хэн ч бай хэн бүхэнд, энэ хорвоод хүн болж төрснийхөө төлөө ямар нэгэн байдлаар зүй бус харилцаа, гэмт хэргийн хохирогч болох ёстой шүү хэмээн оноосон тавилан байхгүй гэж би боддог. Эргэлдэн өнгөрөх өдөр хоногуудын дотор энэ дэлхий ертөнц дээр хүн ердөө хоёр зүйлийн өмнө л хүчин мөхөсддөг бололтой юм. Нэг нь байгалийн хүчин зүйл, харин нөгөө нь “хүн” аж.
Хүн өөрөө хүний өмнө хүчин мөхөсдөж үй олон өр эмтэрмээр гэмт хэргүүдийн хохирогч болж, харамсалтайгаар хохирогч болсныхоо төлөө нийгэмд бас давхар буруутгагддаг ёрын энэ цаг үе. Хүн хүнээ зардаг бусармаг нийгэм ч гэж хэлж болно.
Карл Маркс: "Боолчлол нь нэг хүн нөгөөгөө мөлжих анхны хэлбэр юм” гэж хэлсэн байдаг.
Харин энэ цаг үед хүн худалдаалах гэмт хэрэг гэж нэрлэгдэх болсон бөгөөд хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих зорилгоор энэ гэмт хэргийг үйлддэг болжээ.
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч бол “даван туулагч”-дын нэг юм.
ЯАГААД “ДАВАН ТУУЛАГЧ” БОЛДОГ ВЭ?
Монгол дахь даван туулагчдын дийлэнх хувийг гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн хохирогчид эзэлдэг бол сүүлийн жилүүдэд хүн худалдаалах гэмт хэрэг дотоодод үйлдэгдэх нь ихссэний улмаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн тоо бас тасралтгүй өссөөр байна.
Олон улсын Хүмүүнлэгийн байгууллагаас 2022 оны 1 дүгээр сард гаргасан мэдээлэлд “Дэлхий дээр 2016 оны байдлаар хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон нийт 24.9 сая хүн байна. Үүний 20.1 сая хүн хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч болсон. Харин 4.8 сая бэлгийн мөлжлөгт өртсөний 1 сая нь хүүхэд байжээ” хэмээсэн байна.
Монгол улсад 2017-2022 онд энэ төрлийн гэмт хэрэг 237 бүртгэгдсэнээс хохирогчийн хувьд 95 хувь нь насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд байсан талаар “Мөрөөдлийн шүхэр” кино өдөрлөгийн үеэр цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийсэн.
Тэгвэл даван туулагч гэдэг нь аль нэг байгууллага, мэргэжилтэнд хандаж гарах гарцаа хайж байгаа, зөвлөгөө тусламж авах, шаардлагатай үйлчилгээнд хамрагдах зэрэг бүхий л үйл явцад оролцож байгаа эдгээр гэмт хэргийн хохирогч юм.
Хүний амьдралд үхэл, хагацал тохиолдлоо гэвэл жам ёсны ч бай зуурдын ч бай хүний л тавилан гэж ард хоцорсон бусад хойдын буянг нь хийдэг бол хүн хүнд зарагдаж, зүй бус мөлжлөгийн хохирогч болох нь заавал хэн нэгний даван туулах ёстой тавилан гэж үү?
Харамсалтай нь “даван туулах” гэдэг бол хэний ч даван туулах ёстой тавилан биш юм.
ХОХИРОГЧ НЬ БУРУУТАЙ НИЙГЭМ
Насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлэлд өртвөл, биеэ хамгаалж чадалгүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болвол тэдний буруу болдог өрөөсгөл хандлага сүүлийн хэдэн жил Монголын нийгэмд нэгэнт тогтчихсон гэвэл хилсдэхгүй.
Түүний адил хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон даван туулагчдыг мөн нийгэмд буруугаар ойлгож, аймшигт гэмт хэргийн золиос болсон олон шаналал зовлонд нь нэрмээс болж, жигшиж байдаг талаар “Мөрөөдлийн шүхэр” аян онцолсон.
"Мөрөөдлийн шүхэр" аяны элч төлөөлөгч, МУГТ М.Анхцэцэг:
“Охид гэнэн, итгэмтгий зангаасаа болж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болдог. Түүнээс гадна нь хууль эрх зүйн мэдлэггүй, мэдээлэл бага авдаг тул энэ гэмт хэргийн талаар ямар нэгэн ойлголтгүй байдаг”.
Нийгэмд өндөр цалинтай ажилд зуучлах, гадаадад сургуульд сургах зэрэг байдлаар хуурч мэхлэх замаар хохирогчдын итгэл найдварыг олж авсныхаа дараа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болгож байгаа талаар төрөл бүрий мэдээ, мэдээлэл түгээсээр байгаа боловч энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох, хохирогчийг буруутгах хандлага хэвээр байсаар л байна.
“***” ТББ-ын түр хамгаалах байрны үйлчлүүлэгч, даван туулагч С:
“Бусдын л адил амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж гадаадад гарах виз хөөцөлдөж яваад нэг хүнтэй таарсан. Тэнд очоод хүн биш нохой болчихсон мэт 1 жил 9 сарыг өнгөрүүлсэн. Эргээд арай гэж эх орондоо гэр бүлийхэн минь ч таагүй хандаж эхлэхэд үхэхээс өөр юм бодогддоггүй юм билээ”
ЭЦЭСТ НЬ: НЭГ НЭГЭНДЭЭ ХАЙРТАЙ БАЙМААР БАЙНА.
Эцэст нь, бид хохирсоор л байх уу? Хохирчихоод бас давхар хохирсоор л байх уу? Хохирсон нь буруутай байсаар л байх уу?
АНУ-ын элчин Сайдын яамнаас жил бүр гаргадаг "Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тайлан" \2021\-ийг тоймлон дүгнэвэл:
- Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, хэрэг үүсгэх болон шүүхээр ял шийтгэл оногдуулах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд илрүүлэлт хангалтгүй.
- Хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нь батлагдсан хууль хяналтын албан хаагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн оронд захиргааны арга хэмжээ авсан.
- Хүн худалдаалахтай тэмцэх, хохирогчийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо хангалтгүй бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх, холбон зуучлах процесс ярвигтайн дээр хүн худалдаалахтай тэмцэх цагдаа, прокуроруудын харилцаан дахь хязгаарлалтууд нь мөрдөн шалгах, яллах ажиллагаанд саад учруулж байна хэмээн ажиглагчид онцолсон.
- Монгол Улс дахь хохирогч хамгааллын хязгаармагдмал үйлчилгээний ихэнхийг ТББ-ууд төрийн туслалцаа дэмжлэгтэйгээр явуулж ирсэн бөгөөд зөвхөн нэг хамгаалах байр хүний наймааны хохирогчид зориулагдсан. Хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртсөн хохирогч хүүхдүүд эдгээр хоёр байранд байхдаа хараа хяналт сул, тусгайлсан халамж, үйлчилгээ дутмагаас болж дахин бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж талууд мэдээлсэн зэрэг олон асуудлуудыг онцолж болохоор байна.
Эдгээрээс харвал Монгол улс хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байна уу? Даван туулагчдад ээлтэй орчин бүрдүүлж чадсан уу? Энэ ажлыг хэн хийх вэ? гэх мэт олон асуултууд ундарсаар л байна.
Монголчууд бид хэзээ нэг нэгнээ хайрладаг болох вэ? Даван туулах шаардлагагүй тавиланг даван туулахын гунигийг хичнээн иргэн мэдрэх ёстой вэ?
Сэтгэгдэл ( 1 )
Хүний наймааны талаар ойлголтгүй хүн байна. Энд тэндээс цуглуулсан мэдээллээ нийлүүлэхээс дүгнэж чадаагүй нь нийтлэлийн чанарыг муутгасан аж\n