“Давхар дээл” хэрэгтэйг нийгэм өөрөө сануулж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 24

Бидэнд тулгамдаж буй асуудал бол тогтолцоо. Тэгэхээр тогтолцоог хэрхэн яаж өөрчлөх вэ гэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт юм. Тиймдээ ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зүй ёсны шаардлага байгааг эрх баригчид болон бусад улс төрийн хүчин төдийгүй иргэд ч нэгэнт хүлээн зөвшөөрчээ.

Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтийг хийхэд түүчээлэн ажилласан УИХ-ын дарга Г.Занданшатараас эхлээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүд бултаараа хөдөө орон нутагт ажиллаж, наймдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулав. Цар тахлаас үүдэлтэй нийгэм эдийн засгийн таагүй байдал үргэлжилж байгаа энэ үед тогтолцоогоо өөрчилж зөв голдиролд оруулах зайлшгүй шаардлага байгаа. Үүний нэг тодхон жишээ бол Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд анхаарал хандуулах юм. Тодотговол, хүнд үед Гүйцэтгэх засаглал маш сайн ажиллахаас гадна зангарагтай байх хэрэгтэй.

Ингэхээр өдгөө бидний ярьдаг “Давхар дээл”-ний асуудлыг зүй ёсоор авч үзэх учиртай. УИХ-ын нэр бүхий гурван гишүүнээс 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан “Давхар дээл”-ний асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Ингэхдээ гишүүд “2019 онд МАН-ын дангаар хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт буюу Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болох тухай Үндсэн хуулийн 39.1 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэх гомдлоор Цэцэд хандсан. Харин Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан 2020 оны наймдугаар сарын 15-ны өдөр болж шийдвэр гаргасан. Шийдвэр гаргахдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “…Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд харшилж, Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн хоёр, 29 дүгээр зүйлийн нэг, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байх тул хүчингүй болгож хоёрдугаар тогтоол гаргасан байна.

Мөнхүү Монгол Улсын Үндсэн хуульд үүнээс өмнө оруулж байсан нэмэлт, өөрчлөлтийг хянан шийдвэрлэсэн хоорондоо зөрчилтэй Үндсэн хуулийн цэцийн өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгожээ.

Уг нь “Давхар дээл”-ний асуудлыг сүүлийн хориод жил бултаараа шүүмжилж байж нэмэлт, өөрчлөлтөөр цэгцэлсэн гэж үзсэн. Тодотговол “Засгийн газрыг 100 хувь парламентаас бүрдүүлж байгаа нь шууд УИХ-аас хамааралтай Засгийн газар ажилладаг. Тэгэхээр Гүйцэтгэх засаглал нь парламентынхаа аманд орчихоод ажил хийхгүй байна” гэх шүүмжлэл дагуулж ирснийг цэгцэллээ хэмээсэн. Харин одоо “Давхар дээл”-нээс салсан нь Засгийн газрын хүчийг сулруулж байна. Сайд нар хүчгүй, парламент дотор нөлөөгүй байна” хэмээн халаглах болжээ. Энэ нь зүй ёсны хэрэг.

Мөн нэг асуудал байгаа нь Ерөнхийлөгчийг УИХ-аар сонгох эсэх. Энэ нь өнөөдөр ч яригдаж байгаа асуудал биш. Олон жил яригдсан зүйл учраас Ерөнхийлөгчийг парламентаас сонгох эсэх тухай маргаан ид өрнөж байна. Зарим хуульчид, УИХ-ын гишүүд ийм жижиг парламентаас ард түмний төлөөлөл болсон Ерөнхийлөгчийг сонгож болохгүй. Мөн Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь иргэдийнхээ эрхийг хязгаарласан хэрэг болно гэх мэтээр эсэргүүцэж байна. Үүний зэрэгцээ дэмжиж байгаа хүмүүс бас бий. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болбол илүү хариуцлагатай болно. Одоо бол нэг хүн аль нэг инстутицэд хамаардаггүй дураараа шийдвэр гаргаад явдаг нь аюултай болохыг зарим улс орны жишээнээс харж болно гэж байгаа бол ард түмнээс сонголтыг нь булааж авч болохгүй гэх мэтээр хоёр талд маргаж сууна.  

Харин Ерөнхийлөгчийг парламентаас сонгохдоо хүрвэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэх асуудал дагаж хөндөгдөхөөс өөр аргагүй аж. Үүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг өөрчилнө. “Давхар дээл”-ний асуудлаа цэгцлэнэ гээд бүгд уялдаа холбоотой. Учир нь өнөөдөр хүн амын тоо өссөн ч гишүүдийн тоо хэвээрээ байгаа. Нэг гишүүнд 10 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Нөгөө гишүүнд 40 мянган сонгогч оногдож байгаа тал ч бий. Тэгэхээр энэ хүч тэнцвэргүй харилцааг тэгшитгэж, гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэдэгт зарим байр суурь нэгдэж байгаа. Нөгөө талаас манай улс шиг цөөн хүн амтай, парламент нь төлөвшөөгүй ийм цагт гишүүдийн тоог нэмж зардал чирэгдэл учруулах хэрэггүй гэж үзсэн. Мөн үүнийг дагаад бүх зүйл өөрчлөлт орох учраас асуудлаа уялдуулан авч үзэх хэрэгтэй, яарах хэрэггүй гэх байр сууриуд ч байна. Одоогийн байдлаар ийм дөрвөн асуудал зүй ёсоор яригдаж, Үндсэн хууль хөндөж орох гурван заалтыг нэн яаралтай авч үзэх шаардлага байгааг нийгэм өөрөө хэллээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зайлшгүй хийх шаардлага байгааг эрх баригчид ч бусад улс төрийн нам, судлаачид ч зөвшөөрөөд байгааг дуулгана лээ. Аль ч талаараа тогтолцоог өөрчлөхийн тулд хуульд гар хүрэхээс өөр аргагүй гэдэгт бултаараа нэгдэж байна. Юутай ч “Давхар дээл”-тэй Засгийн газар байж бүх асуудлыг шийднэ. Яагаад гэхээр нийгэм өөрөө зангарагтай Засгийн газрыг хүлээж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
орхон(66.181.160.64) 2022 оны 08 сарын 24

атаач тэнэг юм бичжээ

0  |  0
Иргэн(192.82.74.173) 2022 оны 08 сарын 24

Хоосон хуцдаг айлын гөлөг байдаг. Тэдний нэг.

0  |  0
Top