А.Бямбадорж: Монгол Улсад 309 мянган тонны багтаамжтай агуулах, зоорь шаардлагатай

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Агуулах, зоорь, элеватор, үтрэмийн хангамж, ашиглалтын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Бямбадоржоос зоорь, агуулахын хүртээмжийн талаар тодрууллаа.


-Орчин үеийн механикжсан удирдлагатай хөргөлттэй чанарын шаардлагад нийцсэн зоориуд Монгол Улсад хэд байдаг, хэдэн тонн багтаамжтай вэ?

-Монгол Улсын хэмжээнд нийт 253.8 мянган тонн багтаамжтай  төмс, хүнсний ногооны зоорь, агуулах 7300 байдаг. Үүнээс 60.4 мянган тонн багтаамжтай 5100 нь нүхэн зоорь, 128.8 мянган тонны багтаамжтай  энгийн зоорь 2100, 66.1 мянган тонн багтаамжтай 59 ширхэг механикжсан агуулах байна. Үүнээс Улаанбаатар хотод нийт 84 мянган тонн багтаамжтай 100 гаруй зоорь, агуулах ашиглагдаж байгаагийн 60.1 мянган тонн нь механикжсан агуулах байгаа юм.

Улаанбаатар хот орчмын төмс, хүнсний ногооны зоорийн түрээс одоогийн байдлаар сарын түрээс нь 30-100 мянган төгрөгийн үнэтэй байна.

-Ногоочид хүнсний ногоог тариалах, хадгалах, тээвэрлэх, борлуулах ажлыг бүгдийг өөрөө хийх биш кластер, хоршооллын тогтолцооны нэг тал болж ногоочид зөвхөн ургуулахдаа анхаарч хадгалах, борлуулалтыг агуулах худалдааны төвүүд зохицуулах тогтолцоо байна уу, уг тогтолцоо хөгжисөнөөр агуулах зоорийн асуудал цэгцтэй болох боломжтой юу?

-Ногоочид тариалалт, хураалт, тээвэрлэлт, борлуулалт, хадгалалтын бүх ажлыг өөрсдөө хийхэд цаг хугацаа болон тээврийн зардал, худалдаа хийх нөхцөл болон агуулах, зоорь барих санхүүгийн боломж бага байдаг. Тиймээс бид цаашид борлуулалт, тээвэр логистик сүлжээ бий болгож ногоочид зөвхөн чанартай төмс, хүнсний ногоо тариалах, хураах ажлыг хийж, агуулах, зоорийн болон хүнсний боловсруулах үйлдвэрүүд нь хавар ногоочидтой төмс, хүнсний ногооны нэр төрөл, хэмжээ, худалдан авах үнийг тохиролцон гэрээ байгуулж, ногоочид захиалгаар хүнсний ногоогоо тариалж, хураан авдаг болгох нөхцөлийг бий болгохоор ажиллаж байна.

-Зуны улиралд хүнсний ногооны хомсдол үүсдэг шүү дээ, энэ нь зоорины хүртээмжгүй байдлаас болж байна уу, эсвэл хадгалалтын горим хэтэрсэнээс муудаг хаягдахад хүрээд байна уу?

-Төмс, хүнсний ногооны хангамж, ашиглалтын байдлын бүртгэл судалгааг захиргааны статистик мэдээлэл цуглуулах арга хэмжээний хүрээнд нийслэл болон орон нутгаас авдаг. Нийт зоорийн 60 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 40 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй байна. Ургац хураалтын дараах боловсруулалтын ажилд тээвэрлэх, ангилах ялгах, хадгалалтын хугацаанд арчлах, худалдаанд гаргах зэрэг хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагын ажлууд бүхэлдээ хамаардаг. Ургац хураалтын дараах боловсруулалтын үеийн хорогдол нь нийт ургацын 25-35 хувиас буурахгүй байна. Бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж байгаа дараах бодит хүчин зүйлүүд байна. Нэгдүгээрт, энгийн зоориудын үндсэн хийцийг модон материалаар хийсэн учир хадгалсан бүтээгдэхүүн ялзрах, өвчлөх зэрэг хадгалалтын үеийн хорогдол ихтэй.  Мөөгөнцөр үүссэний улмаас зоорийн модон хийцийн ашиглалтын хугацаа буурах, зоорийг засварлах зэрэг ашиглалтын зардал ихтэй. Хоёрдугаарт, зоорийн аж ахуйн хангамж муу, ногоо тариалагч иргэн аж ахуй нь ногоог  төрөлжүүлэн хадгалах зоорьгүй тул хураан авсан бүх төрлийн таримлаа нэг зооринд хадгалдгаас бүтээгдэхүүний чанарыг муутгадаг. Гуравдугаарт, зоорийн бичил уур амьсгалыг тохируулах ажиллагаа механикжаагүй учир горим алдагддаг. Дөрөвдүгээрт гэвэл, гар ажиллагаатай, ажиллах орчин хүнд, цэвэрлэгээ ариутгал муутай байдаг. Жилд нийт ургацын 25-35 хувийг хүнсний боловсруулах үйлдвэрүүд худалдан авч нөөцлөх, ногоочид эрт ургац болон намар ил задгай худалдаагаар худалдаалж, 55-65 хувийг зоорь, агуулах аж ахуйгаар дамжуулан намар арваннэгдүгээр сараас хаврын сар хүртэл нөөцлөн хадгалж, зах зээлд борлуулдаг бөгөөд зоорийн ногоо дуусаж эрт ургацын ногоо гарах үеийн хоорондын богино хугацаанд хүнсний ногоо тасарч байгаа. Манай улс хүнсний ногооны хувьд дотоодын үйлдвэрлэлээс 55-60 хувийг хангаж бусад хувийг импортоор авч байна. Мөн ногоочдын ашиглаж байгаа зоорины дийлэнх нь хуучирсан болон нүхэн зоориуд байдаг.

-Төрөөс зоорь агуулахын зориулалтаар ашиглахаар зээл авсан ААН болон ногоочдыг уулзуулж тэдгээрийн харилцаанд зохицуулалт хийдэг үү?

-Төмс, хүнсний ногооны агуулах, зоорийн аж ахуй эрхлэгчид болон агуулах худалдааны нэгдсэн холбоотой хамтарсан уулзалтыг хийж, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо худалдан авч нөөцлөх, зах зээлд борлуулах боломжийн талаар хамтран ажиллаж байна.

-Зооринд хадгалж буй ногоогоо барьцаалж арилжааны банкнаас зээл авах боломж бий юу?

-Одоогоор зоорийн аж ахуйн чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан тусгайлан гаргаж байгаа зээл байхгүй байна. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд агуулах, зоорь бүхий аж ахуйн нэгжүүдэд дотоодын үйлдэрлэлээс төмс хүнсний ногоо худалдан авахад зориулж гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлийг арилжааны банкны зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд олгож байна. Мөн тус цогц төлөвлөгөөтэй холбогдуулан агуулах, зоорийг сэргээн засварлах, тоног төхөөрөмж худалдан авах, дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо худалдан авч нөөцлөхөд зориулж агуулах, зоорийн аж ахуйн эрхлэгчдэд арилжааны банкуудаар дамжуулан зээлийг олгохоор санал аван ажиллаж байна. Зээлд хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь арилжааны банканд хандан зээлээ судлуулан авах боломжтой. 

-Манай улсад хэдэн тонн хүнсний ногоо хадгалах зоорь агуулах шаардлагатай байдаг вэ,  үүнээс одоогийн байдлаар хэд орчим хувийг хадгалах зоорь байгаа вэ?

-Төмс, хүнсний ногооны хангамж, ашиглалтын байдлын бүртгэл судалгааг захиргааны статистик мэдээлэл цуглуулах арга хэмжээний хүрээнд нийслэл болон орон нутгаас авдаг. Хураан авсан ургацаа нөөцлөх боломжтой харагдаж байгаа боловч хүнсний ногооны үйлдвэрлэл нэмэгдэх, хүн амын хэрэглээ өсөж байгаатай холбогдуулан бидэнд нэмэлтээр 55 мянган тонн буюу нийт 309 мянган тонны багтаамжтай агуулах, зоорь шаардлагатай байна.

-Зоорийн тоог нэмэгдүүлэх ямар төсөл ажлууд хийгдэж байгаа вэ?

-Бид 2022-2025 онд агуулах зоорийн хангамжийг Нийслэл болон 21 аймагт 500-2500 тонны 55 мянган тонн багтаамжтай иж бүрэн механикжсан агуулахыг байгуулахаар “Хүнсний хангамж аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” төлөвлөгөөнд оруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс 2022-2023 онд Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2  сая еврогын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэл болон зургаа аймагт нийт 8000 тонн багтаамжтай иж бүрэн механикжсан агуулахыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид мөн улсын төсөвөөр болон гадаадын зээл, арилжааны банкуудаар дамжуулан агуулахыг зоорийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

-Сүүлийн үед агуулах зоорийг ямар сатандартаар барьж байна вэ, манайх шиг эрс тэс хатуу уур амьсгалтай бүс нутагт ямар хадгалалтын зоорь зохимжтой вэ?

-Нийт зоорины 60 хувь нь чанарын сайн үзүүлэлттэй, 40 хувь нь чанарын дундаас доогуур үнэлгээтэй байна. Ургац хураалтын дараах боловсруулалтын ажилд тээвэрлэх, ангилах ялгах, хадгалалтын хугацаанд арчлах, худалдаанд гаргах зэрэг хэрэглэгчдэд хүргэх бүх шат дамжлагын ажлууд бүхэлдээ хамаардаг. Зоорь, агуулах шинээр байгуулж байгаа аж ахуй эрхлэгчид маань зоориудын үндсэн хийцийг буруу сонгож хийх, зоорины бичил уур амьсгалыг тохируулах ажиллагаа механикжаагүйгээс хадгалалтын горим алдагдах нөхцөл үүсч хадгалсан бүтээгдэхүүн хөлдөх, муудах зэрэг хорогдол ихээр гарч байна. Тиймээс зоорь, агуулах байгуулахдаа газрын байршлыг зөв тогтоох,хадгалах бүтээгдэхүүний эзлэхүүнийг зөв тооцоолох,зоорь агуулахын оврын хэмжээг зөв тооцоолох,зоорь, агуулахын барилгын загварыг мэргэжлийн байгууллагаас зөвөлгөө авч зөв сонгох, төмс, хүнсний ногоог хадгалах арга, горимыг зөв сонгох шаардлагатай байдаг.

 

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top