Туркойз Хилл Рио Тинтогийн саналаас татгалзжээ

2022 оны 08 сарын 18

Туркойз Хилл Оюу Толгойд эзэмшиж буй хувьцааг нь 2.7 тэрбум ам.доллароор худалдан авах Рио Тинтогийн саналаас татгалзсаны улмаас Монгол дахь аварга том зэсийн уурхайг шууд эзэмших гэсэн Риогийн төлөвлөгөө нураад байна.

Туркойз Хилл Ресурсын тусгай хороо Риогийн санал болгож буй хувьцааны үнэ 34 канад доллар буюу 26 ам. доллартай тэнцэх хэмжээний үнэлгээг бага хэмээгээд энэ нь Оюу Толгойд эзэмшиж буй хувьцааных нь үнэ цэнийг нь бүрэн бөгөөд шударгаар үнэлээгүй гэж үзсэн байна. Тусгай хорооны дарга Мэрисе Сен-Лорен “Рио Тинтогийн санал болгосон үнээр хэлцэл хийх нь Оюу Толгойд эзэмшиж буй  компанийн хувьцааны үндсэн болон урт хугацааны ашиг сонирхлын үнэ цэнийг орлохгүй” гэж мэдэгджээ.

Говь цөлд оршдог Оюу Толгой нь дэлхийн хамгийн том зэсийн ордуудын нэг юм. Далд уурхайн өргөтгөлийн төсөл дууссаны дараа эхний жилүүдэд 500 мянган тонн орчим олборлолт хийх төлөвтэй байгаа бөгөөд дэлхийн хамгийн том зэсийн уурхайны нэг болно. Рио хэдийгээр Оюу Толгойг ажиллуулж, далд уурхайн өргөтгөлийн төслийг хариуцаж байгаа ч тус уурхайд шууд хувь эзэмшдэггүй. Харин Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл компанийн 51 хувийг эзэмшдэг. Харин Туркойз Хилл нь Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг. Үлдсэнийг нь Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Туркойз Хилл даваа гарагт талууд  үнийн талаар зөвшилцөлд хүрч чадаагүй мөн Рио Тинтогийн зүгээс ямар нэгэн сайжруулсан санал гаргаагүй гэж мэдэгдсэн. Риод хувьцаагаа худалдахыг Туркойз Хиллийн хамгийн том бие даасан хувьцаа эзэмшигч Пентватер Капитал эсэргүүцэж, үнийн дүн нь хэтэрхий бага байна хэмээж байсан. Туркойз Хилл компанийн хувьцаа даваа гарагт бараг есөн хувиар буурч, 30.53 канад доллар болжээ.

Зэсийн үнэ нэг тонн нь 10600 ам.долларт хүрч, түүхэн дээд цэгтээ хүрсэн үед Рио Туркойз Хиллд хувьцааг нь  худалдаж авах санал тавьсан. Туркойз Хилл хариуд нь Риогийн саналыг хянаж, хэлэлцэхээр бие даасан захирлуудаас бүрдсэн тусгай хороо байгуулсан билээ. Тухайн үед Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал  Б.Болд  Туркойз Хиллийн хувьцааг худалдаж авснаар Оюу Толгойд хялбар бөгөөд үр ашигтай өмчлөлийн бүтцийг бий болгоно гэж хэлж байсан. Зэсийн үнэ түүнээс хойш тонн нь 8000 орчим ам.доллар болтлоо буурсан ч олон шинжээч урт хугацаандаа өсөх хандлагатай хэвээр байгааг онцолж байгаа юм. 

Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал анх 5.3 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан ч одоо долоон тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ. “Бид энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа ч Оюу Толгой төслийг урагшлуулахын тулд Туркойз Хилл компанийн ТУЗ-тэй бүтээлчээр хамтран ажиллах болно” гэдгээ Б.Болд онцолжээ. “Canaccord Genuity”-ийн шинжээч Далтон Баретто тусгай хороо ийм хатуу байр суурь баримталсанд огтхон ч гайхсангүй гэжээ.  Тэрбээр "Бидний үзэж байгаагаар өнөөгийн хөгжил нь хоёр талын хатуу ширүүн хэлэлцээг харуулж байгаа бөгөөд шинэчлэгдсэн санал ирэх магадлал өндөр байна" гэсэн байна.

 

Ц.Даваасамбуу

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top