Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулж хөдөө орон нутгаас зорин ирэх оюутнуудын тоо нэмэгддэг. Тэд айлын хажуу өрөө түрээслэх, хамаатан садныдаа амьдрах, нийтийн байрыг сонгох, оюутны байр сонирхох гээд өөр, өөрийн боломж бололцоонд тулгуурлаж амьдрах орчноо бүрдүүлдэг. Зарим хүүхдүүд нэгээс хоёр өрөө байрыг хувааж эзэмших нь хямд хэмээн үздэг бол зарим нь оюутны байранд байхыг илүүд үздэг. Залуу насны өрнүүн өдрүүд хөл хөдөлгөөн дунд өнгөрдөг их, дээд сургууль болон коллежийн оюутны байрны үнэ ханшийг сурвалжиллаа.
МУБИС, МУИС, СУИС-ИЙН ДОТУУР БАЙР ЭНЭ ЖИЛ ТӨЛБӨРӨӨ НЭМЭЭГҮЙ ГЭВ
Их хотын гудамжнаа өнгө нэмсэн залуусын хөл хөдөлгөөн хэдийн оржээ. Том чемодан барьсан шинэхэн оюутан Багшийн дээдийг сураглан яваа нь тэртээ он жилүүдийг ч санагдуулах шиг. Ээжийгээ, ахыгаа дагуулан сургуулийнхаа оюутны байрыг эрж яваа шавилхан хүү ч таарна. Тэд мэргэжил эзэмшиж, мөрөөдлөө биелүүлэхийн төлөө сэтгэл дүүрэн итгэл тээж яваа залуу үеийнхэн. Тэдэнд тулгамддаг хамгийн эхний асуудал бол яах аргагүй амьдрах тав тухтай орчин билээ. Аав, ээжүүд хүүхдээ нүргээнт хотын их амьдралд дааруулахгүй, зүдрээхгүйхэн шиг сургахын төлөө байдаг бүхнээ шавхдаг гэхэд хилсдэхгүй.
Ноднингийн өдийд техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгуууллагад 42.600 оюутан суралцаж байсан бол дээд боловсролын сургалтын байгууллагад 149 мянган оюутан суралцаж байжээ. Тэгвэл энэ жилийн тухайд нэгтгэсэн нарийвчилсан тоо баримт нь гараагүй байна хэмээн Дээд боловсролын газрын мэргэжилтэн хэлсэн юм. Харин салбарын сайд энэ жил шинээр 35 мянган оюутан их, дээд сургуульд элсэн орох тухай дурдаж байсан билээ.
Өдрөөс өдөрт юмны үнэ өсөж буй энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр даруй 30 хувь нэмэгдсэн энэ үед дотуур байрны төлбөр хэр хэмжээтэй болоо бол хэмээн сэтгэл зовних нь аргагүй. Тиймээс өнөөдрийн сурвалжилгыг энэ сэдвээр хөндсөн юм.
Их дээд сургуулиудын байрны үнэ ханш болон хүртээмжийн талаар холбогдох шатны хүмүүсээс тодруулж, оюутнуудын ч сэтгэгдлийг авсан юм. Ажин түжин буй их сургуулиудын үүдээр оюутнууд эргэлдэж дотуур байрны бүртгэлээ хийлгэхээр эхнээсээ ирсэн байв. Бүртгэл нь энэ сарын 22-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
МУБИС-ийн дотуур байрны бүртгэл өнгөрсөн хоёр дахь өдрөөс цахимаар эхэлжээ. Тус сургууль нь энэ жил дотуур байрныхаа төлбөрийг нэмээгүй бөгөөд дөрвөн дотуур байрандаа 900 гаруй оюутнуудыг хүлээн авах квоттой. Төлбөрийн хувьд нэг оюутан 10 сараар амьдрах бол 655 мянган төгрөг, бусад сургуулийн оюутнууд амьдрах бол 852 мянган төгрөгийн төлбөртэй аж. Нэг өрөөндөө дөрвөн ортой, нийтийн ариун цэврийн өрөөтэй, нийтийн гал тогоотой. Гадаад оюутны хувьд нэг жилийн хоёр сая 864 мянган төгрөг бөгөөд өрөөндөө хоёулаа байх боломжтой.
Тэгвэл МУИС-ийн дотуур байрны төлбөр мөн нэмэгдээгүй бөгөөд засваргүй байр 620 мянган төгрөг, засвартай байр 780 мянган төгрөг байна.
Оюутан төгсөгчийн хэлтэсийн дарга М.Эрдэнэчимэг “Манай сургууль жилд 3000 оюутныг элсэн суралцуулдаг. Үүнээс дотуур байранд амьдрах хүсэлтэй бүх оюутнуудыг оруулдаг. Нийт оюутны таван дотуур байранд 1400 оюутан амьдрах багтаамжтай. Ноднин жил нэг дотуур байраа ковидын тусгаарлах байрны зориулалтаар ашиглаж байсан бол энэ жил 100 хувийн дүүргэлт хийх учир оюутны байрны хүртээмж хангалттай байна гэж бодож байна. Ирэх нэг дэх өдрөөс төлбөрийн мэдээллийг нийтэд цацаж бүртгэл нь эхэлнэ” гэв. Гадаад оюутны нэг жилийн төлбөр мөн л хоёр сая 600 мянган төгрөг байдаг ажээ.
ДОТУУР БАЙРАНД ГАРДАГ АСУУДАЛ БОЛ МАХНЫ ХУЛГАЙ, АРХИДАН СОГТУУРАХ ҮЗЭГДЭЛ
Монгол Улсдаа суралцаж буй оюутныхаа тоогоор их дээд сургуулиудын дунд дийлэнх хувийг эзэлдэг ШУТИС-ийн төлбөр өмнөх оны энэ үетэй харьцуулахад 300 мянган төгрөгөөр нэмэгджээ. Дөрвөн хүүхэдтэй өрөөний арван сарын төлбөр 800 мянган төгрөг бол хоёр хүүхэдтэй өрөө 980 мянган төгрөгийн төлбөртэй аж. Энэ төлбөр нь өнгөрөгч хавар нэмэгдсэн гэдгийг оюутнууд нь андахгүй.
ШУТИС-ийн Байр ашиглалтын нэгдсэн албаны дарга Д.Орхон “Энэ жил ковидоос хамаарч 90 хувийн дүүргэлт буюу 840 оюутан авна. Дотуур байранд амьдрах хүсэлтэй 1200 орчим оюутан байдаг. Үүнээс нэгдүгээр курсийн оюутнуудыг эрэмбийн дагуу эхэлж авдаг. Дотуур байранд амьдрах хүсэлтэй олон оюутан байдаг ч тогтмол 800 орчмыг хүлээн авдаг” гэлээ.
Урлаг соёлын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг СУИС нь нэг дотуур байртай бөгөөд 200 оюутан авдаг юм байна. Тус сургууль таван жилийн хугацаанд дотуур байрны төлбөрөө нэмээгүй байгаа бөгөөд 530 мянган төгрөгийн төлбөртэй аж. Бүртгэл нь цахимаар энэ сарын 19-ний өдрөөс эхэлж, 29-ний өдрөөс эхлэн оюутнуудаа дотуур байранд нь оруулах төлөвлөгөөтэй байгаа хэмээн байр хариуцсан мэргэжилтэн хэллээ.
ШУТИС-ийн дотуур байранд амьдардаг оюутан Н.Э “Дотуур байр амьдрахад хамгийн боломжийн үнэтэй байдаг. Тог ус цахилгаан, дулаан гэх мэт бүх зүйл үндсэн төлбөртөө багтдаг тул их зардал гардаггүй. Гэхдээ манай байранд хамгийн их гардаг асуудал бол хоолны мах хулгайлах юм. Хэдийгээр давхар бүрд нийтийн нэгээс хоёр хөлдөөгчинд махаа хийсэн ч алга болчихдог. Махныхаа амыг сайтар боож өрөөний дугаараа бичсэн ч авчихдаг болохоор хэцүү байдаг. Зарим оюутнууд орой үдэш архидан согтуурч бусдынхаа амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Бусдаар ямар нэгэн асуудал байхгүй. Өнгөрсөн жил ковидоос болоод оюутнуудын хуваарилж өгсөн өрөөг солих, өөр байрнаас оюутнууд ирэх гэх мэт асуудлууд байсан” гэж бэрхшээлээ тоочиж байлаа.
Үнэхээр ч хаа газар оюутны байранд хоол хүнсний хулгай, архидан согтуурах үзэгдэл мэр сэр гардаг нь нууц биш юм. Тиймээс гал тогооны хэсгийг камержуулж, байрны жижүүр анхаарал сэрэмжээ дээшлүүлэн ажиллах, давхар бүрд оюутнуудаас жижүүр томилж хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг сануулахад илүүц биз ээ.
ХУВИЙН СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙР ИЛҮҮ ТОХИЛОГ УЧИР УЛСЫНХААС ҮНЭТЭЙ
Тэгвэл хувийн их дээд сургуулиудын дотуур байр харьцангуй тухтай байдаг аж. Жишээ нь ариун цэврийн өрөө, гал тогоо нь өрөө өрөөндөө байгаа нь халдвар хамгааллын дэглэмд нийцсэн, эрүүл аюулгүй нөхцөлийг хангажээ. Өрөөндөө 2-3 оюутан амьдардаг учир хичээл ном хийхэд ч тухтай, амарч суухад ч цэвэрхэн гэж оюутнууд нь онцолж байлаа. Өрөө бүрд хөргөгч, угаалгын машин, гал тогооны тавилга, хувцасны шкаф зэрэг амьдралын чухал хэрэгцээг бүрэн хангасан гэдэг утгаараа үнэ нь улсынхаас арай өндөр байдаг аж.
“Мандах” их сургуулийн дотуур байр нь жилийн 1.1-1.5 сая төгрөгийн хооронд байдаг. Тухайн жилийн дүүргэлтээс хамаарч гаднын оюутан авахыг шийддэг хэмээн байрны оршин суугч оюутан Г.Ариунаа хэллээ.
МҮИС тэргүүтэй сургуулийн оюутны дотуур байрны ханш, амьдрах нөхцөл байдал дээрхтэй адилхан учир хөдөө орон нутгаас зорин ирсэн оюутнууд ихэвчлэн хувийн сургуулийн дотуур байрыг сонгох нь элбэг ажээ. Ташрамд дурдахад оюутнуудын цөм болсон “Оюутны өргөө” цогцолборын I, II байранд 28 их дээд сургуулийн 960 гаруй оюутнууд орох квоттой юм. Тус цогцолборт МУИС, ШУТИС, Этүгэн, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюунуудыг оруулдаггүй аж. Учир нь энэхүү цогцолборын бүтээн байгуулалтын ажилд нь дээрх сургуулиуд хөрөнгө оруулалт хийгээгүй гэсэн шалтгаантай.
"Оюутны өргөө" есдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-н хүртэл амьдрах төлбөр нь 994 мянган төгрөгийн төлбөртэй. Тус байр нь 10 давхар бөгөөд нэг өрөөнд дөрвөн оюутан амьдардаг. Найман оюутны дунд нэг гал тогоо, нэг ариун цэврийн өрөөтэй юм байна. Давхар бүрд хөгжлийн бэрхшээлтэй оюутан орох тусдаа нэг өрөө байдаг нь нэг сая хоёр 200 мянган төгрөгийн төлбөртэй ажээ. Энэ нь бусад сургуулиасаа ялгарах онцлог болж байгаа юм.
Тус цогцолборын менежер Б.Болормаа “Оюутны өргөө цогцолборын I, II байранд төрийн болон хувийн эзэмшлийн 28 их дээд сургуулийн оюутнууд ордог. Манай байранд орохыг хүссэн оюутнуудад нээлттэй боловч санхүүжилт өгөөгүй таван сургуулийн оюутанд квот олгодоггүй. Одоохондоо манай байр засвартай байгаа учраас оюутнуудаа наймдугаар сарын 29-нээс авах төлөвлөгөөтэй байна” гэв. МСҮТ болон коллежууд мэргэжлийн боловсрол эзэмшиж буй оюутандаа дотуур байр нь төлбөргүй байдаг бол техникийн болон насанд хүрэгчдийн ангид суралцаж буй оюутнууддаа жилийн 300 мянган төгрөгийн төлбөртэй байдаг аж.
А.СҮЛЕНА, Н.ЭРХБАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Малчин эмэгтэй цахимаар танилцсан гадаад эрэгтэйд 210 сая төгрөгийн хэмжээний мөнгө шилжүүлсэн тул малчдын хүүхдүүд мөнгөтэй байх ёстой.
Хүмүүнлэгтийн дотуур байр жилийн 3сая ийм айшгийн үнэтэй байж сурах үйлсийн ьөлөө ажилдаг гээд байгаа юмаа оронд нь зүгээр нийтийн байр гэж явбал тарна оюутнуудаа бодож мэддэгүй лаларын газар яах гэж элсэж оров оо!
jadambaa generela huu enhbajr chin huuramch shuu bigti huurtaira.ene inegj hulh shouga hideginma. bi jadama genrela gej humus hural.chi icheche end jinhen jadmab gnerel huu sujina.
enhbajr geel neh jadamab generle hu gel chi asrahin hulgaich.jadamba jinhen huu bi ged yariagui baihad.jadamba genrel hu enhebayr ged bas neg hulih.huurmach huuhed.