Гишүүдээ “базаж” байж л тогтолцоогоо өөрчилнө

2022 оны 08 сарын 20

Үндсэн хуулийн цэцээс “Давхар дээл”-тэй холбоотой тогтоол гарсан учраас УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах захирамж гарсан. Их хурлын дарга Г.Занданшатарын гаргасан тус захирамжаар ээлжит бус чуулган ирэх даваа гарагийн 10.00 цагт хуралдана. Ингэхдээ чуулган ажлын тав хоног хуралдана. Тэгэхээр энэ таван өдөрт багтааж Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулах байх гэсэн хүлээлт хаа, хаанаа байна. Тийм ч учраас Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон сайд болох хүсэлтэй хүмүүсийн хөлд дарагдаж байгаа гэх. Зарим нэг нь бүр тохироогоо хийж авсан бол зарим нь яахаа мэдэхгүй хүн хүнийг царайчилж яваа гэсэн “бор шувуу” хэдийн нисээд эхэлсэн.

Энэ удаад Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, нэг бүрчлэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй. Ийм эрхийг нь 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон. Тиймээс нам дотроо л тохиролцолд хүрээд, асуудлаа шийдчихвэл шинэ Засгийн газрын бүтэц богино хугацаанд бүрдэх боломжтой. Мөн ээлжит бус чуулганаар Цэцийн тогтоолыг хэлэлцэхгүй. Тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн учраас Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулж, “Давхар дээл”-тэй сайд олонтой болж хүчирхэгжсэний дараагаар ҮХНӨ-ийг яаравчлуулах нь тодорхой.

Гишүүдийн тоог нэмэх, засаг захиргааны нэгжийг өөрчлөх, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох гээд олон өөрчлөлтийг энэ намартаа амжуулахаар хичээж байгаа ч хамгийн чухал нь 62 гишүүнээ зангидах. Эдгээр 62 хүн улс төрийн хүрээнд ойлголцож байж өөрчлөлтийг хийнэ. Ерөнхий сайдын хувьд хамгийн хэцүү нь энэ л байх болно. Түүнээс биш сайдын суудал хуваах бол асуудал болохгүй. Хэтэрхий их шунасан, өмнө нь сайд хийхдээ олон алдаа гаргасан, насаараа дарга хийсэн, мэргэжлийн бус гэсэн хэдхэн шалгуур тавихад л болчихно.

МАН-ын залуу удирдлагууд шинэ үеийн зориг гарган өөрсдийн ах нарын олон жилийн турш “гагнасан гинж”-ийг таслах оролдлого буюу тогтолцооны өөрчлөлт хийхээр хичээж байгаа ч түүнийг нь эсэргүүцэх нь бас бишгүй байгаа бололтой. Улс төрийн тохироонд хүрч, өөрсдийнх нь хүссэнийг өгөхгүй бол эх орончийн дүрд тоглоод гэдийчих ах нар зөндөө бий. Тэд ч анх л ҮХНӨ ярьж эхлэх үеэр янз бүрээр энэ санаагаа илэрхийлж байсан.

Хамгийн сүүлд л гэхэд УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа “Цэц шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах боломжтой байсан. Маргаан бүхий заалт нь Үндсэн хуулийн холбогдох зарим заалттай зөрчилдөж байгаа гэж Цэц үзэж, Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн нэгд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх боломжтой байсан. УИХ баталж, Ерөнхийлөгч нотлон баталгаажуулсан Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэж, хүчингүй болгох хуульд заасан ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийг чадамжгүй болгож, Үндсэн хуулийн хямрал руу явж байна. Төрөөрөө, улс эх орныхоо ирээдүйн хувь заяагаар тоглохоо зогсооцгоо” гэсэн мэдэгдлийг хийлээ.

Тэгэхээр Ерөнхий сайд дан, давхар дээлтнүүдийн тухай бус гишүүдтэйгээ ойлголцолд хүрч, тэднийгээ базах тухайд санаа зовних хэрэгтэй болж байна. Ингэж байж л тогтолцооны өөрчлөлт хийж чадна.

 

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(103.229.123.74) 2022 оны 08 сарын 20

үхнө гэдгээ задлаж хэлээчээ үхнө гээд байх чинь маш эвгүй юм. товчилсон нэрийг эхлээд бүтнээр нь хэлж баймаар юм . энэ чинь бас нэг соёл.

0  |  0
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 20

улс орны хөгжлийг түргэн явуулах шаардлагатай үед хувийн амбицаа хойш нь тавих хэрэгтэй дээ даанч улс төрч нар тэгэхгүй юм даа

1  |  0
Дарь(66.181.160.9) 2022 оны 08 сарын 20

Үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн заалтын хүрээнд бусад хууль дүрэм гарч байгааг л хянадаг байгууллага. Нэгэнд үндсэн хуульд байгаа л бол цэц өөрчлөх. оролдох эрхгүй.

0  |  0
Top